Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

 

2024             01             11                                              2024/ШЦТ/0086   

                                                                                                                                              

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ (томилолтоор),

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02826 0941 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ********* оны 06 дугаар сарын 19-ний өдөр Увс аймагт төрсөн, 68 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******* дүгээр гудамж ***** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **********,*************,************ (РД:*********),

2. Монгол Улсын иргэн, ********** оны *** дугаар сарын 17-ны өдөр ********аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн **** дүгээр хороо, ***** дугаар байрны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******,**************,***********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших, шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2208 02826 0941 дугаартай хэргээс:

 

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 15 тал), гэрч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 66 тал), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1643 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26 тал), шүүгдэгч ********* эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-49 дэх тал), хохирогч ******* эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал), шүүгдэгч ******** гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 36, 70 дахь тал), шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),

шүүгдэгчийн өмгөөлөгч ******** шүүгдэгч ******** эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-49 дэх тал), хохирогч ******* эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал), шүүгдэгч ****** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал), хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 89-96, 171-179 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 97-155 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 176-177 дахь тал) зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* өмгөөлөгч болон шүүгдэгч нараас “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***,********** нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, тэдний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ********* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Улаанчулуутын эцэст автобуснаас буухдаа иргэн ******* автобусанд гээгдүүлсэн Самсунг А53 загварын гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хохирогч удаа дараа залгахад гар утсыг унтрааж, хамт ажилладаг ****** нөхөр ****** дараа мөнгийг авахаар тохиролцож түүнд гар утсыг шилжүүлсэн, ******* нь уг гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, утасны кодыг гаргуулан, өөрийн ******* дугаарын сим картыг хийж эзэмшиж, ашигласан үйл баримт тогтоогдлоо.

 

            Энэ үйл баримт нь хохирогч ****** “...Би 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос “Улаанчулуут-Вокзал” чиглэлийн 46 номерын цэнхэр өнгийн автобусанд суугаад 16 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Улаанчулуутын эцсийн буудал дээр буусан. Тухайн автобусанд гар утсаа гартаа бариад буухынхаа өмнө халаасандаа хийсэн. Автобусанд анх суухдаа суудал дээр суусан юм. Тэгээд халаасандаа хийгээд буудал дээрээ буусан бөгөөд буугаад утсаа үзтэл байхгүй болчихсон байсан. Ингээд гар утас руу залгахад дуудаж байгаад сүүлдээ унтраачихсан юм. Миний алдсан гар утас Самсунг А53 загварын гар утас байсан бөгөөд би 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сайн электрониксоос 1,699,000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1643 дугаартай “Самсунг А-53” загварын гар утасны хохирлын дүнг 800,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26 дахь тал), “Юнител” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05-01/1337 дугаар албан бичигт “...***8 имэй кодтой утсанд ******** дугаарыг хийж ашигласан байна...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 43 дахь тал), эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал), “...гар утсаа алдсан...” гэх гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

гэрч ***** “...****** эгч тухайн гар утсыг надад өгөхөөсөө сар гаруйн өмнө олсон байсан ба ...****** эгч надад өгөхдөө 800,000 төгрөгөөр аваарай, кодыг нь гаргахгүй бол болохгүй юм шиг байна лээ шүү гэж хэлсэн. Тухайн үед би гэрт нь нөхөр хүүхдийн хамт очиж авсан ба манай нөхөр түгжээг нь тайлж, хүүхдэдээ сим хийж тухайн А-53 маркийн гар утсыг бариулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

шүүгдэгч ********** яллагдагчаар өгсөн “...миний бие тухайн өдөр гадуур ажилтай явж байгаад буцаад гэр лүүгээ ирэхдээ Улаанчулуутын автобусанд сууж ирсэн юм. Улмаар эцэс дээр буухын үед миний хажуу талын сандал дээр сууж байсан эмэгтэй утсаа үлдээгээд буучихсан байсан. Тэгээд би тухайн утсыг ойролцоо хүн байхгүй байхаар нь авчихсан. Ингээд уг утсыг олсон талаараа ажлын газрын ****** хэлэхэд манай хүүхэд утсаа эвдэлсэн утасгүй байгаа би бариулчихъя дараа бололцоогоороо мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь би утсыг өгчихсөн. ...би тухайн гар утсыг олоод өөртөө хэд хоног байлгасан. ...Би тухайн үед ****** оёдлын цехэд эсгүүр хийлцэж цалин авдаг байсан ба гар утас олсон тухайгаа хэлсэн. ... нэг орой гэртээ байж байтал ******,************ нар тухайн гар утсыг хамт ирж авсан...Анх ******,******** нар ирж үзэхдээ миний олсон утсыг үнэтэй утас байна, танд 1 сая төгрөг өгье гэж хэлэхээр нь тэр арай дэндэнэ гэж хэлсэн. Тэгээд 800,000 төгрөг мөнгөтэй болохоороо өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36, 70 дахь тал), шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба бусдын эд хөрөнгө гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжсэний дараа бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших сэдэлт төрж, буцааж өгөлгүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

Шүүгдэгч ******* нь автобусны суудал дээр хэн нэгэн гар утсаа үлдээсэн болохыг мэдсэн атлаа эзнийг нь тогтоож буцааж өгөх ямар нэг оролдлого хийлгүйгээр хохирогч залгахад гар утсыг унтраан, сим картыг хаяж, үнийг дараа авахаар тохиролцон худалдан борлуулж өөрийн өмчийн адил захиран зарцуулж бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1643 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Самсунг А-53” загварын гар утсыг 800,000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учирсанд тооцох үндэслэлтэй.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг мөнгө угаах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй субьект бөгөөд шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн “...би Дуламсүрэн гэдэг хүний гар утас олох үйл явцыг гэмт хэрэг гэдгийг мэдээгүй. Би зүгээр л Дуламсүрэн гэдэг хүнээс утсыг мөнгө өгөхөөр тохирч авсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь шүүгдэгч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 36, 70 дахь тал), гэрч **** мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал), Юнител ХХК-ийн ***** нэр дээр бүртгэлтэй ***** дугаарыг алдсан гар утсанд хийж ашигласан тухай албан бичиг зэрэг баримтуудаар үгүйсгэгдэнэ.

 

Хэдийгээр шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн замаар олсон эд зүйл болохыг мэдсэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн боловч түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хэн аль нь хохирогчид гар утсыг буцааж өгөх идэвхтэй үйлдэл гаргаагүй, буцааж өгөлгүйгээр тус тусын ашиг сонирхолд нийцүүлэн эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч ****** нь гэмт хэргийн замаар олсон гар утас болохыг мэдсээр байж гар утсыг авч ашиглах сэдэл төрж, ******* төлбөрийг дараа төлөхөөр харилцан тохиролцон худалдан авч, кодыг нь гаргуулж, өөрийн нэр дээр бүртгэлтэй сим картыг хийж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч ***** Самсунг А53 загварын гар утсыг шүүгдэгч ****** авч биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн (хавтаст хэргийн 50-51 дэх тал) байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч ****,******** нар нь гар утасны үнийг дараа төлөхөөр харилцан тохиролцсон боловч бодитоор мөнгө шилжүүлсэн асуудал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх, харилцан бие биедээ төлбөр төлөх үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах...”, шүүгдэгч ***** өмгөөлөгчөөс “...450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгч ********** өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч ****** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн, гэм буруугаа ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал (68 настай, тэтгэврийн орлоготой) зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаас гадна түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг шүүх харгалзан хэрэглэх эсэхийг шийдвэрлэх эрх олгосон хэм хэмжээ юм.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаж оролцсон ба өмнө 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн атал 2022 оны 9 дүгээр сард дахин санаатай гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэхгүй гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн нөхцөл байдал, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хамгийн бага буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хүрээ хязгаарыг түүний оршин сууж байгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *****,*********,******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завших,

шүүгдэгч ********,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* 6 (зургаа) сарын хугацаанд оршин сууж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***** мэдэгдсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэйы.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ****,********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.НАРАНЖАРГАЛ