| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/03702/и |
| Дугаар | 183/ШШ2020/02635 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2020/02635
| 2020 09 30 | 183/ШШ2020/02635 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ............. оршин суух Б овогт М-ын Т /РД:000000 /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн..................... тоотод оршин суух Л овогт Ч-ын Оюунжаргал /РД:000000000/-д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Т, хариуцагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2016 онд Ч.О-тай танилцаж, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний охин Т.Ану 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн. Сүүлийн нэг жилийн хугацаанд зан харилцааны тохиромжгүй байдлын улмаас гэр бүлийн маргаан үүсч, харилцан ойлголцохгүйн улмаас 2019 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд 2020 оны 1 дүгээр сараас эвлэрэхийн тулд буцаж хамт амьдарч эхэлсэн боловч нөхцөл байдалд өөрчлөлт гараагүйн улмаас 2020 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа болно. Иймээс цаашид хамт амьдрах боломжгүй гэж хоёр талаас ярилцаж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахаас татгалзаж, гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг ээж болох Ч.О-ын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүүхэдтэй холбоотой бусад зардлыг цаашид хоёр тал харилцан ярилцаж шийдвэрлнэ гэв.
Хариуцагч Ч.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй санал нэг байна. Миний бие Ч.О нь М.Т-гийн гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид 2016 онд танилцан 2017 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас 0000 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр охин Т.А төрсөн. Бидний зан байдал, асуудлыг шийдвэрлэх арга барил өөр байдаг учир харилцаан дээрээс үл ойлголцол гарч хэрүүл болдог. Энэ нь охины хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Ийм учраас ярилцаж байгаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй болно. Охин Т.А нь миний асрамжид үлдэнэ. Эцгээс нь хуульд зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Т, хариуцагч Ч.О нар 2016 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр охин Т.А төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь зан харьцааны таарамжгүй байдал, хоорондын үл ойлголцлоос шалтгаалан 2019 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаад 2020 оны 1 дүгээр сараас эвлэрч хамтын амьдралаа үргэлжлүүлсэн боловч тэдний гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гараагүй учир 2020 оны 06 дугаар сараас тусдаа амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбарыг харгалзан охин Т.А-г эх Ч.О-ын асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул охин Т.А-г эцэг М.Т нь тэжээн тэтгэх үндэстэй байна.
Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Т-гийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хариуцагчид 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гардуулахад тэрээр хэргийг хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт М-ын Т, Л овогт Ч-ын О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн охин Т.А-г эх Ч.О-ын асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Т.А-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг М.Т нь тэжээн тэтгэсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Т-д олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжинд 35.868 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР