Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01202

 

 Истим ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03162 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00233 дугаар магадлалтай,

 Истим ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Тогтмаад холбогдох

 Орон сууны хөлс 2,250,000 төгрөг, алданги 544,500 төгрөг, нийт 2,794,500 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням, Б.Үржинцэрэн, хариуцагч Д.Тогтмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Истим ХХК-иас Д.Тогтмаад холбогдуулан орон сууны хөлс 2,250,000 төгрөг, алданги 544,500 төгрөг, нийт 2,794,500 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03162 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Тогтмаагаас 2,794,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Истим ХХК-д олгож, Д.Тогтмаагийн эзэмшлээс Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 7 дугаар байр 26 тоот орон сууцыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,792 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Тогтмаагаас 142,792 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Истим ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00233 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6, 305 дугаар зүйлийн 305.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Тогтмаагаас 2,794,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Истим ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Тогтмаагийн эзэмшлээс Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 7 дугаар байр 26 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...хариуцагч Д.Тогтмаагаас 142,792 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Истим ХХК-д олгосугай гэснийг ...хариуцагч Д.Тогтмаагаас 59,662 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Истим ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани нь ОХУ-н өмчлөлийн Баянгол дүүргийн 8-р хороо,4-р хороололд байршилтай орон сууцны зориулалттай 7-р байрыг, өмчлөгчийн төлөөлөл болох ОХУ-н Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах Холбооны Улсын үйлдвэрийн газрын Монгол Улс дахь төлөөний байгууллагатай дээрх байрыг эзэмших эрх бүхий гэрээг анх 2017.11.01-ний өдөр байгуулан барилгыг актаар хүлээн авч өнөөдрийг хүртэл ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Уг гэрээ 2020.07.31-ний өдөр 3 жилийн хугацаагаар сунгагдсан. Өмчлөгч тал буюу хөрш орны эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллах явцад тус байранд оршин суугч /түрээслэгч/ зарим нэг иргэн, гадны улсын өмч хөрөнгийг зальхай аргаар өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн үнэ төлбөргүйгээр ашиглан завшиж үнэгүйдүүлэх хууль бус арга ажиллагаа явуулах болсон учир манай компани хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр шүүх байгууллагад хандан эдгээр иргэдийн нэг болох Д.Тогтмаагийн нэр дээр БГД-н ИХАШШүүхэд нэхэмжлэл гаргасан болно. ИХАШШүүх хэргийн материал дахь манай компанийн нотлох баримт бүхий үнэн бодит нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд оролцогч талуудын зарчмын байр суурь, харилцан мэтгэлцээнийг үндэслэн маргаантай асуудлыг шударга зарчмаар шийдвэрлэсэн.

Дүүргийн ИХАШШ-н энэ шийдвэрийг хариуцагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дараагийн шатны шүүхэд гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.25-ны өдрийн Дугаар 00233 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалттай зөрчилдсөн агуулгатай байна гэж үзэхээр байх учир энэхүү гомдлыг гаргаж байна. Тодруулбал:

4.1. ИХШХШТХ-н 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч,гуравдагч этгээ тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг,шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэсэн заалтын ...гэрэл зураг, зураглал, дүрс, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт хамаарах хэргийн материалд байгаа нотлох баримтыг харгалзан үзсэнгүй.

Тухайлбал хариуцагч Д.Тогтмаа нь 2020 оны 06-р сараас эхлэн байрны түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан учир 6-р сараас эхлэн тухайн ажлыг /цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, орлого/ хариуцсан манай компанийн ажилтан Б.Алтанзагас гэрээг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргах 9-р сар хүртэлх хугацаанд амаар хэлэх, 95762732 дугаарын утсаар Д.Тогтмаагийн 80404811 дугаарт холбогдож ярих, 6-р сарын 30, 7-р сарын 31, 02, 06-ны өдрүүдэд мессеж бичих, ерөнхий менежер Ц.Дашням миний бие утсаар ярих, биечлэн уулзахаар 2 удаа байранд нь очих, мессеж бичих зэргээр төлбөр төлүүлэх оролдлогуудыг удаа дараа хийж байсан боловч хаалгаа нээж өгөхгүй байх, гэртэй байсан атал эзгүй байна, зуслан дээр байна гэх зэргээр уулзаж ярилцах, төлбөр төлөх, мэдэгдэл хүлээн авахаас зайлсхийж байсан тул түүний амьдардаг 26 тоотын хаалган дээр мэдэгдэл нааж зургийг авч баталгаажуулсан хэвлэмэл зураг, тамга тэмдэг бүхий албан ёсны мэдэгдлүүд, утсаар ярьж мессеж бичсэн тухай шүүх хурал дээр баримттайгаар ярьсныг хариуцагч тал няцаагаагүй зэрэг нотлох баримтыг үнэлээгүй болно.

4.2. 166.4-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

-Байрыг өмчлөгч ОХУ-н эрх бүхий байгууллагын төлөөлөлтэй хийсэн Истим ХХК-н гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан гэрээг үл тоож нэхэмжлэлийн шаардлагыг баримт нотолгоогүйгээр үгүйсгэсэн тайлбар, /х.х 40/

-ИХАШШүүхийн 2020.10.21-ний өдрийн дугаар 102/ШШ2020/03162 тоот шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлснээ сэргээлгэх хариуцагч Д.Тогтмаагийн 2020.12.14-ний огноотой өвдсөн, өрхийн эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээ өгсөн, хөл хорионд орсон зэргийг нь нотлох ямарч баримтгүй хүсэлтээр хугацааг сэргээсэн хүсэлт, /х.х.78/

-Зөрчил маргаантай асуудлыг холбогдох хуулийн хүрээнд нотлох баримттайгаар шүүх байгууллагаар шударга зарчмаар шийдвэрлүүлэх бидний хүсэл эрмэлзлийг үл тоож, баримт нотолгоогүйгээр ...гэрээний хугацаа нь дууссан, сүүлд нөхөж гэрээ хийсэн, рекетчээр мануулж орох гарах эрхгүй болгодог төлбөрөө төлж чадахгүй бол гар зайл гэж дарамталдаг, байранд засвар үйлчилгээ үзүүлдэггүй /байрны инженерийн шугам сүлжээ, лифт, харуул хамгаалалт, цэвэрлэгээ зэрэг бүх үйлчилгээ хэвийн явагдаж байна/ гэх зэрэг худал гүтгэсэн, өөрийн гарын үсэг зурсан гэрээгээ үгүйсгэсэн гомдолд анхаарч, түүний өмнөөс өнөөдрийг хүртэл өмчлөгч ОХУ-н талд түрээсийн төлбөр, ус дулаан цахилгаанаар хангагч байгууллагуудад ашиглалтын зардлыг төлж хохирсоор байгааг нотлох баримтууд, хуулийн этгээд болох гэрээний үүргээ биелүүлж буй компани, хууль дүрэмгүй үүрэг хариуцлагагүй мэт дур зоргоороо авирлагч этгээдийн хохирогч болж эрх нь хөсөрдөж байгааг харгалзан үзсэнгүй.

4.3. 172.2.1-д Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.5, 294.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй утга агуулж байна гэж үзэхэд хүргэж байна. Тухайлбал 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэсэн заалтыг хэрэглэсэн нь Истим ХХК-ийн Д.Тогтмаатай байгуулсан Орон сууц түрээслүүлэх гэрээний Наймд Гэрээг цуцлах хэсгийн 8.3-т Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ 2-оос дээш удаа зөрчсөн бол түрээслүүлэгч тал гэрээг дангаараа цуцлах эрхтэй гэсэн заалтыг, түүнчлэн түрээсийн төлбөр, ус дулаан, цахилгаан ашигласны зардлаа олон сараар төлөөгүй компаниар төлүүлж байгаа тодорхой нөхцөл байдал үүссэнтэй зөрчилдөж байна. Д.Тогтмаатай байгуулсан гэрээний энэ заалт нь 2020 оны 06-р сараас 09-р сар хүртэл 2-оос дээш олон даа зөрчигдсөн ...түрээслүүлэгч тал гэрээг дангаар цуцалж гэсэн заалтыг үндэслэж гэрээг цуцалж шүүх байгууллагад хандан нэхэмжлэл гаргасныг, нэхэмжлэл гаргах хүртэл 3 сарын хугацаа өнгөрснийг ч үнэлэн үзээгүй нь магадлалын хянавал хэсгийн 5 дахь хуудас дахь ...хариуцагч Д.Тогтмаагийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэхгүй. Иймээс БГД 8-р хороо 4-р хороолол 7 дугаар байр 26 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй гэсэн дүгнэлт харуулж байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хариуцагчид таатай боломж олгосон, татвар төлөгч хуулийн этгээд болох Истим ХХК-ийн хохирлыг нэмэгдүүлсэн, хэт нэг талын ашиг сонирхлыг хамгаалсан, ИХШХШТХуулийн 172.2.1 дэх заалттай зөрчигдсөн магадал гаргалаа гэж үзэхэд хүргэж энэхүү гомдлыг гаргаж байгаа болохыг анхааран, цаашид хариуцагчийн хууль бус үйлдлээс хохирсоор байхаас сэргийлсэн гол арга хэмжээ болох ...26 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулсныг хянан үзэж, хэргийн материалд авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд оролцогч талуудын хооронд үүссэн бодит байдал, маргаан мэтгэлцээнийг судалж үнэлэн маргаантай асуудлыг шударга зарчмаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн буюу хязгаарласан үйлдэл хийгээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зөв зүйтэй үнэлсэн, өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 116-р зүйл, 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэрийг гаргасан.

Харин хариуцагчийн гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 294-р зүйлийн 294.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2 дахь хэсэг, мөн хуулийн 37-р зүйлийн 37.2 дахь хэсгийг баримтлан гэрээ цуцлах, албадан чөлөөлүүлэхтэй холбогдуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэх үүрэгтэй байснаа биелүүлээгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх нь ...хэргийн 28-31, 33 дахь талд авагдсан мэдэгдлийг хариуцагч Д.Тогтмаа хүлээн авсан болох нь нотлогдохгүй байна. Иймд хариуцагчийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна гэсэн утгатай дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд хариуцагч нь ИХШХШТХ-ийн 25-р зүйл, 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаагаа баримтаар нотлох үүрэгтэй.

Хариуцагч энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Харин шүүхийн мэтгэлцээнд оролцохдоо нэхэмжлэгч талаас орон сууцны хөлсийг хугацаанд нь төлөх, шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд байрнаас албадан гарах талаар утсаар мэдэгдэж байсан, хаалганд нь мэдэгдэл нааж байсан гэх тайлбарыг няцааж эсэргүүцээгүй нь Иргэний хуулийн 204-р зүйлийн 204.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авсан гэж үзэх үндэстэй. Нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8-р зүйлийн 8.3 дахь хэсэгт түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ 2-оос дээш удаа зөрчсөн бол түрээслүүлэгч тал гэрээг дангаараа цуцлах эрхтэй гэж заасан нь Иргэний хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авсан гэсэнтэй нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй байна.

Анхан шатны шүүх нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан ИХШХШТХ-ийн 4-р зүйлийн 4.1, мөн хуулийн 6-р зүйлд заасныг зөрчөөгүй, талууд тэгш эрхтэйгээр мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд ИХШХШТХ-ийн 37-р зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын гаргасан тайлбар нотолгооны хэрэгсэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 7. Нэхэмжлэгч Истим ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Д.Тогтмаа нь 2017.11.08-ны өдөр Орон сууц түрээслэх түрээслүүлэх гэрээгээр БГД-ийн 8 дугаар хороо, 4-р хороолол, №7-р байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг сард 450,000 төгрөг төлөхөөр түрээслэн амьдарч байгаа боловч түрээсийн гэрээний үүргээ биелүүлдэггүй, түрээсийн болон ашиглалтын төлбөрөө төлбөрөө төлөхгүй байгаа тул 2020 оны 6-10 сарын түрээсийн төлбөр 2,250,000 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги 544,500 төгрөг, нийт 2,794,500 төгрөгийг гаргуулж, орон сууцыг чөлөөлүүлнэ... гэж тайлбарласан,

 Хариуцагч: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш, ...тус байрны өмчлөгч тодорхой болсны дараа төлбөрийг төлнө, ...хоёр орны Засгийн газрын гэрээгээр ийм байрны асуудлыг шийддэг, байруудыг хувьчилж авдаг гэж дуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

 9. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: ...Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна, энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж заасан, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь мэдэгдлийг хүлээн авсан хугацаа тогтоогдохгүй байгаа тул орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэхгүй... гэсэн дүгнэлт хийжээ.

 10. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж зохицуулсан.

 11. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл гэрээ цуцлах хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолохоор байтал давж заалдах шатны шүүх нөгөө тал мэдэгдлийг хүлээн авсан үеэс тоолно гэж тодорхойлж, хариуцагч мэдэгдлийг хүлээн авсан хугацаа тогтоогдоогүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч түрээсийн төлбөр төлөх, гэрээ цуцлахыг мэдэгдсэн мэдэгдлийг хариуцагчид утсаар мэдэгдэж, мессеж бичиж, хаалгаа тайлахгүй, гэртээ эзгүй үед хариуцагчийн хаалган дээр наасан талаар тайлбарлаж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргасан, хариуцагч энэ талаар маргаагүй байна.

 12. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.3-т түрээслэгч нь сар бүрийн 15-ны дотор түрээсийн төлбөр 450,000 төгрөгийг түрээслүүлэгч талд дансаар болон бэлнээр төлсөн байх, 4.3-т түрээслэгч төлбөрийг гэрээний 2.3-т заасан хугацаанд төлж барагдуулах, 4.4-т хэрэв төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5хувийн алданги төлөх, 8.3-д түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ 2-оос дээш удаа зөрчсөн бол түрээслүүлэгч тал гэрээг дангаараа цуцлах эрхтэй гэж тус тус харилцан тохиролцсон, хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, удаа дараа зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, орон сууцны түрээсийн төлбөрийг алдангийн хамт гаргуулах, улмаар орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан нь хууль болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна.

 

13. Хариуцагч нь орон сууцны түрээсийн төлбөрийг 2020 оны 06 дугаар сараас эхлэн төлөөгүй болон гэрээ цуцлах эсэх талаар маргаагүй, гагцхүү ...нэхэмжлэгч нь орон сууцыг түрээслэх эрхгүй этгээд байтал оршин суугчидтай түрээсийн гэрээ байгуулж ашиг олж байна, ...түүний ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчлөлийг удирдах Үйлдвэрийн газартай байгуулсан гэрээнд орон сууцыг цааш нь түрээслэх эрхгүй болох нь тусгагдсан байх тул хариуцагчийн Истим ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус эсэхийг шийдвэрлэх шаардлагатай... гэсэн агуулгатай тайлбар гаргаж нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

 14. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Истим ХХК нь 2017.10.31-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар Холбооны улсын үйлдвэрийн газартай №94/17 тоот Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр захиалагчийн /Истим ХХК/ төлөөлөгчдийг доорхи байранд түр байршуулах үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний төлбөрийг /гүйцэтгэгчид/ төлөх үүргийг хүлээсэн ба талуудын хоорондын гэрээнд нэр заагдсан байршуулах үйлчилгээ үзүүлэх байранд маргаж буй Баянгол дүүргийн 8-р хэсэг, 4-р хороолол 07 дугаар байр хамаарч байх бөгөөд талууд гэрээний бүх нөхцлийг биелүүлсний дараа гэрээ дуусгавар болохоор харилцан тохиролцсон,

 мөн 2020.07.31-ний өдөр №02/20-ДА тоот Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч нь /ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах Холбооны улсын үйлдвэрийн газар/ хавсралтад заасан үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгч /Истим ХХК/-д орон сууцны зориулалтаар ашиглахаар хүлээлгэж өгөх, 4.4.2-т түрээслүүлэгчийн гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийг /түүний хэсгийг/ гэрээний 2.1-д заасан хугацаанд давхар түрээслүүлэх, мөн гэрээнд заасан хязгаарлалтыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж зохицуулсан,

 түүнчлэн хариуцагч Д.Тогтмаа нь 2017.11.08-ны өдөр Истим ХХК-тай байгуулсан Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4-р хороолол 7 дугаар байрны 26 тоот орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа, 2020 оны 06 дугаар сараас хойш түрээсийн төлбөр /орон сууцны хөлс/ төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

15. Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус гүйцэтгэнэ, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, анзын гэрээг бичгээр байгуулна, аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, гэрээг цуцлах хугацааг нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 204 дүгээр зүйлийн 204.1, 294 дүгээр зүйлийн 294.3-т тус тус зохицуулсан.

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч буюу хөлслүүлэгч хөлслөгчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, орон сууц хөлсөлсний төлбөр, алдангийн хамт шаардсан нь хууль болон гэрээгээр олгосон эрхээ хэрэгжүүлсэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад нийцсэн, шүүх маргаантай харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Шийдвэр Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00233 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням нарын гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Истим ХХК-иас 2021.02.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД             Н.БАЯРМАА

                                                  Б.МӨНХТУЯА

                                                       Х.ЭРДЭНЭСУВД