Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ч.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******ад холбогдох эрүүгийн 2315001110283 дугаартай, 163/2024/0022/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн Булган суманд 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, ам бүл 5, ээж, дүү нарын хамт, Булган аймгийн ******* сумын Авзага 2 дугаар багт оршин суух  бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, урьд нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, регистрийн дугаар *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн танил *******той утсаар ярьж хонь зараад мөнгийг нь явуул гэж айлган сүрдүүлж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсний улмаас насанд хүрээгүй *******,******* нар нь тухайн өдрөө Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч М.Энхбаярын 1 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж 440,000 төгрөгийн хохирол учруулсан гэх мал хулгайлах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон.

Мөн *******г айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж насанд хүрээгүй хүүхэд болох *******,******* нараар тухайн өдрөө Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч М.Энхбаярын 1 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлуулж 440,000 төгрөгийн хохирол учруулсан гэх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн танил насанд хүрээгүй буюу 15 настай *******той утсаар ярьж “хонь зараад мөнгийг нь явуул” гэж айлган сүрдүүлсний улмаас насанд хүрээгүй *******,******* /15 настай/ нарыг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч М.Энхбаярын 1 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн “мал хулгайлах” гэмт хэргийн хатгагчаар оролцсон.

 Мөн 15 настай *******,******* нарын хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

 1.2.Нотлох баримтын үнэлгээ

 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс  тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч М.Энхбаярын өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 05-ны өглөө хонио тоолж үзэхэд манай хонь бүрэн байсан юм. Тэгээд манай нэг хонь доголон яваад байсан. Тэгэхээр нь барьж авч үлдчихсэн байж байгаад үдээс хойш тавьчихсан юм. Тэгээд орой нь хоньтойгоо нийлсэн эсэхийг шалгаж үзсэн чинь доголон хонь маань хоньтойгоо нийлчихсэн манай нэг содон зүстэй улаан хонь маань байхгүй байсан... Миний нэг хонь бол андашгүй улаан хонь байгаа бусад хонины зүсийг сайн санахгүй байна. Тоогоороо дутчихсан байгаа юм. Миний хонь ямаанууд зүүн чих урдаасаа ухам, баруун чих ар талаасаа ухам имтэй, манай ямаанууд эвэр дээрээ 3-н тоо тамгатай, зарим нь 6-н тоо тамгатай байгаа... 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тоолж үзэхэд 4 тооны хонь, 2 тооны ямаа дутчихлаа л гэж тоолсон. Тухайн үед яаруу сандруу тоолоод бушуухан сумын төв рүү гарсан учраас ганц нэг алдаатай дутуу тоолсон байж магадгүй гэж бодоод цагдаад мэдэгдсэнээс хойш 2-оос 3 хоногийн дараа тоолж үзэхэд 1 хонь, 1 ямаа л дутаж байна лээ. Би одоо ямар нэгэн гомдол саналгүй. Миний малыг авсан хүүхдүүдийн аав ,ээж нь өөрсдөө хүрч ирж надаас уучлалт гуйж миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-53 дахь тал/,

-Насанд хүрээгүй гэрч*******ын өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд найз Энхзолбоо Булган аймгийн ******* сумын хойд талын гэх газраас 1 тооны хонь оруулж ирээд Болдоо ахын хашаанд оруулаад орхичихлоо дахиад нэг ямаа хүлээд тавьчихсан байгаа хоёулаа оруулаад ирье гэсэн. Тэгэхээр нь за тэгье гээд бид хоёр Энхзолбоогийн унаж явсан мотоциклтой ******* сумын төвөөс гараад явж байхдаа юун ямаа юм гэж асуусан чинь айлын хониноос авч байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би хулгайн юм байна гэж гадарласан юм. Тэгээд нээс 1 тооны ямаагаа Энхзолбоо бид хоёр дундаа хийгээд мотоцикль дээрээ ачаад төв орж ирээд Болдоо ахын хашаанд ороод аргалын амбаар байх жижиг пүнзэнд ямаагаа оруулсан. Тэгэхэд Энхзолбоогийн өмнө авч ирсэн хонь байсан. Тэгээд Болдоо ахад зарахаар залгасан чинь Болдоо ах хотоос ирж байна Шар чулуутад явж байна гэсэн. Тэгэхээр нь бид 2 Болдоо ахад ирээд залгаарай гэж хэлчхээд манай гэр рүү явсан. Тэгээд удалгүй Болдоо ах залгахаар нь бид хоёр явж очоод хонь, ямаагаа зараад тал мөнгийг ******* ах руу шилжүүлсэн. Тал мөнгийг нь Энхзолбоо авсан надад 9900 төгрөгөөр нэгж хийж өгөөд түмний “кола” ундаа авч өгсөн... ******* гэх манай сумын ах Энхзолбоогийн гар утас руу залгаад хонь зараад мөнгө явуул гээд дарамталсан гэсэн. Тэгээд Энхзолбоод мотоциклоо өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

-Гэрч Г.Батболдын өгсөн: “...Би Улаанбаатар хотоос ******* сум руугаа замд явж байтал миний гар утас руу 85866211 дугаарын утаснаас үл таних хүн залгаад мал авч байгаа юу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би мал авч байгаа гэхдээ ах нь очих арай болоогүй байна замд явна гэж хэлэхэд ирээд залгаарай гэж байсан. Тэгээд би оройн 22 цаг болж байхад гэртээ ирээд залгасан чинь давхиад ирсэн. Тэгээд танай амбаарт чинь хийчихсэн, алчихсан байгаа ах гэхээр нь би махыг нь үзэж хараад хонь, ямаа хоёр байхаар нь худалдаж авсан... Улаан өнгийн хонь, ямаа нь халтар ямаа байсан. Им нь яг ямар байсныг санахгүй байна хоёулаа л буруу талын чинь ардаасаа ухам байсан... Би хонь, ямааны махыг тус бүрийг нь 110,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Дансанд нь 110,000 төгрөг хийсэн, үлдсэн 110,000 төгрөгийг бэлэн өгсөн. Миний хийсэн данс 5275257865 дугаарын хаан банкны данс байсан ба эзэмшигч нь Ч.******* гэх хүн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

-Насанд хүрээгүй сэжигтэн *******гийн өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим Булган аймгийн ******* сумын гэх газар руу өөрийн найз болох Хишигжаргалын хамт очоод айлын эзэнгүй хонь байхаар нь явган хөөж байгаад 1 тооны хонь, 1 тооны ямаа барьж аваад бид хоёр унаж явсан “Даюун” нэртэй мотоциклтой авсан хонь, ямаа хоёроо ачаад манай сумын мал мах худалдаж авдаг Батболд гэх ченж ахад хашааных нь гадаа явж очоод Батболд ахын гар утас руу нь залгасан чинь би хот орчхоод ******* орох гээд Шар чулуут гэх газарт явж байна гэхээр нь би авсан хонь ямаагаа амбаар дотор нь хийчхээд жоохон байж байгаад залгатал ирчихсэн байна гэсэн. Тэгэхээр нь өөрийн найз Хишигжаргалтай очоод хонь, ямаа хоёроо гаргаж өгөөд тооцоогоо хийсэн. Хонь ямаа хоёроо нийлүүлээд 210.000 төгрөгөөр зараад ******* гээд ах руугаа 110.000 төгрөг шилжүүлээд үлдсэн 100.000 төгрөгийг би цуг явсан найз болох Хишигжаргалтай хувааж авсан... ******* ах намайг хонь зараад явуулаадах гэсэн юм. Бид хоёрын жолоодож явсан мотоцикль *******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ******* намайг ална шүү энэ тэр гэж айлгаж сүрдүүлээгүй ч гэсэн дахин дахин залгаад дараа уулзана шүү гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би хонь зарж явуулахгүй бол намайг уулзахаараа зодох юм байна гэж бодсон юм. ******* ах ер нь намайг зодож дээрэлхдэг юм. Архи уугаагүй эрүүл үедээ гайгүй байдаг ч жоохон архи уучихаараа намайг зодоод байдаг юм... Намайг анх цагдаагийн газар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлэг өгөх гэж байхад ******* ах надтай цагдаагийн машин дотор сууж байхдаа амыг нь дагуулаад аятайхан юм ярьчхаарай, би өөрөө хэрэг ээ хүлээгээд явчихна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-81 дэх тал/,

-Эд хөрөнгө /мотоцикль/  битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл  /хавтаст хэргийн  17-19 дэх тал/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-26, 27-29 дэх тал/,

-Ч.*******ын эзэмшдэг ХААН банкин дахь 5275257865 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 30-42 дахь тал/,

-Ашид билгүүн ХХК-ийн  2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ОРХ/6059 дугаартай шинжээчийн “... 1 тооны эр хонь 240,000 төгрөг, 1 тооны эр ямаа 200,000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

зэрэг нотлох баримт болно.

 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

  1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

   Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх  бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс  хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ч.******* нь  өөрийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаан оролцсон болно.

   1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

   Шүүгдэгч Ч.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

    Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах”  гэмт хэргийг тухайд халдагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдгаараа бусад эд хөрөнгө хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж заасан бөгөөд Ч.******* нь өөрийн танил насанд хүрээгүй буюу 15 настай *******той утсаар ярьж “хонь зараад мөнгийг нь явуул” гэж айлган сүрдүүлсний улмаас насанд хүрээгүй *******,******* нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, “мал хулгайлах” гэмт хэргийн хатгагчаар оролцохын зэрэгцээ “хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан гэх үндэслэлтэй байна.

   Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.*******ын насанд хүрээгүй буюу 15 настай *******той утсаар ярьж “хонь зараад мөнгийг нь явуул” гэж айлган сүрдүүлсний улмаас насанд хүрээгүй *******,******* /15 настай/ нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Ч.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

        1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

         Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Энхбаярт 440.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Хохирогч М.Энхбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.*******ыг  бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

-Улсын яллагч: “...Шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаатай маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж хатгагчаар оролцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан тэнсэн харгалзах саналын дэмжиж байна. Хугацаан дээр санал байхгүй...” гэв.

-Шүүгдэгч Ч.*******: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй...” гэв. 

 2.2. Эрүүгийн хариуцлага

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 179 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 181 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 182 дахь тал/,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 183 дахь тал/, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2019/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 186-191 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.*******ын хувийн байдлыг тодорхойлов.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч  Ч.******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Ч.******* нь “мал хулгайлах” гэмт хэргийн хатгагчаар оролцохын зэрэгцээ “хүүхдэд хүч хэрэглэхээр заналхийлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон.

 Улсын яллагчийн санал болгосон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “дэмжсэн” Ч.*******ад “...хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх...” санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”-ийг хязгаарласан нөхцөлд хамаарч байх тул шүүх талуудын гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 Шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч  Ч.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулан ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж  дүгнэв.

 Шүүгдэгч Ч.******* нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар хууль зүйн үр дагавартайг тогтоох нь хэсэгт тусгайлан сануулав.

       

         2.3. Бусад асуудал

         Шүүгдэгч Ч.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклыг  улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “заасан мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Ч.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүгдэгч Ч.*******ыг Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

5.Шүүгдэгч Ч.******* нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклыг хурааж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Ч.*******ын өмчлөлийн улсын дугааргүй Даюун” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 202з3 оны 05 дугаар  сарын 13-ны өдрийн “дугааргүй” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Ч.*******  нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ