| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 112/2026/0030/3 |
| Дугаар | 221/МА2026/0562 |
| Огноо | 2026-08-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2026/0562
С.Гын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Д,
Гомдол гаргагч: С.Г
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Н.Д,
Гомдлын шаардлага: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0065800 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 112/ШШ2026/0031 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч С.Г,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Д
Хариуцагч татварын улсын байцаагч Н.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул,
Хэргийн индекс: 112/2026/0030/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч С.Гаас Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан “2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0065800 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 112/ШШ2026/0031 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасныг тус тус баримтлан “Б” хоршооны нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Татварын газрын Жижиг бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын Улсын байцаагч Н.Дгийн үйлдсэн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0065800 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь хариуцагч татварын улсын байцаагч нь 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0065800 дугаар шийтгэлийн хуудсаар “Б” хоршооны “Ө” хүнсний дэлгүүр нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Хэрэгт авагдсан нотлох баримт буюу Зөрчлийн хэргийн материалыг харахад эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй буюу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг өөрөө явуулж, зөрчлийн шийтгэлийн хуудсыг үйлдэх ёстой. Гэтэл цагдаагийн байгууллагаас харьяалал зөрчиж хийсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал дээр үндэслэж шийтгэлийн хуудсыг үйлддэг. Тус хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад зөрчилд холбогдогчийн эрхийг хязгаарласан.
Мөн 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0065800 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн шийтгэврийн хуудсыг үйлдсэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 112/ШШ2026/0031 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” Хоршооны “Ө” нэртэй хүнсний дэлгүүр 2025 оны 7 дугаар сараас эхлэн архи согтууруулах ундааг тусгай зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулж байгаа.
“Цахим архи худалдаа-2” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын УСШУТ-ийн жижүүрийн мөрдөгч 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн үед тус хүнсний дэлгүүр 1 литрийн хэмжээтэй “Berentzen” нэртэй 1 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг борлуулж байсан талаар зөрчлийн мэдээллийг харилцаа холбооны хэрэгслээр хүлээн авч, мөн өдөр хураан авсан. Улмаар Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 35/04-2459 дугаар албан бичгээр хэргийг харьяаллын дагуу шалгуулахаар аймгийн Татварын газар шилжүүлсэн.
Хариуцагч татварын улсын байцаагч 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тухайн зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, 0065800 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.6-д заасан шийтгэл оногдуулан үндэслэлтэй байна хэмээн дүгнэж, 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь тогтоогдсон.
4. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”,
1.2 дугаар зүйлийн /Хууль ёсны зарчим/ 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”,
1.3 дугаар зүйлийн /Шударга ёсны зарчим/ 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”,
2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”,
3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” хэмээн тус тус заасан.
5. Анхан шатны шүүх “...Б хоршооны Ө хүнсний дэлгүүр нь Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан нөхцөл байдал тогтоогдож, энэ зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /10,000.000/ торгох шийтгэл оногдуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Тодруулбал, хариуцагч татварын улсын байцаагчийн үйлдсэн маргаан бүхий 0065800 дугаар шийтгэлийн хуудаст холбогдогчийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.6-д заасан зөрчлийг үйлдсэн хэмээн буруутган, 10,000,000 төгрөгөөр торгохоор шийтгэл ногдуулсан.
Тухайн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.6 дахь заалтын бичвэр нь “1.6.согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, эсхүл импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан бол тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн.
Тус зөрчлийн объектив шинж нь “үндэсний татварын албанаас авсан тэмдэг” гэх объектыг “бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан ...” идэвхтэй үйлдэл байхаар хууль тогтоогч хуульчилсан.
Тухайн тохиолдолд, холбогдогч “Б” хоршооны “Ө” хүнсний дэлгүүр нь онцгой албан татварын тэмдэггүй, 1 литрийн хэмжээтэй “Berentzen” нэртэй 1 ширхэг согтууруулах ундааг дэлгүүрийн лангуу дээр бусад бараа бүтээгдэхүүний хамтаар ил өрж тавьсан гэх үйл баримт нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан худалдан, борлуулах зорилготой буюу Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно”, 21.1.3-т “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн үйлдэл байх боломжтой хэдий ч хариуцагч энэ талаарх хуулийн заалтыг маргаан бүхий шийтгэлийн хуудаст бичээгүй.
Маргаан бүхий шийтгэлийн хуудаст бичигдээгүй Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад бичиж шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн хэмээн үзсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 4, 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа “зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, “хууль ёсны байх” болон “шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өөрөөр хэлбэл, холбогдогч онцгой албан татварын тэмдэггүй, 1 литрийн хэмжээтэй “Berentzen” нэртэй 1 ширхэг согтууруулах ундааг дэлгүүрийн лангуу дээр бусад бараа бүтээгдэхүүний хамтаар ил өрж тавьсан гэх үйл баримт тогтоогдсон нь түүнд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.6 дахь заалтад заасан “...үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлсэн, эсхүл худалдсан” гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан 0065800 дугаар шийтгэлийн хуудсыг “бодит нөхцөл байдалд тохирсон, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон шийдвэр” гэж дүгнэн, хэвээр үлдээх үндэслэл болохгүй.
7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 112/ШШ2026/0031 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч С.Гын гомдлын шаардлагыг хангаж, Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0065800 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА