| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2024/0046/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/50 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/50
2024 01 15 2024/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч С.Алтай,
шүүгдэгч Г.*******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин овогт Ганхуягийн Ганжигүүрийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000002055 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Боржигин овогт Ганхуягийн *******нь Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 10-нд Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй, Эмгэг судлалын үндэсний төвд туслах ажилтан, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны 90Б-63 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:ЖИ89071031).
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Г.*******нь 2023 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө EXA энтертайнмент ХХК-ийн EXA гэрэл зургийн студиэс Nikon D810, Nikon D750 маркийн зургийн аппарат, Nikon аппаратын дуран 4 ширхэг, Трейгир үүсгүүр төхөөрөмж 3 ширхэг, Хяналтын камерын бичигч, Процессор I5 зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Н.Энхбатад 8,360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Г.*******шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гарахаас 7 хоногийн өмнө Энхбат, Болортуяа гэх захирлуудтайгаа муудалцсан. Манай захирлууд миний нэр дээр компани байгуулаад тухайн компаниас орлого олох зорилготойгоор үйл ажиллагаа явуулсан мөртлөө татварыг төлөөгүй байсан. Би татвараа төлнө үү гэж олон удаа хэлсэн боловч төлөхгүй байсан асуудлаас болж маргаантай байсан. Тэгээд би уурандаа 2023 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд 01 шилжих шөнийн 01 цаг өнгөрч байх үед ажил руугаа нэвтрэх эрхтэй байдаг болохоор нэвтрэн орж зургийн аппарат, аппаратын дуран 4 ширхэг, үүсгүүр төхөөрөмж 3 ширхэг, хяналтын камерын бичигч, процессор зэргийг хулгайлсан. Тэгээд тухайн эд зүйлсийг авч гарч машиндаа хийгээд Баянзүрх дүүргийн Сансарт ахыгаа дуудаад тухайн эд зүйлсийг түр хадгалж байгаач, маргааш авна гэж гуйгаад үлдээгээд гэртээ харьсан. Тэгээд маргааш нь цагдаагийн газраас ирж мэдүүлэг өгөх талаар мэдэгдсэний дагуу очсон гэв.
Эрүүгийн 2310000002055 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1.Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11:19:58 цагт “Хулгай орсон байна.” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
2.2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 8-15 дугаар хуудас),
3.2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4217 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас), гэрэл зураг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
4.2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 7026 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),
5.Г.Ганжаргалын биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зураг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
6.Хохирогч Н.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30, 32 дугаар хуудас),
7.Гэрч Г.Ганборгилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
8.“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №1652 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас),
9.Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 05/288 дугаартай:
-Шинжилгээнд гарын мөр №1, 2, 3, 4, 5, 6, 7 тэнцэнэ. Шинжилгээнд Пагмахишигийн Эрдэнэтуяа, Шидоржын Мөнх-Эрдэнэ, Гэрэлсайханы Алтанзул, Нямхишигийн Энхбат, Ганхуягийн *******нарын гарын үсэг дардаснууд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөр №1 нь Пагмахишигийн Эрдэнэтуяагийн барын гарын алгаар дарагдсан. Шинжилгээнд тэнцсэн гарын мөр №1, 2, 3, 4, 5, 6, 7 нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардаснуудтай, гарын мөрүүдтэй тохирохгүй. Ганхуягийн Ганжигүүрийн гарын дардас нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардаснуудтай, гарын мөрүүдтэй тохирохгүй.гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 48-61 дүгээр хуудас),
10.2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Г.Алтанзулд том хар өнгийн цүнхтэй, хар өнгийн камерын hard 1 ширхэг, компьютерын зөөврийн hard процессорын хамт гэрлийн смички Трейгир 3 ширхэг, 2 ширхэг камер, 4 ширхэг дуран арьсан цүнх зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
11.Яллагдагч Г.Ганжигүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),
12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 82 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), нийгмийн даатгалын 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Г.Ганжигүүр нь 2023 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө EXA энтертайнмент ХХК-ийн EXA гэрэл зургийн студиэс Nikon D810, Nikon D750 маркийн зургийн аппарат, Nikon аппаратын дуран 4 ширхэг, Трейгир үүсгүүр төхөөрөмж 3 ширхэг, Хяналтын камерын бичигч, Процессор I5 зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогч Н.Энхбатад 8,360,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Н.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тус өдрийн 11 цаг 15 минутын үед Төрбатжин над руу залгаад “Ажил дээр хулгай орсон байна, би одоо зурагтай болохоор одоо тийшээ явах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би 20 минутын дараа гэрэл зургийн студи дээр ирэхэд хаалганы цоожийг мушгиад эвдэлсэн, хэд хэдэн шургуулга ундуй сундуй ухсан байдалтай, эмх замбараагүй хэд хэдэн зураг, дэлгэцүүдийг үүд рүү зөөж тавьсан байдалтай байсан бөгөөд хяналтын камерыг шалгаж үзэхэд хяналтын камерын төхөөрөмжийг шалгахад байхгүй, оффисын өрөөнд байсан 2 ширхэг камер, дурангууд, 1 ширхэг процессор, камерын дагалдах хэрэгслүүд алга болсон байсан. Тэгээд Төрбатжинаас цагдаад дуудлага өгсөн үү гэж өглөө асуухад дуудсан гэж хэлсэн болохоор цагдаа нар ирэхийг хүлээсэн. *******анх манай байгууллагад 2019 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байсан. Ганжигүүрийг ер нь сайн мэднэ. Хувийн зан байдал нь их даруухан, тохитой томоотой залуу, би сонин ааш зан гаргаж байгааг нь хараагүй. Гэр бүлийн байдал нь эхнэртэй, 2 хүүхэдтэй амьдрал ахуй нь боломжийн. Манайд ажиллаж эхлээд мөнгө төгрөгөө гайгүй сайн хураагаад орон сууцанд орж байсан, машин тэрэгтэй минийхээр бол амьдрал боломжийн гэж дүгнэнэ. Энэ хүний нэр дээр компани байгуулж байсан. Ганжигүүрийн компаниар НӨАТ-гүй үйлчилгээ үзүүлж *******дээр гэрээ хийгээд явагдаж байгаа. Татвар төлөөлгүй гэж маргасан гэдэг нь зүгээр шалтаг шалтгаан нь байх. Цаашдаа Ганжигүүрийг энэ компаниа ажиллуулаад яваг итгэлтэй хүн гэж бодоод Ганжигүүрийн нэр дээр байгуулж байсан. Надтай бол зөвлөлдөж ярилцаж байгаагүй, татварын газар одоогийн байдлаар 1 сая гаруй төгрөгийн төлбөртэй байгаа гэдгийг өнөөдөр л мэдлээ. Алтанзулд нэг удаа чатаар явуулж байсан гэсэн. Болортуяа захиралд хэлсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. NIKON D810, NIKON D750 гэх нэршилтэй гэрэл зургийн аппарат 2 ширхэг, Nikon гэрэл зургийн дуран 4 ширхэг, трейгир үүсгүүр төхөөрөмж 3 ширхэг, Хяналтын камерын бичигч 1 ширхэг, гар аргаар угсарсан процессор 1 ширхэг, нийт 10 төрлийн эд зүйлс алдагдсан байсан.Хаалганы гарын хээ, кодоор уншдаг цоож эвдэрсэн байсан. Өөр эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас) болон түүний 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: Манай байгууллагын тавиур дээр байсан ном, хавтас зэрэг эд зүйлс шалан дээр унаж эвдэрсэн байсан. Сүртэй эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй. Бүгдийг буцаагаад байранд тавьсан байгаа. Ямар нэгэн байдлаар эвдэлсэн хэмхэлсэн зүйл байхгүй. Бүгд хэвийн байгаа, эвдэж хэмхэлсэн гэх асуудалд нэхэмжлэх үнэлүүлэх эд зүйл байхгүй. Одоо ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай байгууллага бүх эд зүйлсээ бүгдийг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээн авсан байгаа.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), Гэрч Г.Ганборгилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *******бол миний төрсөн дүү, би өчигдөр шөнө буюу 2023 он 11 дүгээр сарын 08-ны 02 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 2-р хороо 2-р байрны 20 тоот гэртээ байхад дүү *******над руу гэнэт залгаад “ахаа хаана байна, та Сансарын тунел дээр хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би гараад Сансарын тунелын автобусны буудал дээр Ганжигүүртэй уулзсан ба *******тухайн үед өөрийнхөө Хонда инсайд маркийн автомашинтайгаа явж байсан, тэгээд машиныхаа арын суудлаас 2 цүнхтэй эд зүйл аваад “таны машины ард хийчихье, орой авна шүү” гэж хэлээд миний машины багааж руу 2 үүргэвчтэй зүйл хийсэн юм, надад тухайн зүйлээ юу гэдгийг хэлээгүй, би ямар учиртай болохыг нь асуугаагүй, тэгтэл өнөөдөр цагдаа нар хүрч ирээд тухайн зүйлсийг хурааж авсан. Эд зүйлийн талаар *******нь надад ямар нэгэн зүйл хэлээгүй.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №1652 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 8-15 дугаар хуудас), гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 7 дугаар хуудас), Яллагдагч Г.Ганжигүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би EXA гэрэл зургийн студид зурагчнаар ажиллаж байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 02 цаг дөхөж байхад EXA студи дээр очиж хаалга нь онгорхой байхаар нь нэвтэрч орж гэрлийг унтраагаад ажлын өрөөнд байсан 2 камер, 4 ширхэг дуран, ажлын компьютер, оффисын өрөөнөөс хяналтын камерын бичлэг хадгалдаг төхөөрөмж зэргийг хулгай хийж авсан. Эдгээр авсан зүйлсээ цүнхэнд хийж авч гарсан. Тэндээсээ ажлын ойролцоо тавьсан байсан өөрийн 70-26 УБЕ улсын дугаартай Хонда инсайд маркийн тээврийн хэрэгсэлд хийж авч явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 13-р хороо Сансарын автобусны буудал дээр төрсөн ахыг дуудаж энэ хоёрыг түр хадгалуулъя гэж хэлээд машинд хийж үлдээгээд харьсан. Тэгээд намайг гэртээ байж байхад цагдаа ирээд хулгай хийсэн гээд барьсан. Тэгээд цагдаагийн газар дээр ирж мэдүүлгээ өгч байсан. Ийм л зүйл болсон. Тийм хүн байхгүй. Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Би EXA гэрэл зургийн студиэс хулгай хийсэн нь үнэн.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг бөгөөд эд хөрөнгийг нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ шилжүүлдэг ба шууд санаатай шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Иймд шүүгдэгч Г.Ганжигүүрийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 8,360,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар: “Хас үнэлгээ” ХХК-ийн №1652 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд (хх40-43) хохирогч Н.Энхбатын Nikon D810 маркийн зургийн аппарат 1 ширхэг 3,000,000 төгрөг, Nikon D750 маркийн зургийн аппарат 1 ширхэг 2,500,000 төгрөг, Nikon аппаратын дуран 4 ширхэг нийт 2,000,000 төгрөг, Трейгир үүсгүүр төхөөрөмж 3 ширхэг нийт 360,000 төгрөг, Хяналтын камерын бичигч 1 ширхэг 200,000 төгрөг, Процессор I5 1 ширхэг 300,000 төгрөг, нийт 8,360,000 төгрөгөөр үнэлсэн байна. Иргэн Г.Алтанзулд эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх25) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч Н.Энхбатад шүүхээс хуралдааны товыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэхэд хуралдаанд оролцохгүй талаар илэрхийлсэн байх ба, оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй тул хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганжигүүрт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоосон газарт эдлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн дүгнэлтэд тайлбар гаргаагүй.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Г.Ганжигүүрийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдаж, ял шийтгэгдсэн шүүхийн шийдвэрийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Ганхуягийн Ганжигүүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Ганхуягийн Ганжигүүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ганжигүүрт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ганжигүүрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА