Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/53

 

 

 

 

2024           01            15                                        2024/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цэцэн Чоймбол овогт Бат-Амгалангийн *******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000002157 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цэцэн Чоймбол овогт Бат-Амгалангийн ******* нь Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 09-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Алдархаан сум, Аргалантад оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10-01/2633 тоот албан бичигт: Б.******* нь Завхан аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 450,000 төгрөгийн торгох ял оногдуулсныг бүрэн төлж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/84 тогтоолоор дуусгавар болсон (РД:ИА99010903).

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн П.Авирмэдийн өмчлөлийн 3560 УББ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашины 4 дугуй, 2 толь, шил арчигчийг хугалж, салхины шилийг хагалж, копуд, крылон, 4 хаалга зэргийг зурж гэмтээж 2,520,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай нөхөр Нямгэрэл 7 хоног гэртээ ирээгүй. Тэгээд би Нямгэрэлийг нэг өдөр дагаж яваад хаана байгааг нь мэдсэн. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шөнө 22 цагийн орчим би хоёр хүүхдээ аваад Нямгэрэлтэй уулзахаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43Б байрны 5 давхрын 157 тоотод очиж хаалгыг нь тогшиход эмэгтэй хүн дугарахаар нь би Авирмэдийг байна гэж мэдсэн ба 3-4 цаг тус айлын хаалгыг тогшиход онгойлгож өгөхгүй байсан учир уурандаа гадаа байсан Авирмэдийн эзэмшлийн 3560 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг газар байсан төмөр үзүүртэй урт зүйлээр цоолсон, би эхлээд дугуйг нь хагалъя гэсэн бодолтой байсан. Авирмэд блокон дээрээс намайг хэл амаар доромжлоод байсан тэгэхээр нь тухайн машины хаалгыг зурсан, толийг хагалсан, шил арчигчийг хугалсан тэгээд би хоёр хүүхдээ аваад гэр лүүгээ явсан гэв.

Эрүүгийн 2310000002157 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1.Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09:39:41 цагт “35-60 УББ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн автомашины 2 толь, шил, хаалга, копуд зэргийг яваар зурж, эвдэж сүйтгэсэн байна. Нөхрийн салсан эхнэрийг сэжиглэж байгаа, өчигдөр орой ирсэн.” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

2.2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас),

3.Хохирогч П.Авирмэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

4.“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас), төлбөрийн баримт (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

5.Яллагдагч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны 11 сарын 13-ны шөнө 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Тэлмүүн хотхоны 43Б байранд Нямгэрэлтэй уулзах гээд 5 давхрын 157 тоотод очиж хаалгыг нь тогшиход эмэгтэй хүн дугарахаар нь би Авирмэд Нямгэрэлтэй хамт байгаагийн мэдээд 2-3 цаг тус хаалгыг тогшоод огт онгойлгож өгөхгүй байсан учир би уурандаа тухайн байрнаас гарч тус 43Б байрны гадаа байсан Авирмэдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох 3560 УББ улсын дугаартай хар өнгийн Toyota Prius-30 маркийн автомашиныг ойр хавьд газар байсан төмөр үзүүртэй зүйл байхаар нь би аваад тухайн машины 4 дугуйны цоолж, 2 талын толийг нь хугалж аваад, урд талын 2 шил арчигчийг нь хугалж аваад, урд талын хамар дээр нь авираа гэж үзүүртэй зүйлээр зураад, баруун урд шилийг бага зэргийн зурсан тэгээд би гартаа байсан үзүүртэй зүйлээ газар хаяад харьсан. Нямгэрэл бол миний нөхөр байгаа юм гэрлэлтийн баталгаа байхгүй мөн 2017 онд анх танилцаад гэр бүл болоод дундаасаа хоёр хүүхэдтэй болсон 2023 оны 06 сард Нямгэрэл бид хоёр хүүхэдтэйгээ хотод орж ирээд би буцаад хоёр хүүхдээ аваад Завхан руу 07 сард яваад Нямгэрэл хотод ажил хийнэ гэж үлдээд би буцаад 8 дугаар сард хоёр хүүхдээ үлдээгээд Завханаас хотод ирээд Нямгэрэл бид хоёр 11-р хороололд хамт амьдардаг байсан бөгөөд 11 сарын 10-ны өдөр Нямгэрэл гэрээсээ яваад ирэхгүй байсан учир би Нямгэрэлтэй уулзах гэж хайсан тэгээд араас нь дагаж байгаад Тэлмүүн хотхонд байгаагийн мэдээд очиж уулзах гэтэл ийм асуудалд хүрсэн. Харин Авирмэдтэй бол 2022 оны 10 сард Нямгэрэлтэй хамт Завханд 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байтал Авирмэд гэх эмэгтэй манай нөхөр лүү залгаж дуудаж уулзъя гэдэг байсныг мэдээд би нэг орой Авирмэдтэй уулзах гэж Завхан аймгийн Алдархаан сумын 7-6 тоотод байх гэрт нь очиж уулзаж манай нөхөртэй яагаад холбогдоод байгаа юм бэ, хоёр хүүхэдтэй ш дээ гэх талаар сануулж хэлэхэд Авирмэдийн аав нь Пүрэвсүрэн гэх хүн намайг эхлээд нүүр лүү цохиод авахад дараа нь Авирмэд бид хоёр харилцан бие биеэ үсдэлцэж зууралдаад салахад Пүрэвсүрэн нь Авирмэдэд урт мод өгөөд намайг зодуулсан асуудал тэгээд би энэ асуудлаас хол байх гээд Нямгэрэлтэй цуг Алдархаан сум руу явсан хойгуур Завханы цагдаагаас над руу залгаж Авирмэд надад дээр гомдол гаргасан байсан, тэгээд би энэ асуудлаас болж шүүхээр орсон тэгээд би түүнээс хойш Авирмэд гэх эмэгтэйг мэддэг болсон мөн одоо болтол Авирмэд Нямгэрэлтэй уулзаж холбогдоод байгаа асуудлыг ойлгохгүй байна. Тухайн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нямгэрэл тухайн Авирмэд гэх эмэгтэйтэй хамт гэрээ орхиж яван хамт байсан мөн надад хаалгаа тайлж өгөхгүй 2-3 цаг гэртээ байгаад байсан учир би маш их гомдолтой уурласан учир тухайн Авирмэдийн эзэмшлийн машиныг эвдэлсэн. Би дахин ийм асуудал гаргахгүй. Би анхнаасаа тухайн машиныг эвдэлж сүйтгэх санаа бодол зүйл байгаагүй харин Нямгэрэлтэй уулзах гэж очиход Авирмэд гэх эмэгтэй уулзуулахгүй байсан учир ийм асуудал үүссэн харин машиныг эвдэлсэн асуудлыг би хүлээн зөвшөөрч байна.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

6.Шүүгдэгч Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (39 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10-01/2633 тоот албан бичигт: Б.******* нь Завхан аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 450,000 төгрөгийн торгох ял оногдуулсныг бүрэн төлж, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/84 тогтоолоор дуусгавар болгосон талаарх тоот (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн П.Авирмэдийн өмчлөлийн 3560 УББ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашины 4 дугуй, 2 толь, шил арчигчийг хугалж, салхины шилийг хагалж, копуд, крылон, 4 хаалга зэргийг зурж гэмтээж 2,520,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

-Хохирогч П.Авирмэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо Тэлмүүн хотхоны автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 35-60 УББ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавьсан байсан. Тэгсэн чинь 22 цаг 30 минутын орчимд гэртээ унтаж амарч байхад манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь харсан чинь манай нөхөр Нямгэрэлийн хуучин салсан эхнэр ******* байсан.Тэгэхээр нь хаалгаа тайлаагүй ба ямар нэгэн юм хаалганы наана цаанаас яриагүй. Тэгсэн чинь манай гэрийн хаалгыг төмрөөр хөшөөд байсан, тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Тэгтэл дуудлагын дагуу эргүүлийн цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа ирээд энэ эмэгтэй гэртээ орно гээд байна, хаалга онгойлго гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би хаалганы наад эмэгтэй чинь манай нөхрийн хуучин салсан эхнэр нь байгаа юм, би наад эмэгтэйгээс чинь айж байна гэрийн хаалгаа тайлах боломжгүй гэж хэлсэн. Ингээд цагдаа нар наад гэр бүлийн асуудлаа дотроо шийд гэж хэлээд явсан.Тэгтэл ******* дахин гэрийн хаалга нүдээд байхаар нь хаалгаа тайлаагүй. Тэгээд 00 цаг 40 минутын үед Нямгэрэл нь зогсоол дээр байсан миний машиныг өшиглөөд цохиод байсан, бас нэг нэг үзүүртэй юмаар зураад байсан, толийг нь өшиглөөд байсан ба миний машиныг эвдэж байгаад яваад өгсөн. Тэгээд өглөө машинаа үзээд эвдэлсэн байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулж байна. Миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэрийн хаалгыг сүртэй эвдэлж хэмхэлсэн зүйл байхгүй болохоор үүнтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний машины 4-н дугуйг үзүүртэй зүйлээр чичилж хагалсан байсан, 2 толийг хагалсан, урд салхивчны шилийг бага зэрэг хагалсан, урд копуд дээр миний нэрийг үзүүртэй зүйлээр бичсэн байсан, 4-н талын хаалгыг бүгдийг нь зурж гэмтээсэн байсан, урд хоёр крылог зурсан байсан, мөн жолоочийн хажуу талын жижиг салхивчны зүйлийг бас зурж гэмтээсэн зэрэг эвдрэлүүдтэй байсан. Манай гэр 5-н давхарт байдаг, гадаа байрны гэрэлтүүлэг тод, би болкон дээр гарч ирээд эвдэлж байхыг нь нөхрийн хамтаар харсан утсаараа бичлэг хийж баримтжуулж авсан.******* нь тухайн үед 2 хүүхдээ дагуулаад явж байсан. Хоёр хүүхэд нь бага насны хүүхдүүд байдаг. Бараан өнгийн хувцастай явж байсан. Яг тийм гээд нэрлэж хэлж чадахгүй байна. Би эвдэлсэн машинаа янзлуулж авах хүсэлтэй байна. Өөрөөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас), “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас), төлбөрийн баримт (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), Яллагдагч Б.*******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас), гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 6 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэж тодорхойлсон бөгөөд хөрөнгийн үнэлгээний байгууллага хохирогчийн эвдэрсэн эд хөрөнгийн үнийг 2,520,000 төгрөгөөр тогтоосон тул шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.*******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар. Гэмт хэргийн улмаас Д.Авирмэдийн эзэмшлийн 3560 УББ улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн автомашины 4 ширхэг дугуй 380,000 төгрөг, толины хавтас 2 ширхэг 160,000 төгрөг, шил арчигчийн гуя 2 ширхэг 20,000 төгрөг, шил арчигч 2 ширхэг 20,000 төгрөг, хаалганы шил /баруун урд/ 30,000 төгрөг, салхины шил /урд/ 350,000 төгрөг, капут 95,000 төгрөг, крыло /зүүн урд/ 55,000 төгрөг, хаалга зүүн урд 65,000 төгрөг, хаалга /зүүн хойд/ 60,000 төгрөг, крыло /зүүн хойд/ 75,000 төгрөг, хаалга /баруун урд/ 60,000 төгрөг, хаалга /баруун хойд/ 65,000 төгрөг, крыло /баруун урд/ 45,000 төгрөг, будах зардал 1,040,000 төгрөг, шууд зардлын дүн 2,520,000 төгрөг, 800 грамм будаг, туслах материал, лак, өнгө гаргах 160,000 төгрөг, эд анги солих 80,000 төгрөг шууд бус зардлын дүн 240,000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон нийт дүн 2,760,00 төгрөгөөр тогтоосон (хх22) байна. Мөн хохирогч П.Авирмэдээс Ашид Билгүүн ХХК-д тээврийн хэрэгслээ үзүүлсэн төлбөрт 174,000 төгрөгийн баримт /хх21/ талд авагдсан байна.

Иймд шүүгдэгч Б.*******ээс эд хөрөнгийн хохиролд 2,760,000 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 174,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч П.Авирмэдэд олгох үндэстэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хязгаарыг Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналтай. Хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.******* бичиг үсэг мэднэ, өмгөөлөгч сонгож авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөлдөө би Улаанбаатар хотод байр түрээслээд амьдарна гэж бодож байгаа, надад оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоож өгнө үү.гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргасан.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэргээс нэг удаа ял шийтгэгдэж байсан байх боловч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаанд хүлээлгэж, ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялыг солихыг анхааруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

III. Бусад асуудлаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, ял шийтгэгдсэн шүүхийн шийдвэрийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цэцэн Чоймбол овогт Бат-Амгалангийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэцэн Чоймбол овогт Бат-Амгалангийн *******ийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суудаг Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс эд хөрөнгийн хохиролд 2,760,000 (хоёр сая долоон зуун жаран мянга) төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 174,000 (зуун далан дөрвөн мянга) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч П.Авирмэдэд олгосугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.АЛТАНТУЯА