Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0560

 

2026 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0560

Улаанбаатар хот

 

 

 

                                 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2026/0029 дүгээр шийдвэр,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Э” ХХК,

Хариуцагч Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б,

Гуравдагч этгээд: Т.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 07/27-02/129/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н,

хариуцагч улсын ахлах байцаагч Н.Б,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул,

Хэргийн индекс: 120/2026/0018/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Бт холбогдуулан “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 07/27-02/129/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2026/0029 дүгээр шийдвэрээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 07/27-02/129/08 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлах явцад Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ӨМГ0625/125 дугаар дүгнэлт нь дутуу хийгдсэн болох нь тогтоогдсон. Тодруулбал, шинжээчид тавигдсан асуултын 4 дэх асуултад огт хариу ирүүлээгүй. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй. Гэтэл энэ талаарх асуултад хариулт ирүүлээгүй, тухайн үйл баримттай маргаж байхад дүгнэлт өгөөгүй, энэ талаар холбогдох байгууллагаас тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу,

3.2 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д үйлдвэрлэлийн хүчин зүйлийн улмаас амь нас, эрүүл мэндэд гэмтэл учирсан байх урьдчилсан нөхцөлийг тодорхой заасан. Гэвч хариуцагч үйлдвэрлэлийн ослын шалтгаан, хүчин зүйл, шалтгаант холбоог хянан үзэж тогтоогоогүй байхад “амрах байр буюу ажлын байранд хамаарч буй тул” гэх үндэслэлээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн маргаан бүхий акт нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.11, 7.3-т заасан дүгнэлтийн аль нь болох нь тодорхойгүй, энэ талаар маргаж байхад шүүх дүгнэлт өгөөгүй. Хэргийг тал бүрээс нь дүгнээгүйд гомдолтой байна,

3.3 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 10 дугаар зүйлийн 10.9, 10.9.4, 10.9.11-д заасны дагуу хариуцагч зүрхний цочмог өвчний улмаас нас барсан нь үйлдвэрлэлийн осолд нөлөөлөх хүчин зүйлүүдийн алинд хамаарч байгааг тогтоогоогүй. Ажлын хүчин зүйлээс өвчин үүссэн үү, архаг хууч өвчин үү, хордлогоос болсон уу зэрэг ямар хүчин зүйлийн үйлчлэлд осолдогч өртсөн болохыг тогтоож чадаагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх үйл ажиллагааны зарчмыг ноцтой зөрчиж буйг илтгэж байгаа тул хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Шүүх хариуцагчийг дүгнэлтээ гаргахдаа ямар ямар нотлох баримтуудыг хэрхэн бүрдүүлсэн талаар хянан үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,

   3.1 Э” ХХК-д хөдөлмөр хяналтын ээлжийн ахлах ажилтнаар ажиллаж байсан З.М нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн нутаг, дэвсгэрт байрших “П” ХХК-ийн амрах байранд нас барсан.

Үүнтэй холбогдуулан тус компанийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс” 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “үйлдвэрлэлийн ослоор бүртгэхгүйгээр” тухай акт тогтоосныг Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчаас  “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэгээ хийн, 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 07/27-02/129/08 дугаартай “Тохиолдлыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтийг үйлдсэн.

   3.2 Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ӨМГ0625/125 дугаар дүгнэлтээр “...талийгаач З.М нь зүрх судас, элэг, бөөр, нойр булчирхайн архаг өвчтэй байсан нь үхлийн шалтгаанд шууд холбоотой, зүрхний булчингийн цочмог шигдээсийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан ...” болох нь тогтоогдсон.

   3.3 “Э” ХХК-иас Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 07/27-02/129/08 дугаартай  дүгнэлтийг эс зөвшөөрч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газарт хандан гомдол гаргасныг Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07/00-00/001-06 дугаар шийдвэрээр, улсын ахлах байцаагчийн үйлдсэн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...хариуцагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг буруу тайлбарлаж, улсын байцаагчид өөрт олгогдоогүй эрх буюу үйлдвэрлэлийн осол болоогүй байхад Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.11-т заасныг үндэслэн манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ... талийгаачийн эхнэр нь маргаан бүхий дүгнэлтийг үндэслэн компаниас их хэмжээний  нөхөн төлбөрийг шаардаж байна...” зэрэг үндэслэлээр маргаан бүхий улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-т "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.4.-т “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед”, 7.1-т “ Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ”, 7.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй” гэж тус тус заасан.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзэхэд “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа, амрах” үедээ нас барсан нөхцөл байдал нь хуульд заасан “үйлдвэрлэлийн осол”-д хамаарна.

6. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Э” ХХК нь “П” ХХК-тай байгуулсан “Кемпийн менежмент болон катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өөрийн ажилчдыг “П” ХХК-ийн кемпэд байрлуулдаг.

Талийгаач З.М нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023-10 дугаар Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “Э” ХХК-д Хөдөлгөөн хяналтын ажилтнаар ажиллах болсон бөгөөд ажилд орохтой холбогдон 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн Эрүүл мэндийн үзлэгийн хуудаст “тэнцэнэ” гэж тэмдэглэсэн. Мөн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр УБ Сонгдо эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт орж байсан.

7. Хэрэг учрал болсон өдөр буюу 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр талийгаач З.М нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Шивээ хүрэн хилийн боомтын ойролцоо байрлах уурхайд “Хөдөлгөөн хяналтын ажлын зохицуулалт, цагийн хуваарь”-ийн дагуу уртын ээлжээр ажиллан, ажил олгогчийн хяналтад байх уурхайн амрах байранд ирж, орон дээрээ нас барсан байдалтай олдсон үйл баримт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасан үйлдвэрлэлийн осолд хамаарах тул маргаан бүхий улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

8. Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлэг, сумын эрүүл мэндийн төвийн болон ОБА транссын эмч нарын тэмдэглэлээр талийгаач нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан” гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ӨМГ0625/125 дугаар дүгнэлт нь Гурвантэс сумын цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын 4 дэх асуулт болох “... цогцосноос этиллийн спирт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн эсэх, хэрэв этиллийн спирт илэрсэн бол согтолтын ямар зэрэгт хамаарах вэ” гэх асуултад хариулаагүй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2026/0029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                  Ц.ОДМАА

 

                ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

 

 

                           ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА