Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/02397

 

2020 09 09 183/ШШ2020/02397

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ................ тоот хаягт оршин суух М овогт М.Т /00000000000/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............... тоот хаягт оршин суух Б овогт Б.Б /000000000/-д холбогдох

18 255 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т нь 0000 улсын дугаартай Тоёота камри автомашиныг итгэмжлэлийн үндсэн дээр Ж ББСБ ХХК-иар 24 500 000 төгрөгөөр санхүүжүүлэн худалдсан байх ба дутуу 18 255 000 төгрөгийг төлөөлөгч Б.Боос шаардаж байгаа юм. Банк бусаас ирсэн баримтаас харахад 245 000 төгрөгийн бичиг баримт шилжүүлсний зардал гарсныг хүлээн зөвшөөрнө. Мөн дансны хуулгыг харахаар Ж ББСБ ХХК-иас хэдэн төгрөг Б.Б руу шилжсэн нь маш тодорхой болсон ба 24 500 000 төгрөгнөөс 245 000 болон 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг хасахаар 18 255 000 төгрөг болж байгаа. Шударгаар төлөөллөө хэрэгжүүлж, автомашиныг зарсан мөнгийг бүтнээр нь өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хариу тайлбар ирүүлэх байсан боловч ирүүлээгүй байна.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор , бүрэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.Т нь Б.Бид холбогдуулан 18 255 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах хууль зүйн үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 0000 улсын дугаартай Тоёота камри автомашиныг итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч Б.Бид захиран зарцуулах эрхийг олгож, Ж ББСБ ХХК-иар 24 500 000 төгрөгөөр санхүүжүүлэн худалдсан байх ба дутуу 18 255 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмждэг, хариуцагч шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон.

Нэхэмжлэгч М.Т нь 2019 оны 12 дугаар сард Тоёота Камри маркийн хар саарал өнгөтэй суудлын автомашиныг гаалиар оруулж ирсэн байх ба түүнийгээ худалдан борлуулах зорилготойгоор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Бид 6 бүртгэлийн дугаартай итгэмжлэл олгожээ.

Уг итгэмжлэл нь 1 жилийн хугацаатайгаар олгогдсон байх ба тээврийн хэрэгслийг худалдах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх үйлдэлд төлөөлөх үйлдэл хийх эрхийг нэхэмжлэгчээс хариуцагчид олгожээ.

Энэхүү итгэмжлэлийн дагуу Б.Б нь Ж ББСБ ХХК-иар санхүүжүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ч.Бд 24 500 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, энэхүү мөнгөнөөс үйлчилгээний шимтгэл 245 000 төгрөгийг Ж ББСБ ХХК нь суутгаж, үлдэх 24 255 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Бийн Хаан банкин дах 000000000 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт баримтаар ирүүлсэн Ж ББСБ ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20/1392 тоот албан бичиг, автомашины зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тус тус нотлогдож байна.

Гэтэл Б.Б нь дээрх шилжүүлэн авсан 24 255 000 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг л автомашины өмчлөгч М.Тд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан байх ба өмчлөгч М.Т-ын эд хөрөнгө болох автомашиныг гуравдагч этгээдэд 24 500 000 төгрөгөөр худалдан борлуулж, үйлчилгээний шимтгэл 245 000 төгрөгийг хасаад, үлдэх 18 255 000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлэх үүрэгтэй атлаа мөнгийг дутуу шилжүүлсэн нь буруу байна.

Нэгэнт хариуцагчид нэхэмжлэл гардуулсан баримтаас харахад шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүрэг хүлээлгэжээ.

Гэвч хариуцагч нь эрх, үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсгээ зурж, шүүхээс тайлбар ирүүлэх хугацааг мэдсэн атлаа тайлбар ирүүлээгүй, хуралдааны товыг мэдсэн атлаа хуралдаанд удаа дараа ирж оролцоогүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-оос 18 255 000 / арван найман сая хоёр зуун тавин таван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 249 225 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                         О.ЧУЛУУНЧИМЭГ