Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

 

2024           01           15                                   2024/ШЦТ/14

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн 2315000000264 дугаартай, 163/2024/0013/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Гэндэнгийн *******, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1959 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, Орхон аймгийн ******* сумын ******* баг, 3-8-14 тоотод тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 64 настай, эрэгтэй, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутаг “*******” гэх газрын Эгийн голоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан 2 тооны тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улмаар 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 80-08******* улсын дугаартай ******* загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж амьтны аймагт 816,000 төгрөгийн шууд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000264 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутаг “*******” гэх газрын Эгийн голоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан 2 тооны тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улмаар 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 80-08******* улсын дугаартай ******* маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж амьтны аймагт 816,000 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ы өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

3. Иргэний нэхэмжлэгч А.Гантулгын өгсөн: “... Дээрх иргэд нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдэж Монгол улсын Улаан номд орсон 2 ширхэг Тул загас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнаж, тээвэрлэн явсан үйлдэл нь хууль бус байна. Би буруутай этгээдээс байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

4. Иргэний нэхэмжлэгч Г.гийн өгсөн: “... 2014 оны 7 сарын 04-ний өдөр Монгол улсад орж ирсэн 2020 оны 05 сарын 08-ны өдөр 74.000.000 төгрөгөөр худалдан авч байсан миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл учраас би өөрөө эзэмшиж эдэлж хэрэглэж байна. Манай аав Б.Ганзориг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөдөө ажлаар яваад ирье гэхээр нь өгч явуулсан юм яг ямар ажлаар явж байгааг нь мэдээгүй өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

5. Гэрч Г.ын өгсөн: “... Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймаг Хутаг-Өндөр сум Хантай 2 дугаар багийн нутаг Баянгол гэх газарт малчин айл өрхүүдээр ажил хийгээд явж байх үед Баянголын гарам дээр ******* маркийн 2 тээврийн хэрэгсэл гол гараад Хийдийн даваа давах гэж явсан тэгэхээр нь би уг тээврийн хэрэгслүүдийг зогсоогоод экологийн мөрдөгч Анхтөмөр нь манай багийн Баянгол гэх газарт Зэд хантай бүтээлийн нурууны Тусгай хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч ийн хамт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан болохоор дуудаад уг тээврийн хэрэгслүүдийг шалгуулсан тэгсэн 80-08******* улсын дугаартай ******* маркийн бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэлд дотор 4 хүн байсан тэгээд экологийн мөрдөгч Анхтөмөр байгаль хамгаалагч нар нь үзлэг хийхэд төмөр хайрцагт 2 ширхэг тул загас, 1 ширхэг зэвэг загас байсан тэгээд экологийн мөрдөгч үзлэг хийгээд Хутаг- Өндөр сумын төв рүү аваад явсан. Энэ хүмүүс загас агнах зөвшөөрөл огт аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

6. Гэрч Б.ийн өгсөн:”… Энэ хүмүүс загас агнах зөвшөөрөл огт аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

7. Гэрч Г.ийн өгсөн: “... Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймаг Хутаг-Өндөр сум Хантай 2 дугаар багийн Баянгол гэх газарт Хутаг-Өндөр сумын экологийн мөрдөгч Анхтөмөрийн хамт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгээд явж байсан. Бид нар яваад очиход Баянголын гарам дээр ******* маркийн 2 тээврийн хэрэгсэл гол гараад Хийдийн даваа давах гэж явсан. Тэгэхээр нь зогсоогоод экологийн мөрдөгч Анхтөмөр бид хоёр шалгахад 80-08******* улсын дугаартай ******* маркийн бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл дотор 4 хүн байсан, тэгээд экологийн мөрдөгч Анхтөмөр үзлэг хийхэд төмөр хайрцагт 2 ширхэг тул загас, 1 ширхэг зэвэг загас байсан. Энэ хүмүүс загас агнах зөвшөөрөл огт аваагүй байсан. Орхон аймгийн иргэдээс Эгийн гол руу загасанд явж байсан 4 машинтай иргэд таарч загасны зөвшөөрөл авсан. Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн “*******” гэх газар нь тусгай хамгаалалтын газар нутагт орохгүй орчны бүсэд байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

8. Гэрч Е.ы өгсөн:“... Би 2023 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед ажлын газрын ах Б.Ганзориг нь залгаад салхинд гарангаа айлаас идэш асууя цуг яваад ирье гэж хэлсэн. Бид нар тухайн газраа очоод хоол хийж идээд Ганзориг ах ах бид 3 унтаад өгсөн. Харин ******* ах тухайн үед унтаагүй үлдсэн. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед буцаад явж байгаад нэг голоор гартал цагдаа болон байгаль хамгаалагч нар таараад та нарын машинд үзлэг хийе гэж хэлээд бид нарын машинд үзлэг хийж байтал төмөр савнаас загас гарч ирсэн. Бид нар явж байгаад 1 том голын эрэг дээр хоноцгоосон. Бид нар Ганзориг ахын 80-08******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-16 дахь тал/,

9. Гэрч Ш.Батжамцын өгсөн:“... Бид нар явж байгаад Балын тохой гэх газрын дээхэн хавьд өндөр эргийн хажууд голын захад хонохоор болсон. Тэгээд хоол хийж идэж дуусаад , Ганзориг ах бид 3 унтаад өгсөн. Харин ******* ах тухайн үед унтаагүй галын дэргэд суугаад үлдсэн. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед буцаад явж байгаад нэг голоор гартал цагдаа болон байгаль хамгаалагч нар таараад та нарын машинд үзлэг хийе гэж хэлээд бид нарын машинд үзлэг хийж байтал төмөр савнаас загас гарч ирсэн. Ганзориг ах бид 3 ямар нэгэн загасны хэрэгсэл огт авч яваагүй байсан. Харин бид нар явахдаа ******* ахынд очоод гэрт нь цай уугаад сууж байх үед ******* ах машинд юм ачаад байсан. Тэгсэн хоносон газрынхаа маргааш өглөө нь 2 загасны уурга байсан. Бид нар Ганзориг ахын 80-08******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дугаартай шинжээчийн дүгнэлт:“... Шинжилгээнд ирүүлсэн №1-2 гэсэн дугаартай загас нь Хулд овог-Salmonidae, Тул-Hucho Gunher төрлийн Тул-Hucho taimen (Pallas 1773) зүйлийн загас байна. №3 гэсэн дугаартай загас нь Хулд овог Salmonidae, Шөвгөр хоншоорт зэвэг /Ердийн-зэвэг/-Brachymystax Lenok (Pallas 1773) зүйл байна. Шинжилгээнд ирүүлсэн №1-3 дугаартай загасны хүйсийг тогтоох боломжгүй, насыг тогтоох зорилгоор хайрснаас дээж авч /НХ дижитал микирсопоор 20x30 өсгөж насыг нь тоолж үзэхэд №1 дугаартай загас нь 4 настай, №2 дугаартай нь 3,5 настай, №3 дугаартай загас нь 4 настай байна. 5. Хулд овог-Salmonidae, Тул-Hucho Gunher төрлийн Тул-Hucho taimen нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Ховор амьтны жагсаалтад багтсан болно. Харин Шөвгөр хоншоорт зэвэг /Ердийн зэвэг/- Brachymystax Lenok (Pallas 1773) нь нэн ховор, ховор амьтны жагсаалтад багтдаггүй. 6. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтын Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ жагсаалтад Тул-Hucho taimen (Рallas, 1773) зүйл нь 408,000 төгрөг, Шөвгөр хоншоорт зэвэг /Ердийн зэвэг/-Brachymystax Lenok (Раllas, 1773) зүйл нь 29,000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-67 дахь тал/,

11. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын 2023 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлт: “... Экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон акт “№ дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирол болох 2 ширхэг Тул-Hucho taimen зүйлийн экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 816,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцоход 1,632,000 төгрөг....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73 дахь тал/,

12.Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ОРА: дугаартай шинжээчийн дүгнэлт:“... Г.гийн эзэмшлийн 80-08******* улсын дугаартай Land Cruiser 200 маркийн автомашины зах зээлийн дундаж үнийг 50,000,000 (тавин сая) төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 106-109 дэх тал/,

13. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хавтаст хэргийн 8, 139 дэх тал/,

14. Яллагдагч Г.*******ы өгсөн:“... Манайд цай ууцгаачихаад би хөнжил пүүгээгээ аваад машинд нь ачаад бас 2 загасны уурга болон хүнс хийдэг төмөр хайрцгаа аваад бид хөдөлсөн.Тэгээд бид Булган аймгийн Хялганат тосгоноор дайраад баруун тийшээ Ингэтийн ард байдаг тасгаар дайраад Хийдийн даваагаар даваад Балын тохой гэдэг газар очсон. Тэгээд өндөр цагаан эргийн ойролцоо бид хэд отоглоод хоол цай хийж идээд жоохон ярьж суусан. Тэгээд Б.Ганзориг болон хамт явсан би сайн танихгүй нэрийг нь мэдэхгүй 2 залуу болон тэр 3 хэвтээд өгөхөөр нь би галаа манаж байгаад загасны хэрэглэлээ аваад хиймэл жараахайгаар загас барихаар явсан. Тэгээд дэгээ шидэж байхад эхлээд 1 ширхэг зэвэг нэртэй загас барьсан. Дахиад нэлээн байж байгаад дэгээгээ солиод шидтэл дараалаад 2 ширхэг тул нэртэй загас барьсан. Тухайн үед загас барьж байхдаа тул загас байна гэдгийг анзаарсан. Тэгээд барьсан загаснуудаа аваад отог дээрээ очиж толгойны гэрэл, хутга хоёроо аваад голын зах орж загаснуудаа цэвэрлээд хүнсний төмөр хайрцагтаа хийсэн. Тэгээд тэндээ хоночихоод маргааш нь буцаж яваад Баянголын гарам дээр экологийн байцаагч болон байгаль орчны байцаагч нартай тааралдаад шалгуулсан. ... хамт явсан хүмүүс маань бол загас бариагүй, би 2 ширхэг тул, 1 зэвэг нэртэй загас барьсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг Б.Ганзориг жолоодож явсан. Бүгд мэдээгүй цагдаад баригдсаны дараа л харж мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 162-164 дэх тал/,

Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг тул загас, Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Simple” гэх бичиглэлтэй 2 метр 4 см урттай хар өнгөтэй загасны уурга, Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Beaok man” гэх бичиглэлтэй 2 метр 36 см урттай хар өнгийн загасны уурга зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан иргэний нэхэмжлэгч А.Гантулга, Г. гэрч Г., Б., Г., Е., Ш.Батжамц нарын өгсөн мэдүүлэг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын 2023 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлт, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын 2023 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлт, хохирлын үнэлгээ болон нөхөн төлбөр тооцсон шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт, тээврийн хэрэгсэлд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг тул загас, Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Simple” гэх бичиглэлтэй 2 метр 4 см урттай хар өнгөтэй загасны уурга, Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Beaok man” гэх бичиглэлтэй 2 метр 36 см урттай хар өнгийн загасны уурга зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай 2 дугаар багийн нутаг “*******” гэх газрын Эгийн голоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан 2 тооны тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, улмаар 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 80-08******* улсын дугаартай ******* маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж амьтны аймагт 816,000 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч Г.*******ы мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.

 

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын 2023 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлтээр шүүгдэгч Г.*******ы тээвэрлэж явсан загас нь ховор амьтны жагсаалтад багтсан Тул загас болох нь тогтоогдсон байна.

Монгол улсын Амьтаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.4 дахь заалтад “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ гэж тодорхойлсон байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад Тул загас /Hucho taimen/ багтаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.*******ы ховор амьтныг агнаж, тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Г.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 816.000 мянган төгрөгийн хохирол /хавтаст хэргийн 73 дахь тал/ учирсан нь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын 2023 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөсөн хэмжээгээр буюу 1.632.000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Шүүгдэгч Г.******* нь дээрх хохирол, нөхөн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.632.0000 төгрөгийг Байгаль, орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлсөн байх тул  түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.******* тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 113-126 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь Орхон аймгийн ******* сумын ******* баг, 3-8-14 тоотод тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: Шүүгдэгч Г.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оршин суугаа газар болох Орхон аймгийн ******* сумын нутгаас гадагш зорчих явахыг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 50.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгуулах саналыг,

Шүүгдэгч Г.*******ы өмгөөлөгч Э.Цэнгүүн: Шүүгдэгч Г.*******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг  харгалзан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр, тэнсэж өгөөч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 50.000.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулахгүйгээр шийдэж өгнө үү гэх хүсэлтийг тус тус шүүхэд илэрхийлж,санал дүгнэлтээ гаргасан болно.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.*******ы  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал хураана гэж ойлгоно.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80-08******* улсын дугаартай Тoyata land загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Хавхчин овогт Ганзоригийн /РД: ФА94051803/-гийн эзэмшилд үлдээж, шүүгдэгч Г.*******аас уг тээврийн хэрэгслийн үнэ 50.0000.000 /тавин сая/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг тул загас, Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Simple” гэх бичиглэлтэй 2 метр 4 см урттай хар өнгөтэй загасны уурга, Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Beaok man” гэх бичиглэлтэй 2 метр 36 см урттай хар өнгийн загасны уурга зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Гэндэнгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг агнаж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.*******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.*******д хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.******* нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 80-08******* улсын дугаартай Тoyata land загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Хавхчин овогт Ганзоригийн /РД: ФА94051803/-гийн эзэмшилд үлдээж, шүүгдэгч Г.*******аас уг тээврийн хэрэгслийн үнэ 50.0000.000 /тавин сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг тул загас, Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Simple” гэх бичиглэлтэй 2 метр 4 см урттай хар өнгөтэй загасны уурга, Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Beaok man” гэх бичиглэлтэй 2 метр 36 см урттай хар өнгийн загасны уурга ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.*******д даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ