| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2026/0388/3 |
| Дугаар | 221/МА2026/0492 |
| Огноо | 2026-07-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0492
Г.Нгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Г.Н
Нэхэмжлэгч: Г.Н
Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасч тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасч тооцсон 34 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 559 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, Т.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2026/0388/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Нгоос Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасч тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасч тооцсон 34 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 559 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Нгоос Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийн хасч тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасч тооцсон 34 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн..." гэжээ. Тодруулбал нийтийн албанд тушаалтан хэн боловч хуулиар олгосон эрх, үүргийн хэмжээнд албаны үйл ажиллагаа удирдлага болгох ёстой бөгөөд хуулиар зохицуулаагүй, хориглоогүй, хязгаарлаагүй гэх агуулгаар өөрийн дур зоргоор эрх зүйг гуйвуулан өөрт олгогдоогүй эрх мэдэл, чиг үүргийг хэрэгжүүлэх нь хориотой юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн 7.1 дэх хэсэгт "... Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно..." гэжээ. Харин хүчингүй болгосон 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно..." гэж заасан бөгөөд энэ агуулга нь 2023 оны баталсан шинэчилсэн найруулгаас хасагдсан байна. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "Зөвлөмж", 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/267 дугаартай "Тэтгэмж бодох заавар"-ыг тус тус батлахдаа хууль тогтоогчийн шинэчлэн найруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулиас хассан агуулга буюу ажлын өдрөөр тооцно гэснийг сэргээсэн хэм хэмжээг баталжээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтад "... өмнө нь тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орсон бол...", 25.1.2 дахь заалтад "... хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны улмаас хуулийн бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орох бол...", 25.1.3 дахь заалтад "... хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь өөрчлөхөд хүргэсэн нэмэлт, өөрчлөлт орох бол...", 25.1.4 дэх заалтад "... тухайн хуулиар зохицуулж байгаа нийгмийн харилцааны төлөв байдал, агуулгад ихээхэн өөрчлөлт гарч, түүнтэй уялдуулан хуулийг шинэчлэн батлах шаардлагатай болсон..." бол хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулна гэжээ.
3.2. Тодруулбал хууль тогтоогчоос 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 50 хувиас дээш хэм хэмжээг өөр агуулгаар шинэ хэм хэмжээг бүтээхдээ, ажлын өдрөөр тооцно гэх агуулга бүхий 1 хэсэг байсныг бүхэлд хассан байна. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0559 дугаартай шийдвэрт хууль тогтоогчоос тусгайлан зохицуулах шаардлагагүй байхаар харагдаж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, тодорхойгүйгээс гадна хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.3 дахь хэсэгт "... Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчлөх эрхтэй..." гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
4. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Нгоос Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасч тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасч тооцсон 34 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргажээ.
2.1. Анхан шатны шүүх ... хуанлийн хоногоор бүтэн тооцвол нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 4,089,930.20 төгрөгийг 30 хоногт хувааж 60 хоногоор үржүүлэхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж тус тус 8,179,860 төгрөг, нийт 16,359,720 төгрөгийн тэтгэмж олгохоор байх бөгөөд хуанлийн бүтэн хоногоор тооцсон тооцоолол, ажлын 21 хоногоор тооцоолсон тооцооллын хувьд ижил үнийн дүнтэй байна ... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.2. Нэхэмжлэгчээс ... жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувиар нийт 120 хоногоор, баярын өдөр тохиосон бол ажлын өдөртэй адилтгаж олгохоор тодорхой заасан байхад хариуцагчаас үндэслэлгүйгээр уг хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зорилт, зарчим, заалтыг буруу тайлбарлан тэтгэмжийг хасаж олгосон байна ... гэж,
Хариуцагчаас ... даатгуулагчийн хүсэлтээр хуанлийн хоногоор тооцохоор бол нийт 12 сарын дундаж цалин нь 4,089,930.20 (дөрвөн сая наян есөн мянга есөн зуун гучин төгрөг хорин мөнгө) төгрөгийг сарын дундаж ажлын 21 хоногоор биш 30 хоногоор тооцох шаардлагатай болно. Тэгж тооцохоор бол 12 сарын дундаж цалин нь 4,089,930.20-г (дөрвөн сая наян есөн мянга есөн зуун гучин төгрөг хорин мөнгө) 30 хоногтоо хувааж 100 хувиар тооцон жирэмсний 60 хоногоор үржүүлэхэд ялгаагүй 8,179,860 (найман сая нэг зуун далан есөн мянга найман зуун жар) төгрөг болно. Амаржсаны тэтгэмж мөн адил бодогдож нийтдээ 16,359,720 (арван зургаан сая гурван зуун тавин есөн мянга долоон зуун хорь) төгрөг олгохоор байна. Харин манай байгууллага нийтээр амрах баярын 2 хоногийн тэтгэмж болох 389,517.16 (гурван зуун наян есөн мянга таван зуун арван долоон төгрөг арван зургаан мөнгө) төгрөгийн тэтгэмжийг буцаан нэхэмжлэхээр байна ... гэж тус тус тайлбарлан маргадаг.
3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй, 7 дугаар зүйлийн 7.1-д Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно, 7.2-т Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно гэж заасан.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль шинэчлэн найруулга батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, хэрэгжүүлэхтэй холбоотой тус зөвлөмжийн 3.3-д ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгох хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно гэж,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор заасан тул даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр адсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж тооцох сарын дундаж цалин хөлсийг 21-т хувааж тооцно гэж,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Тэтгэмж бодох заавар тухай А/267 дугаар тушаалын 5.3.3-т ... тэтгэмж бодох ажлын өдрийг даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд жирэмсний болон амаржсаны амралт эхэлсэн өдрөөс болон дууссан өдрийн хооронд 120, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд ногдох ажлын өдрөөр тооцно, 5.3.4-т ...олговол зохих нийт тэтгэмжийн хэмжээг энэ зааврын 5.3.3-т заасан өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг тэтгэмж олгох ажлын өдрөөр үржүүлж тооцно гэж тус тус заажээ.
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Г.Н нь Монголын Төмөр зам ТӨХК-д 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын Хууль эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж эхэлж, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М Т з ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/735 дугаар тушаалаар 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт авсан байх бөгөөд Г.Н нь 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Өргөө амаржих газар-ын тусламж үйлчилгээний дагуу жирэмсний тэтгэмж авахад шаардлагатай баримтуудыг бүрдүүлэн нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны магадалгааг тус эмнэлгүүдийн даатгал хариуцсан эмч Р.С, Ж.О нар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт илгээсэн байна.
Уг магадалгааны дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн байцаагч С.Д нь даатгуулагчийн жирэмсний тэтгэмж авахаас өмнөх 12 сарын хөдөлмөрийн орлого буюу 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл хөдөлмөрийн хөлсний дундаж цалин 4,089,930 төгрөгийг сарын ажлын өдрийн дундаж хоног 21 хоногт хуваан тооцож нийт 8,569,377 төгрөг олгохоор, Нийслэлийн Өргөө амаржих газраас ирүүлсэн магадалгааны дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн байцаагч П.М даатгуулагчийн амаржсаны тэтгэмжийг мөн адил тооцож 8,179,860 төгрөг олгохоор шийдвэрлэж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын хяналтын байцаагч Т.Т баталгаажуулснаар нийт 16,749,237 төгрөгийг даатгуулагчид олгосон үйл баримтууд тогтоогдож байна.
3.2. Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, тус хуулийг мөрдөх, хэрэгжүүлэхтэй холбоотой Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зөвлөмж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Тэтгэмж бодох заавар А/267 дугаар тушаалыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг эрх үүссэн хугацаанаас дуусах хүртэлх хугацааны ажлын өдрөөр тооцож тэтгэмж олгосон нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийн 3.3 дахь заалттай нийцсэн гэж үзэхээр байна.
3.3. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс 34 хоногийн тэтгэмжийг хасч тооцсон хэмээн маргадаг бөгөөд хуанлийн хоногоор бүтэн тооцвол нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 4,089,930.20 төгрөгийг 30 хоногт хувааж 60 хоногоор үржүүлэхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж тус тус 8,179,860 төгрөг, нийт 16,359,720 төгрөгийн тэтгэмж олгохоор байх бөгөөд хуанлийн бүтэн хоногоор тооцсон тооцоолол, ажлын 21 хоногоор тооцоолсон тооцооллын хувьд ижил үнийн дүнтэй байна гэх анхан шатны шүүхийн тооцоолол, дүгнэлт үндэслэлтэй.
3.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 7 дугаар зүйлийн 7.2-т Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно гэж зохицуулсан нь ажлын өдөрт тооцох өдрийг тусгайлан зохицуулж өгсөн байх бөгөөд энэ нь амралтын өдрийг /бямба, ням гараг/ ажлын өдөртэй адилтган тооцно гэсэн агуулга биш байх тул нэхэмжлэгчийн ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 50 хувиас дээш хэм хэмжээг өөр агуулгаар шинэ хэм хэмжээг бүтээхдээ, ажлын өдрөөр тооцно гэх агуулга бүхий 1 хэсэг байсныг бүхэлд хассан байна ... гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 559 дүгээршийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА