Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0582

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, Д.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Z D /Ж д/

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “А д” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Н.А

Гуравдагч этгээд: “Х М ” ГХОХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4096 дугаар “бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  490 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Э.Б, Ш.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/1012/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  490 дүгээр шийдвэрээр:

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 22 дугаар зүйлийн 22.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 7 дугаар зүйлийн 7.7-д тус тус баримтлан “А д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Ат холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Н.А-ын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4096 дугаар бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

"... Гомдлын шаардлага: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах.

"А д" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.А-т холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, Д нараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18- ний өдрийн 128/ШШ2026/0490 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт цугларсан баримтыг дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж дараах үндэслэлээр тус шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж гомдол гаргаж байна.

Нэг: Давж заалдах журмаар гомдол гаргах эрхийн тухайд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0490 дугаартай шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан бөгөөд гомдол гаргах хугацаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д "... шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч... 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж заасны дагуу гомдол гаргах хугацааны дотор хамаарч байгаа болно.

Хоёр:Хэргийн үйл баримтын тухайд:

"Х М " ХХК-ийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 26/31 дугаартай хүсэлтийн дагуу маргаан бүхий эрхийн улсын Ү-2203024452 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 хороо, Соёл амралтын хүрээлэн 14240, Олимпийн гудамжны 5 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд холбогдуулан хяналт шалгалтын ажиллагааг хийсэн бөгөөд тус хяналт шалгалтаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь нотлох баримтыг хянахад мэдээлэл баталгаажаагүй, цахим санд нэршил буруу орсон байдал тогтоогдсон тул Улсын ерөнхий байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн "Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай" 2255 дугаартай дүгнэлтээр хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 6612 дугаар "Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай"-тай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд "Х М " ХХК-ийн захирал Ж д-д 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/4721 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн.

Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн "Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай" 6612 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэснээр Хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5580 дугаартай дүгнэлт хүчин төгөлдөр болох бөгөөд тухайн дүгнэлтээр "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14240, Олимпийн гудамжны 5 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203024452 дугаартай бүртгэлийг хяналт шалгалтын ажиллагаа дуусах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх"-ээр шийдвэрлэсэн байна.

Иймд 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 11-3069708 мэдүүлгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай хөрөнгийн мэдээлэлд өөрчлөлт оруулан дээрх хөрөнгөөс салгаж бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203057009, Y- 2203057010, Y-2203057012, Y-2203057013 Y-2203057015, Y-2203057016, Y-2203057017, Y-2203057018, Y-2203057020, Y-2203057021, Y-2203057023, Y-2203057024, Y- 2203057025, Y-2203057028 дугаарт шинээр салгаж бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;" гэж заасан хуулийн заалттай зөрчилдөж байна.

Гурав. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт цугларсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т "...мөн нэхэмжлэгчээс тус шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Э-д холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6612 дугаартай "Бүртгэл түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийг системдээ оруулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн системд оруулж хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32024/2139 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, улмаар 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/Ш32026/1026 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ." гэж дүгнэсэн байна. Гэтэл хавтас хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6612 дугаартай "Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай" дүгнэлт нотлох баримтаар авагдсан байхад шүүгч хэрэгт нотлох баримтаар авагдаагүй "Бүртгэл түдгэлзүүлэх тухай" дүгнэлтийг гэж үндэслэн дурдсан байна.

3.1.1. Хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6612 дугаартай "Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай" дүгнэлтийн тухайд:

"А д" ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6612 дугаар "Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай"-тай дүгнэлтийг системдээ оруулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн системд оруулж хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32024/2139 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хяналтын улсын ахлах байцаагч Г.Э нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаар дотоод албан бичгээр "...хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 6612 дугаар "Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай"-тай дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1/2256, 01/5425 дугаартай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШЗ2024/9134 дугаартай захирамж" бүхий 15 хуудас материалыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Э.С-э уг 76 дугаартай албан бичгийг хүлээн авч, хуулиар олгогдоогүй эрхийг буюу улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Олимпийн гудамжны 5 тоот хаягтай, үйлчилгээний зориулалттай, 14,386.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаарх улсын бүртгэлийг мэдээллийн санд баяжилтыг хийсэн. Тус газрын дарга Б.А 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5/8168 дугаар албан бичгээр Хяналт шалгалтын газраас 76 дугаар дотоод албан бичгээр ирүүлсэн 15 хуудас материалыг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн тасгийн ахлах улсын бүртгэгч Ц.У ээлжийн амралттай байх хугацаандаа бүртгэлийн хэлтсийн байранд ирж "А" ХХК-ийн төлөөлөгчтэй уулзалт хийсэн, улсын бүртгэгч Ж.А-д А Т-ын бүртгэл хийх тухай хууль бус үүрэг чиглэл өгсөн. "А д" ХХК-иас А Т-ын давхар бүрээр салгаж бүртгүүлэхээр 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг гаргасныг улсын бүртгэгч Ж.А 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр давхар тус бүрээр 14 салгаж бүртгэсэн байдаг.

А Т-ын давхар тус бүрээр 14 салгаж бүртгэсэн үйл баримтуудын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт "Х М " ХХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 25/41 дүгээр албан бичгээр гомдол гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн "Дотоод хяналт шалгалт хийх тухай” А/174 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дотоод хяналт шалгалт явуулан УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Э.С-э, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн тасгийн ахлах улсын бүртгэгч Ц.У, улсын бүртгэгч Ж.А нарын хууль бус үйл баримтуудыг тогтоож, Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалтай нэр бүхий 4 алба хаагчид маргаагүй болно.

Өөрөөр хэлбэл "А д" ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32024/2139 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд дээр дурдсан нэр бүхий алба хаагчдын хууль бус үйл баримтуудаар улсын бүртгэлд бүртгэгдсэн А Т-ын давхар тус бүрээр 14 салгаж бүртгэсэн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Агийн бүртгэсэн бүртгэлүүдийг Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.А 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4096 дугаар "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/Ш32026/1026 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ." гэж дүгнэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчиж байна.

3.1.2. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.А нь "А д" ХХК-иас гаргасан мэдүүлгийн дагуу А Т-ын давхар бүрээр 14 салгаж улсын бүртгэл хөтлөхдөө маргаан бүхий А Т барилгад хөрөнгө оруулагч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй "Х М " ХХК-д улсын бүртгэл хөтлөлтийн талаар мэдэгдээгүй буюу тайлбар, санал гаргах боломж олгоогүй. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Агийн бүртгэсэн А Тын давхар бүрээр 14 салгаж улсын бүртгэл хөтөлсөн бүртгэлүүдийг Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.А 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4096 дугаар "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй юм.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 8, 9-д... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх" гэж заасан зохицуулалт нь эрүүгийн хэргийн тухайд мөрдөгч, прокурорын тогтоол, иргэний хэргийн тухайд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууүлийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл, захиргааны хэргийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гарсан шүүгчийн захирамжид хамруулж ойлгоно" гэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль бус гэж үзэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д "... Мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9134 дүгээр захирамжаар улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Эд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь мөн л дээрх үндэслэлтэй хамаарахгүй бөгөөд дээрх захирамж нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг л түдгэлзүүлж байгаагаас бус улсын бүртгэлд урьдчилсан хамгаалалт тогтоогдоогүй болно." гэжээ.

 

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" 128/Ш32024/9134 дугаартай захирамжаар "А" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэрэг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй хэрэг бүртгэлтийн 230901632 дугаар, Авлигатай тэмцэх газарт шалгаж буй хэрэг бүртгэлтийн 230200264 дугаартай хэргийг тус тус шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Дээрх шүүгчийн захирамжаар түдгэлзүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх", 20.1.14-т "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх" нөхцөл байдал бодитойгоор үүссэн байтал эрхийн улсын бүртгэлийн Ү-22030570**, Y-22030570**, Y-22030570**, Y-22030570**, Y-22030570**, Y- 22030570**, Y-22030570**, Y-22030570**, Y-22030570**, Y-22030570**, Y-22030570**, Y-22030570**, Y-22030570**, Ү-2203057088 дугаарт шинээр салгаж бүртгэсэн.

Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжаар түдгэлзүүлсэн байтал хуулиар хориглосон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх" гэж заасан заалтыг зөрчиж 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр "А д” ХХК-ний эрхийн бүртгэлд салгаж бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн талаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь үндэслэлгүй.

Иймд Хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4096 дугаар дүгнэлтээр тус бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;” гэсэнд нийцэж байгаа тул дээрх дүгнэлтийг хүчингүй болгосон 2026 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 128/ШШ2026/0490 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Мөн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт цугларсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтын хүрээнд үнэлж чадаагүй гэж үзэж байх тул ЗХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

2.2. Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Гомдлын агуулга, үндэслэл: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0490 дүгээр шийдвэрийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардан аваад, бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

2.2.1. Маргааны үйл баримтын тухай:

"Х М " ГХОХХК нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бөгөөд 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “А" ХХК-тай 09/08 дугаартай “Хамтран ажиллах гэрээ"-г байгуулж, гэрээний дагуу тухайн барилгыг барихад 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 7,836,870.1 сая ам.доллар, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 806,659.81 сая ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг хийсэн.

Улмаар 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “А” ХХК, “Х М " ГХОХХК нар нь гэрээт ажлын гүйцэтгэлийг гаргаж, Ү-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн \14240\, Олимпын гудамж 5 тоот хаягт байрлах 14,386.5 м.кв талбайтай 16 давхар 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 60 хувийн өмчлөгчөөр “Х М " ХХК, 40 хувийн өмчлөгчөөр “А" ХХК-ийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000247152 дугаар гэрчилгээг авсан.

Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөрчлөгдсөн буюу уг барилгын “Х М ” ГХОХХК-ийн өмчлөлийн 60 хувийг хасаж, “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэл хийгдэж, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “А” ХХК нь барилгын ажлыг бүрэн дуусгаж, 11,918.1 м.кв талбай бүхий Ү-2203024452 дугаартай гэрчилгээг авсан. "Хуашенконстракшн” ГХОХХК-иас улсын бүртгэлтэй холбоотой гомдол гаргасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 160 дугаар “гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын 1.4-д тус компанийн гаргасан хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 160 дугаар тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А\400 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь хяналт шалгалтыг хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн илтгэх хуудас, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгавраар улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Олимпын гудамж, 5 тоот хаягт байрлах 14,386,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх Эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс “Х М ” ГХОХХК-ийг хасч, “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасан.

2.2.2. Шүүхийн шийдвэр хүуль зүйн үндэслэлгүй тухайд:

Шүүхээс "... маргаан бүхий захиргааны акт гарах үед болон актад дурдсан бүртгэл, дүгнэлтийг гарах үед хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Улсын ахлах байцаагч Н.А-ын дүгнэлтээр “... шүүхийн маргаантай байгаа буюу улсын бүртгэлийн мэдээллийн системд түдгэлзүүлсэн төлөвтэй байсаар байхад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээгээр “А” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “А д" ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчсөн болохыг тогтоосон.

Маргаан бүхий акт гарсан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дараах 2 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Үүнд:

2.2.3. "А" ХХК, “А д" ХХК-иас "Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2025/0346 дугаарын магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус магадлалд нэхэмжлэгчээс гаргасан хяналтын гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ШХТ2025/0372 дугаар тогтоолоор шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

2.2.4. “А д” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагч Г.Эд холбогдох “2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6612 дугаар “бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай” улсын байцаагчийн дүгнэлтийг системд оруулахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлийн системд оруулж хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оныы 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/Ш32026/1026 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн бүртгүүлсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно", 20.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж заасныг зөрчсөн.

Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан тусгай зарчмуудыг баримтлаагүй байна.

Иймд Нийслэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Z D нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан шийдвэр үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А-т холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  Бүртгэл хүчингүй болгох тухай” 4096 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Анхан шатны шүүх шийдвэртээ “....дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт гарах үед болон актад дурдсан бүртгэл, дүгнэлтүүдийг гарах үед хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 573 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааснаар итгэмжлэл хуурамчаар үйлдсэн буюу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасан үндэслэл арилсан, гуравдагч этгээд болон бусад иргэн, хуулийн этгээдээс нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, хуулийн эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчид холбогдуулан хэрэг үүсгээгүй, харин нэхэмжлэгч нь өөрөө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй талаар нэхэмжлэл гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасан үндэслэлд хамаарахгүй, ...мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9134 дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Г.Э-д холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь мөн л дээрх үндэслэлд хамаарахгүй бөгөөд дээрх захирамж нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг л түдгэлзүүлж байгаагаас бус улсын бүртгэлд урьдчилсан хамгаалалт тогтоогоогүй болно. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдээс нэхэмжлэгчид холбогдуулж гомдол, нэхэмжлэл гаргасан, уг үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, эрүүгийн хэргийн тухайд мөрдөгч, прокурорын тогтоол, иргэний хэргийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл, захиргааны хэргийн тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тус тус шүүгчийн захирамж гарсан, түүнийгээ хүргүүлсэн буюу урьдчилсан хамгаалалт зайлшгүй тогтоох шаардлагатай тохиолдлыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасан үндэслэлд хамааруулж ойлгоно, ....гуравдагч этгээд нь шүүхэд бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргасныг мөн л  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасан үндэслэлд хамааруулах боломжгүй, ...Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий захиргааны актад дурдсан бүртгэл, улсын байцаагч нарын дүгнэлтүүдийг хүчингүй болгуулахаар гуравдагч этгээдээс нэхэмжлэл гаргаагүй, гагцхүү Хууль зүй дотоод хэргийн сайдад хандаж гомдол гаргасан, уг гомдол нь 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Ү-2203024452 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэлтэй холбоотой, харин нэхэмжлэгч нь өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6612 дугаартай “Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай” дүгнэлтийг системдээ оруулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүхийн маргаантай байсан мэтээр тайлбарлаж хариуцагчаас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4096 дугаар дүгнэлтийг гаргасан нь хуульд нийцээгүй байна ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэх хориглосон заалтыг хариуцагч зөрчсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

5. Тухайлбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 573 дугаар тогтоолоор нэхэмжлэгч компанид холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан, мөн нэхэмжлэгчээс улсын ахлах байцаагч Г.Э-д холбогдуулан улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6612 дугаартай “Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай” дүгнэлтийг системдээ оруулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн системд оруулж хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2139 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, улмаар 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1026 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Маргаан бүхий Улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4096 дүгнэлтийг гаргах болсон үндэслэлийн талаар хариуцагч дүгнэлтийн ерөнхий агуулга нь нэхэмжлэгч “А д” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Эд холбогдуулан гаргасан улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6612 дугаартай “Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай” дүгнэлтийг системдээ оруулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн системд оруулж хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэн, улмаар шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9134 дүгээр захирамжаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” мөн гуравдагч этгээдээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж гаргасан гомдол, түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн сахилга хариуцлага чангатгах тухай 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 тоот албан даалгаврыг тус тус үндэслэн гаргасан гэж ойлгохоор байх бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн 2024 оны 9134 дүгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэж маргаан бүхий 2025 оны 4096 дугаартай “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтийг гаргасан гэж тайлбарладаг.

7. Дээрх хууль болон үйл баримтуудыг дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт болох 4096 дугаар дүгнэлтийг гаргах үед хууль хяналтын байгууллагаас нэхэмжлэгч “А д” ХХК-тай холбоотой хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхтэй холбоотой асуудал гараагүй, харин “А д” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Эд холбогдуулан гаргасан улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6612 дугаартай “Бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах тухай” дүгнэлтийг системдээ оруулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн системд оруулж хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэн, улмаар шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9134 дүгээр захирамжаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн”, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байж болзошгүйтэй холбоотой маргаан хэрэг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаад 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1026 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн уг маргаан дуусжээ.

8. Өөрөөр хэлбэл шүүх дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбоотой маргаан нь  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй ямар ч холбоогүй нэхэмжлэгч хууль ёсны эрх, ашгаа хамгаалах зорилгоор гаргасан  улсын бүртгэгчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дээрх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасан үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа уг хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Харин “А д” ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн өөрчлөлттэй холбоотойгоор бусад иргэн, хуулийн этгээдээс эрүү, иргэн, захиргааны хэрэгт / бүртгэлтэй холбоотой / хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглох зохицуулалт хэрэгжих боломжтой юм.

9. Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө салгаж тус тусад нь улсын бүртгэлд бүртгүүлэх үед нэхэмжлэгчтэй холбоотой эрүү, иргэн, захиргааны хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн зүйлгүй, гуравдагч этгээдийн зүгээс бүртгэлтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасан нөхцөл байдал үүсээгүй байна.

10. Хариуцагч нарын төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт цугларсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль бус гэж үзэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй, ...“А д” ХХК-ийн эрхийн бүртгэлд салгаж бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн талаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд ... үнэлэлт дүгнэлт өгөөгүй, ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0490 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд “Х М ” ГХОХХК-иас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

 ШҮҮГЧ                                   М.ЦЭЦЭГМАА

                              ШҮҮГЧ                                   Б.АДЪЯАСҮРЭН

                              ШҮҮГЧ                                   Л.ОДБААТАР