Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0479

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Л.Одбаатар

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий архитектор

Нэхэмжлэлийн шаардлага: Б ХХК-д нийслэлийн ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ2023/23-013 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын загвар зургийг батлахаас татгалзах тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу энэхүү барилгын загвар зургийг батлахгүй байгаа нийслэлийн ерөнхий архитекторын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын загвар зургийг батлахыг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0287/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б ХХК-иас Нийслэлийн ерөнхий архитекторт холбогдуулан Б ХХК-д Нийслэлийн ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ2023/23-013 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын загвар зургийг батлахаас татгалзах тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу энэхүү барилгын загвар зургийг батлахгүй байгаа Нийслэлийн ерөнхий архитекторын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын загвар зургийг батлахыг даалгах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр: Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б ХХК-ийн загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу загвар зургийг батлах эсэхийг шийдвэрлэхийг Нийслэлийн ерөнхий архитекторт даалгаж ... шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. "Б" ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн "Хүсэлт гаprax тухай" 23/06/07 дугаар хүсэлтийг судалж нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/815 дугаар захирамжтай Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Үйлдвэр үйлчилгээний бүсчлэлд Чингисийн өргөн чөлөөний урд талд байршуулан орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 2.0428 га газар болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаартай шийдвэрийг үндэслэн 2023 оны Мэргэжлийн зөвлөлийн 23 дугаар хурлаар хэлэлцүүлж МЗХ2023/23-013 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2 жилийн хугацаатай олгосон байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас зургийг хянах үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримт ирүүлээгүй, гагцхүү барилгын загвар зургийг батлах ерөнхий архитекторын эрх хэмжээ нь тухайн барилгажилтын үйл ажиллагаа, хот төлөвлөлтийн болон эрүүл ахуйн шаардлага, инженерийн хангамж, архитектур төлөвлөлтийн шаардлагыг хэрхэн хангаж байгаагаас хамааран нэмж тодруулах, татгалзах байдлаар хэрэгжих зохицуулалттай гэж дүгнэсэн хангалттай бус үндэслэл болжээ. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасанчлан хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, гомдол санал санаачилгыг сонсох үүрэгтэй гэж тайлбарласан боловч Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан иргэн хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх ашиг сонирхлыг харгалзан үзэх үүргээ хэрэгжүүлсэн нөхцөл байдлыг үгүйсгэсэн шийдвэр гаргасан. Түүнчлэн нэхэмжлэгч талын "... зөвлөл зөвшөөрсөн тул ерөнхий архитектор нь зургийг батламжилж гарын үсэг зурах үүрэгтэй" гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн хэр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нотлох баримт болоод нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0130 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК-иас Тус компанид Нийслэлийн ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр МЗХ2023/23-013 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын загвар зургийг батлахаас татгалзах тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05-02/1108 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу энэхүү барилгын загвар зургийг батлахгүй байгаа Нийслэлийн ерөнхий архитекторын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын загвар зургийг батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн ерөнхий архитекторт холбогдуулан гаргажээ.

2.1. Анхан шатны шүүх ... хариуцагч нь хуулиар хүлээсэн үүрэг болох зураг төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж загвар зургийг батлах эсэхийг шийдвэрлэхгүй Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс гаргасан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй ... хэмээн дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаар шийдвэрээр Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/544 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/3067 дугаар албан тоотоор татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.2. Улмаар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн нийслэлийн Засаг даргын А/815 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 1780800370 дугаар бүхий 20428 м.кв орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг Б ХХК-д олгож, Нийслэлийн ерөнхий архитектораас 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр МХЗ2023/23-013 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус олгосон байна.

3.3. Үүний дараа тус хуулийн этгээдээс барилга байгууламжийн загвар зургийг батлуулахаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцэж, барилгын эх загвар зургийг батлахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

3.4. Иргэн Б.Жагараас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн Засаг даргад хандан ...тухайн хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж ... байгаа тул орон сууцны хороолол барих биш харин иргэдийн амрах, хүүхдийн сургууль цэцэрлэг барих нь зүйтэй ... барилгын эскиз зургийг баталсан шийдвэрийг эргэж харахгүй, барилгыг бариулах болсон тохиолдолд бид дараа, дараагийн арга хэмжээг авахыг үүгээр мэдэгдэж байна гэх хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ холбогдох баримтуудыг хавсаргажээ.

3.5. Дээрх хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/14 тоот албан бичгээр ... МЗХ2023/23-013 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан бөгөөд тус байршилд одоогоор загвар зураг батлагдаагүй байгаа болно гэх хариуг хүргүүлсэн байна.

 

 

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:, 10.1.3-д зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3.6-д Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан Нийслэлийн ерөнхий архитекторын дэргэдэх хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм-ийн 4.13-д Зөвлөлийн дарга нь хурлаас гарсан зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн санал, зөвлөмжийг ерөнхий архитекторт танилцуулах үүрэгтэй бөгөөд ерөнхий архитектор хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм болон Зөвлөлийн хурлаас гарсан санал, зөвлөмжийн нэмэлт тайлбар, тодруулга гаргуулахаар буцаах, татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

4.2. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзвэл, хариуцагч ерөнхий архитектор нь нэгэнт олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд барилгын загвар зургийг батлах, эсхүл нэмэлт тайлбар тодруулга гаргуулахаар буцаах, татгалзах эрхтэй байхад хуулиар хүлээсэн үүрэг болох зураг төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж загвар зургийг батлах эсэхийг шийдвэрлэхгүй орхигдуулсан Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байх бөгөөд энэ нь хариуцагчийн тайлбарлаж байгаачлан иргэн хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх ашиг сонирхлыг харгалзан үзэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

4.3. Тодруулбал, нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий газрыг эзэмших эрхийг, Нийслэлийн ерөнхий архитектораас тухайн газрыг барилгажуулах архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон бөгөөд эдгээр нь хүчин төгөлдөр байхад хариуцагч тухайн газар дээр баригдах барилгын загвар зургийг батлах, буцаах, татгалзах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулснаар газар эзэмшигчид газраа ашиглах, цаашлаад хариуцагчаас тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэхээс хамааран дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

4.4. Нөгөөтэйгүүр, газар дээр баригдах барилгын загвар зургийг батлах, буцаах, татгалзах эсэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал буюу барилгажилтын үйл ажиллагаа, хот төлөвлөлтийн болон инженерийн хангамж, эрүүл ахуйн шаардлага болон архитектур төлөвлөлтийн шаардлагыг хангаж байгаа эсэхээс хамааран нэмж тодруулах байдлаар буцаах, татгалзах, батлах зохицуулалттай байна. Маргаан бүхий энэ тохиолдолд Нийслэлийн ерөнхий архитекторын дэргэдэх хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцэж, барилгын эх загвар зургийг батлахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, зөвшөөрсөн нь тухайн загвар зургийг шууд батламжлах үндэслэл болохгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

4.5. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2/2062 тоот албан бичигт ... нэгж талбарын 1780800370 дугаараар хайлт хийж үзэхэд тус газар нь Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2/75 тоот албан бичигт ... нэгж талбарын 1780800370 дугаартай газар нь ой тэлэн ургах нөөц газар, усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, цахилгаан дамжуулах, түгээх шугамын хамгаалалтын бүс, цэвэр ус, цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүсүүдтэй тус тус давхцалтай, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/444 тоот албан бичигт ... тус байршил нь Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн шийдэлд нийтийн хэрэгцээний ногоон байгууламжаар тусгагдсан, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн МЗХ2023/23-013 тоот архитектур төлөвлөлтийн даалгаварт ... барилгажих талбайн хэмжээ, хүчин чадал: 10214.0 мкв талбайд багтаана, Барилгын бүрхцийн харьцааны 0.5 үзүүлэлтийг баримтлан эзэмшил газрын 50%-иас дээшгүй талбайд барилгажуулна. Тагт, конооль, довжоо болон рампыг эдэлбэр газарт багтаан нормоор тооцон төлөвлөнө (BCR), Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн зөвлөмжийн 9 дүгээр хавсралтын дагуу хүн амын нягтралыг тооцно гэжээ.

4.6. Дээрхээс үзвэл, хариуцагч нь иргэн Б.Жагараас нийслэлийн Засаг даргад гаргасан ... тухайн хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж ... байгаа тул орон сууцны хороолол барих биш харин иргэдийн амрах, хүүхдийн сургууль цэцэрлэг барих нь зүйтэй ... гэх гомдол болон иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол хэрхэн хангагдаж байгаа болохыг хариуцагчаас дүгнээгүй төдийгүй загвар зургийг хянах үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу өөрт байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасанчлан хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, гомдол санал санаачилгыг сонсох үүрэгтэй гэж тайлбарласан боловч Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэх үүргээ хэрэгжүүлсэн нөхцөл байдлыг үгүйсгэсэн шийдвэр гаргасан ... гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугааршийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ Л.ОДБААТАР

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА