Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/02394

 

2020 09 09 183/ШШ2020/02394

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт оршин суух У овогт Н.Т /0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................, Х ХХК буюу ........... байранд байрлах М ХХК /00000000/-д холбогдох,

13.015.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т 2010 онд Улаанбаатар хот Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж элс олборлон борлуулдаг М ХХК-д уул уурхайн Инженер-Геологич мэргэжлээр томилогдож, 2010-2018 он хүртэл тасралтгүй 8 жил ажилласан юм. Энэ хугацаанд /2010-2015он/ тус М ХХК нь ашигтай ажиллаж, ажилчдын цалин хөлсийг цаг хугацаандаа тогтмол өгч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. 2010-2013 он хүртэл тус М ХХК-ийг ерөнхий захирал Б.Э удирдаж ажиллуулж байсан бөгөөд 2013 онд Э нас барж, М ХХК-ийг түүний охин Н өвлөн авч удирдан ажиллуулсан болно. 2015 онд Н М ХХК-ийн захирлаар Б.Быг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулсан юм. Б компанийн захирлаар томилогдож ирсэн 2015 оноос эхлээд ажилчдын цалингаа өгч чадахаа больж, сар бүр 100.000-200.000 төгрөгийг олгож амь тариа хийх маягаар ажилчдыг тогтоож ажиллуулж байсан. 2016 оноос эхлэн ихэнх ажилчид ажлын байраа орхин гарч эхэлсэн. 2018 он гэхэд бараг бүгд гарсан. Цалин өгөхгүй байсан шалтгааныг Баас асуухад би мэдэхгүй, орлого байхгүй, орсон хэд юмыг ерөнхий захирал Н хуу хамж аваад явдаг шүү дээ гэж хэлдэг байсан. Энэ тухай Наас асуухад юу ярьж байгаа юм вэ, би М ХХК-иас сохор зоос ч авдаггүй юм гэж энэ хоёр бие бие рүүгээ түлхэж хариуцлагаас бултаж зайлсхийдэг байсан юм. Тухайн жилүүдэд М ХХК маш ашигтай ажиллаж, орлого олж байсан болно. Үүнд: 2015 онд 118170 м3 элс олборлож 945.364.000 төгрөг, 2016 онд 65800 м3 элс олборлож 520.000.000 төгрөг, 2017 онд 55517м3 элс олборлож 444.136.000 төгрөгийн борлуулалт тус тус хийж хуучнаасаа 2-3 дахин их борлуулалт хийж, ашиг олж байсан нь хэмжилтээр тогтоогдож байсан юм. Энэ тооцоо ажлын эцэст мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж ашигт малтмалын газраар баталгаажуулсан тоо бөгөөд үүнийг хэн ч хөдөлгөж болохгүй уурхайн анхны батлагдсан нөөцөөс хасагдаж архивд хадгалагдах тоо юм. Миний бие М ХХК-ны элсний ордын жилийн уулын ажлын төлөвлөгөө тайлан болон менежментийн төлөвлөгөөг боловсруулан холбогдох дэд байгууллагаар хянуулан батлуулаад дараа жилийн олборлолт явуулах эрхийг авч өгдөг үүрэгтэй байлаа. Эдгээр бичиг баримтаас нэг нь батлагдаагүй дутуу байвал тухайн ажилд олборлолт явуулахыг зөвшөөрөхгүй эрхийг түдгэлзүүлдэг учиртай юм. М ХХК 2015, 2016, 2017 онуудад асар их хэмжээний борлуулалт хийж орлого олсон боловч ажилчдын цалин хөлсийг өгөхгүй байсан шалтгааныг гүйцэтгэх захирал Б.Б одоо хүртэл тайлбар өгч чадахгүй нууцалсан хэвээрээ байгаа юм. Энийг санаатайгаар зохион байгуулж ажилчдыг хохироосон хэрэг гэж бодож дүгнэж байгаа юм. Миний сүүлийн 3 жилийн цалингийн үлдэгдэл авлага М ХХК-ийн нягтлан бодогч Алтанхуягийн 2018 оны 8 дугаар сарын 28-нд гаргаж өгсөн өглөгчийн тайлан ёсоор 11.125.083 төгрөг, 3 жилд нэг ч удаа амарч ээлжийн амралтыг аваагүй тул 600.000/20х=30.000 төгрөг, 30.000*21х=630.000 төгрөг, 630.000*3 жил=1.890.000 төгрөг, бүгд авлага 13.015.000 төгрөг болно. Энэ авлагыг компанийн гүйцэтгэх захирал Баас нэхэхэд түр хүлээж байгаарай, компани өрөнд орсон байна, удаахгүй өгнө гэж удаа дараа хуурч луу унжсаар 3 жил өнгөрлөө, цаашдаа Бын үгэнд итгэж хүлээгээд хуурагдаж явбал миний үндсэн нас ч гүйцэхгүй бололтой юм. Иймд миний авлага 13.015.000 төгрөгийг Б гүйцэтгэх захиралтай М ХХК-иас гаргуулж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан ба 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хариу тайлбар ирүүлэх хугацаа дуусгавар болсон ч ямар нэг тайлбар ирүүлээгүй байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч М ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээний үүрэгт 2015-2017 онуудын цалин 11 125 083 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 890 000 төгрөг, нийт 13 015 000 төгрөг гаргуулахаар шаардаж, түүнийгээ шүүх хуралдаанд дэмждэг.

Харин хариуцагч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, зөвхөн хэрэгцээтэй цагт хамтран ажиллаж байсан тул цалин хөлс төлөх үүрэггүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалздаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Т, хариуцагч М ХХК нарын хооронд хөдөлмөрийн гэрээний бус хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсэж, дуусгавар болсон байна гэж шүүх дүгнэв.

Учир нь хэргийн 32 дугаар талд авагдсан М ХХК-ийн элсний ордны 883А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тус хуулийн этгээдийг төлөөлж уулын инженер Н.Т гэж гарын үсэг зурагдсан, хэргийн 47-50 дугаар талд авагдсан Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын ахлах байцаагч нарын 2017.05.18-ны өдөр М ХХК-ийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хийсэн ажлын тайланг Ө.Т гаргаж, хуулийн этгээдийн тамга дарагдаж, захирал нь баталсан, хэргийн 51-52 дугаар талд авагдсан Н.Тн ХААН банкны 000000000 дугаартай дансны хуулга, хэргийн 7 дугаар талд авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 2011 оны М ХХК-ийн уулын ажлын тайланд боловсруулсан уулын инженер Н.Т гэж бичигдсэн, 2017 оны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөв гэх баримтуудад төлөвлөгөө гаргасан ерөнхий инженер, баяжуулагч инженер гээд Т гэж гарын үсэг зурагдсан, хариуцагчийн гаргаж өгсөн М ХХК-ийн орон тоо, цалин хөлсний төсөв, нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудас зэрэгт Н.Тн нэр бичигдээгүй байдал зэргээс дүгнэхэд зохигчдын хооронд бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж байгаагүй боловч уулын инженерийн ажил үүргийг М ХХК-д хийж байсан нь тогтоогдож байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Уг гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болохоор хуульчилсан байх ба хариуцагчийн төлөөлөгчийн зарим хэрэгтэй үед хамтран ажилладаг байсан гэх тайлбар үндэслэлтэй байна. Түүнчлэн хариуцагч байгууллагын гаргаж өгсөн Нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөлтийн тооцооны хуудаст Р.Н гэж бичигдсэн байх ба 2014.05.06, 2014.09.30-ны өдрүүдэд Р.Н гэх хүн түлшний мөнгө нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан нь дээрх тайлбарыг бас давхар нотолж байна.

Түүнчлэн хэргийн 7 дугаар талд авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаас харахад тус тайлангийн доод хэсэгт нягтлан С.А 2018.08.28 гэж бичээд М ХХК-ийн тамгыг дарсан байгаа нь тус хуулийн этгээд нь уг тайланд бичигдсэнээр нэхэмжлэгчид ажлын хөлсний 11 125 083 төгрөгийн өглөгтэй байгааг нотолж байна.

Хэдийгээр хариуцагч манай байгууллагад ийм нэртэй нягтлан ажиллаж байгаагүй гэх тайлбарыг өгдөг ч тухайн баримтад М ХХК-ийн тамга дарагдсан байх тул үндэслэл бүхий тайлбар биш юм.

Энэ тайланд бичсэнээр 2016.01.01-2017.09.30-ны өдрийг хүртэлх цалинд 11 125 083 төгрөгийг М ХХК нь Н.Т-д өгөхөөр тусгагджээ.

Иймд шүүх Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.2-т Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно, мөн хуулийн 368 дугаар зүйлийн 368.1-т Хөлсөөр ажиллах гэрээний харилцааг дуусгавар болгох үед ажиллагч нь ажиллуулагчаас хөлсөөр ажиллаж байсан тухай болон түүний үргэлжилсэн хугацааны талаар бичгээр тодорхойлолт гаргаж өгөхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу 7 дугаар талд авагдсан баримтыг ажиллуулагчаас гаргаж өгсөн байна гэж шүүх үзээд уг тайланд бичигдсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Харин ээлжийн амралтын гэх 1 890 000 төгрөгийг хөдөлмөрийн гэрээний харилцаа биш тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М ХХК-иас 11 125 083 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 890 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 192 951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У овогт Н.Т /.........../-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                О.ЧУЛУУНЧИМЭГ