Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/07

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох эрүүгийн 2315002800255 дугаартай, 163/2024/0008/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Дархан-Уул аймгийн Дархан суманд суманд 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн ** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, 35 настай, эмэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь бусдыг хөлсөлж 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс 3 дугаар багийн нутаг “Их тохойрол” гэх газарт “ ” хязгаарлагдмал хувьцаат компанийн эзэмшлийн МҮ-021708 дугаартай ашигт малтмалын ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий 0.106 га бүхий нэг ухаш талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулах зорилгоор үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас 0.213 га талбай эвдрэлд орж байгаль экологид 6.563.000 төгрөгийн шууд хохирол учруулсан, нөхөн сэргээлтийн нийт 5.348.470 төгрөгийн хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315002800255 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.******* нь бусдыг хөлсөлж 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс 3 дугаар багийн нутаг “Их тохойрол” гэх газарт “ ” хязгаарлагдмал хувьцаат компанийн эзэмшлийн МҮ-021708 дугаартай ашигт малтмалын ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий 0.106 га бүхий нэг ухаш талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор үйл ажиллагаа явуулсны улмаас 0.213 га талбай эвдрэлд орж байгаль экологид 6.563.000 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 5.348.470 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Алтанхундагийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 05 дахь тал/,

2. Үзлэг явуулж байгаа газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар нутагт орших бөгөөд Бүрэгхангай сумын төвөөс зүүн урд зүгт 40 км зайд байрлах “Тохойрол” гэх газар байв. Уг газар нь баруун хойд талдаа уултай Туул голын сав усан сан бүхий газар байх ба Туул голын тохойрч урссан хэсгийн гол хэсэгт, голоос 30-50 орчим метрийн зайд ашигт малтмалын хайгуул олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай буюу ухсан нүх байх бөгөөд эксковатораар ухсан гэж Ц. 8 /найм/ метр гүнтэй гэж тайлбарлаж байсан ба борооны ус орж хуримтлагдаж тал хэсэг нь усаар бүрхэгдсэн байв. Ухсан нүхний баруун урд хэсэгт нүх рүү хүнд даацын техник /эксковатор/ орсон, гарсан ул мөр байв. ...Ухаж эвдрэл оруулсан талбайд хуримтлагдсан усыг уян хоолойгоор соруулах зорилгоор ус сорох насосыг ухаш нүх дотор оруулж уян хоолойг туул голын сав урсгал руу нийлүүлсэн байх бөгөөд тухайн ус сорох насосыг цахилгаан тэжээлээр хангаж ажиллуулдаг Model: R6105AZLD-2 гэсэн болон бусад Хятад бичиг бүхий төмөр файз хадаж тогтоосон ногоон өнгийн дизель цахилгаан үүсгүүрийг байрлуулсан байна. Эвдрэлд орсон талбайгаас баруун хойд зүгт шороо ачсан ачааны машин явж байсан гэх замаар 400 орчим метрийн орчим явж уулын энгэр хэсэгт очиход хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаандаа ашиглаж байсан улаан өнгийн төмөр хийцлэл бүхий алт угаах төхөөрөмжийг байрлуулсан. ...Мөн эвдрэлд оруулсан газраасаа зүүн урд зүгт 4 километр орчим зайд Туул голын зүүн талд Төв аймгийн Заамар сумын хайлааст гуравдугаар багийн нутагт А.******* гэгчийн уурхайн кеймп байх бөгөөд Е104.29.39.6, N48.20.21.7 гэсэн солбилцолд байх ба тухайн кеймпд шар өнгийн төмөр кантенараар хийсэн сууц 2, саарал өнгийн төмөр кантенараар хийсэн сууц 2, саарал өнгийн зөөврийн дугуйтай төмөр сууц 1, монгол гэр 2 байв гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 08-21 дэх тал/,

3. ************** улсын дугаартай авто ачигч /ковш/, ******* ******* улсын дугаартай өөрөө буулгагч ачааны автомашин, ******* улсын дугаартай өөрөө буулгагч ачааны автомашин, 87-37 УБ улсын дугаартай шар өнгийн Hyundai Robex 2900lc-3 эксковатор, улсын дугаар тодорхойгүй их бие хэсэгт NB0110133 гэсэн бичиг шивсэн Hyundai 4500 загварын шар өнгийн эксковатор, ногоон өнгийн төмөр хийц бүхий цахилгаан ажиллагаатай алт угаах төхөөрөмж, ногоон болон шар өнгийн дизель цахилгаан үүсгүүр 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 07, 28-30 дахь тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Ц.ийн өгсөн: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

5. Иргэний нэхэмжлэгч А.ын өгсөн: Тухайн эвдрэлд оруулсан газартаа нөхөн сэргээлт хийлгэхийг хүсэж байна. Өөр ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай компанийн зүгээс шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь дахь тал/,

6. Иргэний нэхэмжлэгч Ж.-гийн өгсөн: ************** улсын дугаартай ковшийг *******д нэг сарын 15.000.000 төгрөгөөр бодож 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсээр ашиглуулж байсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй, ковшоо буцаагаад авчихмаар байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

7. Иргэний нэхэмжлэгч С.ийн өгсөн: Би ******* ******* улсын дугаартай Норд загварын өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг 2019 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Эрдэнэбаяр гэх хүн надаас 15.000.000 төгрөгөөр бодож зээлсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр зээр шилжүүлж авч байсан. Би 2020 онд Эрдэнэбаяр гэх хүнээс 10 сая төгрөгт 40 тн чингэлэг, бэлнээр 10 сая төгрөг аваад бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөрийн тооцоогүй болсон. Тэгээд 2022 онд би ******* ******* улсын дугаартай Норд маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслээ зарах гэж байгаа иргэний үнэмлэхээ канондаад явуулчих гээд байхаар нь би танихгүй хүний фэйсбүүк чатаар иргэний ,үнэмлэхийн зургаа дараад явуулсан. Тэрнээс хойш чимээгүй болчихоор нь өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн юм байх гэж бодож байсан. Би Эрдэнэбаярт мөнгө зээлүүлж өөрийнхөө нэр дээр барьцаа болгож шилжүүлж байсан. Одоо надад хамаагүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

8. Иргэний нэхэмжлэгч А.ийн өгсөн: ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг Би 2023 оны 05 дугаар сард миний төрсөн дүүгийн нөхөр болох Мягмарсүрэнд бэлэн 25 сая төгрөгөөр зараад эхнэр нь болох өөрийн төрсөн дүү Аптангэрэлд итгэмжлэх хийж өгсөн. Тэгээд манай дүү өөр дээрээ шилжүүлж аваагүй байж байгаад цааш нь худалдан борлуулсан гэж надад хэлсэн. Надад энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирол байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

9. Иргэний нэхэмжлэгч Ч.ын өгсөн: Алтанхундагын техник байсан газарт манай охины нэр дээр байдаг эксковатор байсан бөгөөд тухайн үед Аптанхундага нь компанийн урьд угааж байсан алтыг нь олборлосон шороо буюу эфьл угааж ашигт малтмал олборлохоор гэрээ хийж байгаа бөгөөд эксковаторыг чинь түрээсээр ашиглая гэж энэ оны хавар 5 сард хэлэхээр нь ажил чинь эхлэх юм бол болноо түрээсээр ашигла гэж хэлсэн. Би тухайн газарт огт очиж үзээгүй байсан. Тэр зөвшөөрөлгүй газар ухсан талаар мэдээгүй байна. Би *******д ажил чинь эхэлбэл түрээсээр ашиглуулж болно гэж хэлсэн бөгөөд түрээсийн гэрээ байгаа ч төлбөр мөнгө авсан асуудал бол байхгүй. Ямар нэгэн гомдолгүй. Техникээ буцааж авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 230-231 дэх тал/,

10. Гэрч М.гийн өгсөн: Би одоогоор Булган аймгийн Бүрэгхангай суманд нэрийг нь мэдэхгүй Аарий гэдэг эмэгтэйн хариуцаж ажиллуулж байгаа алтны уурхайд алт угаах төхөөрөмж дээр шороо угаадаг ажил /буучин/ хийж байна. Аарий гэгч эмэгтэйтэй уулзаж нэг сард 2,000,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. ...Энд 10 гаран хүн ажиллаж байгаа. , Хүслан нар Doosan-300 загварын ковш буюу түрэгч техникийг жолооддог, шар өнгийн Hyuindai 2900 LC загварын эксковаторыг , Hyuindai 4500 LC-7 загварын эксковаторыг бүтэн нэрийг нь мэдэхгүй Лаа гэж дууддаг хүн жолооддог, 2 ширхэг шар өнгийн хово загварын ачааны авто машиныг Галаа болон танихгүй хүн жолооддог, тэгээд нягтлан болон дарга Аарий гэх хүмүүс ажиллаж байсан. ...Ажиллаагүй байж байгаад 2 хоногийн өмнөөс эхэлж Туул голын мушгирсан тохой дээр алт олборлох зорилгоор , Моо нар өөр өөрсдийн жолооддог экскаватораар газар ухаж 2 ширхэг хово ачааны машинаар шороо зөөж, 2023 оны 07 дугаар сарын 04-ний оройноос өглөө болтол алт угаах төхөөрөмж дээр шороо угааж 05-ны өглөө баяжмал шороог дарга нар болох Аарий, нягтлан Золбоо нар авч алтаа нарийсгаж угааж авсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

11. Гэрч Э.гийн өгсөн: ******* нь Төв аймгийн Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагааг 3 дахь жилдээ явуулж байна. Бичиг баримт болон ямар нэгэн зөвшөөрлийн талаар хэлж мэдэхгүй байна. Үйл ажиллагаагаа явуулахдаа Алтанхундагийн өөрийн эзэмшлийн гэж хүнээр жолоодуулдаг LC300-2900 загварын эксковатор 1 ширхэг, 50 ковш 1 ширхэг, , га нараар жолоодуулдаг Норд Хово загварын тээврийн хэрэгсэл хоёр ширхэг, Алтанхундагийн ах болох Болдоо гэх хүний нэр дээр байдаг аар жолоодуулдаг Hyuindai 4500 загварын эксковатор 1 ширхэг, Hyuindai 2900, Kantatsu 220 загварын эксковатор 2 ширхэг /засвартай ажиллахгүй байгаа/, 50 Ковш 760 загварын жолоочгүй зэрэг техник хэрэгслүүд байгаа. Дээрх тээврийн хэрэгслүүдээс 2 эксковатор, 2 хово, 1 ковш техниктэй үйл ажиллагаа явуулж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

12. Гэрч Н.гын өгсөн: 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Фейсбүүк цахим хуудсан “Том тэрэгний жолооч ажилд авна” гэсэн зарын дагуу Аарий гэх эмэгтэйтэй утсаар холбогдож 20 хоногийн 1.500.000 төгрөгөөр ажиллахаар тохиролцож 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* улсын дугаартай Норд бенз /өөрөө буулгагч/ тээврийн хэрэгслийг жолоодож карьер явна гэж хэлэхээр нь би уг тээврийн хэрэгсэлд тэр өдөртөө засвар хийгээд 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 4 замын уурхайн ард талд буюу 3 км зайд Туул гол дагуу шороо ачсан. 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бороо орсон тул ажилд гараагүй. ...2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 13 удаа зөөвөр хийж бууны /алт угаах төхөөрөмж/ хажууд шороо буулгасан. Уг талбайд насосс дээр 2 хүн, жолооч 3, экске жолооч 1, буун дээр 1, нийт 7 хүн ажиллаж байсан. Зөвшөөрөлтэй болоод л ажиллаж байгаа байх гэж бодсон, алт олборлох чиглэлээр ажиллаж байгааг мэдэж байсан. Намайг ажилд ороход уг талбайг 2 метр орчим ухсан байсан. Одоо доош нь нэмж 6 метр орчим ухсан. Уг ухаж гаргасан хуурай шороог би 13 удаа буун дээр зөөвөрлөсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

13. Гэрч Д.ын өгсөн: Би зөвхөн өчигдөр буюу ганцхан өдөр л ******* ******* улсын дугаартай Норд загварын машинаар 4-5 удаа л шороо зөөж асгасан. Ухсан шороог ачиж ойролцоогоор 1 км орчим зайд шороо зөөж усан буун дээр авч ирсэн. Усан буугаар буудаагүй. Учир нь усан буу нь ажиллахгүй байна гээд хүмүүс засаад байсан. Аарий гэх эмэгтэй байсан. Би ирээд 3-4 хонож байгаа хэдий ч ганцхан өдөр л ажилд гарсан. Тээврийн хэрэгслийн талаар сайн мэдэхгүй. Намайг ирэхэд л энэ машиныг жолоод гэсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

14. Гэрч Ц.ийн өгсөн: Би зарын дагуу энд ажиллаж байгаа энэ уурхайг ерөнхийд нь хариуцаж байгаа хүн нь Аарий гэдэг эмэгтэй байна. Би энэ газарт сүүлийн хоёр хоног ажиллаж байна. Ирээд 10 хонож байгаа ч техник хэрэгсэл нь эвдрээд техник хэрэгсэлд нь засвар хийсээр байгаад таарсан. Бид нар энд долуулаа ажиллаж байгаа. Ухаж гаргасан шороог хоёр Нордоор зөөсөн. Энд нийт 2 эксковатор, 2 норд, 1 ковш, 1 усан буу гэсэн техникүүд байдаг. Би ирээд гүн нь 8 метр, өргөн нь 10 метр орчим карьер ухсан. Тухайн газрыг ухахыг Аарий надад зааж өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

15. Гэрч Ц.ын өгсөн: Би Аарий гэх хүний уурхайд эксковаторын оператор авна гэсэн зарын дагуу ирж ажилд ороод 7 хонож байна. Ирснээсээ хойш засвар хийж байгаад 2 хоногийн өмнө гарч ирээд энэ карьерыг ухсан. Би Хюундай 1500 загварын, улсын дугааргүй шар өнгийн эксковатор жолоодож байна. Миний ухсан карьераас ухсан шороог 2 ширхэг норд бензээр зөөсөн. Орхон болон Өвөрхангай аймгийн дугаартай машинууд байсан. Энд 2 эксковатор, 2 норд бенз, 1 ковш гэсэн техникүүд байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

16. Гэрч А.ийн өгсөн: Би энд ирээд 10 гаран хонож байна. Ковшийн оператор ажилтай. Ирснээсээ хойш засвар хийж байгаад уржигдар л ажилд гарсан. 2 эксковатороор карьер ухсан, 2 норд бензээр шороо зөөсөн, би усан буун дээр ковшоор ажилласан. Уржигдар буюу 2 хоногийн өмнө 3-4 цаг угаасан буунд шороо хийж ажилласан. Тухайн ковш Доосан загварын улсын дугааргүй техник байсан. Хэний эзэмшлийн техник гэдгийг мэдэхгүй байна. Энэ талаар Аарий буюу - ******* сайн мэднэ. Би бол зөвхөн ковшийн оператор болохоор Алтанхундагын хэлснийг л хийдэг. Ойролцоогоор 10-аад хүн ажиллаж байна. Энэ ажиллаж байгаа газар зөвшөөрөлтэй эсэхийг би мэдэхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийнн 88-89 дэх тал/,

17. “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/65 дугаартай шинжээчийн: ************** усын дугаартай Doosan SD300 загварын авто ачигч 20.000.000 төгрөг, ******* ******* улсын дугаартай Beiben North Benz загварын өөрөө буулгагч 12.500.000 төгрөг, ******* улсын дугаартай Beiben North Benz загварын өөрөө буулгагч 12.500.000 төгрөг, 87-37 УБ улсын дугаартай Hyundai Robex 2900Ic-3 загварын экскаватор 5.000.000 төгрөг, улсын дугааргүй Hyundai 4500 загварын экскаватор 5.000.000 төгрөг, алт угаах төхөөрөмж 5.000.000 төгрөг, Model: R6105AZLD-2 загварын цахилгаан үүсгүүр 2.500.000 төгрөг, хятад бичиг бүхий дизель цахилгаан үүсгүүр 2.500.000 төгрөг, нийт 65.000.000 төгрөг гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-103 дахь тал/,

18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 347 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл гол элементийн найрлагад алт-/Аu 94.071%/, цахиур-/Si-2.165%/, Циркони- /Zr-1.165%/, Мөнгө-/Ag-1.083%/ зэрэг элементүүдийн агууламжтай байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл нь 3.8858 грамм жинтэй байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

19. Байгаль орчны судалгаа, үнэлгээний “Ойт Бүс” ХХК-ийн шинжээчийн: Иргэн А.******* нь “ ” ХХК-ийн МҮ-021708 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй (дээрх координат бүхий) талбайд алт ашиглах үйл ажиллагаа явуулж 1063,Зм2 буюу 0.106 га бүхий нэг ухаш, 1073,68 м2 буюу 0,107 га бүхий овоолго үүсгэсэн байна. Иргэн А.******* нь усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан боловч голын гольдрол өөрчлөөгүй, ус ашигласан нь тодорхойгүй, ойн сан бүхий газарт ороогүй, хохирол учруулаагүй байна. Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 0,213 га талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход газрын хэвлийд 2.480.739 төгрөг, эдэлбэр газарт 3.160 төгрөг, хөрсөн бүрхэвчид 2.209.104 төгрөг, ургамлан нөмрөгт 1.870.000 төгрөг, нийт 6.563.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Тус газарт 0,235 га талбайг хамарсан 2963 м3 эзлэхүүн бүхий ухашийг техникээр нөхөн сэргээхэд 3.950.330 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 1.048.240 төгрөг, хяналт, мониторингийн зардалд 349.900 төгрөг, нийт 5.348.470 төгрөг зарцуулагдах тооцоо гарсан болно гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 127-148 дахь тал/,

20. Байгаль орчинд учирсан нөхөн төлбөр тооцсон: “Ойт бүс” ХХК-ний шинжээч Б.Очмаа экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг хийхэд, экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь газрын хэвлийд 2.480.739 төгрөг, эдэлбэр газарт 3.160 төгрөг, хөрсөн бүрхэвчид 2.209.104 төгрөг, ургамлын нөмрөгт 1.870.000 төгрөг нийт 6.563.000 төгрөг болох нь тогтоогдсон байна. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №23/08 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 6.563.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцоход 13.126.000 төгрөгийн нөхөн төлбөр болж байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал/,

21. Яллагдагч А.Алтанхундагийн гэм буруугаа хүлээж өгсөн: ...Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтээ өгсөн боловч миний бүрдүүлж өгсөн баримт бичиг бүхий газарт бичил уурхайн зөвшөөрөл гараагүй юм. Тэгээд Туул голын баруун тал Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 10 орчим хоног хууль бусаар алт олборлох зорилгоор усан буу зэргийг байрлуулж голын эргээс 50 орчим метрийн зайд аас түрээсээр авсан хоёр экскаваторыг 20х20 хэмжээтэй 5 метр орчим гүнтэй нүх ухуулсан. Тэндээс гарсан шороогоо мөн түрээсээр ажиллуулахаар тохиролцсон байсан хоёр Норд Бенз загварын машинаар усан буу руу хоёр хоног зөөж, 5 цагийн хугацаанд алт угаах ажиллагаа явуулсан. Тухайн үед маш их бороотой байсан учраас үйл ажиллагаагаа сайн явуулаагүй юм. Надад ямар нэгэн төрийн байгууллагаас авсан тусгай зөвшөөрөл байхгүй. Би зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. ************** улсын дугаартай ковш нь - гэх хүний эзэмшлийн ковш байгаа юм түүнийг нь нэг сарын 15.000.000 төгрөгөөр түрээслэн авсан техник гэхдээ ямар ч гэрээ хийгээгүй аман гэрээгээр түрээслэсэн. ******* ******* улсын дугаартай Норд бенз загварын авто машин, 87-37 УБ улсын дугаартай гэх экскаватор нь миний өөрийн баримт бичиг байхгүй босгож авсан хуучин ажилладаггүй техник байгаа юм. 49-83 УБ улсын дугаартай Hyundai 4500 загварын экскаватор нь аас сарын 15.000.000 төгрөгөөр түрээслэн авсан техник гэхдээ ямар гэрээ хийгээгүй аман гэрээгээр түрээсэлсэн, ******* улсын дугаартай мөн Нордбенз загварын авто машиныг би гэх хүнээс сарын 10.000.000 төгрөгөөр мөн адил аман тохироогоор түрээсээр авч ажиллуулсан. 2 ширхэг дизел цахилгаан үүсгүүр, нэг ширхэг алт угаах төхөөрөмж буюу скруберүүд нь миний өөрийн эзэмшлийн техник хэрэгсэл байгаа юм. Би бүх техникүүдээ түрээсээр авч ашигласан гэхдээ ямар нэг гэрээ хийсэн зүйл байхгүй аман тохироогоор тохирсон юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 239-241 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц., А., Ж.-, С., А., Ч., гэрч М., Э., Н.га, Д., Ц., Ц., А. нарын мэдүүлэг болон уг хэрэгт Байгаль орчны судалгаа, үнэлгээний “Ойт Бүс” хариуцлагатай хязгаарлагдмал компанийн гаргасан хохирлын үнэлгээний дүгнэлт, хэрэг учралын газар, техник хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон эд мөрийн баримтаар хураан авсан 3.88 грамм алтанд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл зэрэг нь шүүгдэгч А.Алтанхундагийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг тус тус нотолсон, шүүгдэгч А.Алтанхундагийг алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.******* нь уг гэмт хэргийг үйлдэхдээ ямар нэг тусгай зөвшөөрөл аваагүй, сум орон нутагтай бичил уурхайгаар гэрээ байгуулаагүй, бичил уурхай эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нөхөрлөл ажиллуулдаг хэдий ч тусгай зөвшөөрөл олгоогүй байхад тусгай зөвшөөрөлгүйгээр алт олох зорилгоор газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн энэ үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Алтанхундагийн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Алтанхундагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Алтанхундагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “ ” хязгаарлагдмал хувьцаат компанийн эзэмшлийн МҮ-021708 дугаартай ашигт малтмалын ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий 0.106 га бүхий нэг ухаш талбайд буюу байгаль экологид 6.563.000 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 5.348.470 төгрөгийн хохирол тус тус учирсан болохыг “Ойт Бүс” хариуцлагатай хязгаарлагдмал компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд 13.126.000 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 5.348.470 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 246 тал/

Дээрх байгаль экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч А.*******ас байгаль экологид учирсан 13.126.000 төгрөгийн хохирол, 5.348.470 төгрөгийн нөхөн сэргээлтийн зардал нийт 18.474.470 төгрөгийг гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс 3 дугаар багийн нутаг “Их тохойрол” гэх газар нь “ ” хязгаарлагдмал хувьцаат компанийн эзэмшлийн МҮ-021708 дугаартай ашигт малтмалын ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий 0.106 га бүхий нэг ухаш талбай хэдий ч шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас 0.213 га талбайтай газрын хэвлийд эвдрэлд орж түүнийг нөхөн сэргээх зардалд 5.348.470 төгрөг шаардлагатай болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ.

“ ” хязгаарлагдмал хувьцаат компанийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А. нь тухайн эвдэгдсэн талбайд техникийн сэргээлт хийчихвэл гомдол саналгүй гэдгээ, шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт тухайн газарт техникийн нөхөн сэргээлт хийж шороогоор булсан талаараа тус тус мэдүүлсэн байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс гаргуулах Байгаль экологид учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг тус тус шүүгдэгчээс гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн тул улсын яллагчийн “ ” хязгаарлагдмал хувьцаат компанид нөхөн сэргэлтийн зардлыг олгох гэх саналыг хүлээж аваагүй болно.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Алтанхундагийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч А.Алтанхундагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нар нь гэм буруугийн талаар шүүх хуралдаанд маргахгүй, прокуророос зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож тус тус санал дүгнэлтээ гаргасан болно.

Шүүгдэгч А.Алтанхундагийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 176-186 талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, “Undraas maamy clinic” эмнэлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, зургаан долоо хоногтой жирэмсэн, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Алтанхундагийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас Байгаль экологид учруулсан экологи эдийн эдийн засгийн үнэлгээний хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль тогтоогч үүрэг болгосон гэж ойлгоно.

Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ************** улсын дугаартай авто ачигч /ковш/, ******* ******* улсын дугаартай өөрөө буулгагч ачааны автомашин, ******* улсын дугаартай өөрөө буулгагч ачааны автомашин, 87-37 УБ улсын дугаартай шар өнгийн Hyundai Robex 2099lc-3 эксковатор, улсын дугаар тодорхойгүй их бие хэсэгт NB0110133 гэсэн бичиг шивсэн Hyundai 4500 загварын шар өнгийн эксковатор, ногоон өнгийн төмөр хийц бүхий цахилгаан ажиллагаатай алт угаах төхөөрөмж, Model: R6105AZLD-2 загварын ногоон өнгийн цахилгаан үүсгүүр, хятад бичиг бүхий дизель шар өнгийн цахилгаан үүсгүүр зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашигласан болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Ж.-гийн эзэмшлийн ************** усын дугаартай Doosan SD300 загварын авто ачигч 20.000.000 төгрөг, С.ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Beiben North Benz загварын өөрөө буулгагч 12.500.000 төгрөг, А.ийн эзэмшлийн ******* улсын дугаартай Beiben North Benz загварын өөрөө буулгагч 12.500.000 төгрөг, Б.Долгионы эзэмшлийн 49-83 УБ улсын дугаартай Hyundai Robex 1300WM, 4500 загварын эксковатор 5.000.000 төгрөг, 87-37 УБ улсын дугаартай гэх Hyundai 2900 загварын экскаватор 5.000.000 төгрөг, алт угаах төхөөрөмж 5.000.000 төгрөг, Model: R6105AZLD-2 загварын цахилгаан үүсгүүр 2.500.000 төгрөг, мөн 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад бичиг бүхий дизель цахилгаан үүсгүүр зэргийг тус тус битүүмжилсэн байна.

87-37 УБ улсын дугаартай гэх Hyundai 2900 загварын экскаватор нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 137 дугаартай лавлагаагаар VRS сүлжээнд бүртгэлгүй, хэний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдон тогтоогдохгүй байх боловч шүүгдэгч А.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тухайн эксковатор нь баримт бичиг байхгүй, босгож авсан техник гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн эзэмшлийн техник гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Ж.-гийн эзэмшлийн ************** улсын дугаартай Doosan SD300 загварын авто ачигч, 12.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий С.ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Beiben North Benz загварын өөрөө буулгагч, 12.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий А.ийн эзэмшлийн ******* улсын дугаартай Beiben North Benz загварын өөрөө буулгагч, 5.000.000 төгрөгийн үнэлгээ Б.Долгионы эзэмшлийн 49-83 УБ улсын дугаартай Hyundai Robex 1300WM, 4500 загварын эксковатор, Ч.ын эзэмшлийн гэх 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Model: R6105AZLD-2 загварын цахилгаан үүсгүүр, 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад бичиг бүхий дизель цахилгаан үүсгүүр зэрэг тээврийн хэрэгслүүдийг өмчлөгч, эзэмшигч нарын өмчлөлд хэвээр үлдээж, дээрх тээврийн хэрэгслүүдийн үнэ 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 87-37 УБ улсын дугаартай гэх Hyundai Robex 2900Ic-3 загварын экскаватор, 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж зэргийг тус тус хурааж, үнийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкинд хадгалагдаж буй 3.88 грамм алтыг улсын орлого болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Алтанхундагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч А.*******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.*******д хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.******* нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.*******ас Байгаль экологид учруулсан хохирол 13.126.000 /арван гурван сая нэг зуун хорин зургаан мянга/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 5.348.470 /таван сая гурван зуун дөчин найман мянга дөрвөн зуун дал/ төгрөг нийт 18.474.470 /арван найман сая дөрвөн зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

8. Шүүгдэгч А.*******ас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Ж.-гийн эзэмшлийн ************** улсын дугаартай Doosan SD300 загварын авто ачигч, 12.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий С.ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Beiben North Benz загварын өөрөө буулгагч, 12.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий А.ийн эзэмшлийн ******* улсын дугаартай Beiben North Benz загварын өөрөө буулгагч, 5.000.000 төгрөгийн үнэлгээ Б.Долгионы эзэмшлийн 49-83 УБ улсын дугаартай Hyundai Robex 1300WM 4500 загварын эксковатор, Ч.ын эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Model: R6105AZLD-2 загварын цахилгаан үүсгүүр, 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий хятад бичиг бүхий дизель цахилгаан үүсгүүр зэрэг техник хэрэгслүүдийг өмчлөгч эзэмшигч нарын өмчлөлд хэвээр үлдээж, дээрх тээврийн хэрэгслүүдийн үнэ 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 87-37 УБ улсын дугаартай Hyundai Robex 2900Ic-3 загварын эксковатор, 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж зэргийг тус тус хурааж, үнийг улсын орлого болгосугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкад хадгалагдаж байгаа 3.88 /гурав зууны наян найм/ грамм алтыг улсын орлого болгосугай.

11. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ