| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/03510/и |
| Дугаар | 183/ШШ2020/02790 |
| Огноо | 2020-10-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2020/02790
| 2020 10 14 | 183/ШШ2020/02790 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................... оршин суух Б овогт Ж-ны Е /РД:................ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн .................. оршин суух Х овогт Э-ны О /РД:................./-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Е, хариуцагч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Э.О-той 2017 онд танилцаж, 2018 оноос хамтран амьдарсан. Бидний хүү О.Э нь 0000 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй. Мөн тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй учраас өргөдөл бичиж хүүгээ Э.О-ын нэр дээр овоглож гэрчилгээ авсан. Бид зан харилцаа, гэр бүлийн маргаан болон хүчирхийллийн улмаас 2020 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон. Э.О нь надтай амьдарч байх хугацаандаа архи ууж, агсам тавьж, хэд хэдэн удаа гарч хүрч байсан. Үүнийг нь миний хүү О.Э нь нялх багаасаа өдийг хүртэл өөрийн нүдээр харж, айж уйлдаг байсан. Тийм байдлыг харсан ч Э.О нь огт хайхардаггүй. Миний бие Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4 дүгээр курст суралцдаг бөгөөд хүү О.Э нь энэ жил харах хүнгүйгээс гадна хүүхэд өсгөх зардал болон хувцас хэрэглэлийг нь бэлдэх зэрэг зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд Э.О-оос хүү О.Э-т хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О миний бие ОХУ-ын Калинанград хотын холбооны аюулгүй байдлын дээд сургуулийн 4 дүгээр курсын сонсогч буюу уртын дадлагаар Монголд ирсэн байх үедээ Ж.Е-тэй 2017 онд танилцсан. Миний бие 2018 онд сургуулиа төгсөн ирээд Ж.Е-тэй хамт амьдарсан. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар Увс аймгийн Боршоо боомтыг хариуцсан ажилтнаар томилогдож, гэр бүлийн хамтаар очсон. 2020 оны 3 дугаар сараас хойш Ж.Етэй ажил ойлгохгүйн улмаас маргаан үүсэж хоорондоо үл ойлголцолд хүрсэн. Тухайлбал, ажлын шугамаар хүнтэй уулзаж оройтох, ОХУ-ын иргэдтэй уулзалтанд орж нэг, хоёр хундага архи амсах үед архичингаараа дуудуулах гэх мэт асуудал гарсан. 2020 оны 7 дугаар сард Сэлэнгэ аймаг руу томилогдож явах үед Ж.Е хоёулаа салъя гэж хэлээд 5 хоног алга болох үед би шадар даргаасаа чөлөө авч хот руу очиж Ж.Етэй ярилцах гэсэн боловч надаас зугтаж, нэг бол цагдаа дуудаж, ажил дээр минь очиж өргөдөл өгдөг болсон. Миний бие энэ байдлаас айж 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Миний бие хүү О.Э-т хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйл байхгүй ч ямар нэгэн ажилд орсон үеэсээ төлөх хүсэлтэй байна. Цаашдаа миний бие Ж.Е-тэй эргэн амьдралаа холбож гэр бүлээ аварч хамт амьдрах сонирхолтой байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчид 2017 онд танилцаж, улмаар хамтран амьдрах болсон байх ба тэдний дундаас 0000 оны 0 дүгээр сарын 0 -ны өдөр хүү О.Э төрсөн болох нь хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын өөрсдийн тайлбараар нотлогдож байна.
Гэвч талууд хоорондын таарамжгүй байдлын улмаас 2020 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Ж.Е нь хүү О.Э-ийг харах хүнгүйгээс хүүхэд өсгөх зардлыг ганцаар хариуцахад хүндрэлтэй байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр эцэг Э.Ооос хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу хариуцагч нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх үндэстэй.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Э-ийг эх Ж.Е-ийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү О.Э-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.О нь тэжээн тэтгэсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Е-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ед олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР