| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2019/03461/И |
| Дугаар | 183/ШШ2020/02481 |
| Огноо | 2020-09-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2020/02481
2020 09 17 183/ШШ2020/02481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .................. тоотод оршин суух Т овогт Г.А /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг .............т байрлах НШШГГ /РД:000000/-т холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, ............ тоот хаягт байрлах Б ББСБ ХХК /000000/,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гэрч Б.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00065 дугаартай шийдвэрээр Г.Аээс 118.226.300 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГнь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Х ХХК-ийг томилсон байна. Х ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/120 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүрэг, .............. тоотод байрлах 102.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээг 226.926.600 төгрөг гэж үнэлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байх ба шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Г.А надад 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4/25817 дугаартай мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчид мэдэгдсэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хугацаагаа тооцон шүүхэд гомдлын шаардлагаа гаргаж байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Харин Х ХХК-ийн үнэлсэн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь үндэслэл муутай болсон байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гарсан Х ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/120 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан нь үндэслэл муутай гарсан, мөн шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан хугацаагаа баримталж ажиллаагүй байх тул уг үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Золбоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр Галсаннамжилын Аээс 118.226.300 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г.Ат шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн .....................тоот 102.68 м.кв 3 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17290383/1 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17290383/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч, авагч нар үнийн санал өгөхөөс татгалзан шинжээч томилуулахаар хүсэлт тус тус ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Х ХХК-иар үнэлүүлэхэд уг орон сууцыг 226.926.000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4/25817 дугаартай албан бичгийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан өгсөн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2019/12248 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Г.Аийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/120 дугаартай Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.Наранцэцэгт итгэмжлэл олгосон байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг Б.Золбоод 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/144 дугаартай албан бичгээр нэг жилийн хугацаатай олгожээ.
Улмаар нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/120 дугаартай Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын хууль зүйн үндэслэлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн, тойргийн бус шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон байна гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2017 оны 04 сарын 04 ний өдрийн 183/ШЗ2017/03901 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 183/ГХ2017/00363 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэж 2017 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 17290383 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан байдаг. Улмаар 2017 оны 10 сарын 26 ний өдрийн 17290383/1 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,2019 оны 10 дугаар сарын 22 ний өдөр 17290383/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019.10.22 ны өдөр 333 дугаартай тогтоолоор шинжээч томилж Х ХХК ийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан байна. Эдгээр ажиллагааг хуульд заасан журмын дагуу төлбөр авагчид тэмдэглэл үйлдэн мэдэгдэж, тогтоолуудын зохих хувийг шийдвэр гүйцэтгэгч гардуулан өгсөн байгаа нь хэрэгт авагдсан мэдэгдлүүдээр тогтоогдож байна.
Гэвч 2019 оны 11 сарын 15 ны өдрийн 01/120 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 д заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал хариуцагч байгууллагаас 2019.10.22 ны өдөр 333 дугаартай тогтоолоор Х ХХК г шинжээчээр томилох ажиллагааг хийхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 , 9.2 т заасан заалтыг мөрдөөгүйн улмаас шинжээчийн дүгнэлт хууль ёсны болж чадаагүй байна. Учир нь хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилж байгаа нь шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх шинжилгээний төрөлд хамаарах бөгөөд энэ тохиолдолд эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах ажиллагааг хийх ёстой. Өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй хөрөнгийн үнэлгээ хийх зөвшөөрөл бүхий хуулийн этгээд шинжээчээр томилогдож болох боловч Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчээр ажиллуулахаас өмнөх ажиллагааг заавал хийсэн байх учиртай. Ийнхүү шинжээчийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд мөн бишийг урьдчилан тодруулснаар үнэлгээ хөндлөнгийн хараат бус гарах үндэслэл болно. Гэтэл энэ ажиллагааг хариуцагчийн зүгээс хийгээгүй болох нь гэрч Б.Бгийн манай компани Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг тул шинжилгээ хийсэн гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасан байхад хэрэгт авагдсан /хх 67/ шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримтад 2019 он гэсэн боловч сар, өдөр нь байхгүй байна. Энэ баримтаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулсан гэж үзэх боломжгүй юм. Нэгэнт дээрх хуульд заасан ажиллагааг хариуцагч гүйцэтгээгүй тул нэхэмжлэгчийн маргаж буй үнэлгээний тайланг хүчингүй болгох нь хуульд нийцнэ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШЗ2019/12248 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав /хх-28/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,9.2 .д заасныг тус тус баримтлан 2019.10.22 ны өдөр 333 дугаартай тогтоолын дагуу гарсан 2019 оны 11 сарын 15 ний өдрийн 01/120 дугаартай Х ХХК ийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШЗ2019/12248 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ