Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/52

 

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч А.Х нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х** овогт А.Х-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310040302111 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Х** овогт А.Х нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр). А.Х нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д хотхон дотор Б.А-тай “замын цагдаагаас бичиг баримт авч өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч А.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие хийсэн хэрэгтэй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

Эрүүгийн 2310040302111 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1.Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19:32:32 цагт “Нэг хүн танхайраад байна.” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

            2.Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

            3.Хохирогч Б.А-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

            4.Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №14003 дугаартай:

      Хэсэг газрын үзлэгт: Баруун дээд үүдэн 1-р шүдний хазах гадаргуу эмтэрсэн, ирмэг хурц, тогшиход эмзэглэлтэй, дээд уруулын дотор салстад 2,5х0,2см ирмэг тэгш бус мэс заслын оёдол бүхий шархтай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй гэжээ.

-Б.А-ын биед баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

            5.Яллагдагч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

            6.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), нийгмийн даатгалын 2022 оны 03 дугаар сараас 10 дугаар сар хүртэл, 2023 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч А.Хаш-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х** овогт А.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х** овогт А.Х-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА