Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2020/02249

 

2020            08           26                                                       183/ШШ2020/02249

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн .............  тоотод оршин суух, Ө овогт М.Б /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух Х овогт З.Т /РД:00000000/-д холбогдох

2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч З.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвивжих нар оролцов.

                         ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Замын цагдаад байрлах цайны газрыг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2 500 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн орой 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэг сарын 3 000 000 төгрөгөөр  тохиролцсон ба эртнээс ярьж тохирч гэрээ хийсэн, олон жил засвар үйлчилгээ хийгдээгүй ариун цэврийн өрөө, дээврийн засвар, бохирын шугам татах ажил түрээслүүлэгч тал хийж өгнө гэсэн. Миний зүгээс гадна дотно өнгө үзэмжийг янзлах байсан ба 2 түлхүүртэй байсан. Нэг түлхүүрийг нь надад гэрээ байгуулсан өдрөө өгсөн ба түрээслүүлэгчийн засвар 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дуусчихна, би 12-ний өдрийн өглөө очиход битүү шороо байсан учраас дотоод заслаа хийж чадаагүй, 13-14-ний өдөр дуусгачихна гэж байсан боловч 15-ны өдөр болоход бахь байдгаараа дээр нь шал согтуу байсан. Ингээд 18-ны өдөр засвараа өглөө эхлээд орой гэхэд би дуусгасан. Ингээд түрээсээ 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлээд тооцоод явах уу гэж ярьтал Т эгч орилж хашгираад тэгвэл боль гэсэн. Тэгэхээр нь би болъё гэсэн. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг миний данс руу хийсэн ба 500 000 төгрөг нь засварын зардалд, үлдсэн 1 500 000 төгрөгийг түрээсийн төлбөрийн буцаалт гэж өгсөн. Одоо үлдэгдэл 1 500 000 төгрөгийн түрээсийн буцаалт, 500 000 төгрөгийн засварын зардлаа гаргуулж авмаар байна, нийт 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Т шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай өмнөх түрээслэгчийн хугацаа дуусаад зар тавьсан ба үүний дагуу нэхэмжлэгч ирж уулзсан, ярьж хэлж байгаа нь таалагдсан учраас гэрээ байгуулахаар болсон. 2020.07.06-ны өдөр гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд дээвэр, халуун ус, бохирын шугам, ариун цэврийн өрөөг миний зүгээс хийж өгөхөөр тохирсон. Улмаар түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг өгсөн ба барьцаа өгөөгүй. 7 дугаар сарын 10-ны өдөр хүмүүс ирээд засварын ажил 4 хоног үргэлжилсэн ба ажлыг 2 хоногт хийх байсан ч хүндрэл үүссэн. Энэ нь бохирын шугамыг ухах явцад бетон тааралдсан ба 12-ны өдөржин шийдэл хайж байгаад мэргэжлийн хүнээр шийдлээ гаргуулсан. Энэ маш хүнд ажил болсон ба хүмүүсээ урамшуулаад архи бага зэрэг уусан нь үнэн. Ингээд 13-ны өдөр бохирын суваг татах ажил дууссан ба маргааш нь амраад 14-ний өдөр Б рүү залгатал дүү нь агаар салхинд явж байна гэснээ 16-ны өдөр би ер нь гэрээгээ 7 дугаар сарын 15,16-ны өдөр хийх байжээ гэх мэтээр ярьсан. Ингээд хийсэн дотоод заслыг харахад нөгөө сайхан гоё яриад байсан засварын ажил биш байсан тул миний сэтгэлд үнэндээ хүрээгүй, обой нь цулгүй өнгийн онцгүй, гадна талыг шүршдэг биш эмульсээр хийчихсэн бөөн хог гадна овоорсон байсан. За сайхан засвар ч яамай хурдан ажлаа эхлүүл гэтэл мэргэжлийн тогоочгүй болж таарсан. Ингээд түрээсээ 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэмээр байна үгүй бол болилоо гэсэн. Би буруугүй мөртлөө түрээсийн өгсөн мөнгөнөөс талыг нь, засварын зардлаас талыг нь бас буцааж өгсөн. Хийсэн засвар нь үнэндээ 500 мянгад ч хүрэхээргүй юм билээ. Одоо дахин мөнгө өгч чадахгүй гэв.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч М.Б нь түрээсийн гэрээ цуцлагдсантай холбогдуулан 2 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

  Нэхэмжлэгч М.Б нь иргэн З.Ттэй байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1153 дугаартай түрээсийн гэрээг цуцлагдсантай холбогдуулан түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг, засварын ажлын зардал 500 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийгээ шүүх хуралдаанд дэмжсэн.

  Хариуцагч нь  гэрээ цуцлагдахад миний буруутай үйл ажиллагаа байгаагүй, дээр нь хийсэн засварын ажил нь 1 000 000 төгрөгт хүрээгүй 500 000 төгрөгийг буцаагаад өгчихсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 -д зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт гэм буруу болон  өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.

Нэхэмжлэгч М.Б, хариуцагч З.Т нар нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ................ тоот 90 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийг 2020.07.06-2021.07.06-ны өдрийг хүртэл, сарын 3 000 000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр түрээслүүлэх, түрээслэн авахаар тохиролцсон байна.

Талууд гэрээг түрээсийн гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээгээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ................ тоот хаягт байрлах 90 метр квадрат талбайг цайны газрын зориулалтаар ашиглуулахаар тохиролцсоноос үзвэл шүүх уг гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан байна гэж үзлээ.

Түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг төрөл учраас шүүх ийнхүү зүйлчлэх нь талуудын хүсэл зориг болон хууль зөрчихгүй гэж дүгнэв.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Гэвч М.Б, З.Т нар нь засвар хийж дуусгах хугацаа болоод хөлс тооцож эхлэх хугацаан дээр маргаж, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцалсан байна гэж шүүх дүгнэв. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д “Талууд 2020/07/06-2020/07/15-ны өдрийн хооронд хамтарч засвар хийх бөгөөд энэ засварт зарцуулсан төлбөр гэрээний үндсэн төлбөрөөс суутгагдахгүй болно” гэж заасан байх ба үүнээс дүгнэхэд түрээслүүлэгч нь дээвэр, халуун ус бохирын шугам, ариун цэврийн өрөөг хийх, түрээслэгч нь гадна дотор засал хийх ажлыг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгож, уг газрыг ашиглахад бэлэн болгох байжээ.

 

Улмаар түрээслүүлэгч нь эдгээр ажлыг хугацаанд нь хийгээгүй буюу зөвхөн бохирын шугам татах ажлыг хийсэн, түрээслэгч нь засварын ажлыг түрээслүүлэгчтэй зэрэг эхлэх байтал 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хийсэн, үүнээс шалтгаалж түрээсийн төлбөрийг хэдийнээс эхлэн тооцох талаар шийдэлд хүрээгүйгээс талууд хэн аль нь гэрээгээ цуцлаж, түрээслүүлэгч 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно”, 221.2 “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж заасны дагуу гэрээ цуцлагдсан байна.

 

Нэгэнт гэрээг цааш үргэлжлүүлэх нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй байдал үүсч, гэрээ цуцлагдсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаахаас биш хохирол хэн алинаасаа нэхэмжлэх эрхгүй байна.

 

Иймд түрээсийн төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгнөөс үлдэх 1 500 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байх ба гэрээг цуцлахад хэн аль нь буруутай тул нэхэмжлэгчийн засварын зардалд зарцуулагдсан гэх 500 000 төгрөгийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус  заасныг баримтлан З.Тээс 1 500 000/ нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 950 төгрөгийг хариуцагч З.Тгээс гаргуулж нэхэмжлэгч М.Бт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       О.ЧУЛУУНЧИМЭГ