Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
Хэргийн индекс | 183/2020/00046/И |
Дугаар | 183/ШШ2020/02297 |
Огноо | 2020-09-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2020/02297
2020 09 02 183/ШШ2020/02297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн ............. тоотод хаягтай З ХХК-ийн / РД:000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ХУД, ........... хотхонд байрлах, 0000000 регистрийн дугаартай, М ХХК-д холбогдох
Гэрээ цуцалсантай холбоотойгоор 65 534 700 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хариуцагчтай Амины орон сууцны хөрөнгө оруулалт, зураг төсөл зохиох, боловсруулах 310 тоот гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан ба уг гэрээгээр ............. тоот 214,83 метр квадрат бүхий амины орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулмагц ............. хотхоны барилга 1, 2, 3-ын зураг төслийн үнэ 68 391 070 төгрөгийн 30 хувь болох 20 517 321 төгрөгийг, ХУД-ийн 14 дүгээр хороо, Бурхантын 2-3-196 тоот, 1400 метр квадрат газартай байшинг 110 000 000 төгрөгт, Б.Сүхбаатарын өмчлөлийн .............. тоот нэг өрөө орон сууцыг 53 380 000 төгрөгт тооцож, ........ зохиогчийн хяналтын үнэ 10 000 000 төгрөгт тооцож гэрээ хийсэн. М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зураг төслийн үнэ 20 517 321 төгрөгийг 2019.04.19-ний өдөр, үүнээс 12 154 700 төгрөгийг төлөөгүй, БЗД-ийн ................ тоот нэг өрөө орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээг цуцалсан ба талууд 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн ба одоо 12 154 700 төгрөг дээр байрны үнэ 53 380 000 төгрөгийг нэмж, 65 534 700 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гэрээг цуцалсан актад 2 талын хүлээх үүрэг, буцаах эд хөрөнгийг төлбөрийг тусгасан. Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь зураг төслийг магадлан итгэмжлэлээр одоог хүртэл оруулах үүргээ биелүүлээгүй байгаа ба манай зүгээс 90 хувийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул зургаа ашиглаж чадахгүй хохирч байна гэжээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
З ХХК нь М ХХК-д холбогдуулан гэрээ цуцлагдсантай холбогдох 65 534 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
З ХХК нь М ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 310 дугаартай Амины орон сууцны хөрөнгө оруулалт, зураг төсөл зохиох, боловсруулах тухай гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр захиалагч З ХХК нь ......... хотхоны барилга ........ тоот 214,83 метр квадрат талбайтай амины орон сууцанд хөрөнгө оруулалт хийх, түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах, гүйцэтгэгч М ХХК нь гэрээнд хавсаргасан зураг төслийн дагуу барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2,107.3-т зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ цуцлагдсантай холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсний дагуу зураг төслийн үнэ 12 154 700 төгрөг, Баянзүрх дүүргийн .................... тоот нэг өрөө орон сууцны үнэ 53 380 000 төгрөгийн хамт, нийт 65 534 700 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч нь гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь зураг төслийг магадлан итгэмжлэлээр оруулах үүргээ одоог хүртэл биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд анх 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрээг цуцалсан талаар бичгээр баримт үйлдсэн байх ба агуулга нь гэрээг цуцлав гээд нэгдүгээрт: зураг төслийн үнэ болох 20 517 321 төгрөгийг нэг сарын хугацаанд буцаан олгох, нийт үнэ 68 391 070 төгрөгөөс төлсөн төлбөр бартерын бараа материалын тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрийг нэг сарын хугацаанд барагдуулах, хоёрдугаарт: Б.Пүрэвсүрэнгийн нэр дээрх Хан-Уул дүүргийн ............... тоот, 1400 мкв газар болон 8*10 хэмжээтэй байшингийн гэрчилгээг шилжүүлж өгөх, гуравдугаарт: Т.Сүхбаатарын нэр дээрх Баянзүрх дүүргийн ...........н 31,4 мкв 1 өрөө орон сууцыг шилжүүлэх, дөрөвдүгээрт: Хан-Уул дүүргийн ........... ны зургийн өөрчлөлтийн 3 676 000 төгрөгийг буцаан төлөх, тавдугаарт: зохиогчийн хяналтын 10 сая төгрөгөөр тохирсон боловч гэрээгээр баталгаажна, зургаадугаарт: 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дотор 13 айлын орон сууцны барилгын зохиогчийн хяналтын үнэ 1 553 000 төгрөгийг төлөх, долоодугаарт: зохиогчийн хяналтын 10 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний 3.2.2-т заасан үнийн дүнд оролцуулсныг буцаан төлөх, наймдугаарт: Хан-Уул дүүргийн ............... эскиз болон ажлын зургийг магадлалаар оруулж баталгаажуулах ба баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг М ХХК гаргаж өгөх зэргийг тусгаж талууд гарын үсгээ зуржээ.
Үүний дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр талууд дахин мөн өдрийн байдлаарх анхан шатны баримтаа тулган шалгаж, тооцоо нийлсэн байх ба уг баримтад дараах зүйлсийг нэг бүрчлэн бичжээ. Үүнд:
Нэгдүгээрт: 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр М ХХК нь 9 635 770 төгрөгийг З ХХК-д төлөх;
Хоёрдугаарт: Хан-Уул дүүргийн ............. тоот 2 айлын газар болон байшингийн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг Б.П-д өгөх;
Гуравдугаарт: Баянзүрх дүүргийн .............. 31,4 мкв 1 өрөө орон сууцыг Т.С-т тус тус шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.
Улмаар нэхэмжлэгч нь энэхүү сүүлд тооцоо нийлсэн баримтыг үндэслэн биелэгдээгүй үүрэг болох 12 154 700 төгрөг болон Баянзүрх дүүргийн ............. 31,4 мкв 1 өрөө орон сууцыг Т.С-т шилжүүлэх байтал П.Б гэх иргэнд шилжүүлсэнтэй холбоотой уг байрыг гэрээнд анх үнэлсэн 53 380 000 төгрөгөөр тооцож, нийт 65 534 700 төгрөгийг нэхэмжилж байгаагаас шүүх 12 154 700 төгрөгийг бус 9 635 770 төгрөгийг, орон сууцны үнэ 53 380 000 төгрөгийн хамт нийт 63 015 770 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.
Учир нь талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба талууд харилцан тохирч үүргийн харилцааг цаашид дуусгавар болгосон байх тул гэрээ цуцлагдсан байна.
Ийнхүү цуцлахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой ба талууд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрээг цуцалсан талаар бичгээр баримт үйлдэж, хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тооцоогоо нийлжээ.
Энэ нь талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд заасан Энэхүү гэрээг хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно. Захиалагч нь гэрээг цуцлахаар бол бичгээр хүсэлт гаргах бөгөөд хүсэлтийн дагуу гүйцэтгэгч гэрээ цуцалсан тухай мэдэгдэж, баримт үйлдэнэ гэж заасантай нийцжээ.
Гэрээ цуцалсан талаарх баримтад талуудын хэн аль нь буруутай талаар дурдаагүй байх тул гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар хүндэтгэн үзэх үндэслэлээр буюу талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлын улмаас цуцлагдсан гэж дүгнэхээр байна.
Нэгэнт талууд цуцлахдаа 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тооцоогоо нийлсэн байх тул түүнд бичигдсэн 9 635 770 төгрөгийг, Б.С-ын өмчлөлийн Баянзүрх ................ тоот нэг өрөө орон сууц нь иргэн П.Б-д, түүний дараагаар Ариг банкны өмчлөлд шилжсэн байх тул талуудын байгуулсан гэрээний 3.2.3 дах хэсэгт заасан анх үнэлсэн 53 380 000 төгрөгөөр тооцон нийт 63 015 770 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 518 930 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ба талууд хамгийн сүүлд тооцоо нийлэхэд хариуцагч 9 635 770 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байхад хэрхэн яаж энэ үүрэг нэмэгдсэн талаарх тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин хариуцагчийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь зураг төслийг магадлан итгэмжлэлээр оруулах үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байгаа бөгөөд манай зүгээс 90 хувийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар нь талуудын 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн баримтаар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл З ХХК нь зураг төслийг магадлан итгэмжлэлээр оруулах үүргийг талуудын хамгийн сүүлд тооцоо нийлж, гарын үсэг зурсан баримтаар хүлээгээгүй байна.
Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч Д.Э нь хуралдааны товыг мэдсэн атлаа хуралдаанд ирж оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-иас 63 015 770 /жаран гурван сая арван таван мянга долоон зуун далан/ төгрөгийг гаргуулан З ХХК-д олгож, үлдэх 2 518 930 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 700 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 473 028 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгосугай.
3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ