Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01210

 

                                               ****ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01244 дүгээр шийдвэр, 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 207/МА2021/00005 дугаар магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Зээлийн хүүд тооцсон төлбөр 18,088,250 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэг 13,515,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний

хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. **** нь ****д холбогдуулан зээлийн хүүд тооцсон төлбөр 18,088,250 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэг 13,515,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01244 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ****гаас 18,088,250 төгрөг гаргуулах ****ийн үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан ****ээс 13,515,000 төгрөг гаргуулах ****гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 304,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 225,525 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 207/МА2021/00005 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01244 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****ээс зээлийн хүү 28,416,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ****ээс 4,963,250 төгрөг гаргуулж ****д олгож, сөрөг нэхэмжлэлээс 8,552,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтад нэхэмжлэгч ****ээс 94,632 төгрөг гаргуулж, хариуцагч ****д олгосугай гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч ****гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,525 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,963,250 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2019.12.27-ны өдрийн 29,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд дүгнэлт хийхдээ 2019.07.01-ний өдрөөс 2019.12.27-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлж аваад, буцааж төлсөн төлөлтөд бодит дүгнэлт хийгээгүй. Харин 2020.12.27-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 29,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн энэ зээлээс хойш төлсөн 25,487,250 төгрөгийг хасаад үлдэх 3,512,750 төгрөг дээр нэг сарын хүү 1,450,000 төгрөг нэмээд 4,963,250 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ 2020.12.27-ны өдрөөс өмнө авсан мөнгөө илүү төлсөн ч хүүг сайн дураараа өгсөн гэж үзлээ гэсэн дүгнэлтийг хийсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэжээ. Хуулийн дээрх заалтаас харахад өмнө нь мөнгө өгч авалцахдаа бичгээр гэрээ байгуулж хүү тохирдоггүй байсан учир хүү гэж хууль зөрчиж зээлдүүлэгч ****гийн авсан мөнгийг зээлдэгч **** сайн дураараа өгсөн байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ****гаас 18,088,250 төгрөг гаргуулах ****ийн үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан ****ээс 13,515,000 төгрөг гаргуулах ****гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****ээс зээлийн хүү 28,416,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ****ээс 4,963,250 төгрөг гаргуулж ****д олгон сөрөг нэхэмжлэлээс 8,552,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ. 

****гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,552,200  төгрөгийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд хариуцагчхяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

7. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн хэдий ч магадлалаар шийдвэрийн алдааг залруулахдаа **** анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ****гаас зээлийн хүүд тооцсон төлбөр 18,088,250 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон байхад “... ****ээс зээлийн хүү 28,416,850 төгрөг...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөрүүтэй, найруулгын хувьд ойлгомжгүй байдлаар бичсэн, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан байх тул эдгээр үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.Тодруулбал: 

8. Зохигч хэн аль нь 2019 оны 07 дугаар сараас 2019.12.27-ны өдрийн хооронд мөнгө зээлүүлсэн, буцаан төлж байсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч **** нь “... ****гаас илүү төлсөн зээлийн хүү 28,416,850 төгрөг шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 18,088,250 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлсон шаардлагыг хариуцагч “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ****т мөнгөний өглөг байхгүй, өөр хүнд шилжүүлсэн мөнгөө буруу тооцоолж надаас нэхсэн байна. ... 2019.12.27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу өгсөн 29,000,000 төгрөгийн үлдэгдэл 5,100,000 төгрөг, зээлийн хүү 8,415,000 төгрөг, нийт 13,515,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах...” тухай сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцжээ. 

9. Зохигчийн хооронд зээлийн хүү төлөх үүрэгтэй эсэх, гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болсон байна. 

10. **** ****гаас 2019.07.01-ний өдрөөс 2019.12.27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 83,750,000 төгрөг, түүнчлэн 2019.12.27-ны өдөр 29,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан нь тогтоогдсон талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.   

11. Аливаа гэрээг шүүхээс Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 198 дугаар зүйлийн 198.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн бүрдэл, түүний илэрхийлэл, үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

12. Талууд 2019.12.27-ны өдрийн зээлийн гэрээнээс өөр буюу өмнөх зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч шүүхээс банкны дансны хуулга, **** **** нарын тооцоололтой харьцуулан үнэлж, 2019.12.27-ны өдрийн зээлийн гэрээнээс өмнө нэхэмжлэгчээс шилжүүлсэн зээлийн хүүг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байхаас гадна Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасантай нийцжээ. 

13. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн 2019.12.27-ны өдөр зээлийн гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль нь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээг байгуулсан гэж үзнэ. 

14. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгодог. 

**** ****т 29,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, зээлийн гэрээний 1 болон 9-д  заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 

15. Зээлийн гэрээний 2-т “Зээл авагч нь авсан зээл болох 29,000,000 төгрөгт 1 сарын 15 хувийн хүү төлнө”, 4-т “Зээл авагч тал энэ гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй” гэж тохиролцсоны дагуу **** зээл, түүний хүүг ****ээс шаардах эрхтэй юм. 

Давж заалдах шатны шүүх зээлийн хүүг сарын 15 хувиар тогтоосон нь зээлдэгчид илт хохиролтой гэж дүгнэн Иргэний хуулийг 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зээлийн гэрээний хүүг сарын 5 хувь болгож багасгасныг буруутгах боломжгүй. 

16. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зээлийн гэрээний 1, 2, 4, 9-д тус тус зааснаар хариуцагчийн үүргийг тодорхойлж, зээлийн үүрэг 29,000,000 төгрөг, сарын хүү 5 хувь буюу 1,450,000 төгрөг нийт 30,450,000 төгрөг төлөхөөс ****ийн төлсөн 25,487,250 төгрөгийг хасаж үлдэгдэл зээлийг нэхэмжлэгчээс гаргуулан ****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх болон нэхэмжлэгчийн зээлийн хүүд тооцсон төлбөр 28,416,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна.

17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн ...өмнө нь мөнгө өгч авалцахдаа бичгээр гэрээ байгуулж, хүү тохирдоггүй байсан учир хүү гэж хууль зөрчиж зээлдүүлэгч ****гийн авсан мөнгийг зээлдэгч **** сайн дураараа өгсөн байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй... гэсэн агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 12-15 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

18. Иймд дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 207/МА2021/00005 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч ****ээс зээлийн хүү 28,416,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” гэснийг “...хариуцагч ****гаас зээлийн хүүд тооцсон төлбөр 18,088,250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” гэж, “...4,963,250 төгрөг...” гэснийг “...4,962,750 төгрөг...” гэж, “...8,552,200 төгрөг...” гэснийг “...8,552,250 төгрөг...” тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,632 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                       Н.БАЯРМАА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ