Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2026/0519

 

Г.Г нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Э.Т

Нэхэмжлэгч: Г.Г, Г.Э, А.Э, П.Н

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04, 05, 06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах, Уурхайчин багийн 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан багийн Засаг даргаар А.Эийг сонгох тухай 05 дугаартай тогтоол болон Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар П.Нийг сонгосон шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Багийн Засаг дарга нарыг томилох тухай захирамжийн Уурхайчин багийн Засаг дарга Г.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Г.Э, Г.Г, А.Э

Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд П.Н, А.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г

Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Г.Э, Г.Г нарын өмгөөлөгч Э.Т

Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд А.Эийн өмгөөлөгч Ж.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 119/2026/0027/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г, Г.Э нараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Уурхайчин багийн 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан багийн Засаг даргаар А.Эийг сонгох тухай 05 дугаартай тогтоол болон Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар П.Нийг сонгосон 04 дугаартай тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч П.Ноос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Уурхайчин багийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч А.Эээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05, 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Багийн Засаг дарга нарыг томилох тухай захирамжийн Уурхайчин багийн Засаг дарга Г.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар тус тус маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.6, 12.1.7, 12.1.8, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 32.6, 32.8.2, 32.8.3, 32.8.4, 32.9, 32.10, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.6 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Г.Г, Г.Э, П.Н, А.Э нарын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хангаж, Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны Багийн иргэдийн Нийтийн Хуралдааны дарга сонгох тухай 04, Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 05, Хурлын зөвлөл байгуулах тухай 06 дугаартай тогтоолууд, Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 04 дугаартай тогтоол болон Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар П.Нийг сонгосон шийдвэр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Багийн Засаг дарга нарыг томилох тухай захирамжийн Уурхайчин багийн Засаг дарга Г.Гэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож ...,

2 дахь заалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт зааснаар Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор зохион байгуулахыг Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд даалгаж тус тус шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд нарын өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.10 дахь хэсэгт Орхон аймгийн хэмжээнд бусад бүх багууд 2026 оны 01 сарын 31-ний өдөр багийн ИНХ-ын хуралдааны хийж, багийн Засаг даргыг сонгох талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар хурлын товын талаарх мэдээлэл аймгийн хэмжээнд нийтэд зарлагдсан байхад Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл нь 2026 оны 01 сарын 30-ны өдөр хуралдааныг товлосон нь багийн иргэдийг хуралдаан болох цаг хугацааны хувьд төөрөгдүүлсэн, эргэлзээ үүсгэсэн шийдвэр болсон гэж дүгнэхээр байна" гэсэн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт "Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ" гэж заасан бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товлон зарлах эрх, үүргийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд хуулиар олгосон байтал бусад багуудын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас өөр өдөр зарласан нь төөрөгдүүлсэн, эргэлзээ үүсгэсэн шийдвэр гэж хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн байна. Бусад багуудын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан өөр өдөр зарласан нь Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тэдгээр багуудтай адил өдөр товлон зарлах ёстой гэж үзэх үндэслэлгүй ба иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд хуулиар олгогдсон эрхэнд Баян-Өндөр сум, бусад баг, шүүх, эсхүл Ардчилсан нам, тус намын дарга хэн нь халдах эрхгүй. Мөн хурлын товыг иргэд мэдээгүй, хүрэлцэн ирээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай бөгөөд Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар хурлын товыг боломжит хэлбэрээр мэдээлсэн болохыг тогтоосон байхад уг баримтыг үнэлэлгүйгээр хурлын товыг иргэдэд мэдэгдээгүй мэтээр буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3.2. Тус хэрэгт гэрчээр оролцсон Н.Т нь уг хэрэгт хувийн сонирхолтой буюу Ардчилсан намаас Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж сонгогдсон, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ардчилсан намын дарга Г.А зохион байгуулсан хууль бус хуралдааны зохион байгуулах ажилд оролцсон төдийгүй, тус хурлаар иргэдийн Нийтийн Хуралд хуралдааны даргаар сонгогдсон П.Нийн төрсөн хүү бөгөөд манай орцонд зар байгаагүй, хурлын зарыг мэдээгүй гэж мэдүүлэг өгсөн нь хувийн сонирхолтой буюу улс төрийн зорилготой байж болзошгүй гэж үзэхээр байна. Хурлын зарыг иргэдэд мэдээлсэн болох нь эрх бүхий хуулийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнгээр тогтоогдсон байтал улс төрийн болон хувийн ашиг сонирхол бүхий Н.Т мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

3.3. Хууль ёсны хуралдааны хажуугаар аль нэг улс төрийн нам, түүний дарга нь иргэдийн Нийтийн Хурал зарлан хуралдуулж өөрийн намын гишүүд, дэмжигчид тэдний эцэг, эхийг багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон мэтээр хууль бус хуралдаан зохион байгуулах явдлыг дэмжсэн мэт шийдвэр болсонд харамсалтай байна. Хэрэгт авагдсан зураг, дуу-дүрсний бичлэгээр 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь эрх бүхий этгээд зарлаагүй, Орхон аймгийн Ардчилсан намын дарга Г.А, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.А, Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Т нарын улс төрийн намын төлөөлөл болсон хурал зарлах эрхгүй этгээдүүд зарласан, зохион байгуулсан, хамаарал бүхий хүмүүсээ иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга, багийн Засаг даргад нэр дэвшүүлж хууль бусаар сонгосон болох нь тогтоогдож байгаа болно.

3.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.21 дэх хэсэгт хоёр тусдаа хуралдаан зохион байгуулсан нь хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй" гэж дүгнэсэн байх бөгөөд Орхон аймгийн Ардчилсан намын дарга Г.Алтангэрэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.А, Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Т нарын улс төрийн намын төлөөлөл болсон хурал зарлах эрхгүй этгээдүүд зарласан хуралдаан нь хууль ёсоор буюу багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлөөс зарласан хуралдааныг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Энэ жишгээр хууль ёсны хуралтай давхцуулан эсхүл өөр цаг хугацаанд хуралдаан зохион байгуулах нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчих, нутгийн өөрөө удирдах ёсны болон ардчилсан ёсны зарчмыг алдагдуулах эрсдэлтэй тул давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулах ёстой гэж үзэж байна.

3.5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай албан бичгээр Орхон аймгийн Цагдаагийн газарт багийн иргэдийн Нийтийн Хурлын үеэр хэв журам сахиулах хамтран ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд уг бичигт иргэдийн Нийтийн Хурлын хийх байршил, хугацааны талаар мэдээллийг хавсаргасан, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурал болох 1 дүгээр сургуулийн зааланд хэв журам сахиулах алба хаагчдын хуваарийг баталсан, Баян- Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар хяналт тавих албан хаагчдын нэрсийг баталсан зэрэг нь тухайн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, мэдээллээ нягтлан шалгаагүй зэрэг алдаа бөгөөд тухайн байгууллагуудад Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлөөс тогтоосон хуралдааны товыг өөрчлөх эрх хууль тогтоомжоор олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Уурхайчин багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлөөс Баян-Өндөр сумын Засаг даргад хурлын товын талаар 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болох талаар бичгээр мэдэгдсэн байхад тухайн байгууллагууд мэдээллээ нягтлаагүй нь хуулийн дагуу хуралдаанаа зохион байгуулсан Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл, багийн Засаг дарга болон 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болон түүнд оролцсон 73 иргэнийг буруутгах үндэслэл болохгүй. Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 119/ШШ2026/0034 дугаар шийдвэрийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 04, 05, 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, А.Э, П.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Г, Г.Э нараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Уурхайчин багийн 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан багийн Засаг даргаар А.Эийг сонгох тухай 05 дугаартай тогтоол болон Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар П.Нийг сонгосон 04 дугаартай тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч П.Ноос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Уурхайчин багийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч А.Эээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05, 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Багийн Засаг дарга нарыг томилох тухай захирамжийн Уурхайчин багийн Засаг дарга Г.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар тус тус маргасан байна.

2.1. Анхан шатны шүүх ... 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хийж, багийн Засаг даргыг сонгох талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар хурлын товын талаарх мэдээлэл аймгийн хэмжээнд нийтэд зарлагдсан байхад Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдааныг товлосон нь багийн иргэдийг хуралдаан болох цаг хугацааны хувьд төөрөгдүүлсэн, эргэлзээ үүсгэсэн шийдвэр болсон ... 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаан нь хууль ёсны дагуу зохион байгуулагдсан хуралдаан буюу иргэдийн өөрөө удирдлагын байгууллагын эрхийг хэрэгжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй ... гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан нь 73 хүний ирцтэй 19 цаг 05 минутад эхэлж, хуралдааныг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч Г.Э нээн эхлүүлж, тухайн хуралдааны даргалагчаар Ц.А сонгон хуралджээ. Уг хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчаар Г.Эыг, багийн Засаг даргаар Г.Гийг хуралдаанд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар сонгож, Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга сонгох тухай 04 дугаартай тогтоол, Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 05 дугаартай тогтоол, Хурлын зөвлөл байгуулах тухай 06 дугаартай тогтоолуудыг тус тус батлан гаргасан байна.

3.2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаан нь 245 хүний ирцтэй 08 цагаас эхэлсэн байх бөгөөд хуралдааны эхэнд Г.Алтангэрэлээс Албан бус мэдээллээр Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарласан объектоос өөр газар, хугацаанд 1 дүгээр сарын 30-ны өдөр Очир төвийн хурлын зааланд хийж, шийдвэр гаргаж, өмнөх Засаг даргыг улираан томилсон байна гэсэн мэдээлэл өгч уг хуралдаан үргэлжилжээ. Уг хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчаар 129 хүний санал буюу 52.6 хувийн саналаар П.Нийг сонгож шийдвэрлэсэн боловч энэ талаар тогтоол гараагүй, харин нийт сонгогчдын 100 хувийн саналаар А.Эийг багийн Засаг даргаар сонгож, Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 04 дугаартай тогтоол гаргасан. Уг тогтоолууд нь Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын тамга, тэмдэггүй.

3.3. Ийнхүү хоёр тусдаа хуралдсан хуралдаанаас Г.Гийг багийн Засаг даргаар томилуулахаар 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоол, А.Эийг багийн Засаг даргаар томилуулахаар 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоолыг гаргаж тус тус Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлж, улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Багийн Засаг дарга нарыг томилох тухай захирамжаар Уурхайчин багийн Засаг даргаар Г.Гийг томилсон үйл баримтууд тогтоогдож байна.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг хангах, 12.1.6-д нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх, 12.1.7-д ил тод байх, иргэдийг мэдээллээр хангах, 12.1.8-д асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах,

32 дугаар зүйлийн 32.1-д Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн, 32.3-д Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй, 32.6-д Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна, 32.8.2-т Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, 32.8.3-д Хурлын хуралдааны даргыг сонгох, 32.8.4-д баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх, 32.9-д Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ, 32.10-д Баг, хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй.

56 дугаар зүйлийн 56.5.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана, 56.5.2-т энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх, 56.6-д Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно гэж тус тус заасан.

4.2. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тогтоож, хуралдааныг зохион байгуулсан нь хурлын тов тогтоох, хуралдааны зохион байгуулалт хангах бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байх хэдий ч багийн иргэдийн төлөөлөл, оролцоог хангалттай бүрэн хангаагүй буюу тус өдрийн хуралдаанд нийт 73 иргэн оролцсон нь 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн байх ирцийн хувьд хурал хүчинтэйд тооцогдох боловч тухайн багийн өрх тутмаас хуралдаанд оролцох иргэдийн оролцоог бүрэн хангах хэмжээнд хурлын товыг мэдээлсэн гэж үзэхээргүй байна.

Харин Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдсан хуралдаан нь албан ёсны эрх бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн шийдвэргүй, тухайн хуралдааныг эрх бүхий захиргааны байгууллага, багийн иргэдийн Нийтийн Хурлын болон багийн Засаг даргын ажлын алба зохион байгуулаагүй байна.

Ийнхүү 2 тусдаа, өөр, өөр өдрүүдэд хуралдаж улмаар Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болон 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хоёр тусдаа хуралдаж, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаас багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчаар Г.Эыг, багийн Засаг даргаар Г.Гийг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчаар П.Нийг, багийн Засаг даргаар А.Эийг тус тус сонгосон.

4.3. Хэрэгт авагдсан Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/115 дугаар албан бичиг, Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Багуудын иргэдийн нийтийн хурлын дарга нарт хүргүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Чиглэл өгөх тухай албан бичиг, Баян-Өндөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай 22 багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08.00 цагт эхлэх талаар болон Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 1 дүгээр сургуулийн спорт зааланд болох талаар байршлыг заасан албан бичиг, Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурал болох 1 дүгээр сургуулийн спорт зааланд хэв журам сахиулах алба хаагчдын хуваарь, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/06 дугаартай тушаал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар зэрэг байгууллагын уялдаа холбоо бүхий албан бичгүүдээс үзэхэд Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр товлон зарласан талаар дээрх албан бичгүүдэд дурдсан байна.

4.4. Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдааныг товлон зарласан нь Орхон аймгийн хэмжээнд бусад бүх багууд 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хийж, багийн Засаг даргыг сонгох талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар хурлын товын талаарх мэдээллийг аймгийн хэмжээнд нийтэд зарласнаас өөр өдөр зарласан байх бөгөөд энэ нь багийн иргэдийг хуралдаан болох цаг хугацааны хувьд төөрөгдүүлсэн буюу багийн иргэдийн дийлэнх олонхыг хамруулж чадаагүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.

4.5. Мөн тухайн өдрийн хуралдаанд 73 хүн хүрэлцэн ирсэн нь хуралдааны тов багийн өрх тутамд хүрээгүй, хуралдаанд оролцохыг хүссэн иргэд тухайн өдрийн хуралдааны товыг мэдээгүй, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч, Засаг даргад нэр дэвших иргэд тухайн өдрийн хуралдаанд оролцоогүй байх тул 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан зарчимтай нийцэхгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн ... Бусад багуудын ИНХ-ын хуралдаан өөр өдөр зарласан нь Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тэдгээр багуудтай адил өдөр товлон зарлах ёстой гэж үзэх үндэслэлгүй ба иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд хуулиар олгогдсон эрхэнд Баян-Өндөр сум, бусад баг, шүүх, эсхүл Ардчилсан нам, тус намын дарга хэн нь халдах эрхгүй ... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.6. Харин Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаан албан ёсны эрх бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн шийдвэргүй, тухайн хуралдааныг эрх бүхий захиргааны байгууллага, багийн иргэдийн Нийтийн Хурлын болон багийн Засаг даргын ажлын алба зэрэг захиргааны байгууллагаас зохион байгуулаагүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8, 32.8.2, 32.9-д тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

4.7. Учир нь, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаан нь 245 хүний ирцтэй 08 цагаас эхлэн тухайн өдрийн хуралдаанд оролцохоор ирсэн иргэдээс хуралдаан даргалагчийг сонгон хуралдаан үргэлжилж, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч, багийн Засаг даргад нэр дэвшүүлж санал хураах ажиллагаануудыг явуулсан байх бөгөөд ингэхдээ багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг тогтоох, зохион байгуулах эрх бүхий байгууллагын оролцоо, зохион байгуулалтгүйгээр иргэдийн ирцийг бүрдүүлэн хуралдааныг зохион байгуулж, багийн нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэн хэлэлцжээ. Энэ үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилгод нийцэхгүй тул тус өдрийн буюу Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаан нь хууль ёсны дагуу зохион байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.8. Дээрх үндэслэлүүдээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 30, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус хуралдсан хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зорилго болон засаг захиргаа, нэгжийн удирдлагын зарчимд нийцэхгүй төдийгүй Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд мөн харшилсан байх тул хууль бус захиргааны актууд гэж үзэхээр байна.

4.9. Гэтэл эдгээр хууль бус захиргааны актуудыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлж, улмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоолыг үндэслэн тус аймгийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Багийн Засаг дарга нарыг томилох тухай захирамж гарснаар Уурхайчин багийн Засаг даргаар Г.Гийг томилсон байх тул маргаан бүхий аймгийн Засаг даргын энэ захирамжийг хүчингүй болгох нь зүйд нийцнэ.

4.10. Иймд нэгэнт Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04, 05, 06 дугаар тогтоолууд, Уурхайчин багийн 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай тогтоол болон Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар П.Нийг сонгосон шийдвэр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар захирамж зэрэг захиргааны актууд хууль бус болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ОДБААТАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА