| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/02357/И |
| Дугаар | 183/ШШ2020/02255 |
| Огноо | 2020-08-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2020/02255
2020 08 27 183/ШШ2020/02255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Cүхбаатар .............. хаягтай “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................ тоот хаягт оршин суух, 00000000 регистрийн дугаартай, М овогтой Д.Бт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 674 945,42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ”И ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И ББСБ”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус ББСБ нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны й өдөр В17019073012 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч Д.Бт 2 879 910 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, сар бүрийн 15-ны өдөр эргэн төлөлт хийж байхаар хэрэглээний зориулалтаар зээл олгосон. Зээлдэгч нь уг мөнгөөр Сайн интернэшнл ХХК-иас I phone X загварын гар утас худалдан авсан бөгөөд манайд хүсэлт гаргасны дагуу тус хуулийн этгээдийн Хаан банкны 00000000000 тоот дансруу энэ мөнгийг шилжүүлсэн боловч нийтдээ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 170 000 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 166 000 төгрөг, нийт 336 000 төгрөг л буцаан төлсөн. Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн үйлдлийг ойлгохоор заасан тул гэрээний 5.4, 6.2.5 дахь заалтуудаар ноцтой зөрчилд тооцдог. Иймд гэрээний 7.1.4-т заасан үндэслэлээр дангаараа цуцалж, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн мөнгө 2 848 21,58 төгрөг, төлөх ёстой хүү 794 824,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31 902,9 төгрөг, нийт 3 674 945,42 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч өмнөх шүүх хуралдаанд мэдсэн атлаа ирээгүй, өнөөдөр ч бас мэдсэн атлаа ирэхгүй байгаа тул эзгүйд нь шийдвэрлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гардан авсан бөгөөд шүүхээс 14 хоногийн буюу 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор тайлбар ирүүлэх хугацааг тогтоож өгсөн боловч хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй болно.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“И ББСБ” ХХК нь Д.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 674 945,42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах хууль зүйн үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Д.Б нь И ББСБ ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээл болон барьцааны байгуулж, 2 879 910 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлж, 000000 дугаартай Iphone X маркын гар утсыг барьцаанд тавьсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн В17019073012, C17019073012 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, бичгээр байгуулагдсан, зээлдэгчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Сайн интернэшнл ХХК-ийн Хаан банкны 00000000000 тоот дугаарын дансруу зээлийн мөнгө шилжүүлэгдсэн тул хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Зээлдэгч нь И ББСБ ХХК-иас 2 879 910 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 24 сарын хугацаатай зээлж авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 170 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 166 000 төгрөг, нийт 336 000 төгрөг төлснөөс хойш төлөлт огт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Улмаар талуудын хооронд байгуулсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-т тус зээлийн гэрээний 2.1.11-т заагдсан “Ноцтой зөрчил гэдэг нь зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөх хуваарийн хугацаа хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол” нөхцөл үүсвэл зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй байхаар заасан байна.
Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээг дангаар цуцалж, тус гэрээний үүргийг шаардаж байгаа нь хуульд нийцнэ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч тал шүүхэд хандах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.
Иймд И ББСБ ХХК зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх 11-р хуудас/ зэрэг баримтуудыг үндэслэн В17019073012 дугаартай гэрээний үндсэн зээлд 2 848 217,58 төгрөг, хүүнд 794 824,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 31 902,9 төгрөг, нийт 3 674 945,42 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч Д.Бээс 3 674 945,42 төгрөгийг гаргуулж, И ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлхи хугацаанд үндсэн хүүний төлбөрт 1 099 132 төгрөг төлөхөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 170 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 166 000 төгрөг, нийт 336 000 төлсөн байх ба үүний 31 692 ,42 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон байна.
Улмаар үндсэн зээлийн үлдэгдэл 2 848 217,58 төгрөг, хүүний үлдэгдэл 794 824,95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31 902 төгрөг , нийт 3 674 945,42 төгрөг болж байна.
Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Бт /хх 23 дугаар хуудсанд/ нэхэмжлэл гардуулсан баримтаас харахад 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээлгэжээ.
Гэвч хариуцагч нь эрх, үүрэг тайлбарласан баримтан дээр гарын үсгээ зурж, шүүхээс тайлбар ирүүлэх хугацааг мэдсэн атлаа тайлбар ирүүлээгүй, хуралдааны товыг мэдсэн атлаа хуралдаанд ирж оролцоогүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Бээс 3 674 945,42 /гурван сая зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун дөчин таван мянга дөчин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж, И ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 750 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 73 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.
3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ