Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/02636

 

 

        2020         09             30

                          183/ШШ2020/02636

                    

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .................. тоотод оршин суух Б овогт Э-ын Ц/РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..................оршин суух Х овогт  Б Г /РД:000000/-т холбогдох

          гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Б.Г-тай 2007 онд танилцаж, 2010 оноос хамтран амьдарч бидний дундаас 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр хүү Г.О төрсөн. Бид 2013 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. Б.Г нь Өмнөговь аймагт хол байдаг байсан учир санаа сэтгэл таарч тохирохгүй, бие биенээ хатуу үгээр хэлэх болж, бидний хооронд үл ойлголцол, таарамжгүй байдал үүссэний улмаас 2017 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.О-г өөрийн асрамжид авч эцгээс нь хуульд заасан тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр 2007 онд танилцаад 2013 онд гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд бидний дундаас 0000 онд хүү Г.О төрсөн. Миний хувьд уул уурхайн мэргэжилтэй учир хөдөө явдаг. Яваад ирсэн чинь манай хүн хөгшин өвгөн дагаад явсан байсан. Гэр бүлээ араар тавьж, өөр хүнийг дагаад явсанаас болж бид 2017 оноос хойш тусдаа амьдрах болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хүүгээ авна гэж булаацалдахгүй, ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин хүүхдийг маань уулзуулахгүй, утсыг нь унтраагаад  алга болчихдог. Хүүхэд таргалалттай болсон байна лээ. Хүүхэдтэйгээ уулзуулж байхыг даалгаж өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Б.Г нар 2007 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 0000 оны 0 дүгээр сарын 28-ны өдөр хүү Г.О төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн  төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

         Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй байдал, үл ойлголцлын улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

    Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.   

    Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбарыг харгалзан хүү Г.Очирхүслэнг эх Э.Цын асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү Г.О-г эцэг Б.Г нь тэжээн тэтгэх үндэстэй байна.

   Зохигчид хүүхдийн саналыг асуухгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, түүнчлэн гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх тул шүүх хүүхдийн саналыг зайлшгүй асуух шаардлагагүй гэж үзэв.

    Харин хүүхдийн хүмүүжил, эрүүл өсч торниход эцгийн  халамж анхаарал зайлшгүй шаардлагатай тул хүүхдийг эцэгтэй нь тогтмол уулзуулж байхыг нэхэмжлэгчид  даалгах нь зүйтэй.

  Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Э-ын Ц, Х овогт Б-ийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн хүү Г.О-г эх Э.Цын асрамжид үлдээсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Г.О-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Б.Г нь тэжээн тэтгэсүгэй.

 

          5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц-д олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд 35.868 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

           6. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

           7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5-д зааснаар хүү Г.О-г эцэг Б.Г-тай тогтмол уулзуулж байхыг  нэхэмжлэгч Э.Цд даалгасугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

           

      9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                                  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР