Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

 

 

 

2024         01            18                                   2024/ШЦТ/21

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох эрүүгийн 2315002590271 дугаартай, 163/2024/0018/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* Балжмаагийн *******, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1981 оны 07 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, ******* аймгийн *******сумын Оюут баг, 2-13-59 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, чанар шалгагч мэргэжилтэй, ******* төрийн өмчид үйлдвэрийн газарт чанар шалгагч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, 42 настай, эрэгтэй, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь Булган аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Ар мэргэн” гэх газарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ж. *******ын эзэмшлийн удмын бичигтэй монгол банхар нохойг буудаж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315002590271 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь Булган аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр "Ар мэргэн" гэх газарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ж. *******ын эзэмшлийн удмын бичигтэй монгол банхар нохойг буудаж бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаа тараад гэр рүүгээ очихоор явж байсан. Хичээл сургууль амраад айлууд бүгдээрээ зусландаа гарчихсан байсан. Тэгээд хашааныхаа хаалгыг онгойлгоход үед хашааны хаалганы хажууд нохой ирчихсэн байсан. Тэгээд би цаашаа яв гэж хөөхөд өөдөөс ярдаглаад архираад байсан. Тэгэхээр нь би энэ нохой ер нь хүүхдүүд урж, хазаж аюул болохын байна гэж бодон айсан. Манай гудманд 4-14 насны 10 гаруй хүүхэд амьдардаг. Тэр үед манай хүүхдүүд ааваа хоёр нохой хурга идчихлээ гэж хэлэхээр нь та нар гудамжинд битгий гарж тоглоод бай, нохойд уруулна гэж хэлж байсан. Хашааны булангуудад малын сэг зэм мэр сэр байсан. Манай тэр хавийн айлууд фэйсбүүк групптэй бөгөөд тэр групп дээр нохой арай дэндлээ, нохойнуудаа аваачээ, хичээл сургууль амраад хүүхдүүд их байна гэсэн хүмүүсийн сэтгэгдэл их байсан. Ер нь бол манай тэрүүгээр хүзүүвчтэй, хүзүүвчгүй янзан бүрийн нохой явдаг. Өмнө нь бас би найзуудтайгаа граш дотор юм янзалж байтал тэр нохой ирэхээр нь хөөхөд ярдаглаж хуцахад манай найзууд энэ нохой их ярдаг нохой байна, хэзээ нэг өдөр хүүхэд, мал зууж гай болно гэж ярьж байсан. Тэр нохойг хүүхэд урж гай болохын байна гэж айгаад граш дотор байсан буугаа гаргаж ирээд буудсан. Сүүлдээ буудчаад би шал дэмий зүйл хийчихвүү, яанаа гэж санаа зовж байсан. Бас тухайн үед бичиг баримтгүй буутай байсан болохоор их санаа зовоод байсан. Эхэндээ би нохойны эзэнтэй эв зүйгээр асуудлаа шийдэхээр уулзаж нохойгоо уяхгүй яасан юм бэ?, хүүхэд урсан бол чи хариуцлагыг нь хүлээнэ, би тэр байдлаас урьдчилан сэргийлээд ийм зүйл хийчихлээ ш дээ гэж хэл амаар учраа олох гэтэл над руу дайрч, хэл амаар доромжлоод учраа олж чадаагүй. Ер нь бол янз бүрийн авир гаргасан, би тэгэхэд нь юу ч яриагүй. Энэ хэрэг дээр хэд хэдэн байцаагч солигдож хэргийг шалгасан. Хохирогч Ж.******* нь миний машины цонх хагалсан, над руу дайрсан, намайг янз бүрээр доромжилсон, бичлэг хийж тэр хавийн хүмүүст үзүүлж нэр төрд халдсан. Би мөрдөн шалгах ажиллагаанд Ж.*******ыг миний нэр төрд халдлаа гэж гомдол гаргаж цагдаад өгсөн. Тэгэхэд миний гомдлыг хариуцсан байцаагч надад хэлэхдээ энэ хүн чинь ерөөсөө олдохгүй байна, гадаад гараад явчихсан байна, надад нааш цаашаа байн байн яваад байх үнэхээр хэцүү байна гэхээр нь би ерөөсөө гомдлоо буцаагаад авчихъя, ингээд яваад байвал би бас нэмж хохирох юм байна гэж бодсон гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Ж.*******ын өгсөн: "...2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг 48 минутын үед миний гар утас руу эхнэр Гантуяа залгаад манай нохойг хүн буудчихаад явсан байна гэхээр нь би 102 дугаарт залгаж гомдол, мэдээлэл гаргасан. Тэгээд шууд*******д хашааныхаа гадна очиход манай банхар нохой буудуулсан байдалтай үхчихсэн хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч дуудлагаар ирсэн. 2023 оны 05 дугаар сүүлээр буюу 28-29-ний өдрийн үеэр манай нохой цээжиндээ калибрын сумны шархтай цус алдсан байдалтай гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

2. Гэрч Ж.ы өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун түрүүний 6-18 тоотод хувиараа шандын харуул монгол банхар үржүүлгийн газрыг ажиллуулдаг юм. Би Монгол нохой судлалын холбоонд ажилдаг байсан ба 2022 оны 12 дугаар сард өөрийн ажлыг хүлээлгэж өгсөн.Шинээр нохой худалдаж авч байгаа иргэд нохой судлалын гишүүнээр элсээд өөрийн нэр дээр шилжүүлж авдаг үүнийг заавал ургийн бичиг дээр тэмдэглэх шаардлагагүй цахим шилжилт хийгдэж болдог...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

3. Монголын нохой судлалын холбооны удмын бичиг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

4. Буунд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Улаан бор модон бариултай, тоз загварын галт зэвсэг байх ба ямар нэг эвдэрч гэмтсэн зүйл байхгүй тухайн бууны гол төмрийн дугаар нь 49359 дугаартай, 61929 дугаарын замагны дугаартай галт зэвсэг байх ба тухайн бууны урд хошууны хэсэг тайрагдсан галт зэвсэг байв...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-27 дахь тал),

5. Буунд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн  47 дахь тал/,

6. “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт “... монгол банхар нохой 800.000 төгрөг...” гэх /хавтаст хэргийн 50-53 дэх тал/,

7. Яллагдагч Б.*******ын өгсөн: "... Би тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. Тоз-8 загварын галт зэвсэг байсан тухайн галт зэвсэг өвөөгийн эзэмшлийнх бүртгэлгүй галт зэвсэг бичиг баримт байхгүй.2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэртээ ирээд хашаандаа ороход үүдэнд нохой зогсож байсан би хашааны хаалга хаах гээд тонгойход өөдөөс ярдагласан тэгэхээр нь би граж ороод буу аваад буудсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.*******, гэрч Ж. нарын өгсөн мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн “Ашид билгүүн” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлт, буунд үзлэг хийсэн тэмдэглэл,зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан  эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

         Шүүгдэгч Б.******* нь Булган аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр "Ар мэргэн" гэх газарт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ж.*******ын эзэмшлийн удмын бичигтэй монгол банхар нохойг буудаж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ж.******* нь өөрийн эзэмшлийн нохойгоо монгол банхар гэж  эх сурвалжийг нь тодорхойлон мэдүүлснийг давхар Ж. гэрчлэн мэдүүлсэн ба Монголын нохой судлалын холбооны удмын бичгээр батлагджээ.

 Дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн материаллаг бүрэлдэхүүнтэй, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт учруулсан байхыг шаарддаг.

Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага болох “Ашид билгүүн” ХХК-ын гаргасан үнэлгээгээр буудагдсан монгол банхар нохойг 800.000 мянган төгрөгөөр үнэлсэн ба гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмч, хөрөнгийг устгаж болохгүй гэдгийг мэдсээр байж, хууль бус аргаар устгаж  бусдад хохирол учруулсан байдаг онцлогтой.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй,  төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ын бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь нохой буудсан асуудал дээр маргахгүй, харин  Ж.******* нь нохойны эзэн мөн эсэхэд эргэлзээтэй байна гэж байрь сууриа илэрхийлсэн байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Ж.******* нь буудагдсан нохойг  2021 оны 03 дугаар сард  Ж.оос 1.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.*******ад 800.000 төгрөгийн хохирол, “Ашид билгүүн” ХХК-нд үнэлгээ хийх ажлын хөлсөнд 25.000 төгрөгийн хохирол учирч тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иймд шүүгдэгч Б.*******оос 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.*******ад, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардал үнэлгээний хөлсөнд 25.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Зодвоо нарт тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 77, 78-83 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн *******сумын Оюут баг, 2-13-59 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, чанар шалгагч мэргэжилтэй, ******* төрийн өмчид үйлдвэрийн газарт чанар шалгагч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, 

Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэж талууд шүүхэд саналаа гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Б.*******ын хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шудрага ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бүртгэлгүй гол төмрийн дугаар нь 49359, 61929 замагны дугаартай ТОЗ-8 маркын бууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Булган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт  шүүхэд ирээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* Балжмаагийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд  биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож, солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүйг, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос хохиролд 800.000 төгрөгийг гаргуулж, ******* аймаг *******сум Зэст баг 1-15-9 тоотод оршин суух хохирогч Ж.*******ад олгохоор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 25.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Зодвоод /5035355811/ тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бүртгэлгүй гол төмрийн дугаар нь 49359, 61929 замагны дугаартай ТОЗ-8 маркын бууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Булган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.СУВД-ЭРДЭНЭ