Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/01181

 

2020 оны 05 сарын 04 өдөр                   Дугаар 183/ШШ2020/01181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, буянт ухаа 00, 000 тоот хаягт байрлах Н. Д. Ф  ХЗХ /РД:0000000/-ны нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, бурхант 00 дугаар гудамж, 0000 тоотод оршин суух Д. Н /РД:ШЕ00000000/-д холбогдох

              Гэрээний үүрэгт 2.710.022 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н. Д.ф. ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.Н манай хоршоод элсээд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөгийн, сарын 1.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч зээлийг огт төлдөггүй. Зээлийг төлөх боломжтой атлаа зээлийг төлөхгүй байгаа. Н гэр цэцэрлэг ажиллуулж дараа нь махны лангуу ажиллуулсан. Зээлээ төлөхгүй байхаар нь очиж уулзаад өдөрт нь 22,000 төгрөг шилжүүлээд зээлийг төлөөд дуусга гэж хэлсэн. Д.Н зээл авснаас хойш нийт 420,000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2,463,400 төгрөг, хүү 127,512 төгрөг, алданги 19,110 төгрөг, нийт 2,710,022 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Н.Д. Ф ХЗХ нь үндсэн зээлийн үлдэгдэл 2,463,400 төгрөг, хүү 127,512 төгрөг, алданги 19,110 төгрөг, нийт 2,710,022 төгрөгийг хариуцагч Д.Н-с нэхэмжилсэн байна. Хариуцагч Д.Н 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно. Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18/13 дугаар зээлийн гэрээ байгуулж, 14 сарын хугацаатай, сарын 1.2 хувийн хүүтэй, 2,500,000 төгрөгийг зээлдэгч Д.Н шилжүүлэхээр тохиролцож, гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байна./хх 3-4, 8/ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээнүүд байх ба нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй байна. Зээлдэгч нь Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан тул гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, хүү төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй юм. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан ба зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон хүүгээ шаардах эрхтэй, нэмэгдүүлсэн хүү авахаар гэрээнд заагаагүй байх ба талуудын хооронд байгуулсан гэрээнд анзыг хэрэглэхгүй болно. Иймд нэхэмжлэгчээс ирүүлсэн зээл, хүүний тооцооллыг үндэслэн үндсэн зээл 2,500,000 төгрөг, гэрээгээр тохиролцсон хүү 420,000 төгрөг (14 сар х30,000) нийт 2,820,000 төгрөгийн үүрэг хариуцагчид үүссэн бөгөөд хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 420,000 төгрөгийг хасаж 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 210,022 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Н-с 54,950 төгрөгийг гаргуулж Н.д. ф ХЗХ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 58.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 09.00 минутад товлосон шүүх хуралдааныг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, дах хэсэгт зааснаар зээлдэгч Д.Н-с зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 2,500,000 төгрөг төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н. Д. Ф ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 210,022 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Нямдаваагаас 54,950 төгрөгийг гаргуулж Н. Д. Ф ХЗХ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 58,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ              Ц.ОЮУНБИЛЭГ