Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00055

 

2020 оны 01 сарын 07 өдөр                    Дугаар 183/ШШ2020/00055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Х овогт Ө. Н \РД:ХП00000000\-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүрэг 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, SunnySide хотхон, 000 тоот хаягт байрлах, Ш.К ХХК /РД:0000000/-д холбогдох

         Гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ө.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.К ХХК-ийг төлөөлж захирал Ц.А ерөнхий менежер Ц.Д нар надаас 2017 оны 4 сард барилгын тулаас төмрийг /сапуд/ түрээсэлж авсан. Тухайн гэрээний нийт төлбөр нь 1,650,000 төгрөг болсон. Би хүү, алданги тооцохгүй гэж хэлсэн. Тэднийх барилгын тулаас төмрийг нэг сарын хугацаатай 4 сард түрээслээд, 6 сард таны төлбөр тооцоог дуусгана гэж хэлсэн. Би өөрөө тулаас төмрөө тээврийн зардал гарган тээвэрлэж авч ирсэн. Тухайн үед Ц байгаагүй, эхнэр нь ч байгаагүй, би манаачид нь хэлээд тулаас төмрөө ачиж явсан.Тэгээд мөнгөө өгнө гэдэг боловч сүүлийн жил утсаа огт авахгүй байгаа, мөн миний дугаарыг блоклосон.Тэдний оффис Туул рестораны урд Намуун кафед байсан боловч түүнийгээ зараад нүүсэн. Энэ компани нь одоо барилга барьж байгаа, би барилга дээр нь намар 3 удаа очсон боловч өөрсдөө байхгүй ажилчид л байдаг.Тиймээс Ш.К ХХК-иас түрээсийн үнэ болох 1,670,000 төгрөгийг төлөөгүй тул алданги 800,000 төгрөг нийт 2,500,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ө.Н хариуцагч Ш.К ХХК холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Ш.К ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулсан, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж зааснаар үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мэдэгдэх хуудсыг гардан авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4 шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг тус тус зөрчсөн төдийгүй мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 зохигч хэргийн үйл баримтын, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, түүнийг эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

           Нэхэмжлэгч Ө.Н шүүхэд гаргасан тайлбартаа ... хариуцагч барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлаа явуулахаар барилгын тулаас төмөр болох сапуд түрээсэлж нийт 1,670,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн тооцооны үлдэгдэлтэй, хариуцагч уг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул алданги болох 800,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.Хариуцагч Ш.К ХХК нь барилгын засвар, засал чимэглэл чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Зохигчид Барилгын тулаас төмөр түрээслэх гэрээ гэх хэлцлийг 2017 онд хийж, уг хэлцэлд 1,670,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо дуусгавар болгохоор тохиролцсон болох нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан эх хувь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан гэрээний агуулгатай нийцжээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч 1,670,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо дуусгавар болгохоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч хариуцагчаас уг үүргээ шударгаар биелүүлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 1,670,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Харин нэхэмжлэгч алдангид 800,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд алданги авах талаар харилцан тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Анзын гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна... гэсэн заасан тул нэхэмжлэгч алдангийн талаар гэрээндээ харилцан тохиролцож тусгаагүй тул бичгээр байгуулаагүй гэж үзэх тул алданги шаардах эрхээ алдсан учраас хариуцагчаас алдангид 800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн зарим шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан журмын дагуу хуваарилах нь хуульд нийцнэ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш. К ХХК.-иас түрээсийн гэрээний үүрэгт 1,670,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 54,950 төгрөг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ