Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/11

 

 

 

 

 2023    12          26                                           2024/ШЦТ/11

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,  

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325003920602 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “хх” ТӨҮГ-т тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг, 0-0 тоотод оршин суудаг, улсаас авсан гавья шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ы Э- /РД: хх000000/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол баг 0 багийн 0-0 тоот оршин суух хохирогч Д.С-г гэрийн хаалгаа онгойлгож өгсөнгүй гэсэн шалтгаанаар тус хашаан дотор байсан түүний эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн ард урд шил, гэрэл, эд зүйлсийг амортизатораар цохин хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 4,405,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Б.Э- мэдүүлсэн: ...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хохирогч Д.С- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18-19 цагийн үед би гэртээ 2 хүүхдийн хамт байж байхад гаднаас салсан нөхөр Б-ы Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хашаанд орж ирээд байшингийн хаалга тогшихоор нь би онгойлгоогүй. Б.Э- нь байшингийн хаалгыг тайл, өнөөдөр гоё юм болноо гээд хашхираад байхаар нь би “чи энэ хашаанд орох эрх байхгүй, архи уучихаад яагаад ирж байгаа юм бэ” гэж хэлэхэд чамтай ярих юм байна гээд байсан. Би өөрийнхөө утаснаас цагдаагийн газарт дуудлага өгчихөөд байшингийн цонхоор гадагш харж байхад Б.Э- нь хашаанаас гарч хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд байшингийн урд талд байх грашинд орж дотроос нь төмөр иштэй сүх авч гарч ирээд хаалгаа тайл гээд байсан. Энэ үед нь би миний утас руу залгасан цагдаагийн алба хаагчийн утас руу залгаж болж байгаа үйл явцыг хэлэхэд “та бид нарыг очтол утсаа битгий салгаарай” гэж хэлсний дагуу би утсаа салгаагүй. Энэ үед Б.Э- нь гартаа барьчихсан байсан төмөр иштэй сүхээр хашаан дотор байх миний эзэмшлийн 00-00 ОРА улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслийн хаалга, урд, хойд талын салхины шил, гэрэл дохиог цохиж хагалсан, урд талын копуд хаалга зэргийг цохиж хонхойлгосон. Цагдаагийн машин хашааны гадна ирэхэд Б.Э- хашаанаас гарч зугтаах гэж байгаад баригдсан...Нөхөр бид хоёр өмнө нь таарч тохирохгүй болохоороо энэ оны 03 дугаар сард шүүхийн шийдвэрээр салсан. Хамт амьдардаг байхдаа намайг цохиж зодох болон миний эзэмшлийн эд зүйлийг устгаж гэмтээж байгаагүй. Архи уугаад байхаар нь сүүлдээ залхаад салчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 15х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Д.С-, Б.Э- нар нь манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулж 18,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 2.9 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа графикийн дагуу төлөгдөх юм бол 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусна. Өнөөдрийн байдлаар Д.С-, Б.Э- нар нь 2023 оны 11 дүгээр сарын төлөлтөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байгаа. Зээлийн үлдэгдэлд өнөөдрийн байдлаар 11,500,000 орчим үлдсэн. Манай байгууллагын зүгээс Д.С-, Б.Э- нарыг зээлийн төлөлтөө хэвийн хэмжээнд аваачиж, тээврийн хэрэгслийн гэмтлийг засаж янзлах юм бол нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

-Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Үүрийнцацралын хамт 24 цагаар гэр хорооллын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 19-20 цагийн үед Уртын гол баг Баянзам 7-51 тоотод "салсан нөхөр маань ирээд агсан согтуу тавиад байна, хашаан дотор ороод ирчихсэн, байшингийн хаалга тогшоод орж ирэх гээд байна" гэж дуудлага ирсэн. Тэгэхээр нь Үүрийнцацрал бид хоёр өмнөх дуудлагаасаа гараад шууд 0 баг 0-0 тоот руу хөдөлсөн. Очих замдаа дуудлага өгсөн эмэгтэйтэй байнгын ярисаар байсан ба уг эмэгтэй сүүлд манай салсан нөхөр машины шил, толь хагалж, юм эвдлээд байна гэж хэлсэн. Хашааны хаалга руу ойртох үед хашаан дотроос 40 орчим настай, өндөр биетэй эрэгтэй хүн гарч ирээд урд зүг рүү алхсан. Бид хоёрыг хашааны гадна очоод машинтай зогсоход байшингаас нэг эмэгтэй гарч ирээд наадах чинь зугтаалаа гэж хашхирсан. Тэгэхээр нь би явж очоод уг эрэгтэйг барьж аваад албаны машиндаа суулгасан. Үүний дараа байшин дотроос гарч ирсэн эмэгтэйгээс юу болсон талаар тодруулахад миний салсан нөхөр, миний эзэмшлийн машиныг сүхээр цохиод юу ч үгүй болтол нь эвдчихлээ, миний машиныг хардаа гэсэн. Хашаан дотор 00-00 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба уг тээврийн хэрэгслийн бүх шил, толь нь хагарсан. Энд тэндээ хонхойж салхины ард, урд талын шил нь хагарч дотор сандал дээр унасан байдалтай байсан. Ер нь бол машины гаднах гэрэл, дохио шил бүгд хагарсан байсан. Ингээд Үүрийнцацрал бид хоёр машин дотор суулгасан эрэгтэйг эрүүлжүүлэх байр руу авч явсан. Уг эрэгтэйгээс хэн болохыг нь асуухад Энх- Өлзий гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

 

- Орхон аймгийн Автотээврийн төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дугаартай:

1. Уг автотээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд талын салхины шил бутарч хагарсан, хөдөлгүүрийн хаалт /копут/ хонхойсон, хаалганы шилнүүд бүгд хагарсан, арын шил хагарсан, баруун урд талын их гэрэл хагарсан лампууд хагарсан, баруун зүүн талын арыг харах толь хагарсан мөн хугарч бутарсан, зүүн хойд талын их гэрлийн бүрхүүл хагарч ламп ажиллахгүй болсон, хойд талын багажийн хайрцгийн шил хагарсан, багажийн хайрцаг хонхойсон, зүүн талын урд хойд хаалга хонхойж ирмэгтэй зүйлээр зурж будгийг халцалсан, зүүн талын хойд крыло /шаврын хаалт/ хонхойсон, түлшний савны таг гажсан, баруун талын урд хаалганы дээд талын баганыг цохиж цөмөрсөн, хянах самбар дээр гурван төрлийн алдааны гэрэл ассан, зүүн урд талын шаврын хаалт хонхойж зурагдсан, багажийн хайрцгийн дээд талын хаалт хагарсан, урд талын бүртгэлийн дугаар байхгүй, зүүн хажуу талын хормой хонхойсон зэрэг ноцтой гэмтлүүд илэрсэн нь стандарт шаардлага хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгсэлд дээрх гэмтлүүд тогтоогдсон эдгээр гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон. Эдгээр гэмтлүүдийг засварлах боломжтой.

3. Уг тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгслийн эвдрэлтэй эд ангиудыг засварлах, хагарсан бутарсан эд ангиудыг шинээр сольж тавих шаардлагатай гэж үзлээ.

4. Уг тээврийн хэрэгслийн үндсэн арамд /рам/ гэмтэл үүсээгүй, харин дээрх үүссэн эвдрэлүүдийн солих шаардлагатай эвдрэлийг сольж, засварлах шаардлагатай гэмтлүүдийг засварлан дахин техникийн хяналтын үзлэгт хамруулан замын хөдөлгөөнд оролцуулах бүрэн боломжтой гэж үзлээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-47х/,

 

- Хөрөнгө үнэлгээний “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23/11/18 дугаартай:

“...0998 дугаартай 2006 онд үйлдвэрлэгдэж 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг тогтооход ...4,405,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-60х/,

 

- Б.Э- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...прокурорын тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны орой ....эхнэр чамаас би салчихсан гэртээ оруулахгүй, чи согтуу байна гээд байхаар нь машиныг нь цохиж эвдэлсэн. Мөн би тухайн үед маш их согтолттой байсан учраас ийм зүйл хийсэн. Хэрэв эрүүл байсан бол ийм үйлдэл гаргахгүй байх байсан. Эхнэр бид хоёр 2006 онд танилцаж гэр бүл болсон ба намайг архи уулаа гэж уурлаад шүүхэд өргөдөл өгч энэ оны 03 дугаар сарын 13-ны өдөр салсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71х/,

 

-Б.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум 0 багийн 0-0 тоот оршин суух хохирогч Д.С-г гэрийн хаалгаа онгойлгож өгсөнгүй гэсэн шалтгаанаар тус хашаан дотор байсан түүний эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн ард урд шил, гэрэл, эд зүйлсийг амортизатораар цохиж гэмтээж, устгасан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч Б.Э- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Б.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн түүнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж, торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, 

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ы Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы Э-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ