| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2020/01934/И |
| Дугаар | 001/ХТ2022/01160 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2022/01160
М.Батбилэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02471 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2410 дугаар магадлалтай,
М.Батбилэгийн нэхэмжлэлтэй
Их-Өргөө ХХК-д холбогдох
21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Д.Баярын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч М.Батбилэгээс Их-Өргөө ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02471 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Их-Өргөө ХХК-иас 21,000,000 төгрөгийг гаргуулж, М.Батбилэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 262,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2410 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч Д.Баяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйл 172.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2 талт гэрээний дагуу нөхөн олговорт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Зохигчдын хооронд 2014.03.01-ний өдөр 102, 103 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ зохигчид болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2014.06.10-ны өдөр 102, 103 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-нүүд тус тус байгуулсан. Нэхэмжлэгч 2015 оны 10-р сараас 2018.05.11-ний өдрийг хүртэл хугацааны 2 байрны байрны төлбөр 21,000,000 төгрөгийг Их-Өргөө ХХК-иас гаргуулах шаардлага гаргасныг 2016 оны 10-р сараас 2018.05.14-ний өдрийг хүртэл нийт хугацаанд 9,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 274.1, 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хариуцагчаас хохирлоо 2 талт гэрээний 2.7-д заасан хэмжээгээр /сарын 500,000 төгрөг/ шаардах эрхтэй гэж үзэн хариуцагчаас 21,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарласан бөгөөд ингэж тайлбарласан үндэслэлээ 2014.03.01-ний өдрийн 102, 103 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.7 дахь заалтыг иш татан дурджээ. Уг гэрээний 2.7 дахь заалтад: Иргэн В.Энх-Амгалан нь Их-Өргөө ХХК-иас газар чөлөөлсөн өдрөөс эхлэн /12 сарХ500=6,000,000/ нийт зургаан сая төгрөгийг түр суурьших асуудлыг шийдвэрлэнэ. Нөхөн олговор хэлбэрээр олгоно. Нэг жилээс дээших хугацаанд хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж талууд тохиролцсон байдаг.
Гэтэл шүүх гэрээний дээрх заалтаар маргааныг шийдвэрлэх үндэслэлээ болгосон мөртлөө уг заалтын агуулгыг илт үндэслэлгүй өөрөөр тайлбарлан өөрөөр хэлбэл талууд уг заалтаараа эхний нэг жил буюу 6 сая төгрөг нөхөн олговорт төлөх, цаашид нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг шаардсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Өөрөөр хэлбэл нэг жилээс дээш нөхөн олговор олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг талууд тохирсон байхад шүүх ийм тохиролцоо байхгүй байхад сайн дураараа 2014 оны 10-р сараас 2018 оны 05-р сар хүртэлх хугацааны нөхөн олговрыг гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж хууль бус хангаж шийдвэрлэсэн.
Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл маргалдагч талууд буюу нэхэмжлэгч буюу хариуцагч тал хоёрын хооронд байгуулсан гэрээний асуудал биш бөгөөд үүн дээр гуравдагч тал буюу гэрээний бас нэг талын үүрэг хариуцлага хамт яригдах ёстой байсаар байтал зөвхөн нэг хариуцагч буюу хоёр талт гэрээний дагуу үүрэг зөрчсөн гэж хуулийг буруу хэрэглэн дүгнэсэн. Өөрөөр хэлбэл талуудын маргааныг шийдвэрлэхдээ хоёр талт гэрээ нь гурван талт гэрээ бүрэн хэрэгжиж байж хоёр тал гэрээ хэрэгжих буюу гурван талт гэрээ байгуулснаар гурван талт гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохирч хэлцэл хийсэн байдаг.
Нэгэнт шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг үндэслэл болгосон хэдий ч хоёр талт гэрээгээр шаардах эрх нь гурван талт гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй этгээд буюу Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2014.06.10-ны өдөр 102, 103 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний нэг тал буюу Нийслэлийн Засаг дарга үүргээ биелүүлээгүй улмаас уг төсөл хэрэгжих боломжгүй болсон тул учирсан хохирлыг хариуцан арилгах төлөх үүрэгтэй гэж марган Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Их-Өргөө ХХК-ийн нэхэмжлэл гаргаад хэрэг хянагдаж байсаар байтал хэргийг шийдвэрлэсэн нь гэрээний дагуу бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй болно.
4.2. Давж заалдах шатны шүүх В.Энх-Амгалан, хариуцагч Их-Өргөө ХХК, Гэр хорооллын хөгжлийн газар 2014.5.10-ны өдөр 102, 103 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ тус тус байгуулсан байна. Уг гэрээний 2.7-д Их-Өргөө ХХК-иас өгсөн мэдэгдлийн дагуу газ:: чөлөөлсөн өдрөөс эхэлж сарын 500,000 төгрөгөөр жилд 6,000,000 төгрөгийн нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж заасан байна.
Хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйл 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Дээрх хуулийн зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд шаардах эрхтэй гэж хуульчилсан бөгөөд харин манай тохиолдолд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний оролцогч гурван тал байгаа бөгөөд талууд тус бүр уг гэрээгээр өөр өөрийн үүрэг хүлээсэн байдаг.
Өөрөөр хэлбэл уг гэрээний 1.1 дэх заалтаараа гэрээний зорилгыг тодорхойлсон байх бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой иргэд, төсөл хэрэгжүүлэгч, Нийслэлийн Засаг захиргааны байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ, дээрх тодорхойлолтоос харах юм бол Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгчийн буруутай байх хүлээсэн үүргээ зөрчсөн байхыг шаардсан байх бөгөөд харин уг төсөл хэрэгжээгүй бодит шалтгаан нь гэрээний аль талын буруутай буюу үүргээ зөрчсөн гэдгээс хамаарч аль үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй эсэхийг тодруулан бодитойгоор дүгнэлт хийгээгүй, дүгнээгүй нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Тус гэрээний 2.1 дэх хэсэгт гэрээний зүйлийн тодорхойлохдоо Иргэн төсөл хэрэгжүүлэгчийн хооронд байгуулсан хоёр талт гэрээг баталгаажуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах, тодотгох, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэ гэрээний зүйл гэж тодорхойлжээ.
Дээрх агуулгаас иргэн, төсөл хэрэгжүүлэгч талуудын хооронд байгуулсан хоёр талт гэрээ нь гуравдагч тал буюу Нийслэлийн Засаг захиргааны байгууллага хоёр талт гэрээг баталгаажуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах, тодотгох, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлж байж хэрэгжихээр гэрээнд тусгасан байгаа нь гэрээний нэг тал болох Нийслэлийн Засаг захиргааны байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хоёр талт гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй, бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйл 219.1 дэх хэсэгт заасан дагуу шаардах эрх нь гэрээний үүргийг талуудын хэн нь зөрчсөн хэний буруутай байдлаас болж үүрэг зөрчигдөхөд хүрсэн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд хөтөлбөргүй тогтоож байж буруутай үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх гэж үзэж байна.
Хариуцагчийн төлөөлөгч гомдолдоо гэрээнд зааснаар хариуцагч нэг жилийн олговорт төлөх цаашид нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгох асуудлыг харилцан тохиролцсон байхыг шаардсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэл заасан байгаа боловч 2014.3.11-ний өдрийн 103 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний 2.7-д Их-Өргөө ХХК-ийн өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500,000 төгрөг жилд 6,000,000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж заасан, уг заалтыг гэрээнд 1 жилийн хугацаагаар хязгаарлагдсан тодорхой үүрэг тогтоосон гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэг Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасан талууд гэрээний дээрх нөхцөлийг өөрчилсөн, сард төлөх нөхөн олговрын талаар дахин тохиролцсон үйл баримт хэргийн баримтаас тогтоогдоогүй байна иймд дээр үндэслэл заасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэжээ.
Гэтэл шүүх гэрээг байгуулах үндэслэл болсон нөхцөл байдлаа өөрчлөгдөх болсон шалтгаан нөхцөл, тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болж чадаагүй болно. Өөрөөр хэлбэл гэрээний нэг тал болох Нийслэлийн Засаг захиргааны байгууллага нь талуудтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж төсөл цаашид хэрэгжих боломжгүй болж гэрээ цуцлахад хүрсэн нөхцөл байдал бий болсон байдаг. Нийслэлийн Засаг захиргааны байгууллага нь Иргэний хуулийн 220.3 дахь хэсэгт заасны дагуу болон гэрээний 5.1.3, 5.1.5 дахь хэсэгт заасны дагуу хяналт тавих үүргээ биелүүлээгүй, нийслэлийн төсвөөс санхүүжилт хийх үүргээ биелүүлэхгүй эс үйлдэл хийсэн нь хууль болон гэрээгээр хүлээсэн өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүргээ өнөөдрийг хүртэл хийхгүй байгаагаас болж өнөөдрийг хүртэл иргэд хохирсоор байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гаж үзэхээр байна.
Дээр нь нэмж хэлэхэд хоёр талт гэрээний 2.7 дугаар хэсэгт талууд хэн аль нь өөрийн хүлээх үүрэг болон нөхөн олговрыг төлөх боломжит хугацааг зөвшилцөн хэн аль зөвшөөрч гэрээнд тусган бичгэн хэлбэрт оруулан баталгаажуулсан нь хууль ёсны бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн хэлцэл байхад давж заалдах шатны шүүх гэрээгээр тохироогүй зүйл буюу гэрээ нөхөн олговрыг 1 жилийн хугацаагаар хязгаарлагдсан тодорхой тогтоосон гэж үзэх боломжгүй гэж дүгнээд байгаа нь талуудын хооронд тохирсон хэлцлийг өргөтгөн хууль бусаар буюу хуульд байхгүй тайлбар эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Хэрэв нөхөн олговрыг талуудын тохирсноос өөр агуулгаар буюу өргөтгөсөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн ямар хэм хэмжээгээр тэгж үзэж дүгнэж байгаагаа магадлалдаа маш тодорхой тусган тайлбарлан хууль хэрэглээний тайлбар үндэслэлээ магадлалдаа тусгах хуулийн зохицуулалттай. Гэтэл магадлалд ийм тайлбар дүгнэлт огт хийгээгүй нь магадлал өөрөө хууль хэрэглэсэн гэхээсээ илүү шүүх дур зоргын шинжтэй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг бүхэлд нь харж шийдвэрлээгүй, заримд нь эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
6. Нэхэмжлэгч М.Батбилэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...миний нөхөр В.Энх-Амгалан 2014.03.11-ний өдөр Их-Өргөө ХХК-ийн захирал А.Одтой Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 102, 103 дугаартай хоёр талт гэрээ, 2014.06.09-ний өдөр гурван талт гэрээг байгуулсны үндсэн дээр Баянзүрх дүүрэг, Сансар хотхоны 8 дугаар байрны 7 тоот Ү-2204010918 гэрчилгээний дугаартай гурван өрөө байр, 4 тоот Ү-22040111600 гэрчилгээний дугаартай 2 өрөө байраа тус тус чөлөөлж өгсөн. ...Их-Өргөө ХХК-аас өгсөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сарын 500,000 төгрөг, жилд 6,000,000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж тохиролцсон. Гэрээнд заасны дагуу байр 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч ороогүй төдийгүй одоо хүртэл барилга баригдаж эхлээгүй. 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны нөхөн төлбөрт 9,000,000 төгрөг цувуулж өгснөөс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Нөхөр В.Энх-Амгалан шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нас барсан, иймд 2015 оны 10 сараас 2018.05.11-ний өдрийг хүртэлх хугацааны 2 байрны нөхөн олговорт нийт 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,
Хариуцагч: ...Гэрээг В.Энх-Амгалантай байгуулсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна, ...гэрээний хугацааг сунгаагүй тул нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгохгүй, барилга баригдах хүртэл олговор олгоно гэж гэрээнд заагаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
8. Хэрэгт авагдсан баримтаар В.Энх-Амгалан нь хариуцагч Их-Өргөө ХХК-тай 2014.03.11-ний өдөр 102, 103 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сансар хотхоны 8-4 тоот хаягт байрлах 25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн байрны 8-7 тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг Их-Өргөө ХХК-д шилжүүлэх, хариуцагч нь шинээр барьж ашиглалтад оруулах орон сууцнаас 2 болон 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид өгөх, компаниас өгсөн мэдэгдлийн дагуу орон сууцыг чөлөөлсөн өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөг, жилд 6,000,000 төгрөгийг түр суурьших зардалд нөхөн олговор хэлбэрээр байр тус бүрт олгох үүргийг Их-Өргөө ХХК хүлээхээр тус тус харилцан тохиролцсон,
2014.06.10-ны өдөр В.Энх-Амгалан, Их-Өргөө ХХК, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулснаар хоёр талт гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
9. Гэрээний дагуу В.Энх-Амгалан өөрийн өмчлөлийн орон сууцыг 2014 оны 10 дугаар сард чөлөөлж өгсөн, уг байрууд буулгагдсан, хариуцагч Их-Өргөө ХХК 2015 оны 10 сар хүртэлх хугацаанд түр суурьших зардалд 9,000,000 төгрөг өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
10. Төсөл хэрэгжүүлэгч Их-Өргөө ХХК гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, энэ үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос Нийслэлийн Засаг даргын 2018.05.11-ний өдрийн А/424 дугаар захирамжаар Их-Өргөө ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалснаар гурван талт гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч В.Энх-Амгалан 2018.02.19-ний өдөр нас барж, хууль ёсны өвлөгчөөр М.Батбилэг тогтоогдсон үйл баримт тогтоогджээ.
11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд арилжааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хариуцагч нь гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөлгүй 42 сарын хугацаа хэтрүүлсэн, уг хугацааны түр суурьших зардалд нийт 42,000,000 төгрөг төлөхөөс 21,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагчаас 21,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
12. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 206 дугаар зүйлийн 206.1-д тус тус зохицуулсан.
Хариуцагч Их-Өргөө ХХК иргэн В.Энх-Амгалантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээний 2.7-д заасан түр суурьшуулах зардалд нөхөн олговор хэлбэрээр олгох 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.
13. Гэрээний нэг тал болох В.Энх-Амгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018.02.19-ний өдөр нас барснаар түүний эхнэр М.Батбилэг хууль ёсоор нэхэмжлэгчийн эрхийг залгамжлан авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг зөрчөөгүй, 30.2-т зааснаар эрх залгамжлагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
Зохигчийн хооронд байгуулсан хоёр талт гэрээ нь гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр хэрэгжиж, гурван талт гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон ба нэхэмжлэгч нь хариуцагчаас хоёр талт гэрээний үүргийг шаардаж байх тул гурван талт гэрээний оролцогч Нийслэлийн Засаг дарга буюу Нийслэлийн захиргааны байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийг буруу тодорхойлсон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
14. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.7-д заасан хариуцагчаас олгох түр суурьших зардал буюу нөхөн олговор нь иргэн өөрийн өмчлөлд буй газрыг чөлөөлөх зорилгоор амьдарч байсан орон сууцыг шилжүүлэн өгсөн үеэс тухайн газарт баригдах барилгаас орон сууц хүлээж авах хүртэлх хугацаанд үйлчлэхээр байх тул ...талуудын тохиролцоо 1 жилийн хугацаагаар хязгаарлагдсан байхад гэрээний заалтыг буруу тайлбарласан... гэх гомдол гэрээний агуулгад нийцээгүй байна.
15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02471 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2410 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Д.Баярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Их-Өргөө ХХК-иас 2021.01.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД