| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2024/0048/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М** овогт Б.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310035761960 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М** овогт Б.Б нь Монгол Улсын иргэн, **оны 02 дугаар сарын 26-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын техникч мэргэжилтэй, “Х” ХХК-д автомеханикч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Б.Б нь “банкны муу түүх арилгана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатаар зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Реал гарден хотхоны 28-1 тоотоос өөрийн Хаан банкны 5** тоот данс руу нийт 2,300,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хохирогч Н-ыг эртнээс таньдаг ба нэг удаа туслаач гэж гуйхад нь туслах санаатай 2,300,000 төгрөгийг авсан, буцааж өгье гэж бодсон боловч тухайн үед мөнгө байгаагүй. Ийм зүйл хийсэндээ үнэхээр их харамсаж байна, дахин ийм үйлдэл хийхгүй гэв.
Эрүүгийн 2310035761960 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1.Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн Д.Н-ын бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
2.Хохирогч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),
3.Хаан банкны 50*** дугаарын дансны хуулганд Б.Б-ийн 50** дугаартай эзэмшлийн дансанд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг /зээл өгөв/ гэх утгатай шилжүүлсэн зарлага гарсан, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Д.Н-ын 50** дугаартай данснаас Б.Б-ийн эзэмшлийн 50** дугаартай Хаан банкны дансанд 300,000 төгрөгийг /Н-с/ гэх утгатай шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн.гэсэн гүйлгээний дэлгэрэнгүй (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),
4.2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Д.Н-т, Б.Б хоёрын хооронд байгуулсан 1920 дугаартай зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас), Д.Н-т, Б.Б-ийн хоёрын фейсбүүк чатаар харилцсан чат (хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас),
5.Хаан банкны Б.Б-ийн эзэмшдэг 5071449593 тоот харилцах дансны 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх дансны хуулга (хавтаст хэргийн 22-34 дүгээр хуудас),
6.Хаан банкны Б.Б-ийн эзэмшдэг 5169531239 тоот харилцах дансны 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх дансны хуулга (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
7.Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Анх 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүк байсан “Монгол банкны хар түүх арилгах хүн байна уу мэдээлэл авъя” гэж оруулсан байсан постын доор би мэдээлэл өгнө гэж бичсэн. Тухайн постын Н-т гэх хүн оруулаагүй байсан өөр хүн байсан намайг мэдээлэл өгнө гэж бичээд удаагүй байхад Н Hi мэдээлэл авъя хар түүх арилгах уу гэж холбогдсон тэгэхээр нь би арилгаж болно 10-15 хоногт арилгана гэж хариу өгөөд хаячихсан байсан тэгсэн маргаашаас нь над руу өөрөө эхэлж чат бичээд уулзъя ахад нь наад асуудал чинь аягүй хэрэгтэй байна гэж бичсэн байсан тэр үед нь би хариу өгөөгүй тэгсэн 08 дугаар сарын 02-ний өдөр би нотариат хийж мөнгийг чинь өгий маргааш уулзъя гэж чат бичсэн тэгэхээр нь би зөвшөөрсөн тэгээд 08 дугаар сарын 03-ний өдөр Хан-Уул дүүргийн гадна уулзаж дүүргийн хажуу талын нотариат орж зээлийн гэрээ байгуулан өөрийн Хаан банкны 5071449593 тоот дансаар 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч өөрийн нөгөө данс болох Хаан банкны 5169531239 тоот данс руугаа шилжүүлээд 1,5000,000 төгрөгийг өртэй байсан хүн рүүгээ шилжүүлэн үлдэгдэл мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Тэгээд тэр орой иргэний үнэмлэхийн зургаа явуулсан түүний дараа 14-ний өдөр надад мөнгө хэрэгтэй болоод Наранцацралд үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэж хэлээд Хаан банкны 5071449593 тоот дансаар 300,000 төгрөгийг авч өртэй байсан хүн рүүгээ мөнгө шилжүүлсэн тэр хооронд Н гэх хүн юу болж байн яаж байна гэх болгонд нь удахгүй болно гэж хэлдэг байсан. Тэгээд би өөрийн найз О руу залгаад чи нэг хүн рүү яриад хар дансны асуудал чинь ганц хоёр хоногийн дотор болчихно гэж хэлүүлсэн. Би Н-с авсан мөнгөө эргүүлэн өгсөн байгаа.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),
8.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), “Х” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн АБ/18 тоот албан бичигт: Б.Батсайхан нь тус компанид автомеханикчаар ажилладаг нь үнэн болно.гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Б.Б.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Б.Б-ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА