Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 30

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0033/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
        Нарийн бичгийн дарга: Н.Энхзул
        Улсын яллагч: Д.Энхжаргал        
       Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунцэцэг
       Шүүгдэгч: С.Амгаланбаатар нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Амгаланбаатарт холбогдох 201723000007 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 35 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг 6-7 тоотод оршин суух, урьд 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.1, 261-р зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан Боржигон овогт Сарантуяагийн Амгаланбаатар /РД:СР82060917/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:  
Шүүгдэгч С.Амгаланбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг С26-р байрны 07 тоотод оршин суух иргэн М.Энхтүвшингийн  Батноров хийцийн их гарын 120 лангийн мөнгөн чимэгтэй эмээл хормой боолт зэргийг би мөнгөтэй хүн 2 хоногийн дараа мөнгийг чинь өгнө худалдаж авна гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад 8500000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа 2017 оны 01 сарын 11-ний өдрөөс 2017 оны  01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын ажилагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.Амгаланбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг С26-р байрны 07 тоотод оршин суух иргэн М.Энхтүвшингийн  Батноров хийцийн их гарын 120 лангийн мөнгөн чимэгтэй эмээл, хормой боолт зэргийг залилан мэхэлж авч бусдад 8500000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:  
  Хохирогч М.Энхтүвшингийн: ...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүргэн дүү Баярцогт над руу утасдаад хүн эмээл авъя гэнээ байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь байгаа гэж хэлсэн. Тэгээд эмээл авах гэж байгаа гэх Амгаланбаатар орой манай гэрт ирсэн. Тэгээд би хүргэн дүү Баярцогтын гэрт эмээлээ оруулаад Амгаланбаатарт үзүүлсэн чинь өө шууд авья 2 хоногийн дараа бүгдээрээ Галшар сум руу манай гэр рүү цуг явж мал хунараа авна гэж хэлсэн. Тэгээд би Амгаланбаатарыг чи хаана юу хийдэг хүн бэ гэж асуусан чинь би аймагт үсчин хийдэг Хэрлэнгийн нөхөр гэж надад хэлсэн. Би  Хэрлэнг сайн таньдаг болохоор өө манай Хэрлэн юм уу гэж хэлээд итгээд эмээлээ өгөөд явуулсан. Тухайн үед би 23 сая төгрөгөөр эмээлээ зарна гэж хэлээд манай хүргэн Баярцогт Амгаланбаатарын гэрийг нь мэдэж авъя гээд гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд маргааш нөгөөдөр нь манай дүү Баярцогттой уулзаад Түмэндэмбэрэлээр бар саваар дайлуулсан гэсэн. Тэгээд манай дүү надад энэ Амгаланбаатар гэдэг залуу нэг л биш ээ мөнгөтэй хүн арай ч ингэж ярьдаггүй юм даа гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед итгээгүй. Тэгээд Амгаланбаатар Галшар суманд ямар ч эд хөрөнгө байхгүй, айлд малчин хийж байсан гэж хүнээс сонсоод Хэрлэнтэй уулзсан чинь хаана байгааг мэдэхгүй байсан. Тэгээд надад нэг таксины дугаар өгөөд энэ хүнтэй цуг явж байгаа байх гэж хэлсэн. Тэгээд би тэр дугаар руу залгасан чинь Энхтүвшин гэдэг хүн байсан. Тэгээд Энхтүвшин надад Улаанбаатар хотод явж байна гэхээр нь Амгаланбаатарыг сураглаад эмээлээ асуусан чинь хотод нэг ломбарданд тавьсан. Амгаланбаатар бичиг баримт байхгүй, миний бичиг баримтаар тавьсан гэж хэлсэн. Тэгээд би УБ хотод таньдаг найзаа Энхтүвшинтэй уулзуулаад эмээл тавьсан ломбард дээрээ очоод цагдаагийн байгууллагад хандаж алдагдсан эмээлийн сургийг олж авсан. Тэгээд Энхтүвшин цагдаа нартай Амгаланбаатарыг хайж их гадуур явсан гэсэн. Амгаланбаатар өөрөө буцаж нөгөө ломбарданд очоод миний тавьсан эмээл их үнэтэй эмээл болохоор дахиж мөнгө нэмж авна гэж очоод баригдсан юм билээ...гэх мэдүүлэг /хх 27-28 тал/
Иргэний нэхэмжлэгч Т.Дашренчингийн...Уг эмээлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай дүү Мөнхбаатар дагуулж ирээд ахаа үүнийг үнэлж чадахгүй байна. Энэ 2 хүн тавих гэсэн юм гээд авч орж ирсэн. Тэгэхээр нь би үнэлгээг хийчихээд та хоёрынх мөн юм уу, бичиг баримт байгаа юу гэдгийг маш сайн тодруулсан. Тэгсэн тэр хоёрын нэг нь миний эмээл байгаа юм. Би Дундговь аймгийн харьяат алдарт уяач байгаа юм. Хэнтий аймгаас гэрээсээ яваа мөнгө хэрэгтэй болсон юм. Хүнээс махны мөнгөө авчихаараа эмээлээ буцааж авна ямар ч асуудалгүй энэ миний эмээл гэж хэлсэн. Манайх уг эмээлийг 6500000 төгрөгөөр тавьсан юм...гэх мэдүүлэг /хх 31 тал/
Гэрч Ц.Энхтүвшингийн...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөгөө залуу над руу залгаад утасдаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд тэр залууг Амгаланбаатар гэж мэдсэн. Тэгээд гэрээс нь эхнэр хүүхдийг нь аваад ажил дээр буюу үсчний газар буулгаж өгсөн. Тухайн үед Амгаланбаатар гадуур дотуур явах ажилтай болохоор надтай цуг бай ах нь 1000 гаран малтай 16 давхар байрны 6 давхарт 3 өрөө байр үзээд гадаа нь гараад нэг ченж рүү залгаад үхэр зарна байр авна гэж ярьж байсан. ....тэгээд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд С.Амгаланбаатар над руу залгаад УБ явах ажилтай болчихлоо яваад өгчих шинэ жилийн хувцас хунар бэлдэх шаардлагатай байна гэж энэ эмээлийг авчих хотод очиж хүнд үзүүлнэ гэж надад хэлсэн. Тэгээд би Амгаланбаатарын гэрээс уг эмээлийг авсан болохоор хүний эмээл залилсан гэдгийг мэдээгүй. ...Амгаланбаатар ломбардны хүнээс 6500000 төгрөг тоолж авсан. Тэгээд Амгаланбаатар 3, 4 хорооллын эцэс орж хувцас хунар авъя гээд явсан. Тэгээд хорооллын чансаа дэлгүүрээс 200.0 төгрөгөөр гутал авсан. Тэгээд замын хойно 1000 нэрийн дэлгүүр орж куртик, костюм, пиджак, цаг, тэлээ зэрэг хувцас авсан. Тэгээд би найз Сүхбаатарыг дуудаад бид нар хорооллын нэг том бааранд ороод 3 хүүхэнтэй танилцаад тэр хүүхнүүдтэйгээ цуг баарнаас гараад буудалд орсон. ...Амгаланбаатар өөртөө бэлтгэлийн хувцас 500.0 төгрөг пүүз, 1700000 төгрөгөөр алтан бөгж, эхнэртээ 400.0 төгрөгөөр плаж авлаа гэж хэлсэн. Тэгээд шатахууны мөнгө байгаа юу гэхээр нь байхгүй мөнгөө дууссан гэсэн чинь хоёулаа манай найзынх руу ороод мөнгө авъя гэж хэлээд Мөнгөн завьяа дэлгүүрийн урд хойшоо харсан 9 давхар байр руу очоод Амгаланбаатар орц руу гүйж ороод удалгүй гарч ирээд 500.0 төгрөг авчихлаа гэж хэлсэн. Тухайн үед Амгаланбаатар худпаа ярьсан байх. Тэгээд бид хоёр Амгалан буудлын ойролцоох ШТС-с шатахуун аваад дэлгүүрээс 2 торт аваад 0,75 л болор аваад замдаа идэх юм аваад шууд Хэнтий рүү гарсан. С.Амгаланбаатар руу одоо бодоход эмээлний эзэн залгасан байх эмээл хэрэгтэй боллоо гээд ярьсан чинь Амгаланбаатар Галшарын нутагт явж байна. Буцаж очиж эмээлээ аваад маргааш аймгийн төвд авчирч өгье гэж хэлсэн. Тэгээд эмээлний эзэн утсаар яриад дуусангуут С.Амгаланбаатар надад УБ хот явъя хүнээс мөнгө төгрөг олж нөгөө ломбарднаасаа эмээлээ аваад буцье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр УБ-руу явсан. Хотод очоод хорооллын эцэст нэг буудалд ороод 2 хүүхэн олж өгсөн. С.Амгаланбаатар нөгөө 2 хүүхэнтэй архи уугаад үлдсэн. Маргааш нь эхнэр утасдаад ээж нас барчихлаа чи наашаа гар  гэж хэлсэн. Амгаланбаатар нөгөө ломбард дээрээ очиж нэмж мөнгө авах гэж байгаад цагдаа нарт баригдсан юм шиг байна лээ. ...Амгаланбаатар надад мянгат малчин гэж өөрийгөө танилцуулсан. ...Амгаланбаатар эмээлээ хүнд зарна барина хотод очоод хүнд үзүүлээгүй, хот руу явж байхдаа эмээлээ ломбарданд тавина л гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх 33-34 тал/
Гэрч Д.Мөнхбаатарын...Би Тэлмэнжав-1 ломбарданд ажлаа хийгээд сууж байхад нэг намхан залуу орж ирээд мөнгөн тоногтой эмээл авах уу гэсэн юм. Тэгээд би эмээлийг үзсэн чинь үнэлж мэдэхгүй болохоор Дашцэрэнгийн ажиллуулдаг Далай заан ломбард руу очоод эмээлээ үзүүлээд 25 сая төгрөгийн эмээл байгаа юм гээд ломбарданд 6500000 төгрөгөөр тавьсан юм. ...тэр залуу өөрийгөө хөдөө мянган малчин, улсын том уяач гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх 36 тал/
Гэрч П.Баярцогтийн...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад 14 цагийн үед миний утас руу С.Амгаланбаатар залгасан. Тухайн үед надад өөрийгөө Алтансүх гэж танилцаад Түмэндэмбэрэлийн хүн үү танайх эмээлээ хийж байгаа юу бэлэн эмээл байна уу үзэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь чи чинь юун хүн билээ хаана байдаг хүн бэ гэж асуусан чинь Галшар суманд байдаг гэж хэлсэн. Тэгээд орой 18 цагийн үед над руу залгаад би гэрээсээ гараад явж байна уулзъя Амгаланбаатар надад би Дундговь аймгийн харьяат Хэнтий аймагт ирээд 2 жил гаран болж байна. Одоогоор Галшар суманд амьдардаг. Галшар суманд танай эмээлийг авсан хүмүүс байдаг юм байна. Би энэ жил улсын сайн малчин болох гэж байгаа юм өнөөдөр 143000000 төгрөгөөр 16 давхар байрны 3 давхарт 3 өрөө байр авчихлаа бас том эмээл авах гэж байгаа гэсэн. Тэгээд манай гэрт байсан эмээлээ харуулсан чинь шууд авъя гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх 37 тал/
Гэрч Х.Цэцэнбаярын...С.Амгаланбаатар нь хүү бид хоёртой хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд амьдарч байгаад 2013 оны 6 сараас яваад сураггүй болсон. 2015 оны өвөл нэг хүүхэнтэй ирээд уулзъя гэхээр нь уулзаагүй, Амгаланбаатар нь Цогтцэций суманд надтай хамт амьдарч байх үедээ Энержи ресурс ХХК-д засварчнаар 3 жил орчим ажиллаж байсан. Амгаланбаатар нь өөрийн нэр дээр өмч хөрөнгө гэж байхгүй...гэх мэдүүлэг /хх 39 тал/
Гэрч Ж.Хэрлэнчимэгийн...2016 оны 08 дугаар сард Амгаланбаатар нь надаар үсээ засуулж байсан. Хамтран амьдарч байгаагүй, хаана байдгийг мэдэхгүй, найз нөхдийг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх 40 тал/
Гэрч Д.Нямлхагвын...С.Амгаланбаатар гэдэг хүн Батноров хийцийн 120 лангийн эмээл сонирхох уу биеэр болон утсаар асууж байгаагүй...гэх мэдүүлэг /хх 41 тал/
Эмээлийн үнэлгээ /хх 51 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Амгаланбаатарын 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн М.Энхтүвшингийн  Батноров хийцийн их гарын 120 лангийн мөнгөн чимэгтэй эмээл, хормой боолт зэргийг залилан мэхэлж авч 8500000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Харин Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Амгаланбаатарыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлхийсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгчийг хэзээ, ямар ажиллагаанд, яаж дуудсан болох нь тодорхойгүй, энэ байдлыг улсын яллагч шүүхэд нотолж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх байдал тогтоогдохгүй байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн байна.
Энэ гэмт хэргийн улмаас 8500000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд цагдаагийн байгууллагаас алдагдсан эд зүйлүүдийг олж хохирогчид буцаан олгосон байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин иргэний нэхэмжлэгч Т.Дашренчинд учирсан хохирлыг шүүгдэгч төлөхийг өөрөө зөвшөөрсөн тул шүүгдэгчээс 65000000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Шүүгдэгчийн ялгүй үедээ буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      
ТОГТООХ НЬ:
          1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Амгаланбаатарыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлхийсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосүгай.
2. Шүүгдэгч Боржигон овогт Сарантуяагийн Амгаланбаатарыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар шүүгдэгч С.Амгаланбаатарыг 03 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч С.Амгаланбаатарын цагдан хоригдсон 48 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцугай.
 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Амгаланбаатараас 6.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Дашренчинд олгосугай.
 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
    8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Амгаланбаатар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй
          
 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ГАНЗОРИГ