Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 28

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс:180/2017/0031/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       Н.Болор-Уянга
Улсын яллагч                                        Ч.Батбаяр
Хохирогч                                                              М.Эрдэнэбаатар
Хохирогчийн өмгөөлөгч                Д.Ганхуяг
Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Д.Чимгээ, Х.Биязхан
Шүүгдэгч                                                              Ч.Азжаргал нарыг оролцуулан

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Азжаргалд холбогдох 201623000253 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 16-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сантехникч, Жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг А17-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2001 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн №263 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,  хэрэг хариуцах чадвартай Их Монгол овогт Чимэдбатын Азжаргал /РД:СЮ74051670/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
      Шүүгдэгч Ч.Азжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Эрчмийн дөрвөн замын уулзвар дээр найз Ц.Чогсомжавын эзэмшлийн 38-12 ХЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёото Приус-20” маркын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж өөдөөс ирж явсан 25-11 ХЭЗ улсын дугаартай “Чансаа” маркын мотоциклыг мөргөж тус мотоциклыг жолоодож явсан иргэн М.Эрдэнэбаатарын бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      
    ТОДОРХОЙЛОХ НЬ:
              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн уулзвар дээр төв замаас зүүн зүгээс баруун тийш явж байхад барүүн зүгээс цагаан өнгийн автомашин зүүн гар тийш эргэх буюу ертөнцийн зүгээр хойшоо эргэхдээ төв замаар явж байсан надад зам тавьж өгөхгүй миний унаж явсан 25-11 ХЭЗ улсын дугаартай “Чансаа” маркын хөх өнгийн мотоциклын зүүн талаас нь мөргөсөн. Тухайн үед би юу болсныг мэдээгүй. Нэг сэрэхэд мотоциклын баруун урд талд нь хэвтэж байсан. Тэгээд түргэний машин ирээд намайг аваад явсан. Намайг мэс заслын Мөнхбат гэдэг эмч ирээд ЭХО-д харуулаад гэмтэл мэдрэгдэхгүй гайгүй байна гэж хэлсэн. Маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр намайг мөргөсөн Азжаргал гэх залуу машин болоод намайг болон эхнэр Мөнгөнтуул, манай ээж Пүрэвдорж нарыг аваад Улаанбаатар хотын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв дээр ирсэн. Тус газрын жижүүр эмч Олз-Эрдэнэ гэх эмч шинжилгээний хариуг хараад гайгүй байна, маргааш дахин ирж үзүүл гэсэн. Маргааш нь дахин ЭХО-д харуулахад “таны бие нэг л биш байна, хэд хэд харуулах шаардлагатай” гэж хэлсэн. Тэгээд ЭХО-с гараад ерөнхий эмчид нь үзүүлсэн. Ерөнхий эмч нь “хэд хоног харъя, эмнэлэгт хэвт” гэсэн. Тэгтэл удалгүй гаднаас мэсийн Баярсайхан гэдэг эмч орж ирээд миний гэдсийг дарж үзээд шууд “хагалгаанд орохгүй юм бол болохгүй юм байна” гээд гарсан. Тэгээд Баярсайхан эмч хагалгаа хийсэн. Би тэгээд ГССҮТөвд 9 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Хагалгааны дараа Баярсайхан эмч манай ээж ахад хагалгааны зургийг харуулаад “нойр булчирхай, элэг задралтай байсныг оёсон, хэвлийн хөндийд нөжрөлттэй цус байсныг соруулж авсан” гэж хэлсэн байсан. Намайг 38-12 ХЭҮ улсын дугаартай “Тоёото Приус 20” маркын цагаан өнгөтэй машин мөргөсөн. Миний өөрийн мотоцикл эвдэрч гэмтээд унах аргагүй болсон, Азжаргал надад супер чансаа маркын шинэ мотоцикл авч өгсөн. Миний сарын орлого 1.100.000 төгрөг болохоор нэг жилийн цалин болох 13.200.000 төгрөгийг гэм буруутай хүнээс нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх-ийн 29-31хуу/
Гэрч П.Мөнгөнтуулын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн нөхөр болох М.Эрдэнэбаатарын хамтаар Баянхутаг сумаас 25-11 ХЭЗ улсын дугаартай хөх өнгийн чансаа маркын мотоциклтой гэрийн ойр зуурын хүнс авахаар ирсэн. Тэгээд орой 19 цагийн үед манай нөхөр Эрдэнэбаатар өөрийн хамаатан Цогоо гэгчийг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд 20 цагийн үед нэг машин хажууд ирж зогсоод “Туул гэж хүн мөн үү, нөхөр чинь машинтай мөргөлдчихлөө таныг ир гэнээ” гэж хэлсэн. Тэгээд Эрчмийн уулзвар дээр ирэхэд манай нөхөр Эрдэнэбаатарыг эмнэлгийн машинд суулгаж байсан. ГССҮТөвд очоод мэс засал хийлгэхэд манай нөхрийн элэг нь задарсан нойр булчирхай нь урагдсан, хэвлийн хөндийд бөөгнөрсөн цус хурсан байсан. Одоо манай нөхрийн бие тааруу байгаа, эмч нь цаашид сайн эмчлүүл гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33хуу/
Гэрч Ц.Чогсомжавын мөрдөн байцаалтад өгсөн: ...38-12 ХЭҮ улсын дугаартай “Приус-20” маркын машин миний өөрийн машин юм. Тухайн үед манай хадам аав өвчнөөр нас барсан байсан. 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр талийгаачийг нэгдсэн эмнэлэг дээр хайрцаглах гэж байхад гэртээ хадаг сүүгээ орхисон байсан. Тэгээд найз Азжаргал миний хажууд байсан болохоор би машиныхаа түлхүүрийг өгөөд “гялс гэр рүү яваад хадаг сүү аваад ир, хурдан яваарай” гэж хэлсэн юм. Манай найз гэрт очоод хадаг сүү аваад буцаж явахдаа ийм асуудал болсон байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 36хуу/
Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би жижүүртэй байсан. Зам тээврийн осолд орсон Эрдэнэбаатар гэдэг хүн ирсэн. Үзлэг хийхэд биеийн байдал дунд байсан. Лав л хугарал гэмтэл байгаагүй. Рентингэн зураг авч ЭХО-д харуулсан. Хэвлийд нь ямар нэг цус хуралт байгаагүй. Маргааш нь дахин ЭХО-д харахад хэвлийн цуллаг эрхтний тал дээр гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй байсан. Тэгээд дараагийн шатны эмнэлэг рүү шилжүүлье гэсэн тухайн үед Эрдэнэбаатар болон ар гэрийнхэн ч өөрсдөө Улаанбаатар хот руу ГССҮТөвд харуулна гэж хэлээд явцгаасан гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41хуу/
Хохирогч М.Эрдэнэбаатарын биед үзлэг хийсэн Шинжээчийн 150 дугаартай дүгнэлтэд:
М.Эрдэнэбаатарын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал нойр булчирхайн язрал, урагдал, хэвлийн хөндийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо
Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 46хуу/
Зам тээврийн осолд гаргасан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт
/Приус-20 маркын 38-12 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан Ч.Азжаргал нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн/ гэх дүгнэлт. /хх-ийн 59-60хуу/
Ч.Азжаргалын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн найз Чогсомжавын хадам аав нь нас бараад Аймгийн Нэгдсэн эмнэлгээс талийгаачийг хайрцаг саванд хийх гэж байхад шарил хайрцаглах ёслолын зүйл дутаад  Чогсомжавын гэрээс авч ирэх болоход “би яваад ирье” гээд Чогсомжавын 38-12 ХЭҮ улсын дугаартай Приус-20 маркын автомашинаар тухайн зүйлийг очиж аваад буцаж эмнэлэг рүү төв замаар зүүн зүг рүү явсан. Тэгээд Эрчмийн уулзвар дээр ирээд зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр хойш эргэх болоход гэрлэн дохио ажиллахгүй байсан тул бусад замын чиглэлүүдийг харахад аль ч талаас тээврийн хэрэгсэл харагдахгүй байсан. Ингээд хөдөлгөөнөө үргэлжлүүлэн зүүн гар тийш эргэх дохио өгөн уулзвар луу ороход зүүн талаас буюу өөдөөс мотоциклтой хүн нилээд хурдтай ямар нэгэн чиглэл өөрчлөх дохио өгөлгүй ирж яваа харагдахаар нь уулзварын голд машинаа зогсоох арга хэмжээ аван бүрэн зогсоож зам тавьж өгөөд тухайн мотоциклыг урд талаар өнгөрч явах нь дээ гэж бодоод харж байтал тухайн мотоцикл ямар ч тооромсолж хурд хасах болон зогсоох арга хэмжээ авалгүй миний унаж явсан машины баруун гар талын урд дугуй хавьцаа ирж мөргөн жолооч нь мотоциклтойгоо ирж машины хажуу талд унасан. Эмнэлэг дээр ирэхэд Эрдэнэбаатарын талынхан ЭХО-д харуулсан юм мэдэгдэхгүй байна, хот явж үзүүл гэж байна гэхээр нь хот руу авч явсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Азжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Эрчмийн дөрвөн замын уулзвар дээр найз Ц.Чогсомжавын эзэмшлийн 38-12 ХЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёото Приус-20” маркын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас өөдөөс ирж явсан 25-11 ХЭЗ улсын дугаартай “Чансаа” маркын мотоциклыг мөргөж тус мотоциклыг жолоодож явсан иргэн М.Эрдэнэбаатарын бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч М.Эрдэнэбаатарын “...Эрчмийн уулзвар дээр төв замаас зүүн зүгээс баруун тийш явж байхад барүүн зүгээс цагаан өнгийн автомашин зүүн гар тийш эргэх буюу ертөнцийн зүгээр хойшоо эргэхдээ төв замаар явж байсан надад зам тавьж өгөхгүй миний унаж явсан 25-11 ХЭЗ улсын дугаартай “Чансаа” маркын хөх өнгийн мотоциклын зүүн талаас нь мөргөсөн. Тухайн үед би юу болсныг мэдээгүй. Нэг сэрэхэд мотоциклын баруун урд талд нь хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг, , гэрч П.Мөнгөнтуулын “... нэг машин хажууд ирж зогсоод “Туул гэж хүн мөн үү, нөхөр чинь машинтай мөргөлдчихлөө таныг ир гэнээ” гэж хэлсэн. Тэгээд Эрчмийн уулзвар дээр ирэхэд манай нөхөр Эрдэнэбаатарыг эмнэлгийн машинд суулгаж байсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Чогсомжавын “... талийгаачийг нэгдсэн эмнэлэг дээр хайрцаглах гэж байхад гэртээ хадаг сүүгээ орхисон байсан. Тэгээд найз Азжаргал миний хажууд байсан болохоор би машиныхаа түлхүүрийг өгөөд “гялс гэр рүү яваад хадаг сүү аваад ир, хурдан яваарай” гэж хэлсэн юм. Манай найз гэрт очоод хадаг сүү аваад буцаж явахдаа ийм асуудал болсон байсан. ...” гэх мэдүүлэг, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт, Приус-20 маркын 38-12 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан Ч.Азжаргал нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Азжаргалын сэжигтэнээр өгсөн “... хөдөлгөөнөө үргэлжлүүлэн зүүн гар тийш эргэх дохио өгөн уулзвар луу ороход зүүн талаас буюу өөдөөс мотоциклтой хүн нилээд хурдтай ямар нэгэн чиглэл өөрчлөх дохио өгөлгүй ирж яваа харагдахаар нь уулзварын голд машинаа зогсоох арга хэмжээ аван бүрэн зогсоож зам тавьж өгөөд тухайн мотоциклыг урд талаар өнгөрч явах нь дээ гэж бодоод харж байтал тухайн мотоцикл ямар ч тооромсолж хурд хасах болон зогсоох арга хэмжээ авалгүй миний унаж явсан машины баруун гар талын урд дугуй хавьцаа ирж мөргөн жолооч нь мотоциклтойгоо ирж машины хажуу талд унасан. ...” гэх мэдүүлэг “... эрчмийн уулзвар дээр зүүн гар тийш эргэх гэтэл урд талаас чигээрээ ирж явсан Чансаа маркын 25-11 ХЭЗ улсын дугаартай мотоцикль ирээд хажуу талаас мөргөсөн...” гэх тайлбар, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас Ч.Азжаргалд холбогдуулан эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Азжаргал нь тухайн гэмт хэргийг үйлдсэн даруйдаа гэм буруугаа ухамсарлан ойлгож тэр даруй түргэн тусламж дуудаж, хохирогчийг эмнэлэгт хүргэн эмчлүүлж, шаардлагатай арга хэмжээг авсан нь хавтаст хэрэгт авагдсан “... замын зардал хоол унааны мөнгийг нь даагаад эх, болон эхнэрийг нь аваад хот явж, хотод Эрдэнэбаатар хагалгаанд орж би  2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл буюу эмнэлгээс гартал нь 2-3 удаа биеийн байдлыг нь асууж эмчилгээний хэрэгсэл болон хүнсний зүйл авч өгч тус нэмэр болж байсан. Эрдэнэбаатар манайх хуучин мотоцикл авмааргүй байна сэтгэлийн сэвтэй харин шинэ мотоцикл авмаар байна гэхээр нь өөрсдөөр нь сонголт хийлгэж байгаад шинэ “Чансаа-150” маркын мотоцикл авч өгсөн. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл манай найз Чогсомжавын нэр дээр байдаг. Бараг байнга шахуу авч хэрэглэдэг. Би хохирогч Эрдэнэбаатарын хохирлыг барагдуулсан. Эмчилгээний зардал болон идэж уух мөнгө төгрөг, Хэнтий-Улаанбаатар-Хэнтий гэсэн замын зардлыг хувиасаа гаргасан гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж үзэх нь зүйтэй байна.
Мөн 2 хүүхдээ тэжээн тэтгэдэг шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг нь харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохиролын хувьд хохирогч М.Эрдэнэбаатар нь мэдүүлэхдээ 3 айлын мал малладаг ба түүний хөлс тус бүр 300.000 төгрөг авдаг гэж мэдүүлсэн боловч тухайн мал маллуулж буй хүмүүс нь 200000, 250000 гэх мэт зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байх тул хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан тухайн мал малласны хөлстэй холбоотой баримтууд байх хэдий ч тухайн баримтууд нь татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг баримт байхгүй нотлох баримтын шаардлага бүрэн хангаж чадхааргүй, мэдүүлгүүд нь зөрүүтэй, учир дутагдалтай байна. Иймээс хохирогч уг хохиролтой холбоотой баримтаа жич хуулийн дагуу бүрэн бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлт буруу гарсан, энэ гэмт хэрэг хохирогчийн буруугаас болж үүссэн гэж мэтгэлцсэн боловч энэ нь хохирогч М.Эрдэнэбаатарын “... зүүн зүгээс баруун тийш явж байхад барүүн зүгээс цагаан өнгийн автомашин зүүн гар тийш эргэх буюу ертөнцийн зүгээр хойшоо эргэхдээ төв замаар явж байсан надад зам тавьж өгөхгүй миний унаж явсан 25-11 ХЭЗ улсын дугаартай “Чансаа” маркын хөх өнгийн мотоциклын зүүн талаас нь мөргөсөн гэх мэдүүлэг, Ч.Азжаргалын сэжигтэнээр өгсөн “... хөдөлгөөнөө үргэлжлүүлэн зүүн гар тийш эргэх дохио өгөн уулзвар луу ороход зүүн талаас буюу өөдөөс мотоциклтой хүн нилээд хурдтай ямар нэгэн чиглэл өөрчлөх дохио өгөлгүй ирж яваа харагдахаар нь уулзварын голд машинаа зогсоох арга хэмжээ аван бүрэн зогсоож зам тавьж өгөөд тухайн мотоциклыг урд талаар өнгөрч явах нь дээ гэж бодоод харж байтал тухайн мотоцикл ямар ч тооромсолж хурд хасах болон зогсоох арга хэмжээ авалгүй миний унаж явсан машины баруун гар талын урд дугуй хавьцаа ирж мөргөн жолооч нь мотоциклтойгоо ирж машины хажуу талд унасан. ...” “... эрчмийн уулзвар дээр зүүн гар тийш эргэх гэтэл урд талаас чигээрээ ирж явсан Чансаа маркын 25-11 ХЭЗ улсын дугаартай мотоцикль ирээд хажуу талаас мөргөсөн...” гэх мэдүүлгүүд нь Приус-20 маркын 38-12 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан Ч.Азжаргал нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлттэй нийлж байх тул уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.
Мөн дээрх шүүгдэгч, хохирогч, шинжээч нарын дүгнэлт, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч байх ба тухайн зам тээвэр болсон шалтгаан нөхцөлийг бүрэн агуулж чадсан байх тул шүүгдэгчийн гэмт буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, тогтоолын биелэлтийг гүйцэтгүүлэхээр жолооны 067501 дугаартай үнэмлэхийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, харин хохирогчийн жолооны үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй ба, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй байна.
    
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон


ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Их Монгол овогт Чимэдбатын Азжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Азжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Азжаргалд оногдуулсан 01 жил хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклын жолоочийн үнэмлэхийг хохирогч М.Эрдэнэбаатарт буцаан олгож, шүүгдэгч Ч.Азжаргалын 067501 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн шүүгдэгч Ч.Азжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.

 6. Хохирогч нь хохиролтой холбоотой баримтуудаа хуулийн дагуу бүрэн бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Азжаргалд оногдуулсан 01 жил хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг мэдэгдсүгэй.  
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Азжаргалд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА