Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 2223001930191 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхэд, ээжийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын ******* тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн Завхан аймгийн салбар дэлгүүрийн борлуулагчаар ажиллаж байхдаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс Самсунг-А52, Самсунг-А13, Поко-М3 Про маркийн 3 ширхэг гар утсыг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2,190,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн Завхан аймгийн салбар дэлгүүрийн борлуулагчаар ажиллаж байхдаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс Самсунг-А52, Самсунг-А13, Поко-М3 Про зэрэг 3 ширхэг гар утсыг завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

- Хохирогч Д.ийн “...Би Завхан аймгийн “” ХХК-ийн салбарт ажиллаад 7 сар орчим болж байна. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн биеэр цахилгаан бараагаа хамтран ажиллаж байсан борлуулагч Б.*******ын хамт тоолоход бараа бүрэн байсан. Тэрнээс хойш би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл, мөн 22-ны өдөр тус тус хүүхдийн бие өвдөөд байсан тул хамтран ажиллаж байсан борлуулагч залуу Б.*******, Х. нарт хариуцуулж явсан юм. Тэгээд би ажилдаа 23-ны өдөр орж ирсэн бөгөөд 11 цагийн орчим цахилгаан бараандаа тооллого хийхэд арын агуулах өрөөнд цаасан хайрцагт хийж боогоод скочидсон байсан шинэ хайрцагтай утаснаас 3 ширхэг гар утас дутаж алга болсон байсан юм. Тухайн алга болсон гар утас нь Росо М3 Pro 1 ширхэг, Samsung A52 1 ширхэг, Samsung A13 1 ширхэг загварын гар утаснууд алга байсан. Тэгээд тооллого бүрэн хамруулж дуусаад хайгаад сураглаад олдохгүй байх тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна. Манай дэлгүүрт ямар нэгэн байдлаар гаднаас хулгай орсон гэх ул мөр байхгүй. Хаалга цонх бүх зүйл бүрэн бүтэн байгаа. Манай байгууллага гадна болон дотор талдаа ямар нэгэн хяналтын камер бичлэг байхгүй. Би Улаанбаатар хотод байх салбарын хариуцсан хүндээ ажилд орсон цагаасаа эхлүүлэн хяналтын камер суурилуулж өгөх талаар санал тавьсан бөгөөд одоо болтол миний санал хүсэлтийг хүлээж аваагүй камер суурилуулж өгөөгүй байна. Росо М3 Pro 1 ширхэг-899,900 төгрөг, Samsung A52 1 ширхэг- 1,059,900, Samsung A13 1 ширхэг-669,900 төгрөг нийт: 2,629,700 төгрөг хохирол учирсан байна. Нэмж алга болсон эд зүйлс байхгүй. Би хамт ажиллаж байсан борлуулагч Б.******* болон Х. нарыг сэжиглэж байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 88-89-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Л.гийн “...Би “ ” ХХК-ийн Завхан салбарын менежерээр 2022 оны 10 сарын 05-ны өдөр орж ажлаа хүлээж авахад 3 ширхэг гар утас дутсан. Энэ талаар цагдаад хандсан байгаа гэж байсан юм. Хэзээ ямар байдлаар алдагдсан гэдгийг би мэдэхгүй учир нь тэр утас алдагдах үед би ажлаа хүлээж аваагүй байсан юм. Миний мэдэж байгаагаар Самсунг А52, Самсунг А13, хар өнгийн Поко М3 про маркийн гар утаснууд алга болсон гэж байсан юм. Тухайн гар утаснууд хайрцаг савтайгаа имей кодтойгоо бүгд алга болчихсон. Одоо манайд тэдгээр 3 утасны талаар гэвэл бараа материал хүлээлцсэн бүртгэл л байгаа өөр баримт байхгүй. Тухайн үед буюу 2022 оны 09 дүгээр сард Самсунг А52 маркийн гар утас нь 1.059.900 /нэг сая тавин есөн мянга есөн зуу/ төгрөгөөр, Самсунг А13 загварын гар утас нь 669.900 /зургаан зуун жаран есөн мянга есөн зуу/ төгрөгөөр, Поко М3 про загварын гар утас нь 899.900 /найман зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөгөөр тус тус худалдаалагдаж байсан. Энэ хэргийн улмаас 3 ширхэг гар утсаа алдаж манай компанид 2.629.700 /хоёр сая зургаан зуун хорин есөн мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учирсан байна. Алдагдсан утаснуудаа олж компанид учирсан хохирлыг барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 93-р хуудас/,

- Гэрч Х.ийн “...Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь Завхан аймгийн “” салбарт ажиллаж байгаад гарсан. 2022 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны өдрүүд санагдаж байна ажилд хүн авна гэсэн зарын дагуу сарын 1.500.000 төгрөгийн цалингаас эхэлнэ гэсэн байсан тул анкет өгсөн. Намайг дуудаж ажилд авсан юм. Тэгээд Улаанбаатар хотод 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд сургалтад суусан. Тэгээд ирээд ажиллаж байгаад цалин мөнгөө өгөхгүй удаад хулгайд хардаад тухайн хариуцаж байгаа гэх хүүхэнтэй нь ер нь харьцаанаасаа болж таарахаа болиод л ажлаасаа гарсан. Би тухайн цаг хугацаанд Улаанбаатар хотод суралцаж байгаад 09 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа орсон бөгөөд ажиллаад 3-4 хоног л болж байсан байх би нэг наймаа бэлэн мөнгөөр 68.000 төгрөгийн худалдан авалт орой хаах гэж байхад хүн бэлэн орлого хийхээр нь тушааж чадаагүй өөрөө авсан байж байгаад маргааш орой нь шилжүүлсэн. Тэгэхэд тэр орлого тушаагаагүй байна гэсэн өдөр нь 09 дүгээр сарын 21-ний өдөр байсан байх санагдаж байна. Агуулахад хойно байсан 3 ширхэг хайрцагтай гар утас алга болсон байна гээд хайгаад эхэлсэн. Мөн намайг авчихсан байна чи өг гээд надад тэгсэн. Би тухайн гар утсыг аваагүй бөгөөд, тухайн байранд ажиллаж байх хугацаандаа ганцаараа огт үлдэж байгаагүй. Голдуу надтай хамт байдаг байсан борлуулагч ******* болон хоёр л хамт байдаг байсан. Би тэр хоёрыг гарахаар хамт л гадаа гарчихдаг байсан. Тухайн байрны түлхүүр надад байхгүй хариуцаж байсан т байдаг. Би тухайн алга болсон гэх гар утаснуудыг огт харж байгаагүй. Хаана байсан эсэхийг нь мэдэхгүй байна. ...Би тухайн барааг хариуцаж байсан болон ******* нарын аль нэг нь авсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 95-96-р хуудас/,  

  - Гэрч Г.ын “...Би Завхан аймгийн ******* сумын төвд гэх газарт байх "" нэртэй цахилгаан барааны дэлгүүрт ажилладаг Б.******* гэх хүнээс 2022 оны 09 дүгээр сарын 15-нд Samsung Galaxy A52 гар утсыг 500,000 төгрөгөөр авахаар болоод урьдчилгаа 200,000 төгрөгийг өөрийн хаан банкны тоот данснаас Б.*******-ын Хаан банкны тоот дансанд хийсэн. Тэгээд дараа нь 09 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөгөөр дахин хийгээд дараа нь 09 дүгээр сарын 24-ний 100,000 төрөг шилжүүлээд нийт 500,000 төгрөг шилжүүлсэн. Samsung Galaxy A52 утсыг манай найз Улаанбаатар хотоос явуулсан тэгээд шинэ утас юм бол би авъя гээд авсан. Тэгээд хайрцагтай утас авсан өөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй баталгаа өгөөгүй. Б.******* гэх хүнтэй Фэйсбүүк цахим хаягаар харьцаж байгаагүй. Завхан аймгийн зарын групп-д Samsung Galaxy A52 зарна гээд тавьсан байсан. Чат гээд чатаар холбогдоод тэгээд утсаар нь холбогдож байгаад очиж авахад надаар таксидаж байсан залуу байсан. Чатлаж байсан чат байгаа бүх чатаа би скрийншот хийгээд цаасан дээр хийгээд гаргаж өгье. Б.******* гэх хүнийг царайгаар л танина.” гэх мэдүүлэг/ х.х-ийн 98-р хуудас/,

- Арилжааны Хаан банкны тоот дансаар хийгдсэн гүйлгээний хуулганд үзлэг хийсэн “...Завхан аймгийн сумын багийн харьяат Б.*******ын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу гэрч Г.ын хаан банкны тоот данснаас 2022 оны 09 сарын 15-ны өдөр 14 цаг 35 минутад "utas" гэсэн гүйлгээний утгатай 200,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн 19 цаг 39 минутад "utas" гэсэн гүйлгээний утгатай 200,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2022 оны 09 сарын 24-ний өдрийн 19 цаг 48 минутад "utas" гэсэн гүйлгээний утгатай 100,000 төгрөгийн орлогын гүйлгээ буюу нийт 3 удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь тогтоогдож байна.” гэх тэмдэглэл /х.х-ийн 58-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд өмчлөгчөөс зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас зарим нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө.

Хэргийн байдлыг авч үзвэл шүүгдэгч Б.******* нь “ ” ХХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22/255 дугаар тушаалаар туршилтын 1 сарын хугацаагаар “” ХХК-ийн Завхан салбарын борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа Завхан аймгийн салбар дэлгүүрийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Самсунг-А52, Самсунг-А13, Поко-М3 Про маркийн 3 ширхэг гар утсыг завшсан нь уг гэмт хэргийн субъектив шинжийг, түүний дээрх шууд санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.*******ын дээрх хууль бус үйлдлийн улмаас “ ” ХХК-д 2,190,000 /хоёр сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаартай “...2022 оны 10 дугаар сарын байдлаар Poco M3 1 ширхэг, Samsung А52 1 ширхэг, Samsung A31 1 ширхэг, 3 ширхэг утасны үнэлгээг 2,190,000 төгрөг гэж тогтоолоо.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. /х.х-ийн 109-111-р хуудас/

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул түүнээс 2,190,000 /хоёр сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж “ ” ХХК-д олгуулах нь зүйтэй байна.

 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.******* урьд нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 141, 147-149-р хуудас/

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хуульд зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь түүний энэ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаанд Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1167.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-зааснаар шүүгдэгч Б.*******оос 2,190,000 /хоёр сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж “ ” ХХК-д олгосугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  П.ДОРЖБАЛ