Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/16

 

                                      

 

 

 

 

 

 

    2023          12            27                                      2024/ШЦТ/16

      

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Н.Цолмон (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цолмонд холбогдох эрүүгийн 2305000002586 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ийн Цолмон (Регистрийн дугаар: МЗ 92121805).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Н.Цолмон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны ******* дүгээр сарын *******-нээс 12-нд шилжих шөнө 07 цагийн үед Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, *******-Очир хотхоны 30Б байрны 53 тоотод “өөрийг нь орон сууцаа бусдаар авхуулсан” гэж хэллээ гэх шалтгаанаар Э.Ганзаяатай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Э.Ганзаяагийн толгой, нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, газар унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, хацарт зулгаралт, баруун чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Цолмон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Цолмон мэдүүлэхдээ: “...Би Солонгос Улсад байж байгаад Монголд ирээд байр аваад удаагүй байсан. Намайг сэрэхэд Ганзаяа орилоод цуг байсан залуу руу пиво цацаж байсан. Манай нохой хуцаад Ганзаяа орилоод байхаар нь би сэрсэн. Тэгээд би найзындаа орж ирчихээд яагаад манайхыг хүндлэхгүй байгаа юм бэ гэж хэлсэн чинь чи энэ байраа хөгшин өвгөнтэй явалдаад авсан биз дээ гэхээр нь чи хүний амьдралыг мэдэхгүй байж юу гээд байгаа юм бэ гээд анх хэрүүл эхэлсэн. Тэгэхэд хамт байсан хоёр залуу гараад явсан. Хохирогчтой багын найзууд, хоорондоо зодолдож байх үед миний нүд хөхөрсөн, Ганзаяа чамаас 30,000,000 төгрөг авна гээд дайраад байсан. Би чамаас мөнгө салгаж авна гэхээр нь би ч бас гомдолтой, цагдаагаар хамт явна гэхэд өөдөөс орилоод байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

Хохирогч Э.Ганзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, 30Б байрны 6 давхарт 53 тоотод 10 жилийн найз Цолмонгийн гэрт нь Эрдэнэбаяр, бас нэрийг нь мэдэхгүй нэг хүн нийт дөрвүүлээ байсан. Би Эрдэнэбаяр гэдэг залуутай гэрт нь маргалдаад ууж байсан пивоны лаазаа Эрдэнэбаяр луу чулуудсан. Пиво нь манай найзын гэрт нь шалан дээр асгарсан. Тэгэхэд Цолмон нь унтаж байснаа гэнэт босоод ирсэн. Цолмон над руу чи арай ч дээ давраад байгаарай, манай гэр орныг хүндэлсэнгүй, гэрт пиво асгалаа гэсэн шалтгаанаар над руу дайрч эхэлсэн. Уучлаарай би арчаад өгье гэж хэлсэн. Би найзынхаа гэрээс гарах гээд хувцсаа өмсөж эхэлсэн. Нэрийг нь мэдэхгүй танихгүй залуу үүдэнд нь гарах гээд зогсож байсан. Эрдэнэбаяр нь буйдангийн хажууд завилаад сууж байсан. Би “сүртэй юм бэ” гэж хэлтэл Цолмон нь “ээж, аав чинь чамд ийм байр авч өгөөгүй биз дээ, чи муу нэг умгар өрөөнд охинтойгоо хамт амьдардаг байж чи одоо юу вэ” гээд надад хэлсэн. Миний эцэг, эх хоёулаа нас барсан болохоор аймар уур хүрсэн. Тэгэхээр нь “чи Солонгос өвгөнтэй унтсан мөнгөөрөө энэ байрыг аваа биз дээ, чи Солонгос өвгөнийг залилж энэ байрыг аваа биз дээ” гээд хэлсэн, тэгээд л шууд над руу Цолмон нь дайрч эхэлсэн. Чи намайг ингэж хэлдэг хэн бэ гээд миний үснээс Цолмон зулгааж эхэлсэн. Би харилцан үснээс нь зулгаасан, дундуур Эрдэнэбаяр орж ирээд салгасан. Салгаж байхад ардуур урдуур орж ирээд үснээс зулгаагаад маажаад, цохиод байсан. Нэрийг нь мэдэхгүй залуу, Эрдэнэбаяр хоёр хоёулаа гараад явсан. Би малгай, гар утас юмнуудаа хайж байхад над руу Цолмон нь орилоод гичий минь, чи юу гэдэг гэнээ гээд түлхэж унагаасан. Тэгээд босох гэж байхад толгой руу гурван удаа юмаар цохисон. Юугаар цохисныг нь би хараагүй. Босож ирэх гэхэд нүүр лүү ахиад нэг удаа цохисон. Тэгээд би уйлаад байж байхад намайг зайл гээд гаргасан. ...Би Цолмонгийн үснээс нь зулгаасан, биед нь халдсан. Би Цолмонгийн хамар луу нь цохиогүй, үсэнд нь хүрсэн. Цолмон шөнө 03 цагийн үед баар хаах үед танихгүй залуу хамар луу цохисон гэдгийг Эрдэнэбаяр харсан гэдгээ бид нарт хэлсэн. Сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Би Цолмонгоос эмчилгээний зардал, эмнэлэгт үзүүлсэн 1,310,000 төгрөгийн зардлаа нэхэмжилнэ. Ажлаа хийж чадаагүй 14 хоногийн цалингаа бодуулж нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны ******* дүгээр сарын *******-ний орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Sway” баар луу ах Алдарын хамт хоёулаа орсон. Бааранд орсноос хойш нэлээн уусан учраас би болсон асуудлыг санахгүй байна. Би баарнаас гарснаа ч санахгүй байна. Нэг мэдэхэд танихгүй айлд танихгүй хоёр эмэгтэйн гэрт нь Алдар ахын хамт орсон байсан. Тухайн үедээ сэргээд танихгүй хоёр охинтой танилцаж эхэлсэн. Би Цолмон гэдэг эмэгтэйн гэрт нь ирсэн байснаа мэдсэн. Ганзаяатай виски хамт ууж байгаад танилцсан. Бид дөрөв дөрвүүлээ согтуу юм ярьж суусан. Удалгүй Цолмон, Алдар ах хоёр тасраад унтаад өгсөн. Ганзаяа бид хоёр үлдсэн вискиг үргэлжлүүлээд уусан. Шөнөжин унтаагүй өглөө болсон. Алдар ах бид хоёр өглөө сэрээд дэлгүүрээс архи пиво аваад буцаад Цолмонгийн гэр лүү орсон. Цолмонгийн гэрт нь дөрвүүлээ үргэлжлүүлж архи пиво ууж эхэлсэн. Удаагүй Цолмон, Алдар ах хоёр ахиад тасарчихсан. Ганзаяа нь надтай хамт пиво ууж байснаа над руу ууж байсан пиво шидсэн. Пиво нь намайг оноод газар унаад шалаар нь асгарсан. Дахиад пиво авч асгах гээд байсан. Тэгтэл бид хоёрын дууг сонсоод Цолмон сэрээд босоод ирсэн. Цолмон сэрээд чи яагаад байгаа юм бэ гээд газар асгарсан байсан пиво хараад манай гэрийг хүндэлсэнгүй гээд Ганзаяа руу дайрч хэрүүл маргаан эхэлсэн. Алдар нь унтаж байгаад үүдэнд зогсож байсан, хэрүүл маргаан эхлэхэд хувцсаа өмссөн байснаа гараад явсан. Цолмон, Ганзаяа хоёр бие биеэ харааж ерөөгөөд эхэлсэн. Ганзаяа нь Цолмон руу чи биеэ үнэлдэг, мөнгөөр явдаг хүүхэн биз дээ гэж хэлсний дараа чи юу гээд байгаа юм бэ гээд босож ирснээ Ганзаяа, Цолмон хоёр бие биеэ үснээс нь зулгаасан. Би дундуур нь ороход хоёул хоёулаа бие бие лүүгээ дайрч байсан. Зодоон нь хэсэг гайгүй болох үеэр би гадуур хувцсаа өмссөн. За явъя даа гэж бодоод байж байхад нөгөө хоёр ахиад бие биетэйгээ үсдэлцээд эхэлсэн. Дундуур нь ороод салгах үед газар унаж босоод бие бие рүүгээ дайраад хоёр талаасаа л гараараа сарвалзаад байсан. Хэсэг салгаад дунд нь зогсож байхад бие биеийгээ үсдээд газар унасан. Би хэсэг салгах гээд гарыг нь тавиулах гээд оролдож байгаад өөрсдөө учраа ол гээд Цолмонгийн гэрээс нь гараад явсан. Би буцаж ороогүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 14367 дугаартай: “...Э.Ганзаяагийн биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, хацарт зулгаралт, баруун чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Хохирогч Э.Ганзаяагийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны ******* дүгээр сарын *******-ний шөнө Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, 30Б байрны 6 давхарт 53 тоотод найз Э.Ганзаяа нь манай гэрт согтуу орилж хашхираад пиво цацахаар нь би сэрсэн. Би босож ирээд манай гэрийг яагаад хүндлэхгүй байгаа юм бэ гэхэд Ганзаяа нь над руу чи энэ байраа биеэ үнэлж байгаад аваа биз дээ гэж хэлсэн. Чи муу юу гэж хэлээд байгаа юм бэ гээд манайхаас зайл гээд явуулсан. Улам асаж орилоод байсан. Хоорондоо үсдэлцээд зодолдсон. Манайд байсан хоёр залуу гарч явсны дараа би Ганзаяатай зодолдоод хоорондоо үснээс нь зулгаалцаж байгаад бие биеэ цохиж байхдаа би нүүр лүү нь өшиглөсөн юм шиг байгаа юм. Би Ганзаяаг дийлэхгүй хоорондоо зодолдсоныхоо дараа Ганзаяаг гэрээсээ гаргасан. Тэгээд би ээж, том эгч хоёроо дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Н.Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Цолмон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн 07 цагийн үед Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, *******-Очир хотхоны 30Б байрны 53 тоот гэртээ “өөрийг нь орон сууцаа бусдаар авхуулсан” гэж хэллээ гэх шалтгаанаар Э.Ганзаяатай хэрүүл маргаан үүсгэж, улмаар үүссэн маргааны явцад хохирогч Э.Ганзаяагийн толгой, нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, газар унагаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, хацарт зулгаралт, баруун чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Э.Ганзаяа, гэрч Б.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 14367 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Э.Ганзаяагийн биед учирсан зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн шуунд цус хуралт, баруун чамархай, хацарт зулгаралт, баруун чамархай, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 14367 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хохирогч Э.Ганзаяагийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Н.Цолмонгийн гэм буруутай үйлдэл болох өшиглөж, цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн толгой, нүүр хэсэгт цохиж, өшиглөн үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Цолмонгийн бусдын биед халдан цохиж, өшиглөн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тухайн үед шүүгдэгч Н.Цолмон, хохирогч Э.Ганзаяа нар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Н.Цолмонгийн биед хоёр гуя, хоёр шилбэ, зүүн бугалгад цус хуралт гэмтэл учирсан боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Э.Ганзаяад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн талаарх шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ганзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардал болох 1,310,000 төгрөг, ажилгүй байсан 14 хоногийн цалин, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тус тус нэхэмжилсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж, зарим баримтуудыг давхардуулан оруулсныг хасаж тооцоход 318,586 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгч Н.Цолмон хохирогчид нийт 318,586 төгрөг нөхөн төлсөн байна.

Иргэний хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйл) ...гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгт”-ийг тодорхойлсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “хохирогч Э.Ганзаяагийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд дээрх аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасантай хэргийн зүйлчлэл тохирсон, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, сөрөг үр дагавар, нас болон гэм хор учруулагчийн гэм буруу, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ[1]-г 5 (тав) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,750,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч Н.Цолмонгоос гаргуулж, хохирогч Э.Ганзаяад олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Э.Ганзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Э.Ганзаяа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Цолмонгоос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Н.Цолмон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Н.Цолмонд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Н.Цолмонд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хор уршигтай холбоотой зардлыг нөхөн төлсөн болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цолмонг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Н.Цолмонгийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.Цолмон баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цолмонг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Н.Цолмонд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цолмон торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дүгээр зүйлийн 5*******.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цолмонгоос хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Хатиган овогт Энхболдын Ганзаяа (Регистрийн дугаар: ЖН93070129)-д олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Ганзаяа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Цолмонгоос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.Цолмон нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид нийт 318,586 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цолмонд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА

 

[1] Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.