Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Л.Б- түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

хохирогч А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Л-ын Б-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305036002575 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын эдийн засагч мэргэжилтэй, ... ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг ... хороо ... хороолол үэ гудамж ... байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг ... хороо ... байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Л-ын Б-

 

Шүүгдэгч Л.Б- нь согтуурсан үедээ 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ний өдөр шилжих шөнийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мичид нэртэй зочид буудлын зоорийн давхрын караоке дотор болон буудлын гадна талбай орчим А-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч А-ыг цохих, өшиглөх, газар унагах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр  манай байгууллагын хурал болоод хурлаа дууссаны дараа караоке орсон. А- ах гэртээ харилаа гээд гараад явсан байсан. Тэгээд 10-20 минутын дараа эргэж орж ирэхдээ нэлээд ууртай орж ирээд караоке дотор гадуур өмсөж байсан зүйл зэргээ авч шидлээд байсан. Тэгэхээр нь бид нар энэ хүн ер нь жоохон ууртай байгаа юм байна гэсэн ойлголтыг авсан. Мэдүүлэг өгсөн Т- гэдэг хүнтэй хамт дуулаад байж байхад намайг нэлээд хэдэн удаа хараагаад байсан. Би байж байгаад яасан бэ гэж хэлээд маргалдаж тухайн асуудал болсон. А- ах мэдүүлэгтээ караокеноос гарахад нүднээс цус гарсан гэж худал мэдүүлсэн байсан. Караокеноос гарахад хамраас нь цус гарсан. Өөр цус гарсан зүйл байгаагүй. Сүүлд намайг араас цохисны дараа би зөрүүлээд цохих үед нүднээс нь цус гарсан. Тухайн үеийн болсон явдлуудыг санах хэмжээний согтолтой байгаагүй. Хэд хэдэн удаа харааж зүхэж, цохих гэж дайрсан. Эргэн тойронд байсан хүмүүс рүү хүртэл агсарсан, хүнтэй эвээр харилцах хэмжээний байгаагүй” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А- мэдүүлэхдээ: “2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын шар айрагтай уулзалт гэж зохион байгуулсан. Тэнд байхдаа Б- гэх залууг харсан, урьд нь таньдаггүй байсан. Шар айргаа уунгаа хурал хийж байсан болохоор 3 лааз шар айраг уусан. Тэндээс байгууллагын хэдэн залуучуудтайгаа караоке оръё гэж ярилцаад ороод виски авсан байсан. Тэнд 3 шар айраг болон 2 хундага виски уугаад ухаан санаа орж гарсан. Маргалдаж зодолдсоноос хойших зүйлийг санахгүй байгаа боловч зодолдох хүртэлх хугацаанд болсон асуудлуудыг санаж байгаа. Мэдүүлэгтээ араас түлхсэн гэж хэлсэн. Би караокены самбар хараад урагшаа хараад зогсож байхад Б- миний ард байсан. Би санамсаргүй хойшоогоо түлхээд Б- тааламжгүй нөхцөл үүсгэсэн байж болно. Тэр агшинд намайг түлхэхээр нь эргээд харсан, тэр болсон явдлыг санаж байгаа. Эргээд харахад зайлаач ямар ядаргаатай пизда вэ гэж хэлсэн. Тэр процессыг худлаа ярьж байна. Түүнээс болж маргаан болоод бааранд цохилцож маргалдсан. Баарнаас гараад араас нь цохисон гэж мэдүүлж байна, араас нь цохисон зүйл бол болсон. Учир нь бааранд намайг зодчихоод нэг хүнтэй юу ч болоогүй юм шиг гараад явахад нь ажлынхаа газрын Н- гэх хүнтэй зогсож байгаад чи хүн зодчихоод зүгээр яваад байгаарай гээд араас нь цохисон. Тэгээд тэнд маргалдаад бүх хүн намайг орхиод би ганцаараа CU дэлгүүрийн гадаа сууж байсан. Тухайн үед шөнийн 03 цаг орчим болж байсан. Т- болон Ховко нар ирээд намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн” гэв. 

 

Хохирогч А-ы “... Мичид зочид буудлын караоке руу 23 цаг 30 минутын үед орсон. Эхлээд манай хүргэлтийн залуучууд 30-60 минут орчим болоод яваад өгсөн. Тэгээд тэр операторын бүрэлдэхүүнтэй Н- гэж менежертэйгээ цуг үлдсэн. Тэгээд би уусан. Савсганаад байж байсан чинь миний араас нэг хүн түлхээд ямар ядаргаатай пизда вэ, зайлаач гээд түлхэхээр нь би эргээд харсан чинь оператор хийдэг ажилд ороод хоёр хонож байсан Б- гэж залуу байхаар нь миний уур хүрээд хараалын үг хэлээд маргасан.

Тэгээд би хараалын үг хэлсэн чинь шууд нүүр лүү 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд цохих гэсэн ч оноогүй. Тэр үед цуг сууж байсан залуус салгаад тэр үед миний нүдний дээр хөмсөгнөөс цус гараад байсан. Тэгээд Мичид зочид буудлын үүдэнд бид нарыг гаргаад би үүдэнд нь байж байсан. Н- гарч ирээд намайг та болилдоо, яагаад хэрүүл маргаан гаргаад байгаа юм гэхээр нь би яасан юм, би зүгээр байхад намайг цохисон ш дээ, би зүгээр байсан, цагдаа дуудаад өгөөч гээд яриад зогсож байсан чинь миний хажуу талаар гараад Модны 2 зам дагуу Гандан чиглэлтэй алхаад юу болоогүй юм шиг явж байхаар нь би чи намайг зодчихоод юу ч болоогүй юм шиг явж байна гээд уур хүрээд араас нь зүүн гараараа нэг удаа цохих гэсэн чинь би оноогүй. Намайг унагаагаад дээрээс 2-3 удаа цохиод өшиглөсөн байж магадгүй, манараад үлдсэн. Тэгсэн чинь намайг тэр залуу зодох үед цуг байсан хүмүүс нь салгаад аваад яваад өгсөн. Би ганцаараа үлдээд такси барих гэсэн чинь цустай болохоор машин зогсохгүй, цус бүр их асгараад тэгээд Мичид караокены үүдэндээ сууж байсан чинь цуг ажилладаг Тайванаа, Ховко гээд хоёр залуу та энд юу хийж сууж байгаа юм гэхээр нь та хэд намайг хаяад явчихаар чинь би яахаа мэдэхгүй, эндээ ингээд сууж байна ш дээ гэж хэлсэн.

Тэгсэн чинь таныг авч явж Гэмтлийн эмнэлэгт үзүүлье гээд такси бариад Гэмтлийн эмнэлэг ороод миний хувийн хөмсгийг оёулаад толгойн зураг авхуулаад цагдаа ирж мэдүүлэг аваад тэгээд би хувийн эмнэлэгт хэвтэж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гараад өнөөдөр буюу 26-ны өдөр ирж байна.

Миний хөмсөг сэтэрсэн. Үүдний шүд таллаж хугарсан. Зүүн нүдний ухархай цөмөрч хугарсан гэж эмч хэлж байсан.

Надтай муудсан Б- гэж залуу үл ойлголцож маргаснаас болоод намайг зодож үүсгэсэн. ... Гомдолтой байна. Эмчилгээний зардал 1,000,000 гаран төгрөг болсон. Хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/

 

Гэрч М.Т-ын “... А- гэж ах ер нь бол согтсон байсан. Та нар намайг тоохгүй байна, би явлаа гээд хувцсаа өмсөөд яг гарах гэж байхаар нь би араас гараад ахаа дахиад вискитэй сэт авсан ш дээ тооцоогоо хувааж хийгээд нэг аваад явахгүй юм уу гээд хэлсэн.

Ах өөрөө за гээд буцаж орж ирээд тооцооны мөнгө надад 40,000 төгрөг өгсөн. Тэгээд танай мөнгө арай илүү гарах юм биш үү гэж хэлсэн чинь зүгээр гээд 40,000 төгрөг өгсөн. Тэгээд 1 виски авсан. Тэгчхээд гараад яваад өгсөн. Тэгээд нэлээн удаж байгаад ойролцоогоор 30 минут болсон байхаа байж байгаад буцаад ороод ирсэн. Орж ирэх үед хувцсаа тайлж орон дээр шидээд орилоод хараалын үг хэлээд байсан. Угаасаа жоохон тийм авиртайг мэдэж байсан болохоор чимээгүй байгаад байсан.

Би дуу дуулаад байж байсан чинь юм унаж хагараад дуугаа дуусгаад харсан чинь А- ах Б- рүү гар утсаа шидэж байсан. Цохих гэж оролдсон. Тэгэхээр нь би А- ахыг шууд хойш нь татаад хувцсыг нь өмсүүлэх гэж байсан чинь над руу бас орилоод байсан. Тэгээд бид нар караокеноос бараг хөөгдөөд гарсан. Тэр үед та хоёр гарч байгаад учраа ол гээд аваад гараад явсан.

Тэгээд гадаа гараад тайвшруулах гээд нэлээн удаан цуг юм ярьж байсан. Тэгээд сул тавихаар Б- рүү хараагаад дайраад байсан. Тэр үед намайг бас Б-ийг өмөөрөөд байна гээд над руу дайраад 1 удаа цохих гэж оролдсон.

Намайг согтуу байсан болохоор оноогүй. Би гарыг нь барьж аваад түлхээд суулгаад тэнд байсан манай нэг ах, ерөнхий менежер бас дахиад тайвшруулах гээд тэнд хэсэг байж байсан чинь хөөш тэр хоёрыг салгаач гээд харсан чинь Б-, А- ах хоёр цохилцсон байдалтай байж байсан.

Би тэр хоёрыг салгаад таксинд суулгаад явуулах гэсэн чинь суухгүй, өөрөө такси барина гээд замын эсрэг тал руу гараад яваад өгсөн. Тэгээд би тэндээ ажлынхаа залуусыг тарааж дуусгаад гэр лүүгээ буюу Модны 2 байдаг гэр лүүгээ явах гээд ажлын залуу нэрийг нь мэдэхгүй хоч нь Ховкотой цуг явж байсан чинь А- ах Модны 2 Түндэмүний хажуу талын CU дэлгүүрийн үүдэнд замын хашлаган дээр сууж байсан. Тэгээд бид хоёр очих үед нүднээс нь цус гарч байсан. Тэгээд би CU ороод цус арчих салфетка аваад цусыг нь арчаад Гэмтлийн эмнэлэг аваад такси бариад явсан.

... Эхлээд Мичид караоке дотор зодолдох үед зүгээр байсан. Сүүлд гадаа зодолдох үед би сайн хараагүй. Гэхдээ цус бол гарсан байсан. Бага зэрэг гарсан байсан. Урсаж байсан санагдаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дахь тал/

 

Гэрч Ц.Н-гийн “... Тэгээд гарах үед А-, Б- гэж 2 ажилтан хоорондоо муудалцсан байдалтай байж байсан. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаад зай гаргаж байгаад тайвшруулж, бараг гадаа 2 цаг орчим болсон.

Б- арай гайгүй байхаар нь Тайвнаа гэж ажилтан бид 2 гэр лүүгээ явах гээд зам дагуу явсан. Тэгсэн чинь А-ы хажуу талаар гараад явсан чинь А- ах араас нь очоод цохиж байна гэж би харсан. Тэгсэн чинь Б- эргэж хараад А- ахыг газар унагааж байгаад хэдэн удаа цохисон гэж би харсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11871 дугаартай:

“...1.А-ы биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт, 21-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, өшиглөгдөх, унах үйлчлэлээр 2023.09.15-16-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 32-33 дахь тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас. /хэргийн 15 дахь тал/

 

Л.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд байж байсан чинь хүргэлт хийдэг А- гэж ах нэлээн согтсон байдалтай гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд нэлээн ууртай орж ирээд өмсөж орж ирсэн гадуур хувцсаа тайлж газар шидэх зэрэг үйлдэл гаргаад ууртай байна гэж би харсан. Тэгээд би дотор талд зүгээр дуу дуулаад байж байсан чинь намайг чи юу юм пизда минь гээд надад салаавч гаргаад байхаар нь би та яагаад байгаа юм бэ, намайг танихгүй байж гэж хэлсэн чинь миний зүүн нүдний дээд хэсэгт 1 удаа гараараа цохихоор нь би зөрүүлээд цохисон. Яг тэр үед 1-2 удаа гараараа А- ахыг цохисон чинь дотор байсан хүмүүс бид хоёрыг салгасан.

Тэгээд салаад байж байсан чинь А- ах над руу дайраад ширээн дээр байсан архины шил нь газар унаж хагарсан чинь тэр караокены хүмүүс орж ирээд бид нарыг гар гээд гадаа гаргасан.

Тэгээд гадаа гарсан чинь цуг явсан хүмүүс нэлээн согтолттой байсан. Тэгээд А- ахтай юм яриад учраа олъё гэж бодоод очсон чинь намайг ухаангүй хараагаад намайг цохих гэж дайраад гэхдээ намайг оноогүй. Тэгээд учраа олохгүй юм байна гээд явах гээд хажуу талаар нь гараад явсан чинь миний толгой ар хэсэг рүү 1-2 удаа гараараа цохихоор нь би сандарсандаа ар нуруунаасаа татаж оруулж ирээд нүүр хэсэгт нь 1-2 удаа гараараа цохисон. Тэр үед хөмсөг нь сэтэрсэн байх.

Эхлээд уулзах үед нүүр нь гайгүй байсан. Сүүлд цохиод тэр хүний царайг хараагүй. Тэгсэн чинь А- ах яваад өгсөн. Би тэгээд тэнд байсан хүмүүсийг таксинд суулгаж өгөөд гэртээ харьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 69-70 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Л.Б-, хохирогч А- нар нь ***- ХХК-д хамт ажиллагдаг ба 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ний өдөр шилжих шөнийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мичид нэртэй зочид буудлын зоорийн давхрын караокегоор үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Ийнхүү үйлчлүүлэх явцдаа хохирогч А- нь согтуурсан үедээ шүүгдэгч Л.Б-тэй шалтгаангүйгээр маргаан үүсгэж, улмаар шүүгдэгч Л.Б- нь тус караоке болон гадна талбайн хэсэгт түүнийг цохих, өшиглөх, газар унагах зэргээр биед нь халдаж биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, зүүн мөрөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн хацар, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт, 21-р шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Л.Б- нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч А-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэхдээ уг гэмт хэрэг гарахад хохирогч А-ы согтуурсан үедээ бусадтай маргаан үүсгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх үзэв.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч А-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №11871 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогч Б.О-ын өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд 1,955,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Л.Б- нь 600,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 1,355,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн хохирогч А- нь ажилгүй байсан 15 хоногийн цалин нэхэмжилж байгаа боловч хөдөлмөрийн чадвар түр алдсан талаарх эмнэлгийн магадалгаа хэрэгт байхгүй хор уршигт тооцох боломжгүй байна. 

Гэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Мөн шүүгдэгч Л.Б- нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаар дансанд 160,000 төгрөгийг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгсөн тул иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг сонгон оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлсийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Л-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Б-ээс 1,355,000 төгрөг гаргуулж А-д олгож, А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ