| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
| Хэргийн индекс | 109/2016/0024/З |
| Дугаар | 294 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 294
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгмаа нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0314 дүгээр магадлалтай, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай а/209 дүгээр захирамжийн хавсралтаар шилжсэн Г.О-д холбогдох 754м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0314 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох “2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” а/209 дүгээр захирамжийн Г.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0314 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Манай “У” ХХК нь Архангай аймгийн Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр 1992 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Төв гуанз”-ыг барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний хамт худалдан авч, газар эзэмших эрхийг баталгаажуулсан билээ. Гэвч тус барилга байгууламжийн дагалдах газраас 754 мкв газрыг Г.О-гийн нэр дээр дамжуулан эзэмшүүлсэн байна. Учир нь энэ 754 мкв газар дор “Төв гуанз”-ны өмч болох бохир усны шугам болон байгууламж байгаа юм. Монгол Улсын Хот суурины ус хангамж, ариутган татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.7 дахь хэсгүүдэд зааснаар инженерийн шугам сүлжээтэй хамгаалалтын бүсэд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байхаар заасан байдаг.
Би 2002 оноос 2012 онд Архангай аймагт байгаагүй, өөрийн дүүдээ үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон. Манай дүү Ц.Н гэдэг хүнд 754 мкв газрыг шилжүүлсэн байдаг. Гарын үсэг зурж, гэрээ хийж газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж байхад бохирын цооног байгааг мэдээгүй шилжүүлсэн. 2014 онд Архангай аймагт “Гудамж” төсөл хэрэгжиж эхэлсэн. Яг энэ маргаантай газар дээр замын трасс таараад газрыг ухаж эхлэхэд бидний өмч болох бохирын цооног гарч ирсэн. Иймд би уг өмчөө хууль ёсны дагуу өмчилж ашиглах бүрэн эрхтэй хүн гэж боддог. Маргаантай байгаа бохир усны цооног болон газарт бид 19 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, төлбөр тооцоогоо төлж өдийг болтол ирсэн. Маргаантай байгаа газарт барилга байгууламж барих ямар ч боломжгүй. Үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй зүйл байхгүй ашиглаж байгаа, цаашдаа ч ашиглана.
Г.О-д 754 мкв маргаантай газраас 200 мкв замын трасс таарснаар улсаас нөхөн төлбөр болгож 0,7 га газар албан ёсоор олгосон. Аймагт цорын ганц рестораны зориулалтаар баригдсан барилга үүд хаалгаа барихад хүрээд байна. Уг байгууллагад 50-60 хүн ажиллаж амьдралаа залгуулдаг бөгөөд хэрэв энэхүү ресторан хаагдвал тэдний ажиллаж, амьдрах эрх ашиг зөрчигдөнө.
2. Хөөн хэлэлцэх хугацааны талаар, Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг миний бие болон манай компани 2016 оны 10 дугаар сард шүүхээр олж мэдэж, хувилж авсан болно. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хянаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг анхаараагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч “У” ХХК “өөрийн эзэмшлийн газраас 2009 онд 754 м.кв газрыг Ц.Н-т шилжүүлэхдээ газар доор манай өмчлөлийн бохирын цооног, инженерийн шугам сүлжээ байгааг мэдээгүй, 2014 онд тухайн газар замын трасст ороход мэдсэн, уг газрыг Г.О-д дамжуулан шилжүүлснээс эрх ашиг зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжийн Г.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “У” ХХК-ийн захирал Б.Б-аас маргаан бүхий газрыг 2009 онд иргэн Ц.Н-т, Ц.Н-аас 2011 онд гуравдагч этгээд Г.О-д шилжүүлэхээр гэрээ байгуулж, Г.О хүсэлт гаргасны дагуу Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжаар 754 м.кв газрыг түүнд эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0298010 дугаар гэрчилгээ олгогдсон байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Ц.Н-т газар эзэмших эрх шилжүүлсэн Архангай аймгийн Засаг даргын 2009 оны 39 дүгээр захирамжийн талаар маргаж, эрх бүхий байгууллагад хандаж гомдол, нэхэмжлэл гаргаагүй атлаа тус аймгийн Засаг даргын 2011 оны а/209 дүгээр захирамжийн Г.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т тус тус заасан 30 хоногийн хугацааг тооцолгүйгээр захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу болжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу 2009 онд Ц.Н-т маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлснээр тухайн газрыг эзэмших эрх дуусгавар болсон байна. Иймд уул эрхийг 2011 онд Ц.Н-аас Г.О-д шилжүүлсэн Архангай аймгийн Засаг даргын мөн оны а/209 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг шаардах эрхгүйг анхаараагүй нь буруу юм.
Нөгөөтэйгүүр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1931 дүгээр захирамж /1 хавтас 49-50 хуудас/, Г.Гэрэлмаагийн гэрчийн мэдүүлэг /1 хавтас 243-245 хуудас/ болон “У” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт /1 хавтас 4 хуудас/ зэрэг баримтаар “Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн а/209 дүгээр захирамжийг миний бие болон манай компани 2016 оны 10 дугаар сард шүүхээс олж мэдсэн, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй” гэсэн нэхэмжлэгчийн хяналтын гомдол үгүйсгэгдэж байна.
Мөн нэхэмжлэгч анх 1992 онд Төв гуанзыг шугам сүлжээний хамт хувьчилж авсан болох нь баримтаар нотлогдож байхад “маргаан бүхий газрын доор бохирын цооног, инженерийн шугам сүлжээ байгааг мэдээгүй, 2014 онд мэдсэн” гэсэн гомдол ойлгомжгүй, гомдлын энэ хэсгийг хүлээн авах эрх зүйн боломжгүй юм.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0314 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН