Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0230

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Н,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Ө.Н-гээс Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн Ө.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй байна.

2. Нэхэмжлэгч Ө.Н Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн аманд зуслангийн зориулалттай 699 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн даргын 2013 оны захирамжаар хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/528 тоот захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж, хуульд заасан журмын газрын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн бөгөөд санамсаргүй байдлаар 2020 оны 01 сард газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ холбогдох баримтыг үрэгдүүлсэн. Ингээд газрын гэрээ, гэрчилгээ холбогдох баримтыг дахин гаргуулахаар 2020 оны 04 сард Чингэлтэй дүүргийн газрын албанд хандахад  2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуудаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар маргаан бүхий захирамжийг гардуулсан ба хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас “миний эзэмшлийн газартай холбоотой гомдол ирсэн тухай мэдэгдэж, тайлбар авч байгаагүй бөгөөд уг гомдлыг үндэслэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тухай огт мэдэгдээгүй атал ийнхүү үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байна” хэмээн маргажээ.

            3. Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн Ө.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2021 оны 06 дугаар сарын 18-нд гаргасан гомдолд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/2829 дүгээр албан бичгээр “Захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн хариуг өгснөөр 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ханджээ.

            4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Миний бие өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж, хуульд зааснаар газрын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн бөгөөд санамсаргүй байдлаар 2020 оны 01 сард газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ холбогдох баримтыг үрэгдүүлсэн тул газрын гэрээ, гэрчилгээ холбогдох баримтыг дахин гаргуулахаар 2020 оны 04 сард Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан бөгөөд харин 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуудаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийг надад өгсөн. Энэ захирамжаар Ө.Н надад 699 м.кв газар олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/528 тоот захирамжийг хүчингүй болгосон байх бөгөөд ямар шалтгаанаар хүчингүй болгосныг тодруулахад бүртгэл хяналтын карт гэх тэмдэглэлийг үзүүлэн “2020 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд оршин суудаг нэр бүхий иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.6 дахь заалтыг тус тус зөрчсөн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэсэн боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас миний эзэмшлийн газартай холбоотой гомдол ирсэн тухай мэдэгдэж, тайлбар авч байгаагүй бөгөөд уг гомдлыг үндэслэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тухай огт мэдэгдээгүй атал ийнхүү үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байна.

Хэрэв Чингэлтэй дүүргийн Засаг даргаас иргэн миний эзэмшлийн газрыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байгаа гэж үзсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, мөн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн надад огт мэдэгдээгүй, тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийлгүй А/705 дугаар захирамжийг гаргасан нь хууль бус байна.

Дээр дурдсаны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.3. “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6. “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн бүртгэл хяналтын картад бичигдсэний дагуу Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэн иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй юм. Учир нь 2013 онд анх газар эзэмших эрх авахад хуульд заасан шаардлагыг хангаж байсан тул газар эзэмших эрхийг олгосон бөгөөд 2018 онд мөн л хуульд нийцэж байх тул газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан. Мөн тус газарт ганцхан миний бие газар эзэмшдэггүй бөгөөд 10 гаруй иргэн зуслангийн зориулалтаар газар эзэмшдэг байтал зөвхөн миний эзэмшлийн газар хууль зөрчсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн иргэн намайг Усны тухай хууль зөрчсөн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх атал Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжид Ойн тухай хуулийн 8.6 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж үзэхээр байна. Миний бие Газрын тухай хууль тогтоомжийг ноцтой, удаа дараа зөрчөөгүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө цаг тухайд төлж байсан, эзэмшлийн газартаа хашаа хатган зуслан зориулалтаар ашиглаж байсан бөгөөд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасан үйл ажиллагаа огт явуулаагүй тул дээрх хуулийн үндэслэлийн алинд нь ч хамаарахгүй юм. Миний эзэмшлийн газрын хөрш зэргэлдээ иргэд гомдол гаргасан байх бөгөөд гомдол гаргасан гэх иргэн нь миний эзэмшлийн газар дээр давхардуулан хашаа барьсан маргаантай байгаа тул өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга /Н.Оюунбилэг/ гэх эмэгтэй “хашаагаа чөлөөл хууль зөрчсөн байна, газрын гэрчилгээг чинь өгөхгүй” гэж дайрч, сүрдүүлэн одоо болтол газрын гэрчилгээг маань өгөхгүй байна.

Иймд иргэн миний эрхийг зөрчсөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн Ө.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуульд заасан 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх, 16 дугаар зүйлд заасан хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө авах эрхээр хангаагүй. Маргаан бүхий А/705 дугаар актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудасны шаардлагыг хангаагүй. Мөн тухайн актыг үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл 49 дүгээр зүйлийг удирдлага болгосон байдаг. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” 48.2.2. ”бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 49 дүгээр зүйл “Эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах” гэсэн зохицуулалтын 49.3.5. “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд” гэх заалтуудыг баримталсан байна. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-т “Эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3. “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно” гэж заасныг үзвэл хариуцагч эерэг, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хольж хутган гаргаж, гаргаж буй захиргааны актынхаа хууль зүйн үр дагаврыг мэдэхгүй, хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэсэн байна гэж үзэж байна. Иргэн Ө.Нд 2012 онд газар эзэмших эрх олгосноороо 2020 онд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, ямар нөхцөл байдал үүссэн талаар баримт байхгүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 801 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч анх 2012 оны А/76 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болж, 2018 А/528 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар сунгасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэх заалт нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдсэн заалт юм. Үүнээс үзвэл нэмэгдсэн заалтыг 2012 онд газар эзэмших эрхтэй болсон этгээдэд буцаан хэрэглэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 801 дүгээр захирамж нь Туул голын сав газраар хийсэн хяналт шалгалтын үр дүнд гарсан захирамж байх бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас газрын хяналт шалгалтын танилцуулгад холбогдох зөрчлүүдийг таслан зогсоож холбогдох арга хэмжээг авсан тухай дурдсан байдаг. Уг хяналт шалгалт нь Налайх, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд тус тус хийгдсэн байдаг. Мөн тус захирамжид газар эзэмших эрхийг цуцлах тухай зохицуулалт байхгүй. Харин цаашид авах арга хэмжээний тухай дурдсан. Маргаан бүхийн А/705 дугаар захирамж Нийслэлийн Засаг даргын 801 дүгээр захирамжид үндэслээгүй байдаг. Усны сан бүхий хамгаалалтын бүсэд хамаарч байгаа баримт хэрэгт авагдаагүй байна. Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар тогтоолд солбицол хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүй байдаг.

 Хэрэгт авагдсан баримтаас харахад төрийн байгууллага хариуцлагатай байх ёстой. Гэрчилгээг шинээр гаргуулах хүсэлтийг нь далимдуулж бусдын хууль бус нөлөөллөөр хандаж болохгүй. Нэхэмжлэгч хөрш айлууд газартай давхцуулж хашаа барьсан байдаг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд танил тал болон төрийн албыг буруугаар ашиглаж газар эзэмших эрхэд нь халдаж гэрчилгээг хүчингүй болгуулсан гэж үздэг. Бодит амьдрал дээр тухайн хүмүүсийн газар эзэмших гэрчилгээ хүчингүй болоогүй. Захиргааны эрх зүйд захиргааны акт нь хэрвээ нэхэмжлэгчид ашигтайгаар гарсан бол түүнийг хангаж шийдвэрлэдэг. Харин захиргааны шийдвэр үйл ажиллагаа нь нэхэмжлэгчид сөргөөр гарсан бол түүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг. Захиргааны байгууллага нотлох баримтыг өөрчилж болдог. Ийм байдлаар тэнцвэргүй байдаг учраас аль болох нэхэмжлэгч буюу иргэний эрх ашиг яаж хөндөгдсөнийг харгалзан үзэж шийдвэр гаргадаг. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/705 захирамжийн Ө.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн Ө.Нд холбогдох хэсэг хууль тогтоомжийн дагуу гарсан буюу эрх зүйн хувьд бүрэн хүчин чадалтай акт юм. Учир нь нэхэмжлэгчийн амьдарч байсан гэх тус дүүргийн 19 дугаар хороо, Гүнтийн 700 м.кв газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасны дагуу болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 801 дугаартай захирамжийн дагуу нэхэмжлэгчийг тус газарт газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д хамаарах усны сан бүхий газар юм. Үүнд нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3/2829 дугаартай албан бичгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын шийдвэр хууль ёсны байна гэж үзсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөр албан бичиг явуулсан байдаг. Уг албан бичигт Улаанбаатар хотын усны ундаргатай холбоотой хяналт шалгалт хийх тухай албан бичиг явуулаад, үүний дагуу  Нийслэлийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/801 дугаартай захирамж гаргасан. Тухайн  захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь холбогдох усны сан бүхий ундаргатай холбоотой хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасныг үндэслээд “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийлгүй явуулж болно” гэж заасан. Нэхэмжлэгчийн газар нь усны ундаргатай газар бөгөөд энэ асуудал нь Чингэлтэй дүүрэг гэлтгүй улсын хэмжээний асуудал. Иймд А/705 захирамж нь хууль ёсны шийдвэр юм. Иргэн Ө.Нгийн газрын гэрчилгээг  иргэдээс болон  дээд шатны байгууллагуудаас ирүүлсэн чиглэлийн дагуу цуцалсан. Тухайн газар нь усны сан бүхий газар юм. Энэ нь иргэдэд сөргөөр нөлөөлөх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасны дагуу сонсох ажиллагаа явуулахгүйгээр цуцалсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны А/705 захирамжаар Ө.Нд эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон нь хууль ёсны захирамж юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүх, нэхэмжлэгч иргэн Ө.Н-гээс гаргасан нэхэмжлэлийг  хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

9. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас “Газрын тухай хууль болон иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Ойн сан, усан сангийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн, шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” гэж үзэж, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/705 дугаар захирамжийн нэг дэх заалтаар нийт 84 иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд, хоёр дахь заалтаар газар эзэмших эрх дуусгавар болсонд тус тус тооцжээ.

10. Дээрх А/705 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нь тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргаж байна.

11. Чингэлтэй дүүргийн Засаг даргын маргаан бүхий А/705 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно”, 48.2.2. “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 49 дүгээр зүйлийн 49.3.5. “нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд”, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6. “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33.6. “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, 39 дүгээр зүйлийн 39.1.4. “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2. “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1. “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасныг үндэслэн гарсан байна.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6. “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба дээр дурдсан /11-д/ захирамжийн бусад үндэслэл нь нэхэмжлэгчид хамааралгүй хэмээн тодруулан маргаагүй болно.

13. Иймд хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт шүүх дүгнэлт өгөөгүй мөн, маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянахдаа хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зөвхөн маргасан хэсгээр хязгаарлаж, бусад хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.

14. Сонсох ажиллагааны талаар.

14.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1. “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2. “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасныг хариуцагч бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзсэн шалтгаан юу болох, нөгөө талаар нэхэмжлэгчид хандан сонсох ажиллагаа явуулах нь яагаад нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх болохыг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2. “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” гэж зааснаар нотолж чадаагүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

14.2. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15/158 дугаар албан бичгээр “...дүүргийн Засаг даргын 2018 оны А/528 дугаар захирамжаар иргэн Ө.Нд эзэмшүүлсэн байгаа /1501203035/ тоот нэгж талбар бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар тухайн иргэнд сонсгох ажиллагаа хэрхэн хийсэн, талаарх тайлбар мэдэгдэл манай албаны архивд байхгүй болно” гэсэн нь сонсох ажиллагааг явуулаагүй болохыг нотолж байна. Иймээс эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогчийг сонсоогүй, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олгоогүй нь хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзнэ.

14.3. Захиргааны байгууллага буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна. Хуулийн эдгээр заалтыг авч хэрэгжүүлээгүй талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй байна.

15. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6. “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” энэ заалтыг хууль тогтоогчоос 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн ба энэхүү хориглосон зохицуулалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/528 дугаар захирамжаар гэрчилгээний хугацаагаа 15 жилээр сунгуулж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн 000755053 дугаар гэрчилгээнд заасан зориулалтын дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байсан нэхэмжлэгчид яагаад хамаатуулж үзэж байна вэ, нэхэмжлэгчтэй нэгэн адил газар эзэмших эрхийг хэрэгжүүлж, хөрш зэргэлдээ оршин байрлаж байгаа бусад газар эзэмшигч нарын газар эзэмших эрхийг хэрхсэн бэ гэдэг асуудалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хангалттай тайлбарлаагүй, үгүйсгэх нотлох баримтаар дурдан мэтгэлцээгүй.

16. Маргаан бүхий газрын үзлэгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн дагуух газар нь урсгал голтой зэрэгцэн байрладаг, газраа хашаалж бодитойгоор газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байна, үүнд талууд маргаагүй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2/2058 дугаар албан бичигт “2012 оны 06 дугаар сарын архивын мэдээлэлд нэгж талбарын эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдөн ХП76010418 регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн байна. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Газрын кадастрын мэдээллийн санд 1501203035 нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв талбайтайгаар бусад иргэн, аж ахуйн нэгжийн газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй Ө.Н /ХП76010418/-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байна” гэх, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15/901 дүгээр албан бичигт “...тус дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд иргэн Ө.Н /РД: ХП76010418/ нь Улаанбаатар хотын банкны 2611038040 /хуучин нэрээр/ тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 52360 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 25830 төгрөг тус тус төлсөн” гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

17. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл. “Газар эзэмших эрх дуусгавар болох”, 40 дүгээр зүйл. “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” талаарх хуулийн зохицуулалт, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох, хүчингүй болгох хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захирамжид заагдсан Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4. “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2. “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэх үндэслэлүүд нэхэмжлэгчийн тухайд байхгүй гэдгийг тайлбараараа хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр маргаан бүхий захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

18. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нэг талаас Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 801 дугаартай захирамжийн дагуу нөгөө талаас иргэдээс ирсэн гомдлын дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6. “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтын хүрээнд хүчингүй болгосон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

19. Учир нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүхий газар нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, эсхүл ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд хамаарч буй гэдгийг тогтоосон баримт байхгүй, маргаан бүхий захиргааны актад энэ асуудлыг нарийвчлан зохицуулсан Усны тухай хууль, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас баталсан тогтоолыг үндэслээгүй, зөвхөн хариу тайлбартаа ийнхүү дурдан маргасан тул холбогдох баримтыг шүүхээс цуглуулах явцад:

19.1. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15/958 дугаар албан бичгээр “Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнт зусланд иргэн Ө.Нгийн эзэмшиж буй 700 м.кв газар нь усан сангийн хамгаалалтын бүсэд байршилтай 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн захирамжийн төслөөс хасагдсан” гэх,  мөн албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 15/21 дүгээр албан бичгээр “...Иргэн Ө.Н нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай албанд онцгой хамгаалалтын бүсэд орсон” гэх баримт ирүүлсэн, харин ямар хамгаалалтын бүсэд хэзээ хэрхэн хамаарах болсон, холбогдох тайлбар, тодруулга, тогтоол шийдвэрийг гаргуулахаар хүссэн авч ирүүлээгүй, мөн шүүх хуралдаан дээр тайлбарлаагүй.

19.2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Туул голын онцгой хамгаалалтын бүс, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/801 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж маргаан бүхий захирамж гарсан гэхэд учир дутагдалтай, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас маргаан бүхий захирамждаа дээрх А/801 дүгээр захирамжийг нэрлэн үндэслээгүй нь маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянахад хамааралгүй болгож байна.  

19.3. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүхий газар нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэрхэн давхцаж байгааг тодруулахын тулд нотлох баримт шаардсанаар Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 2/309 дүгээр албан бичгийн хавсралтаар Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хамгаалалтын бүс шинэчлэн тогтоож, орон нутгийн хамгаалалтад авах тухай” 06 тоот тогтоолыг ирүүлсэн ба уг тогтоолоор “...дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Чингэлтэй Хайрхан уулын салбар уулс болох Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Гүнт, Жигжид, Майхан толгой, Ойн булаг орчмын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож” шийдвэрлэсэн байна. Энэ тохиолдолд дээрх тогтоолоор тогтоосон хамгаалалтын бүсийн солбицлын утгыг боловсруулан Газрын кадастрын мэдээллийн сангаас хайлт хийлгүүлэхэд ойн сан бүхий газарт хамаарч байгаа талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/539 дугаар албан бичгээр ирүүлсэн байна.

20. Ийм учраас усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэх үйл баримтыг хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаагаар тогтоогдоогүй, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангаж гараагүй гэж үзэх үндэслэлтэй.

21. Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан бүрэн эрхээ хариуцагч нь хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг зарыг эзэмших” эрхийг дээрх байдлаар зөрчсөн, шийдвэр нь үндэслэлгүй, алдаатай захиргааны акт гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 33 дугаар зүйлийн 33.6, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан иргэн Ө.Н-гээс Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/705 дугаар захирамжийн Ө.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.Б