| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2024-01-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дүрслэх урлаг, мэргэжилтэй, “************* ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, Геологийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД:*******/
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ************* тоотод иргэн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хямд зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3500.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод хохирогч Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг хямд зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч : “...Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд гэртээ нөхөр хүүхэд нарын хамт байж байсан чинь танил эгч ******* манай гэрт орж ирээд нөхөр бид 2-г машин худалдаж авах гэж байгаа яриаг сонсоод эгч нь ахынхаа машиныг хямд буюу 3500.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон та 2 мөнгө чинь бэлэн байгаа бол нэг удаа авчих гээд гар утсан дээрээсээ саарал өнгөтэй Toyota Prius-20 машины зураг үзүүлэхээр нь хямд юм чинь худалдаж авахаар шийдсэн. Улмаар ******* эгчийн өгсөн данс болох 52... тоот Хаан банкны гэх хүний данс руу 3500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш машинаа өгөөгүй. Мөнгөө авъя гэхэд сүртэй юм бэ гэж хэлээд 1500.000 төгрөгийг буцаан өгсөн харин үлдэгдэл 2000.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа. Нөхөр бид хоёр автомашиныг бодитоор нь огт хараагүй бид 2-т зүгээр л нэг зураг харуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
гэрч Л.ийн: “...манай ангийн хүүхэд болох 2023 оны 10 дугаар сарын эхнээс манай гэрт 11 сарын дунд хүртэл хугацаанд амьдарсан. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байхад ирээд таны данс руу ээж ******* 3500.000 төгрөг хийгээдэхье гэхэд нь би дансаа өгтөл дансанд 3500.000 төгрөг шилжилж орж ирсэн. Би тухайн мөнгийг хэрэглэсэн зүйл огт байхгүй. Харин ******* гэдэг хүнд 3500.000 төгрөгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
ХААН бакны Депозит дансны дэлгэргүй хуулга /хх-ийн 45-50 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 3500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 3500.000 төгрөгийг төлсөн, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 3500.000 төгрөгийг төлсөн, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ