| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0134/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******д холбогдох 2323000000133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ш.******* нь иргэн Б.гийн 65 тооны адууг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцан маллаж байхдаа өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох адуун сүргээс 2022 оны 11 дүгээр сард түүнд мэдэгдэлгүйгээр “дөлтэй чандмань тамга”-тай хүрэн халзан зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг өөртөө авч өвлийн идшиндээ хэрэглэж хувьдаа завшиж захиран зарцуулж 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
- Хохирогч Б.гийн “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын ******* багийн иргэн Ш.******* гэдэг нэртэй хүнд өвөл адуугаа хөлсөөр маллуулах гэж том жижиг нийлсэн 65 тооны адуугаа ******* сумын багийн нутаг аманд хүлээлгэж өгсөн. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ш.*******ээс адуугаа хүлээж авахад манай адуунаас дөлтэй чандмань тамгатай хүрэн халзан зүсмийн бүдүүн морь дутсан байхаар нь яасан юм бэ гэж асуусан чинь өвөл идэшний үеэр гаргаад идчихсэн гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш идсэн адуугаа төлүүлмээр байна гэж *******д удаа дараа хэлсэн боловч одоог хүртэл төлж өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...*******д хүлээлгэж өгсөн адуунаасаа ямар нэгэн байдлаар алж идээрэй гэж ярьж тохирсон зүйл огт байхгүй. Хөлсөөр маллаад хавар бүрэн бүтэн хүлээж авна гэж тохирсон. Манай нөхөр дүлий хөгжлийн бэрхшээлтэй тул би ерөнхийдөө бүх зүйлийг ярьж тохирсон. Адуугаа өгөхдөө амаараа бол ярьж тохирсон түүнээс биш бичиг хэлбэрээр гэрээ хэлцэл байгуулсан зүйл бол байхгүй.” гэх мэдүүлэг/ х.х-ийн 08-09-р хуудас/,
- Гэрч Д.гийн “...2022 оны 08 дугаар сард ******* сумын багийн иргэн Ц. гэдэг айлаас хөлсөөр адууг нь хариулж онд оруулахаар тохироод 65 тооны адуу авлаа гээд манай нөхөр Ш.******* гэртээ тууж ирсэн. Манайх тухайн адуунуудыг авч оторт гарч хариулж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 10-ний үед Ц.ын манайд хариуцуулж өгсөн адуунаас дөлтэй чандмань тамгатай хүрэн халзан зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг нь идшиндээ хэрэглэсэн. Тэгээд тухайн адууг хавар төлж өгнө гэж бодож байсан боловч манай нөхрийн төрсөн дүүгийн бие нь өвдөөд Улаанбаатар хотод хагалгаанд орсон болохоор тэнд байж байгаад уг адууг төлж өгч хохирлыг нь барагдуулж чадаагүй өдийг хүрсэн. Нарийхан зурвас халзан нас гүйцсэн морь байсан. Адууны эзэн , нар уг хүрэн халзан морийг идшиндээ хэрэглэ гэж надад лав хэлээгүй. Манай нөхөр хоёулаа энэ хүрэн халзан морийг идшиндээ хэргэлдчихээд хавар адууг нь хүлээлгэж өгөхдөө төлөөд өгье гэж надад хэлж байсан. Уг адууг идшиндээ хэрэглэсэн талаараа тухайн үед хэлж мэдэгдсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг/ х.х-ийн 12-14-р хуудас/,
- Гэрч Ц.ын “...2022 оны 08 дугаар сарын 20-нд тус сумын ******* багийн харьяат Ж.*******д адуугаа маллуулахаар тохирч 65 тооны адуу өгсөн. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр адуугаа буцаан хүлээж авахад “хүрэн халзан” зүсмийн бүдүүн морь дутсан. Дутсан адууны талаараа *******ээс асуухад би өөрөө хүнсэндээ хэрэглэсэн орны адууг нь өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй байна. Ш.*******д оторт адуугаа өгөхдөө хариуцуулж өгсөн малаас ямар нэгэн байдлаар зарж борлуул, идшиндээ хэрэглэ гэж хэлсэн зүйл байхгүй. Би адуундаа хайртай хүн учир. ...Тэр морийг захиран зарцуулах эрх надаас өөр хэнд ч байхгүй. Би тэр морины цорын ганц эзэмшигч нь байгаа юм. Намайг гэртээ байж байтал 2023 оны намар 11 сард ******* манайд ирээд “өвөл болоод цас зудтай хэцүү байна. Гомдолгүй, хохиролгүй болсон гээд хэлээд өгөөч. Намайг энэ адууг зарчхаарай гэж хэлсэн гэж хэлээд өгөөрэй” гэж гуйгаад байсан.” гэх мэдүүлэг /х.х-ийн 17-19,37-39, 169-170 -р хуудас/
- Насанд хүрээгүй гэрч Б.гийн “...Би 2022 оны 08 дугаар сард ******* сумын багийн нутаг аманд гэртээ байсан. Манай аав 2022 оны 08 дугаар сард Ш.******* гэдэг хүнд адуугаа оторт өгсөн. Адуугаа оторт хүлээлгэж өгөхөд нь би аавтай хамт байсан. Манайх яг хэдэн тооны адуу тухайн үед хүлээлгэж өгснийг бол би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манайх хоёр азарга адуу хүлээлгэж өгсөн нэг азарга адууг нь ах нөгөө азарга адууг нь би тууж авч ирсэн. ах бид хоёр адуу цуглуулах гээд тэр хавиар зөндөө хөөцөлдсөн тэгж хөөцөлдөж байхад тэгж хэлсэн эсэхийг бол би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний хажууд манай аав ******* ахыг манай адуунаас зарж борлуулаарай ямар нэгэн байдлаар ашиглаарай гэж хэлсэн зүйл байхгүй. Тухайн үед тэнд манай аав , ******* ах, ах бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Манай ээж тэнд байсан тэгэхдээ яг адуу хүлээлгэж өгөхөд бол бид нарын хажууд байгаагүй.” гэх мэдүүлэг /х.х-ийн 158-159-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “Ц. нь адуу хүлээлгэж өгөхдөө уг халзан морь ороо, ааштай морь тул чи зарж борлуулаад хавар надад номхон морь өгөөрэй гэж хэлсэн. Тиймээс би уг адууг хүнсэндээ хэрэглэсэн. Иймд гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй тул цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж гэрчийн мэдүүлгийн эх сурвалж, уг мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлэгтэй хэрхэн тохирч байгаа байдал, үгүйсгэгдэж байгаа байдлыг харьцуулан шинжлэн судалж үнэллээ.
Уг хэргийн үйл баримтын гол эх сурвалж нь гэрч Ц.ын мэдүүлэг бөгөөд түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүй буюу “...шүүгдэгч Ш.*******д адуу хүлээлгэж өгөхдөө хүрэн халзан зүсмийн морийг зарж борлуулаад оронд нь хавар адуу өгөөрэй гэж хэлсэн зүйл байхгүй” талаар тодорхой мэдүүлсэн байна. Түүний уг мэдүүлэг нь хохирогч Б., гэрч Д., насанд хүрээгүй гэрч Б. нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Харин шүүгдэгч Ш.*******, гэрч Г. нарын “...адуу хүлээлцэхэд уг хүрэн халзан морийг зарж борлуулаарай гэж Ц. өөрөө хэлсэн. Тэр үед хажууд Б., Г. нар байсан” гэх боловч дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.гийн “...*******д хүлээлгэж өгсөн адуунаасаа ямар нэгэн байдлаар алж идээрэй гэж ярьж тохирсон зүйл огт байхгүй. Хөлсөөр маллаад хавар бүрэн бүтэн хүлээж авна гэж тохирсон.”,
гэрч Ц.ын “...Тэр морийг захиран зарцуулах эрх надаас өөр хэнд ч байхгүй. Би тэр морины цорын ганц эзэмшигч нь байгаа юм. Намайг гэртээ байж байтал 2023 оны намар 11 сард ******* манайд ирээд өвөл болоод цас зудтай хэцүү байна. Гомдолгүй, хохиролгүй болсон гээд хэлээд өгөөч. Намайг энэ адууг зарчхаарай гэж хэлсэн гэж хэлээд өгөөрэй гэж гуйгаад байсан.”,
гэрч Д.гийн “...Адууны эзэн , нар уг хүрэн халзан морийг идшиндээ хэрэглэ гэж надад лав хэлээгүй. Манай нөхөр хоёулаа энэ хүрэн халзан морийг идшиндээ хэргэлдчихээд хавар адууг нь хүлээлгэж өгөхдөө төлөөд өгье гэж надад хэлж байсан. Уг адууг идшиндээ хэрэглэсэн талаараа тухайн үед хэлж мэдэгдсэн зүйл байхгүй.”,
насанд хүрээгүй гэрч Б.гийн “...миний хажууд манай аав ******* ахыг манай адуунаас зарж борлуулаарай ямар нэгэн байдлаар ашиглаарай гэж хэлсэн зүйл байхгүй. Тухайн үед тэнд манай аав , ******* ах, ах бид дөрвөөс өөр хүн байгаагүй” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...мөрдөгч нь бичиг үсэг мэдэхгүй Д.гаас өмгөөлөгч оролцуулахгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан байна. Иймд уг мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. ...Мөрдөгч С. нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2023.08.04-ний өдөр хүлээн авч мөн өдрөө хохирогчоор тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг хийсэн. Гэтэл уг гомдол мэдээллийг шалгах үүргийг удирдах албан тушаалтнаас нь 2023.08.05-ны өдөр С.ад олгосон байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулахаар хуульчилсан байна. Харин бичиг мэдэхгүй гэрч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулах хуулийн зохицуулалт байхгүй байна. Иймд гэрч Д.гаас мэдүүлэг авах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүх уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авснаар гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай тохиолдолд хийх ажиллагааг хуульчилж өгсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч бие даан явуулахаар заасан байх тул гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлсэн мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд өмчлөгчөөс зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн тухайн эд хөрөнгийг бусдад зарж борлуулах эсхүл өөрөө авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсанаар төгсөнө.
Хэргийн байдлыг авч үзвэл шүүгдэгч Ш.******* хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тоооны адууг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн өвлийн хүнсэндээ хэрэглэж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учрахыг мэдсээр байж хүсч хохирол, хор уршгийг учруулсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн субъектив шинжийг, түүний дээрх шууд санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь уг гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж тайлбарласан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.д 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн .. дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. /х.х-ийн 32-33-р хуудас/
Шүүгдэгч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ш.******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүхээс шүүгдэгч Ш.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялуудаас хөнгөн ял болох торгох ялыг сонгон хуульд зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний энэ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ш.*******ийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Харин шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ш.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ