Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч Э.Болор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр,

Шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Торгууд овогт Жаргалсайханы Эрдэнэцэцэгт холбогдох эрүүгийн 201610010210 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, дээд боловсролтой, ашиглалтын техникч мэргэжилтэй, Замын-Үүд Өртөөнд мэдээллэгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Замын-Үүд сумын 1-р баг Захиргааны 14-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Торгууд овогтой Жаргалсайханы Эрдэнэцэцэг /РД: ЕО84121963/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэг нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Захиргааны 14-11 тоот болох гэртээ нөхөр Б.Анхбилэгийг хальтарч унах үед нь түшиж босгох гэж байгаад гартаа байсан хутгаараа баруун далан тус газар нь хатгаж бие махбодид нь хүнд зэргийн гэмтлийг болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... манай нөхөр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 12 цагийн үед нилээд архи уусан байдалтай над руу утсаар залгаж би Замын-Үүд сум руу орж ирж байна гэж надтай ярьсан. Нөхрийгөө утсаар ярьсны дараа би хоол хийх гээд мах ногоо бэлдчихээд өөрийн найз Дэлгэрмаатай гал тогооны өрөөнд ойр зуурын юм яриад сууж байтал гаднаас нөхөр маань өөрийн найз гэх үл таних залуугийн хамт орж ирсэн. Тэгээд нэг их удалгүй нөхрийн найз нь гэрээс гарч Дэлгэрмаа манай нөхөр Анхбилэг бид 3 үлдсэн юм. ... тэгээд л гал тогооны өрөөнд орж ирээд Анхбилэг надад хандаж хил дээр ачаа ирчихсэн байна, ачаагаа авахаар хил рүү явлаа гэж хэлээд ширээн дээр байсан аягатай цайг авч уух гэж байгаад хойшоо хальтарч савж унах гэж байхаар нь би түүнийг түшиж босгосон юм. Яг энэ үед би хоол хийгээд мах хэрчээд зогсож байсан болохоор гартаа байсан хутгаа тавьж амжилгүй түүнийг түшиж босгох гэж байгаад ар нуруу хэсэгт нь хутгаар хатгаж гэмтээсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хx-ийн 38/,

- Хохирогч Б.Анхбилэгийн мөрдөн байцаалтын шатанд:  “... гэртээ орсны дараа хэсэг хугацаанд жаахан хэвтэж амарсан бөгөөд нэг их удалгүй миний утас дугарч хил дээр ачаа ирчихлээ хурдан ирж ав гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би орноосоо босоод гал тогооны өрөөндөө орж энэ талаар эхнэртээ хэлээд ширээн дээр байсан аягатай цайг авч эргэж гарах гэж байгаад хойшоо хальтарч савж унах үед эхнэр маань намайг түшиж босгосон. Тэгээд л  эхнэр намайг түшиж босгосны дараа миний нуруунаас цус гарч эхлэхээр нь би хувцасаа тайлж эхнэртээ харуултал нурууны хэсэгт шарх үүссэн байсан, Тэгэхээр нь би үүссэн шархан дээрээ эхнэрээрээ лент наалгуулчихаад гэрээсээ гарч явсан. ... Их хурдан хугацаанд болоод өнгөрсөн болохоор мах хэрчиж байсан хутгаа ширээн дээр тавьж амжилгүй намайг түшсэн” гэсэн мэдүүлэг /хx-ийн 12, 72/,

- Гэрч Т.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд: “... тэгээд Анхбилэг өрөөнд орж ирээд ширээн дээр байсан аягатай цайг аваад /ус, цай аль болохыг мэдэхгүй байна/ эргэж өрөөнөөс гарах гэж байгаад, хойшоо хальтарч унах гэж байсан бөгөөд энэ үед Ж.Эрдэнэцэцэг түүнийг түшиж босгосон юм. Тэр үедээ Анхбилэгийг хутгалж гэмтээчихсэн. ... Эрдэнэцэцэг мах хэрчээд зогсож байсан болохоор гартаа байсан хутгыг ширээн дээр тавьж амжилгүй түүнийг түшиж босгохдоо гэмтээчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 399 дугаартай шинжээчийн дүгнэлт:  “Б.Анхбилэгийн биед цээжний хөндийн баруун ар талд цээжний хөндий рүү нэвтэрсэн зүсэгдсэн шарх, нээлттэй пневмоторакс /цээжний хөндийд агаар хурах/ амьсгалын дутагдал 1–2-р зэрэг гэсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Учирсан гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно” гэсэн дүгнэлт /хx-ийн 26/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40-41/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур болон бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэг нь болгоомжгүй үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Захиргааны 14-11 тоот болох гэртээ нөхөр Б.Анхбилэгийг хальтарч унах үед нь түшиж босгох гэж байгаад гартаа байсан хутгаараа баруун далан тус газар нь хатгаж бие махбодид нь хүнд зэргийн гэмтлийг  учруулсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэлийг болгоомжгүй учруулсан гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний шинжийг хангасан, үйлдэл холбогдол нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх тогтоолдоо үндэслэв.

Шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэг нь болгоомжгүй үйлдлээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь: шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Анхбилэгийн “...ширээн дээр байсан аягатай цайг авч эргэж гарах гэж байгаад хойшоо хальтарч савж унах үед эхнэр маань намайг түшиж босгосон. Тэгээд л  эхнэр намайг түшиж босгосны дараа миний нуруунаас цус гарч эхлэхээр нь би хувцасаа тайлж эхнэртээ харуултал нурууны хэсэгт шарх үүссэн байсан, Тэгэхээр нь би үүсэн шархан дээрээ эхнэрээрээ лент наалгуулчихаад гэрээсээ ѓарч явсан...” гэсэн, гэрч Т.Дэлгэрмаагийн “... эргэж өрөөнөөс гарах гэж байгаад, хойшоо хальтарч унах гэж байсан бөгөөд энэ үед Ж.Эрдэнэцэцэг түүнийг түшиж босгосон юм. Тэр үедээ Анхбилэгийг хутгалж гэмтээчихсэн” гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэгийг хохирогч Б.Анхбилэгийн бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

Шүүх Ж.Эрдэнэцэцэгт гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэг нь жирэмсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картаар нотлогдож байх тул түүнд оногдуулах хорих ялыг хуульд зааснаар хойшлуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хүрэн иштэй хутгыг устгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Торгууд овогтой Жаргалсайханы Эрдэнэцэцэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар шүүгдэгч Торгууд овогтой Жаргалсайханы Эрдэнэцэцэгийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Жаргалсайханы Эрдэнэцэцэгт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хар хүрэн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт утсгах комисст даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэгт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял  оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эрдэнэцэцэгт урд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ