Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/02434

 

 09 11 183/ШШ2020/02434

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............ тоотод оршин суух О овогт Ж.Д /00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг................... өөрийн байранд байрлах НШШГГ /000000/-т холбогдох

Орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт байршилтай, 94.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин 175.047.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар мэдэгдээгүй бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр НШШГГазраас шууданд хийж 2020 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авсан Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 06 сарын 22-ны 7/5 дугаартай тогтоол, 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 4-137/24276 дугаартай мэдэгдлээс үнэлгээг мэдэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тус шүүхэд 2020 оны 07-р сарын 02-ны өдөр үнэлгээ хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07-р сарын 08-ны өдрийн 183/ШЗ2020/10078 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг 2020 оны 07-р сарын 21-ний өдөр хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь нийтэд илэрхий баримт болох unegui.mn сайтад хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ................ тоот хаягт байршилтай, 94.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцтай адил ашиглалтад орсон байршил ижил орон сууцны зах зээлийн худалдах үнэ нь 2.000.000-2.200.000 төгрөгийн хооронд байгаа бөгөөд дээрх орон сууцны 1 м.кв үнийг 2.000.000 төгрөгөөр тооцоход нийт үнэ нь 189.100.000 төгрөг болж байна. Тиймээс барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээчний 175.047.000 төгрөг гэсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ............... тоот хаягт байршилтай, 94.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин 175.047.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Дээс 351.907.950 төгрөгийг гаргуулж Д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 0000000 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Ж.Дийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт байршилтай 94.55 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 0000000 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 190/02 дугаар тогтоолоор хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг талуудад 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4/18903 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналаа ирүүлээгүй тул 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6/316 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний ФХХК-ийг томилоход хөрөнгийг 175.047.000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн. Талуудад хөрөнгийг үнэлгээг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4- 190/23363 дугаар албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол мэдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-137/24276 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8/03 дугаар тогтоолоор 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар тогтоож, талуудад 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4-190/27306 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргажээ. Хөрөнгийн үнэлгээ хийх нь үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээний байгууллагын хараат бус үйл ажиллагаа байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй орон сууцыг ижил байрлалтай, харьцангуй талбайн хэмжээ том орон сууцуудтай харьцуулан жиших аргаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл, тогтоогдохгүй байна. Иймд төлбөр төлөгч Ж.Д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Д хариуцагч НШШГГт холбогдуулан орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00298 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Ж.Дээс 350 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 1 907 950 төгрөгийг гаргуулан Д ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07040 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 277 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 0000000 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно, 44.2.5-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/ ... хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх, 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.5 дахь заалтад зааснаар хариуцагч нь төлбөр төлөгч Ж.Дд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 190/01 дугаар болон 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 190/03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж байсан болох нь 190/01 дугаар болон 190/03 Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.5 дахь заалтад зааснаар хариуцагч нь төлбөр төлөгч Ж.Дд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүй байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-т гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх гэж заасан.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь Хан-Уул ................ тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн болох нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0000000 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасан.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь Орон сууцны үнэлгээний хувьд тохиролцоонд хүрээгүй болох нь Д ББСБ ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн № 20/14 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шинжээчээр ФХХК-ийг томилж, шинжээч ФХХК нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авсан болох нь 8 дугаар хуудсанд буй шуудангийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Улмаар шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдлыг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргасан боловч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр татгалзаж, дахин 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна, 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3 дахь заалтад зааснаар ФХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд Орон сууцны үнэ цэнийг тогтоохдоо ашигласан аргачлал, үнийн мэдээллийн эх сурвалжийг тодорхой заасан байх тул ФХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэлгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар ФХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дийн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ганбат нь хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дийн орон сууцыг үнэлсэн хөрөнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2020/11018 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        О.ЧУЛУУНЧИМЭГ