Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Б.******* (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2305000002147 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 09 дүгээр сарын 12-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******-*******ын ******* (Регистрийн дугаар: И3 *******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн оройн 20 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн гадна хохирогч Б.*******тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед буйланд язарсан шарх, зүүн дээд үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн үед найз Баянсан, Сайхнаа, Буянхишиг гурав Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн зүүн талд үл таних гурван хүнтэй маргалдаж муудалцсан. Тэр үед нь би гэр лүүгээ явах гээд замын хойд талд байрлах Энхжин худалдааны төвийн хойд талд зогсож байсан. Тэгсэн чинь манай гурван найз над дээр гүйж ирээд тэнд хэдэн согтуу хүмүүс мөрлөсөн гэх шалтгаанаар эвгүй харьцаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гурван найзынхаа ах нь болоод ганцаараа уг согтуу хүмүүс дээр очсон, 160 см орчим өндөртэй, шар өнгийн юүдэнтэй цамцтай, 20 орчим насны залуутай уулзаж яагаад манай дүү нарыг дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь уг залуу надад хандаж хэн дээрэлхсэн юм гэж хэлсэн. Тэгж байтал цаанаас нь 170 см өндөртэй нэг эрэгтэй гүйж ирээд шууд миний нүүр лүү нэг удаа цохисон. Миний нүүр лүү цохих үед би нүүрээ дараад тонгойх үед намайг хавирч унагасан. Намайг унах үед дээрээс бие хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би нэг мэдэхэд ухаан алдсан байсан. Нэг сэрээд хартал хоёр цагдаа ах над дээр хүрч ирсэн. Тухайн гурван залуугийн нэг нь зугтаад явсан, үлдсэн хоёрыг нь цагдаа аваад явсан. Намайг эхэлж гүйж ирээд цохисон гэх залууг цагдаа нар барьж авч чадаагүй. Миний үүдэн 3 шүд хөдөлсөн, хамар бага зэрэг мурийсан байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас),

Гэрч М.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед би ангийн залуу болох , ******* нарын хамт сургуулиас гараад “Энхжин” худалдааны төвийн урд талын автобусны буудал өнгөрөөд явж байтал ******* бид хоёрын урд гараад алхаж явж байх үедээ үл таних 5-6 хүүхэдтэй гэнэт маргалдаад эхэлсэн. Маргалдах болсон шалтгааныг би мэдэхгүй. Тэгж байснаа нэг хүүхэдтэй ******* зодолдсон. бид хоёр ******* дээр явж очоод маргааныг нь болиулах гэж оролдсон. Тэгж байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед бид гурав 19 дүгээр сургуулийн хажуу талд “Сэнгүр” нэртэй лаазтай пивоноос 6 ширхгийг хувааж уусан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед Эрдэнэбаатар, ******* нарын хамт Монос эм зүйн сургуулиас гараад гэр лүүгээ харих санаатай алхаж явсан. Тэгээд хамт “Энхжин” худалдааны төвийн урд талын автобусны буудал өнгөрч явах үед ******* нь Эрдэнэбаатар бид хоёрын урд гараад алхаж байх үедээ явган хүний гарц дээр үл таних дөрвөн хүүхэдтэй маргалдсан. Ямар шалтгааны улмаас маргалдсаныг би мэдэхгүй. Тэгэх үедээ ******* нэг үл таних өндөр хүүхдийн эрүү, ам хэсэгт нь нэг удаа цохисон. Харин нөгөө *******т цохиулсан гэх хүүхэд *******ийг бас нэг удаа цохисон байх. Би сайн харж чадаагүй. Тэгээд Эрдэнэбаатар бид хоёр гүйж очсон. Очоод би *******ийг болиулаад цааш нь аваад явж байгаад эргээд хартал Эрдэнэбаатар хоёр хүүхэдтэй барьцалдаад авчихсан байсан. ...Тэгээд Эрдэнэбаатарыг болиулаад тэвэрсэн байдалтай аваад явах гэтэл байж бай, гутлаа аваадахъя гэж хэлсэн. Би доош хартал Эрдэнэбаатарын нэг гутал нь уначихсан байсан. Тэгээд Эрдэнэбаатар гутлаа авах гэж байх үед цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 13013 дугаартай: “...Б.*******ийн биед буйланд язарсан шарх, зүүн дээд үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн. Дахин уг үйлдлийг гаргахгүй, маш сайн ухамсарлаж ойлгосон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн зүүн талд насанд хүрээгүй хохирогч Б.*******тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь буйланд язарсан шарх, зүүн дээд үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт насанд хүрээгүй хохирогч Б.*******, гэрч М.Эрдэнэбаатар, Б. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 13013 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул насанд хүрээгүй хохирогч Б.*******ийн биед учирсан буйланд язарсан шарх, зүүн дээд үүдэн 1, 2 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 13013 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Насанд хүрээгүй хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн нүүр хэсэгт цохиж, үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.*******ийн бусдын биед халдан цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогчид 2,000,000 төгрөг нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэвэлмаа “...Б.*******ийн ааваас 2,000,000 төгрөг авсан, санал гомдол байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас) бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Б.*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэсэн дүгнэлт, шүүгдэгч “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, тайлбар тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч Б.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******-*******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА