| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2020/03237/И |
| Дугаар | 183/ШШ2020/02454 |
| Огноо | 2020-09-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2020/02454
2020 09 15 183/ШШ2020/02454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .......... хаягт байрлах ЧДНДХ /00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............... тоот хаягт байрлах Х ХХК /000000/-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 28 482 939 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч Х ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн дааталын шимтгэл 18 988 626 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсээд байна. Уг шимтгэлийн өр 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуримтлагдсан. Энэхүү зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага тавьж, тус хэлтэст бүртгэлтэй 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хаан банк дахь 000000000 тоот харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг-ийг тус тус зөрчиж байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүйд тооцсон тул хэрэглэх боломжгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 329 тоот шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд З.Бийг эрэн сурвалжилж олж тогтоосон бөгөөд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 27з2-3/386 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн ................. тоот-д оршин суудаг болох нь тогтоогдсон тул шүүхийн харьяалалын дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 18 988 626 төгрөгөнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 9 494 313 төгрөг, нийт 28 482 939 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х ХХК-ийн захирал З.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газарт үүссэн өр авлагыг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийн гэрээг байгуулж, 1 жилийн дотор төлөх хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ЧДНДХ нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 18 988 626 төгрөг, алданги 9 494 313 төгрөг, нийт 28 482 939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, ...Өр авлагыг хүлээн зөвшөөрч байна, 1 жилийн хугацаатай төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулна гэх тайлбарыг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Х ХХК нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 18 988 626 төгрөгийн дутуу төлөлттэй болох нь Х ХХК-ийн нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн тайлан, нийгмийн даатгалын шимтгэлийн болон алдангийн тооцоо, заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 дэх хэсгийн албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээхээр тус тус зохицуулсан тул Х ХХК нь ажил олгогчийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хувь хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т Нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, мөн Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3.2-т Нийгмийн даатгалын байцаагчаас нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон шимтгэл ногдуулалт, төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголтод хяналт тавих, шимтгэлийн орлого бүрдүүлэхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шалгалтын удирдамж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, нэгдсэн акт, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, шийтгэврийн хуудас, харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдэл, харилцах дансыг нээх зөвшөөрөл, хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулга (цаашид "акт, нэгдсэн акт, шийтгэвэр, шаардлага, дүгнэлт, мэдэгдэл, шалгалтын танилцуулга" гэх) үйлдэнэ тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтыг улсын байцаагч алданги тогтоосон тухай акт үйлдэх, алданги төлөх албан шаардлага хүргүүлэх зэрэг зохих ажиллагааг гүйцэтгэсэн байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан дээрх ажиллагааг гүйцэтгэсэн эсэх нь нотлогдохгүй, улсын байцаагч татвар төлөлтөд хийсэн алдангийн тооцоо гэх баримтыг өөрийн тамгаар баталгаажуулан ирүүлснийг болон 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэлд өр 18 988 626 төгрөгийг төлөх талаар дурдсанаас биш алдангийн хэмжээг огт бичээгүй байгаа нь зохих ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй эсэхээ нотлоогүй тул Х ХХК-иас 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй өр төлбөрт 18 988 626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 9 494 313 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 252 893 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-иас 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй өр төлбөрт 18 988 626 төгрөгийг гаргуулан ЧДНДХт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 9 494 313 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас 252 893 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ