Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Б.Батбаяр, 

Шүүгдэгч Б.Чинболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдоогийн Чинболдод холбогдох эрүүгийн 201710010057 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн  Замын-Үүд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын техникч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 35-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Болдоогийн Чинболд /ЕО94070616/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Чинболд нь нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 23:00 цагийн үед Замын-Үүд сумын 1 багийн нутаг дэвсгэрт байрлах 35-8 тоотод эхнэр Д.Энхмандуулын нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   - Шүүгдэгч Б.Чинболд хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлын газрынхаа айлд очоод юм яриад архи ууцгаасан. Тэгээд орой эхнэр над руу залгахаар нь би байгаа айлаа хэлсэн тэгтэл эхнэр хүрээд ирсэн. Тэгтэл манай эхнэрт найзууд маань архи өгөөд байсан. Эхнэр ганц хоёр л татсан байх. Би нилээн согтсон байсан ухаан санаа орж гараад байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэр рүүгээ явах гээд л хувцасаа өмсөх гэж байгаад би эхнэрийнхээ нүүрэн тус газар руу нь цохиж нүдийг нь хөхөрүүлсэн. Тэгэхдээ эхнэр бид хоёр айлд нэг их сүртэй хэрэлдэж маргалдаагүй эхнэр орж ирээд жаахан уурласан. Тэгээд айлд удаагүй цаг орой болсон байсан учраас эхнэр гэр рүүгээ явъя гээд тэгээд явсан. Тэгээд гэртээ очоод бас маргалдсан юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан эхнэр уурлаад байсан намайг гэрээс гарахад хаалгаа түгжчихээд тайлж өгөөгүй тэгээд би гэрийнхээ хаалгыг нүдэж байгаад байрныхаа орцны үүдэнд нилээн суусан тэгээд даараад ажлынхаа газрын ахынд очиж хоносон өглөө тэндээсээ ажилдаа явсан. Маргааш өглөө нь эхнэр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандсан байна лээ. Ээж маань бид хоёртой хамт амьдардаг. Эхнэр маань ээжтэй таарамж муутай байнга элдвээр хэлж гадуурхдаг тэгээд би битгий гэрт ийм асуудал гаргаад бай ээжид буруу байхгүй. Чи бид хоёрын амьдрал гэхээр эхнэр уурлаад энэ байдлаас болж бид хоёр хэрэлдэж маргалддаг байсан. Манай эхнэр юм л болгон намайг харддаг. Ажил хийлгэдэггүй. Энэ байдлаас болж би эхнэртэй гар хүрч байсан. Тухайн үед эхнэр маань цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Бид хоёр ойлголцоод өнгөрч байсан. Энэ удаа би архи ууж эхнэрийнхээ нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Миний буруу. Хэлсэн ярьсан бүх зүйлийг ойлголоо. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй. Би согтуу айлаас гарах гэж байгаад эхнэрийнхээ нүүрэн тус газар руу нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан байна лээ. Миний буруу. Эхнэр бид хоёр хоорондоо харилцан ярилцаж эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

- Хохирогч Д.Энхмандуулын хэрэг бүртгэлтийн шатанд: “…Би нөхөртэйгээ амьдраад 5 жил болж байна. 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 23:00 цагт нөхөр маань архи уугаад намайг дуудсан. Тэгээд найзынд нь очтол нилээн согтсон байдалтай байсан. Тэгээд гэр рүүгээ явъя гэтэл “би явахгүй” гээд бид хоёр үл ойлголцолд хүрч хоорондоо маргалдсан. Тэгээд найзынхаа коридорт хувцасаа өмсөх гэж байгаад нөхөр маань миний нүүрэн тус газар руу 1 удаа цохиж зүүн нүдийг хөхрүүлсэн. Би тухайн үед нөхөртөө гомдож цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандсан юм. Маргааш нь нөхөр маань буруугаа хүлээгээд надаас уучлалт гуйсан. Миний нүд үнэхээр хүн харахад хэцүүхэн байсан. Нөхөртөө маш их гомдсон байсан. Одоо бол би нөхөртэйгээ хамт амьдарч байгаа. Нөхөр маань архи уухгүй байгаа. Өөрийнхөө гэм бурууг хүлээж дахин дахин уучлалт гуйсан болохоор би нөхөртэй итгэж байгаа. Дахиж ийм асуудал гаргахгүй гэж амалсан. Бид хоёр залуу гэр бүл болохоор нэг нэгнийгээ ойлгох ёстой гэж бодож байна. Урьд өмнө нь бас л хэрэлдэж маргалдаад надад гар хүрч алгадах тохиолдол байдаг байсан. Тэрнээс хойш энэ удаа согтуу хэрэлдэж маргалдаад нүүрэн тус газар руу цохиж гэмтэл учруулсан. Би үр хүүхдээ бодоод сайхан амьдрах ёстой. Надад ч бас буруу байсан байх. Тухайн үед нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нөхөр бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Нөхөр маань надаас сэтгэлээсээ уучлалт гуйсан болохоор би уучилж байна. Нүүрэн тус газар руу цохиж нүд хөхөрч хавдсан, цус хурсан байсан. Бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэx зүйл байхгүй. Нөхөр маань гэмшиж гэм буруугаа хүлээж, надаас уучлалт гуйсан. Би нөхөртэйгөө хамт одоо амьдарч байгаа. Замын-үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 35-8 тоотод болсон асуудал. Бид хоёр хоорондоо харилцан ярилцан сайн дураараа эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 106 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2017.02.24-ны мэс заслын эмчийн үзлэгээс үзэхэд Д.Энхмандуулын биед зүүн нүдний салстын цус харвалт, зовхины цус хуралт гэмтэл учирсан байх боломжтой байна.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 14/,

- Б.Чинболдын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 24-27/ зэрэг нотлох баримтуудыг судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Б.Чинболдын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Б.Чинболдын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн Д.Энхмандуулын биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч Б.Чинболдын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Б.Чинболдыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Чинболдод ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндүүлэх нөхцөлд, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

Шүүгдэгч Б.Чинболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Болдоогийн Чинболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Болдоогийн Чинболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Б.Чинболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Б.Чинболдод авсан бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ