Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар  2024/ШЦТ/16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

 улсын яллагч П.Шижиртуяа,

 шүүгдэгч В.******* нарыг оролцуулан

 Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.*******ад холбогдох эрүүгийн 2315003930278 дугаартай, 163/2024/0010/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Булган аймгийн ******* суманд 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Хялганат тосгон, “*******” хэсэг, Буурлын 4-409 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар :ФЖ *******.

 

          Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 Яллагдагч В.******* нь *******,******* нарт хандан “Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг “” гэх газраас мод бэлтгээд өгөөч, мод бэлтгэх эрхийн бичиг байгаа, асуудалгүй” гэж ойлгуулан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******,******* нараар Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 7.9 м3 шинэс төрлийн модыг бэлтгүүлж байгаль экологид 3.806.793.54 төгрөгийн шууд хохирол /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 11.420.379 төгрөгийн/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

           

         1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд В.******* нь “*******,******* нарт ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг байгаа, асуудалгүй гэж итгүүлэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******,******* нараар Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газар зөвшөөрөлгүйгээр ойд 7.9 метр куб шинэс төрлийн мод бэлтгүүлж буюу өөрөө гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглан зөвшөөрөлгүйгээр  ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдэж, байгаль экологид 3,806,793.54 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 11,420,379 төгрөгийн  хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

  1.2.Нотлох баримтын үнэлгээ

  Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс  тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 -Иргэний нэхэмжлэгч ийн: “...******* нь тусгаарлалт хийгээгүй газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж байгаад баригдсан байна. Экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Тэр хохирлыг төлчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 -Гэрч *******ы “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* манай гэрт ирээд би цэвэрлэгээний огтлолоор 10 м3 мод бэлтгэх эрхийн бичиг авсан шууд очоод авах гэхээр машин байхгүй байна. Баатар та хоёр эхлээд очоод бэлдэж бай хэд хоногоос машин олоод авъя гэж хэлсэн. Тэгээд Баатар бид хоёр *******аас цахилгаан хөрөөг нь аваад миний өөрийн цагаан өнгийн “Даюун” маркийн мотоциклтой Булган аймгийн ******* сумын 1-р баг гэх газар луу зааж өгсөн газарт очиж 6 ширхэг босоо мод унагаад 4 метрээр тайрч ачихад бэлэн болгоод хураасан байсан. Би *******ын авсан гэх мод бэлтгэх эрхийн бичгийг хараагүй, авсан байгаа асуудалгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 -Гэрч ын “... 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Батсайхан манай гэрт ирээд “******* 10 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэнэ хоёулаа аас очоод мод бэлтгэж байя дараа нь ******* машин олоод ачаад авчина” гэж надад хэлсэн. Тэгээд Батсайхан бид 2 Батсайханы мотоциклтой *******ын ногоон өнгийн цахилгаан хөрөөг аваад Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газар луу явсан. Тэгээд очоод Батсайханы цахилгаан хөрөөгөөр модыг нь бид 2 ууланд нь 4 метр орчмоор тайраад байж байхад цагдаад баригдсан. Надад Батсайхан хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан л гэсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

-Гэрч ын “... Цэвэрлэгээний огтлолын мод бэлтгэх эрхийн бичгээр тусгаарлалт хийгдсэн газарт ойн ангийн инженерийн зааж өгсөн босоо модыг огтолж авч болно. Харин цэвэрлэгээний ажлын мод бэлтгэх эрхийн бичгээр босоо мод унагаж болохгүй зөвхөн газарт үндсээрээ булгарч унасан хэвтээ модыг авах ёстой...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 -Хэргийн газар 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 4-6, 7-9 дэх тал/,

 

 -Эд мөрийн баримтаар 1 ширхэг цахилгаан хөрөө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хавтаст хэргийн 34-38 дугаар тал/,

 

 -Эд хөрөнгө /22 ширхэг шинэс мод/ битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 39-42 дахь/,

 

 -Модонд үзлэг хийсэн тэмдэглэлд “1-22 хүртэл дугаарласан нийт 22 ширхэг модонд хэмжилт хийж үзлэг хийсэн” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 43-44, 45  дахь тал/,

 

 -Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн  2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3805 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 49-51, 52-53 дахь тал/,

 

  Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон тухай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дугаартай “...шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учруулсан хохирол болох шинэс 7.9 м3 нойтон модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 3.806.793 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 11.420.379  төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх акт  /хавтаст хэргийн 57 дахь тал/

-Цахилгаан хөрөөний үнэлгээ тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-ОРХ/8318 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

  -Шүүгдэгч В.*******ын :

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн тул өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

зэрэг нотлох баримт болно.

 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

   1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

   Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс  хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч В.******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан байх тул  шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явууллаа.

   1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

   Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд  мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:

         35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;

         35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;

         35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.

 

    Шүүгдэгч В.*******ын Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон байна.

         Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан ...гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг...ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан бөгөөд В.******* нь *******,******* нарт “ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг байгаа, асуудалгүй” гэж итгүүлэн мод бэлтгүүлсэн буюу өөрөө гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглан зөвшөөрөлгүйгээр  ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдүүлсэн байх тул түүнийг тус гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч В.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

 Шүүгдэгч В.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 3,806,793 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3805 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 11,420,379 төгрөгийн  хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч В.******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсэн байх тул үлдэгдэл 8,420,379 төгрөгийг гаргуулж дээрх дансанд олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал:

-Улсын яллагч: “...Шүүгдэгч В.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, байгаль экологид учруулсан хохирол төлбөрийн үлдэгдэл 8,420,349 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах талаар шийтгэх тогтоолд дурдах саналтай байна...” гэв.

-Шүүгдэгч: “...Байхгүй ...” гэв.

 2.2. Эрүүгийн хариуцлага

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтас хэргийн 76 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа  /хавтас хэргийн 78 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 79 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 81 дэх тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн  шүүгдэгч В.*******ын хувийн байдлыг тодорхойллоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч В.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч В.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

 Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч В.*******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх  нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж  дүгнэв.

 

          2.3. Бусад асуудал

 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох  22 ширхэг буюу 7.9 метр куб шинэс мод, хар хөх өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч В.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.*******ад оногдуулсан 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

 4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч В.*******ад сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,3 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 8,420,379 /найман сая дөрвөн зуун хорин мянга гурван зуун далан ес/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 22 ширхэг буюу 7.9 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 7.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 22 ширхэг шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “дугааргүй” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

 8.Шүүгдэгч В.******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч В.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЁНДОНСАМБУУ