Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/12

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000405 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар баг Ногоон ус гэх газраас хохирогч 1 тооны улаан хүрэн зүсмийн үхрийг улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашин ашиглан хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цагаан-Овоо сумын 6 дугаар багт өөрийн үхрийг маллан амьдардаг. 2021 оны 02 дугаар сарын сүүлээр зурагтаар цаг агаар үзэж байтал шуургатай гэж ярьсан. Тэрийг сонсоод үхрээ гэрийнхээ гадаа авч ирэхээр гараад зүүн талаар үхрээ хайж байгаад хойд хашаан дээр байж магадгүй гэж бодоод тийшээ өөрийн хүү хамт очиж байтал хашаанаас гэрэлгүй Портер хойшоо гараад давхиж байсан. Тэгэхээр нь энэ одоо юун портер байдаг билээ гэж бодоод хашаа руу очтол манай үхэр тэнд байсан. Тэгээд үхрээ тоолоод бүртгэхэд 1 тооны улаан хүрэн зүсмийн шүдлэн үхэр дутуу байсан. Хашааны урд талд портерын арын өндөрлөгөө уначихсан байхаар нь би аваад явсан. Маргааш өдөр нь алга болсон үхэр маань үхэрт нийлсэн байсан. ирж танай үхэр манай үхэрт нийлчихсэн, эвэртээ уяатай явж байна лээ гэж хэлсэн. Ийм учраас би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны эхээр нэг орой манай хөрш айлын залуу болох над руу залгаад манай нэг үхрийг машин ачаад явчихлаа. Сумын төв рүү орж магадгүй, та харж бай гэж хэлэхээр нь би машинтайгаа гараад гэрийнхээ зүүн хойно байх толгой дээр гарч зогсоод хойноос машин орж ирж магадгүй гэж бодоод хүлээхэд тэр оройдоо  ямар нэгэн машин сумын төв рүү орж ирээгүй. Ингээд тэр орой үхрээ тууж ирээд бид 2 хамт машин зугтаасан чигт араас нь явж үзээд ямар нэгэн машин олоогүй. Маргааш өглөө нь би үхэртээ эрт явахад зүүн голын хашаан дээр манай үхэр хоносон байсан бөгөөд үхрийн цаагуур нэг уяатай үхэр сумын төв рүү явж байхыг хараад би руу залгаад танай үхэр чинь энд явж байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сар хавьцаа би аавынхаа хамт оройн 20 цагийн орчимд үхрээ хайгаад нэлээн явж байхад гэх айлын өвөлжөөний хашааны гадаа портерын ар талын өндөрлөгөөний хашаа унасан байсан. Үхрээ бүртгэж үзэхэд нэг сувиа үнээ байхгүй болохоор нь хашаа руу нь орж үзэхэд портерын ухарч орсон мөр байсан. Тэрийг хараад үхрийг маань ачаад явсан байна гэж бодоод сумын төв рүү очиж цагдаад мэдэгдсэн. Маргааш өглөө нь манай хөрш айлын үхэрт манай нэг үхэр уяа чирээд явж байна гэж надад ирж хэлсэн. Очиж үзэхэд өчигдөр оройны алдсан үхэр маань буцаад ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын сүүлээр манай хүргэн ах болох ******* нь аймгаас ирж явахдаа өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн портер машиныхаа ачааны өндөрлөгөөг унагаасан гээд нутгийн хүнээс сонсож байсан. Тэгээд   ахын цэнхэр өнгийн Портер маркийн машиныг би 2021 оны 05 дугаар сарын сүүлээр 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авах үед арын ачааны өндөрлөгөө нь байхгүй байхаар нь өндөрлөгөө нь хаана байгаа юм гэж асуухад аймгаас ирж явах замдаа хаясан юм шиг байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын сүүлээр байх Дорнод аймагт ирээд өөрийн эзэмшлийн улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* сумын гэр рүүгээ явж байгаад Цагаан-Овоо сумын Ногоон ус гэх газарт явж байхад айлын эзэнгүй хашаа таарсан бөгөөд хашааны гадна болон дотор хэсэгт үхрүүд байсан. Тэгэхээр нь би уяагаар улаан зүсмийн шүдлэн үхэр барьж аваад машинаа хашаа руу ухрааж зогсоогоод үхрээ ачих гэхэд урдаас машины гэрэл гараад ирсэн. Тэгэхээр нь сандраад машиныхаа өндөрлөгөөг ч авалгүй тэр чигээрээ яваад гэртээ ирсэн. ...Би 2020 онд танил гэх дүүд 2,500,000 төгрөг өгөөд дугаартай Портер маркийн машиныг худалдаж авсан бөгөөд тухайн үед өөрийн нэр дээр шилжүүлээгүй. Тэгээд 2021 оны 05 дугаар сард хадам дүү 3,000,000 төгрөгт зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57/

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн хөдлөх хөрөнгийн дүгнэлт /хх-ийн 43-46/

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний шинжээчийн автомашины дүгнэлт /хх-ийн 48-51/

- *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2022 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /хх-ийн 58-64/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 67-78/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар баг Ногоон ус гэх газраас хохирогч 1 тооны улаан хүрэн зүсмийн үхрийг улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашин ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч , Б., нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК, Вендо ХХК-ны мал амьтан, машин механизмд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч 1 тооны улаан хүрэн зүсмийн үхрийг улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашин ашиглан авах санаа зорилготой үйлдэл хийсэн боловч түүний үйлдэл нь өөр газраас машины гэрэл туссанаар туйлдаа хүрэлгүй, хүсэл зоригоос нь хамааралгүйгээр таслан зогсоогдсон байх бөгөөд шүүгдэгч *******ы энэхүү үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон тул ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “миний хувьд шүүх хуралд оролцохгүй, үхрээ зүсээр нь буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан ба уг хууль нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарахаар байна. Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 02 дугаар сарын сүүлээр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д  “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа техник, тээврийн хэрэгсэл бусад уналга ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн эзэмшлийн улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хүргэн дүү Г. худалдсан болох нь гэрч , шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 1,998,984 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар бусдын малыг машин механизм ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,998,984 /нэг сая есөн зуун ерэн найман мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

                                                

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА