Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/378

 

                                   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.******* даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор /цахимаар/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр  сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* тоотод газар оршин суух, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 47/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, тус шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: *******/

 

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ********* тоотод оршин суух иргэн амьдардаг байшингийн цоожийг хөшиж эвдэн, хууль бусаар нэвтрэн орж цагаан саарал өнгийн ноолууран хос дээл, өвлийн хар өнгийн куртик, цахилгаан хар өнгийн дрилл, савхин болон даавуун цүнхнүүд зэрэг нийт 764,000 (долоон зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын ******** тоотод эхнэр болон хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр буюу шинийн хоёрны өдөр байсан болохоор 10 цагийн орчим гэрээсээ гарч хамаатан садныхаа гэрээр шинэлж байгаад 17 цагийн орчим гэртэй ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдлээд хүн орсон шинжтэй хаалга маань онгорхой байхаар нь орж эд зүйлсээ шалгахад манай эхнэр бид хоёрын 2 жилийн өмнө 700.000 төгрөгөөр авч байсан цагаан саарал өнгийн хос дээл маань, 2021 оны 10 сард 170.000 төгрөгөөр худалдан авч байсан хар хөх өнгийн зузаан куртик, 2021 оны 10 сард 350.000 төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн цахилгаан дрилл, даавуун цүнх, хар өнгийн савхин цүнх, эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх түүний дотор жижиг 2 эрээн өнгийн цүнх хулгайд алдагдсан байсан. ... Манай гэрээс алдагдсан гэх цагаан саарал өнгийн ноолуур нь хос дээл, хар хөх өнгийн зузаан куртик, хар өнгийн цахилгаан дрилл, эрээн өнгийн даавуун цүнх, хар өнгийн савхин цүнх, эхнэрийн хар өнгийн гар цүнх түүний дотор жижиг 2 эрээн өнгийн цүнхнүүд байгаа бөгөөд өөр содон шинж тэмдэг байхгүй. Харин би хос дээлээ 2 жилийн өмнө буюу 2019 онд 700,000 төгрөгөөр худалдан авч байсан болохоор одоо 500,000 төгрөгөөр, хар хөх өнгийн зузаан куртикийг сая буюу 2021 оны 10 сард 170,000 төгрөгөөр худалдан авсан болохоор түхайн үнээр нь, хар өнгийн цахилгаан дриллыг 2021 оны 10 сард 350.000 төгрөгөөр худалдан авсан болохоор тухайн үнээр нь, эрээн өнгийн даавуун цүнхийг 3-4 жилийн өмнө авч байсан 10.000 төгрөгөөр, хар өнгийн савхин цүнхийг 50.000 төгрөгөөр, 3-4 жилийн өмнө авч байсан гэх эхнэрийн хар өнгийн гар цүнх түүний дотор жижиг 2 эрээн өнгийн цүнхнүүдийг нийлүүлээд 40.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай гэр нь 23 дугаар байрны зүүн талаас буюу орцныхоо эсрэг талаас полконыхоо хэсэгт төмөр хаалга хийгээд цоожилсон байдаг бөгөөд тухайн төмөр хаалганы цоожны цүүг маань хөшиж эвдсэн байсан... надад ******* гэх хүнд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ. /хх-ийн  30-31 тал/

 

 

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 23 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 тал/

- Хяналтын камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46 тал/

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49-52 тал/

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-80 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* тоотод оршин суух хохирогч амьдардаг байшингийн цоожийг хөшиж эвдэн, хууль бусаар нэвтрэн орж цагаан саарал өнгийн ноолууран хос дээл, өвлийн хар өнгийн куртик, цахилгаан хар өнгийн дрилл, савхин болон даавуун цүнхнүүд зэрэг нийт 764,000 /долоон зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч д 764.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал байхгүй, өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлсүгэй.

 

 

          5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.БАТЖАРГАЛ