| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/18 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч П.Ганбаатар /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,*******, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн 2307000350090 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “...ноцолдож байгаад бид хоёр хамт газар унасан. Тэгээд би хашаанаас гар гээд босоод хашааны үүд алхтал надтай хамт унасан залуу миний араас босож ирээд хавсарч унагаасан” гэж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Тэгээд унасны дараа босоод хашааны хаалганы зүг рүү алхаад явж байтал ардаас нөгөө залуу босож ирээд миний зүүн хөлийн өвдөг хавьцаа хөлөөрөө хүчтэй хавираад өшиглөчихсөн.” гэж, 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “түүнийг би анх хэрэг болдог өдөр намайг ардаас минь хавирч унагаасан залуу болохыг нь хараад л таньсан” гэж, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Налайх дүүргийн Эрүүгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хашаанаас гар гээд буцаад алхахад араас хавсарч унагаагаад нэг унасан. Сүүд унахдаа би ерөөсөө босож ирж чадахгүй байсан.” гэж тус тус мэдүүлсэн атал мөн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “би дотроо бодохдоо энэ залуу намайг хавсарч унагаачихлаа гэж бодоод байгаа юм. Ноцолдож унасны улмаас би бэртсэн. Араас хавсрах шиг мэдрэмж төрсөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед би айлд байж байсан. Ахындаа хоол идээд баяр тэмдэглээд байж байсан. Дүүгийн хашаанд хэсэг залуус ирчхээд 2 цаг гаруй явахгүй байна гэсэн. Тухайн үед хашаанд хүүхэдтэй эмэгтэй, хөгшин настай эмээ хоёр байсан. За явчих байх гэсэн чинь явахгүй байна гээд дахин залгахаар нь би дүүтэйгээ очсон. Очсон чинь 3 залуу дамонгийн хаалга машинаараа хаагаад зогсчихсон байсан. Хоёр нь хашаа нь дотор нэг нь машиныхаа хажууд зогсож байсан. Тэгэхээр нь яагаад хөгшин хүмүүсийг айлгаж сүрдүүлээд байгаа юм бэ гэсэн. Нэг асуугаад байхгүй гэхэд нь явчхаж болдоггүй юм уу гэхэд тийм хүн байх ёстой гээд явуулахгүй байсан. Хашаанаас гар гэж хөөцөлдөж байгаад нэгэнтэй нь барьцалдаж аваад бид хоёр ноцолдоод унасан. Ноцолдож унаад босож ирээд би алхсан. Тэгээд дахин унасан. Босох гэсэн хөлийн үеэр өвдөөд байхаар нь араас хавсраад унагаачихлаа харсан хүн байна уу гэсэн чинь нэгэн ч хараагүй байсан. Тухайн үед хавсарч унагаачихлаа гээ хэлсэн. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирогчоор оролцож байхад шинжээч эмч хальтарч унахдаа энэ гэмтлийг авсан гэж хэлсэн. Мөн гэрчээр орсон хүмүүс намайг хавсарч унагаахыг хараагүй байсан. Тэр хүн тэр хашаанд ирж ноцолдож надтай хавсралцаагүй бол би гэмтэхгүй байх гэсэн гэдгийг тухайн үед хэлсэн. Тийм л юм болсон. Тэгсэн намайг эргүүлээд яллагдагчаар татсан байна...Санаа зорилго байгаагүй. Шүүх хуралдаанд оролцож байсан бүх хүмүүс намайг хавсарч унагаахыг хараагүй гэсэн. Би хавсарч унагаасан гэж бодсон. Түүнийгээ л хэлсэн. Тухайн хэрэг болдог үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд, Үүнд:
/хх-52-53 дугаар тал/
/хх-54-55 дугаар тал/
/хх-57-58 дугаар тал/
/хх-96 дугаар тал/
/хх-78 дугаар тал/
/хх-7-13 дугаар тал/
/хх-10 дугаар тал/
/хх-104 дүгээр тал/
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагчийн “...Хохирогч Б.******* нь Ш.д холбогдох хэрэгт цагдаагийн байгууллагад нэг удаа гомдол гаргасан. Гомдолтой нь холбогдуулан хохирогчоос 2023 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 03 дугаар саруудад тус тус хохирогчоор мэдүүлэг авсан. Надад учирсан шилбэ, ясны хугарлыг шүүгдэгч Ш. намайг араас хавсарч унагаасны улмаас би уг гэмтлийг авсан гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөн ийм байдлаар мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл Б.*******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоосоо утга агуулгын хувьд тогтвортой, зөрүүгүй байдаг. Шүүх хуралдааны явцад тухайн гэмтлийг шүүгдэгч Ш.тэй анх ноцолдож байхдаа авсан гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны эсрэг мэдүүлэг өгдөг. Мөрдөн шалгах ажиллагаа Ш. гэх хүн Б.******* гэдэг эрүүл мэндэд санаатайгаар халдаж өшиглөөд зүүн шилбэ ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Үүний дагуу ч шүүхэд шилжүүлсэн. Гэтэл гэм буруугийн шүүх хуралдаан дээр өмнө нь өгч байсан мэдүүлгүүдээ өөрчлөөд хавсарч унагаагаагүй. Эхний удаа барьцалдаж аваад дээр нь унахдаа би уг гэмтлийг авсан гэдэг байдлаар мэдүүлдэг. Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгийг үндэслээд мөн шийдвэрээ гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрч Б. болон н.ий мэдүүлгийг үндэслэж хууль зүйн дүгнэлт хийсэн. Хохирогч Б.*******ын хувьд Ш. араас хавсарч унагаасан гэж тогтвортой мэдүүлэг өгдөг. Гэрч Б. өшиглөж байх үйл явцыг хараагүй. Үйл явдал болсны дараа Б.******* орилсон. Тэгэхээр нь эргээд хартал Б.******* газар уначихсан байсан гэдэг. Гэрч н.э мөн нарийн сайн хараагүй гэдэг. Тийм хүмүүсийн мэдүүлгийг үндэслээд шүүхийн хэлэлцүүлэгт эхний уналт нь дээр уг гэмтлийг авсан гэдэг байдлаар мэдүүлэг өгдөг. Хохирогч Б.******* араас босож ирээд хавирч унагаасан гэдгийг үйл баримттай нь үгүйлдэг. Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн 3 удаагийн мэдүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж заасан. Мөрдөн байцаалтын шатанд тогтвортой өгч байсан мэдүүлгүүдээ зориуд шүүх хуралдааны явцад өөрчлөөд эхний уналт нь дээр уг гэмтлийг авсан гэж мэдүүлдэг. Хохирогч, гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгчхөөд хүссэн үедээ өөр газар очоод өөр мэдүүлэг өгөөд байх юм бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юу болж хувирах юм бэ? Үүнээс хамгаалж хууль тогтоогч нар худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг хуульд тусгайлан тусгаж өгсөн. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн: “...Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэж байгаа. Энэ гэмт хэргийн шинж өөрөө санаатай үйлдэгддэг гэмт хэрэг. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр баталгаа гаргаж мэдүүлэг авдаггүй. Санаатай худал мэдүүлэг өгсөн зүйл өнөөдрийн шүүх хуралдаанаар нэг ч судлагдсангүй. Анхан шатны шүүх Ш.д холбогдох хэргийг цагаатгаж шийдэхдээ Б.*******ын мэдүүлгийг ганцхан үндэслээгүй. Шинжээчийн дүгнэлт болон гэрч нарыг мэдүүлгийг давхар үндэслэсэн. Санаатай юм уу санамсаргүй гэдгээр нь л цагаатгах тогтоол гарсан. Прокуророос хохирогч Б.******* худал мэдүүлэг өгснөөрөө Ш. цагаатгагдсан гэж яллаж оруулж ирсэн. Уг гэмт хэргийн шинжид хамаарахгүй гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын хүрээнд шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, хэрэгт авагдсан оролцогчдын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь хууль ёсны гэж үзэж үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог учиртай ба Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
Учир нь Эрүүгийн 2307000350090 дугаартай Ш.д холбогдох хэрэгт анх Б.*******ын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтын шатанд агуулгад өөрчлөлт орж, Ш.г буруутгах шинж нь илүү болсон хэдий ч Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт даргалагч шүүгчийн зүгээс хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5, 8.6, 9.2, 9.3, 9.4, 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлүүдэд заасан хуулийг сануулж авсан хохирогчийн мэдүүлэг /хх-7-13, 96/ болон шүүх хуралд судалсан дээрх нотлох баримтаас үзэхэд Б.*******ыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн Б.*******ын хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг зөрүүтэй боловч болсон үйл баримтыг өөр өөр цаг үед, харилцан адилгүй нөхцөл байдалд харсан, сонссоноо, өөрт санагдсанаа мэдүүлсэн байх тул түүнийг Ш.д холбогдох хэргийн талаар хохирогчийн зүгээс санаатай худал мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй тул дээрх үндэслэлүүдээр улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...шүүгдэгч Б.*******ыг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй тул Б.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.*******ыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.9, 36.10, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн ******* овогт *******ын *******т холбогдох 2307001850298 тоот хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******ыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ