Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс:180/2017/0034/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Н.Энхзул
Улсын яллагч                                        Ч.Батбаяр
Хохирогч                                                              Ч.Ариунаа
Шүүгдэгч                                                              Б.Идэр нарыг оролцуулан
     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Идэрт холбогдох 201723000017 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, хэрэгт холбогдохын өмнө хамтран амьдрагч Ч.Ариунаагийн хамтаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод Огзом гэх газар оршин суудаг байсан, урьд 1987 онд Нийслэлийн шүүхийн 205 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 112-3, 123.4, 127.1 дэх хэсгүүдэд зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагнал үгүй Боржигон овогт Батбаярын Идэр /РД: УУ69030713/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/
      Шүүгдэгч Б.Идэр нь  2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бууз-24” хоолны газраас 3.500.000 төгрөг, монетин гинж, ээмэг, бөгжний хослол 2 ширхэг, 5 ширхэг монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.      
    
ТОДОРХОЙЛОХ НЬ:
              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Ариунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бууз-24” хоолны газрын зааланд байрлах сейфнээс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутаас 12 цагийн орчимд Б.Идэр нь хулгай хийж бэлэн мөнгө 3.500.000 төгрөг, монетон ээмэг бөгжний хослол 2 ширхэг, монетон бөгж 5 ширхэг, Сваровскийн цаг 1 ширхэг, мөнгөн хослол 1 ширхэг, инергийн бугуйвч 1 ширхэг, гар утас 2 ширхэг эд зүйл хулгайлан аваад Улаанбаатар хот руу явсан. Б.Идэртэй би хамтран амьдардаг байсан бөгөөд миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Би Б.Идэрт сейфны түлхүүр өгч байгаагүй. Миний сейфны түлхүүрийг паскнаас хулгайлан авч хоолны зааланд хүнгүй болох цаг үеийг хүлээж байгаад түлхүүрээр нь онгойлгож хулгай хийсэн байна гэх мэдүүлэг. /хх-ийн 12-14хуу/
Л.Бямбаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн орчин Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо 37б байранд байрлах дэлгүүртээ сууж байтал Идэр ах ганцаараа орж ирээд ... яараад байна, Цолмон юм уу Чимэд хоёрын аль нэгэнд нь өгчөөрэй гэж хэлээд 2 ширхэг гар утас, улаан зүрхэн хэлбэртэй жижиг хайрцагтай эд зүйл үлдээчихээд 1 шил Болор нэртэй архи аваад гараад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6-8хуу/
Гэрч Б.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтад өгсөн: Б.Идэр нь сейфны түлхүүр хулгайлан аваад сейф онгойлгож бэлэн мөнгө 3.500.000 төгрөг, ээжийн эд зүйл хулгайлан авсан байсан. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутаас 12 цагийн орчимд хулгай хийсэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16хуу/
Гэрч Л.Бямбадулмын: 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.Идэр ах бага зэрэг архи уучихсан байсан. Тэгээд намайг архи аваад өгчих гээд байсан. Би архи авч өгөөгүй. Өглөө Мөнгөншагай намайг зөөгчөөр ажилд гарахад сейфны түлхүүр ээ шалгаарай гэж хэлхээр нь тек нь байсан паскан дотор үзэхэд түлхүүр байгаагүй. Тэгээд энэ талаар Мөнгөншагайд хэлсэн чинь ээж аваад орсон юм байлгүй гэж хэлсэн. Тэгээд хоолны газрын заалан дотор орж ирэхэд Б.Идэр ах “Ариунаа сейфны түлхүүр, хамаг эд зүйлээ аваад дэрэн доороо хийгээд унтчихсан байна” гэж надад хэлэхээр нь би итгэчихсэн юм. Тэгээд 11 цаг өнгөрөөгөөд амрах өрөөнд орж Мөнгөншагайгийн толгой дээр ус хийж өгч байх хооронд Б.Идэр сейф онгойлгоод 3.500.000 төгрөг, ээжийн гинж, ээмэг, бөгжний хослол, 5 ширхэг монетон бөгж зэрэг жижиг хайрцагтай эд зүйлийг хулгайлаад аваад явсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17хуу/
Б.Идэрийн сэжигтнээр мэдүүлсэн: 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутагт байрлах “Бууз-24” хоолны газрыг ажиллуулдаг хамтран амьдрагч Ч.Ариунаа шөнийн ээлжнээс буугаад амралтын өрөөнд орж амарч байсан. Тэгээд текэн дор паск байхаар нь мөнгө байна уу гээд үзтэл сейфны түлхүүр авч сейфийг онгойлгоход мөнгө байхаар нь 10.000 төгрөг аваад Оргилуун баян зам хүнсний дэлгүүрээс очиж 0.5 литрийн “Хараа” архи худалдан авч ганцаараа “Бууз-24” хоолын газрын жолоочийн өрөөнд уусан. Тэгээд дахин сейф онгойлгоод мөнгө хийдэг хайрцаг үзэхэд 1.400.000 төгрөг байсан. Тэгээд тэрийг аваад хамтран амьдрагч Ч.Ариунаагийн алт, монетон эдлэлтэй хайрцагыг авч гараад хажуу хашааны Азаа гэх залуу дээр очтол цэнхэр өнгийн портер маркийн автомашинаа асаачихсан зогсож байсан. Тэгэхээр нь чи Багануур явах уу гэж асуухад явахгүй мөнгөгүй байна гэхээр нь би чамд бензин хийгээд нүүрсний мөнгө өгье ахдаа Багануур яваад өгөөч гэхэд тэгье гэж хэлээд шууд хөдөлсөн. Тэгээд Багануур ороод Хэрлэн худалдааны төвийн урд талд буугаад таксинд суугаад Батдоржийн гэрт очсон. Тэгээд Батдоржийг аваад нэг шил архи авч уугаад Батдоржийн хамтаар Алтангэрэлийнд очсон. Алтангэрэл гэртээ байсан. Тэгээд хэдэн шил архи уусан. Яг хэдийг уусан гэдгээ санахгүй байна. Таних танихгүй хүмүүс ирж байсан. Тэгээд оройхон такси хөлслөөд Улаанбаатар хот орсон. Тэгээд буудалд архидсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч Б.Идэр нь  2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хамтран амьдарагч Ч.Ариунаагийн ажиллуулдаг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бууз-24” хоолны газраас 3.500.000 төгрөг, монетин гинж, ээмэг, бөгжний хослол 2 ширхэг, 5 ширхэг монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Идэрт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний энэхүү үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шүүгдэгчийг хохиролоо төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь шүүгдэгч үнэт эдлэлүүдийг буцаан өгсөн хэдий ч хулгайлсан мөнгөнөөс нэгийг ч төлж барагдуулаагүй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг согтуугаар үйлдсэн болон хохирол төлбөрөө өөрийн хүсэл зоригоор төлж барагдуулдаггүй зэрэг байдлуудыг нь харгалзахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмлэгдсэн зүйлгүй ба шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
 Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Батбаярын Идэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Идэрт 03 сар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Идэрийн цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Идэрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


        

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА