| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энх-Амгалан /томилолтоор/, шүүгдэгч Д.*************, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ************* овогт *************ийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310033941650 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, гэрээгээр хүний нөөцөөр ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *************а хотхоны 8-2, 33 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ************* овогт *************ийн ************* /РД: *************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.************* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* цогцолборын гадна хохирогч Д.*************той маргаан үүсгэж түүний нүүрэнд толгойгоор мөргөх үйлдлээр хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.*************: “...Тухайн өдөр би шинэ утас авсан байсан, орой нь найзынхаа төрсөн өдөрт очсон, баарнаас гарсан, гараад явж байхдаа утсаа үлдээснээ мэдсэн, эргэж очоод ах нь утсаа үлдээсэн байна, ороод авчихья гэж хамгаалагчид хэлэхэд манайх хаасан, та согтуу байна, таныг оруулахгүй гэсэн, тэгээд маргаан үүссэн, би нэг удаа түлхсэн, нэг удаа мөргөсөн, ийм л зүйл болсон. Намайг утсаа авья гээд учир байдлаа хэлэхэд тэр хамгаалагч залуу надтай зүй бус харьцсан, тэр нь миний дургүйг хүргэсэн. Хохиролд 2,700,000 төгрөг төлсөн...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 09 дүгээр сарын 14-ний үүрийн 4 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* төв хаалгыг Ион баарны сүүлчийн үйлчлүүлэгчийг гаргаад хаалгыг түгжих гэхэд үл таних залуу гэрийнхээ түлхүүрийг авмаар байна гээд байхаар нь Ион баар хаалттай гэхэд заавал орно гээд байсан. Тэгээд маргалдаад байж байхад эхлээд 2 удаа цохисон. ...Миний нүүр рүү толгойгоороо мөргөхөд миний хамар оногдож хамраас шууд цус гарсан...” /хавтас хэргийн 121-23 дэх тал/ гэсэн,
Гэрч Ш.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ...************* төв хаалгыг түгжихээр явж, гадаах зогсоолыг зохицуулж байх үед үл таних өндөр ахтай ************* маргаад байсан. Тэгээд яваад очиход үл таних ах дотогш ороод юмаа авна гээд байсан. ...************* ахын хамар руу мөргөсөн...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ************* Ион бааранд 3 найзын хамт үйлчлүүлээд түрүүлж гараад явсан. Тэгээд гар утсаа байхгүй байгааг мэдээд гаднаас буцаад орох гэхэд хамгаалагч залуу намайг оруулахгүй миний биед халдаж түлхээд байсан. Тэгээд би наад бааранд чинь гар утсаа орхисон байна гэхэд хүлээж авахгүй маргалдаад байсан. ...Нүүрэнд нь мөргөсөн...” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11748 дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.*************ийн биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. 4. 5. 8. 9 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 58-60 дахь тал/,
- Шүүгдэгч Д.*************ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Д.************* нь нь 2023 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* цогцолборын гадна хохирогч Д.*************той маргаан үүсгэж түүний нүүрэнд толгойгоор мөргөх үйлдлээр хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.*************ийн: “...2023 оны 09 дүгээр сарын 14-ний үүрийн 4 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* төв хаалгыг Ион баарны сүүлчийн үйлчлүүлэгчийг гаргаад хаалгыг түгжих гэхэд үл таних залуу гэрийнхээ түлхүүрийг авмаар байна гээд байхаар нь Ион баар хаалттай гэхэд заавал орно гээд байсан. Тэгээд маргалдаад байж байхад шууд 2 удаа цохисон. ...Миний нүүр рүү толгойгоороо мөргөхөд миний хамар оногдож хамраас шууд цус гарсан...” /хавтас хэргийн 121-23 дэх тал/ гэсэн,
Гэрч Ш.*************ийн: “...2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ...************* төв хаалгыг түгжихээр явж, гадаах зогсоолыг зохицуулж байх үед үл таних өндөр ахтай ************* маргаад байсан. Тэгээд яваад очиход үл таних ах дотогш ороод юмаа авна гээд байсан. ...************* ахын хамар руу мөргөсөн...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.*************ын: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ************* Ион бааранд 3 найзын хамт үйлчлүүлээд түрүүлж гараад явсан. Тэгээд гар утсаа байхгүй байгааг мэдээд гаднаас буцаад орох гэхэд хамгаалагч залуу намайг оруулахгүй миний биед халдаж түлхээд байсан. Тэгээд би наад бааранд чинь гар утсаа орхисон байна гэхэд хүлээж авахгүй маргалдаад байсан. ...нүүрэнд нь мөргөсөн...” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11748 дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.*************ийн биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Д.*************ийн эрүүл мэндэд учирсан “...хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.*************ын түүний нүүр рүү мөргөсөн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.*************ын хохирогч Д.*************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Д.************* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.*************ийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь 30,000 төгрөг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2310033941650 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.************* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* овогт *************ийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ийн *************ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.*************т шийтгэсэн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************* нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2310033941650 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.************* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.************* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.*************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР